| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0262/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/261 |
| Огноо | 2020-08-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/261
2020 08 21 2020/ШЦТ/261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. овогт От холбогдох 2021002120295 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............................. төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хэвлэлийн дизайнер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, хүүхдийн хамт ........................... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............. овогт О. /РД: ....................../
Шүүгдэгч О нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт байх Л.Э-ын илүү гэрээс 30 килограмм ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2100000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 12 дугаар сард иргэн Л.Э-ын Хаан банкны картнаас 3000000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3000000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул, нэмж ярих зүйлгүй“ гэв.
Хохирогч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 08 цагийн үед аймгийн төв рүү нөхрөө эмнэлэгт хэвтүүлэхээр ирсэн юм. Гэртээ манай зээ охин болох Оийг үлдээгээд явсан бөгөөд 12 цагийн үед О утсаар над руу залгаад та хэзээ ирэх юм бэ гээд байн байна асуугаад байсан юм. Би тэр үед хөрш айлын Ггэх эмэгтэй рүү залгаад манай гэрээр юу байна гэж асуутал танай О аймаг орно гээд байхаар нь би аймгийн төв оронгоо хар зам дээр буулгаж өгсөн гэхээр нь би хар санаад *******д манай гэр рүү илүү гэрт 2 шуудай ноолуур байгаа үзээд өгөөч гэж хэлтэл ******* очиж үзээд ноолуур чинь алга байна, гэрт чинь хүн байхгүй байна. Танай гадаа цагаан өнгийн prius-20 маркийн машинтай хүн ирсэн байхаар нь би очтол ******* байсан, жолооч нь махлаг бор залуу байсан гэж хэлсэн. ...Манай гэрээс 2 шуудай 30 кг ноолуур алга болсон. ...Өмнө нь О миний хаан банкны картнаас 3000000 төгрөг зөвшөөрөлгүй авч байсан юм. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 17-18, 19/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 15/
-Гэрч Х.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 20-22/
-Гэрч М.О-ийн мэдүүлэг /хх-ийн 23/
-Оийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч О нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт байх хохирогч Л.Э-ын илүү гэрээс 30 килограмм ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2100000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 12 дугаар сард иргэн Л.Э-ын Хаан банкны картнаас 3000000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 3000000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч Л.Э, гэрч Х.Г, М.О нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч От холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Оийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Оийн .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............... овогт Оийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч От тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч От мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Оийн .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ