Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 258

 

 

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2017/00064/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, Баяндаваа 6 дугаар гудамж, 9 тоотод оршин суух Хатагин овгийн Лувсандоржийн Ундармаа /РД: ЧР82012701, утас: 8012 6341/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, Баяндаваа 6 дугаар гудамж, 9 тоотод оршин суух, Дархад овгийн Балжиннямын Лхагвасүрэн /РД: ОТ80080691, утас: 9579 6640/-д  холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах”  тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ундармаа, хариуцагч Б.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ундармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Ундармаа би анх нөхөр Б.Лхагвасүрэнтэй 2004 онд гэр бүл болж 2005.08.09-нд гэрлэлтээ бүртгүүлсэн. Амьдрах хугацаандаа охин, хүү 2 төрүүлсэн. Охин Л.Болормаа 2006 оны 05 дугаар сарын 16-нд төрсөн. 10 нас 8 сартай. Хүү Л.Ариунболд 2008 оны 07 дугаар сарын 24-нд төрсөн, 8 нас 6 сартай. 2013 оноос тусдаа амьдарч байна. Амьдарч байх хугацаанд нөхөр маань гэр бүлээс гадуур эмэгтэйчүүдтэй холбоотой тогтворгүй байсан. Одоо бол тусдаа хамтран амьдрагчтай  болж хүүхэдтэй болсон тул бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон.  Б.Лхагвасүрэн эцгийн хувьд үр хүүхдүүдийнхээ хүмүүжил, амьдрах нөхцөл байдалд үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэхдээ гэрлэснээс хойш хашаа, байшин, машин бий болсон. Надад түүнээс булаалдах хүсэл алга. Харин Б.Лхагвасүрэн өөрийн ухамсараараа бидэнд амьдрах монгол гэр бол ч өгвөл сайн байна. Тэр холбогдсон хүүхэнд нь би эм тариа авч өгч байсан. Биднийг ойлгоод гэр бүлийг маань тайван орхих болов уу гэж 2 хүүхдээ аавтайгаа байг гэж хүртэл бодож тэр хүүхэн, нөхөр 2-тойгоо уужуу хандаж үзсэн. Одоо би 2 хүүхэдтэйгээ тусдаа амьдарч байна. Дэрсхэн 2 хүүхдээ би салгахгүй өөрөө өсгөнө. Гэр бүл цуцлаад хүү, охин 2-т нь хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү. 2 хүүхдээ өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байна. Эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрээгүй нөхөр маань салахыг зөвшөөрсөн” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Ундармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид хоёр хүүхдийн асрамж болон тэтгэлэг дээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Үүнд 2006 оны 05 дугаар сарын 16-нд төрсөн охин Л.Болормааг эцэг Лхагвасүрэнгийн асрамжид үлдээж, 2008 оны 7 дугаар сарын 24-ны өдөр төрсөн хүү Л.Ариунболдыг эх Ундармаагийн асрамжид үлдээж, хэн аль нь тэтгэлэг төлөхгүй, Мөн хариуцагч Лхагвасүрэн нь гэр авах 2,000,000 төгрөгийн 1,500,000 шүүх хуралдаанд бэлнээр өгөх, үлдэгдэл 500,000 төгрөгийг 3 сар дотроо багтаан төлөхөөр нэхэмжлэгч Б.Ундармаатай харилцан тохиролцсон” гэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

Хариуцагч Б.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хэрэв Л.Ундармаагийн зүгээс гэр бүлээ цуцлуулна гээд байгаа бол миний хувьд татгалзах зүйл байхгүй. Гэхдээ би гэр бүлээ бүрэн бүтэн байлгахыг хүсэж байна. Би 2013 оноос хойш гэрээсээ яваад тусдаа амьдарч байгаа. Миний зүгээс өөрийн хүү Л.Ариунболд, охин Л.Болормаа нараа өөрийн асрамжиндаа авна. Харин Л.Ундармаагаас хүүхдийн тэтгэлэг авахгүй” гэжээ.

Хариуцагч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэр бүлийн баталгааг миний хувьд салгамааргүй байна. Дэрсхэн өссөн хоёр хүүхдээ нэг нэгээр нь өнчрүүлж салгамааргүй байна. Гэхдээ Л.Ундармаа үнэхээр сална гэж байгаа болохоор салахад татгалзахгүй. 2011 оноос бид хоёрын амьдрал будлиантай болсон. Яагаад вэ гэхээр Улаанбаатар хотод хувиараа сангийн ажил хийгээд явж байх хугацаанд Л.Ундармаа Дарханд өөр эр хүнтэй явалдсан. Тэр хүнтэйгээ хамт амьдардаг гэр орондоо хүртэл хамт хонож, өнжиж найз нөхдийгөө дуудаж, архидан согтуурч байсан үйлдлийг нь манай найз надад  хэлсэн. Тэгээд би Л.Ундармаагийн дүүтэй ирж бодит байдлыг харсан юм. Энэ байдлаас болж бид хоёрын амьдрал асуудалтай болсон. Тэгээд 2011 онд Л.Ундармаа хүүгээ 4 настай, охиноо 2 настай байхад нь хаяж нөгөө хүнтэйгээ хамт Зүүнхараад 3 сар орчим амьдарч байсан. Тэрнээс хойш 2012 онд би Л.Ундармаагаас гуйж үр хүүхдээ өнчрүүлмээргүй байна гэж буцаж нийлж хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд хэрүүл, маргаан гарвал яваад өгдөг. Мөн 2012 оны 11 сард эвлэрч 2013 оны 03 сар хүртэл хамт амьдарч байгаад салсан. Үүнээс хойш Л.Ундармаа бид хоёр хүүхдүүдийнхээ шугамаар уулзаж байсан. Шүүхэд сална гэж нэхэмжлэл гаргасан болохоор гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхдийн асрамж, тэтгэлэг дээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа” гэв.

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Л.Ундармаа болон Б.Лхагвасүрэн нар нь хүүхдийн асрамж болон тэтгэлгийн талаар дараах байдлаар харилцан тохиролцов. Үүнд: 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Л.Болормааг эцэг Б.Лхагвасүрэнгийн асрамжинд үлдээж, 2008 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Л.Ариунболдыг эх Л.Ундармаагийн асрамжинд үлдээж, хэн аль нь хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар харилцан тохиролцов. Мөн хариуцагч Б.Лхагвасүрэн нь гэр авах 2,000,000 төгрөгийн 1,500,000 төгрөгийг шүүх хуралдаанд бэлнээр өгөх, үлдэгдэл 500,000 төгрөгийг 3 сар дотроо багтаан төлж нэхэмжлэгч Л.Ундармаад төлөхөөр харилцан тохиролцов” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Л.Ундармаа нь хариуцагч Б.Лхагвасүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Ундармаа, хариуцагч Б.Лхагвасүрэн нар 2004 онд танилцаж, 2005 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас охин Л.Болормаа 2002 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, хүү Л.Ариунболд 2008 оны 07 дугаар сарын 24-ний төрсөн болох нь гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 6/ , хүүхдийн Г-674, Г-335 дугаар төрсний гэрчилгээний хуулбар /хх 8/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай “Л.Ундармаа ам бүл 3, баяндаваа 6-9 тоотод байнга оршин суудаг, хүү, охины хамт амьдардаг болохыг тодорхойлов” /хх 4/ гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.Ундармаагийн “Амьдарч байх хугацаанд нөхөр маань гэр бүлээс гадуур эмэгтэйчүүдтэй холбоотой тогтворгүй байсан. Одоо бол тусдаа хамтран амьдрагчтай  болж хүүхэдтэй болсон тул бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон” гэсэн тайлбар, хариуцагч Б.Лхагвасүрэнгийн “Хэрэв Л.Ундармаагийн зүгээс гэр бүлээ цуцлуулна гээд байгаа бол миний хувьд татгалзах зүйл байхгүй. 2013 оноос хойш гэрээсээ яваад тусдаа амьдарч байгаа” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаагаас үзвэл гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.

Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон, тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэжлүүлэх идэвх санаачлага гаргаагүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон байна.

 Иймд гэрлэгчдын гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй байх тул шүүх нэхэмжлэгч Л.Ундармаа, хариуцагч Б.Лхагвасүрэн нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр шаардлагагүй гэж үзэж мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлав.

Хүү Л.Ариунболдыг эх Л.Ундармаагийн асрамжид, охин Л.Болормааг эцэг Б.Лхагвасүрэнгийн асрамжид үлдээх талаар зохигчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул  Гэр бүлийн тухай  хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Л.Ариунболдыг эх Л.Ундармаагийн асрамжид, охин Л.Болормааг эцэг Б.Лхагвсүрэнгийн асрамжид үлдээв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Б.Лхагвасүрэн, эх Л.Ундармаа нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс эцэг, эх тусдаа амьдрах болсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэлгүй болохыг  дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хатагин овгийн Лувсандоржийн Ундармаа /РД: ЧР82012701/, Дархад овгийн Балжиннямын Лхагвасүрэн /РД: ОТ80080691/ нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Л.Болормааг эцэг Б.Лхагвасүрэнгийн асрамжид, 2008 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Л.Ариунболдыг эх Л.Ундармаагийн асрамжид үлдээсүгэй.

4. Нэхэмжлэгч Л.Ундармаа нь тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 364 дугаартай захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар 57.1-т зааснаар хариуцагч Б.Лхагвасүрэнгээс 70,200 төгрөг гаргуулж, төрийн сангийн 100 190 000 941 тоот дансанд оруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.

8.Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ч.БАТЧИМЭГ