Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 135

 

“И Зет Си Өү Эн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/05464 дүгээр шийдвэртэй, “И Зет Си Өү Эн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.Мөнх-Эрдэнэд холбогдох,

 

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 295 500 000 төгрөг гаргуулах, уг гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны талбайн зөрүүд 28 400 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, М.Цэрэнпунцаг,

Хариуцагч Ш.Мөнх-Эрдэнэ,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“И Зэт Си Өү Эн” ХХК нь Ш.Мөнх-Эрдэнэтэй 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, 116 дугаар байр 221 тоот, 4 өрөө 145 м.кв талбай бүхий орон сууцыг 348 000 000 төгрөгөөр худалдан авахаар хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг, тамга дарж баталгаажуулсан. Гэрээний 1.1-д заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг худалдан авагч Ш.Мөнх-Эрдэнэд шилжүүлж, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Гэрээний 2.1-д зааснаар хариуцагч нь гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 100 000 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 248 000 000 төгрөгийг 2015 оны 2 дугаар сарын 28-ны дотор төлж дуусгахаар тохиролцсон боловч хугацаа хэтрүүлж үүргээ зөрчсөн. 197 000 000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй.

“И Зэт Си Өү Эн” ХХК нь төлбөр төлөхийг удаа дараа шаардсан. Хариуцагч 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгана, дуусгаагүй тохиолдолд алданги төлнө гэсэн. Тооцоо нийлсэн актаар 197 000 000 төгрөг, алданги 147 750 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэдгээ зөвшөөрч байсан ч энэ үүргээ биелүүлээгүй учир үндсэн зээл, алданги нийт 295 500 000 төгрөгийг Ш.Мөнх-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“И Зэт Си Өү Эн” ХХК-ийн Ким Сог Гюн гэдэг хүнтэй гэрээ байгуулаагүй. Байрны талаар н.Үүрцайх, М.Бат-Очир гэдэг хүмүүстэй уулзан ярьж байсан. 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр урьдчилгаа 25 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 75 000 000 төгрөгтэй тэнцэх ам.доллар төлсөн. Тухайн үед Ж.Базарсад өмгөөлөгч байгаагүй бөгөөд би гэрээг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хийгээгүй. Би 51 000 000 төгрөг төлсөн. Үүрцайх үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулж болно гэж амаар тохиролцож, гэрчилгээг гаргаж лизингд хамруулж өгнө гэж хэлсэн.

Анхнаасаа алданги тооцно гэж хэлсэн бол өртөг өндөртэй байрыг авахгүй байсан. Гэрээнд М.Бат-Очир гарын үсэг зурсан ба тэрээр “И Зэт Си Өү Эн” ХХК-ийг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд гэх итгэмжлэлгүй байсан учир эрх бүхий этгээд гэдэгт эргэлзэж байна. Үүрцайхтай хэлцэл хийсэн байхад өөр этгээд гэрээ бичиж гарын үсэг зуруулсан нь хуульд нийцэхгүй. Уг байранд орсон хэдий боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ одоог хүртэл шилжүүлээгүй. Үүнээс болж дараагийн төлбөрийг төлөх боломж олгоогүй. Хэрэв худалдагч тал гэрчилгээг шилжүүлсэн бол банкнаас зээл аваад төлбөрийг төлөх байсан.

Намайг гэрээ цуцлая гэхэд цуцлахгүй гэж, хугацааг сунгасаар байсан, зээл хөөцөлдөх тохиролцооноос буцсан. Алданги, торгуулийн талаар бичгийн хэлбэрт оруулсан боловч энэ талаар яриагүй. Нэхэмжлэгч “Гэрээ цуцлах эрхтэй” гэж гэрээнд бичсэн атлаа энэ талаар огт санал гаргаж байгаагүй, алдангийг зөвшөөрөхгүй, үндсэн төлбөр 197 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэжээ

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“И Зэт Си Өү Эн” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулаагүй гэж үзэж байна. Учир нь энэ гэрээг анх н.Үүрцайх гэх хүн тухайн компанийн борлуулагч хэмээн үзэж 25 000 000 төгрөгийг авч тус компанид өгсөн байсан. Дараа нь 75 000 000 төгрөгийг н.Үүрцайх, М.Бат-Очир нарт хүлээлгэж өгсөн. Ингэхдээ худалдан авч буй орон сууцны гэрчилгээг гаргаж өгөх, банкны зээлд хамрагдах боломжтой гэсэн байдлаар эхний тохиролцоонуудыг хийсэн. Байрны үнэ 348 000 000 төгрөгөөс 100 000 000 төгрөгийг төлсөн. Мөн уг байрыг шинэ байр гэж худалдсан боловч тохь тухгүй хүйтэн, өнөөдрийн байдлаар засвар хийнэ хэмээн хана дулаалах, пар солих, цонх янзлах гэх мэт тоос шороотой хүндрэлтэй байдал гэр бүл, нялх хүүхдүүдийн хамт амьдарч байна. Их хэмжээний алданги хэмээх нэхэмжлэлийг өмгөөлөгч Ж.Базарсад нь компаниас зөвшөөрөлгүй бидний хэлцлийг өөрчилсөн.

Гэрээний дагуу төлсөн 151 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардаагүй бөгөөд нэхэмжлэлд гаргасан тайлбар гэж ойлгож болно. Иймээс гэрээний 3.6, 4.1 дэх заалтуудыг хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Уг байрны талбайн хэмжээ 145 м.кв гэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд бүртгэгдсэн боловч 133.15 м.кв болж талбайн зөрүү 11.85 м.кв-аар дутсан тул 28 400 000 төгрөгийг гаргуулж, үндсэн төлбөр 197 000 000 төгрөгөөс хасч тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Ш.Мөнх-Эрдэнэ нь “И Зэт Си Өү Эн” ХХК-тай гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулсан. Хуулиар бол шаардлага тус бүрд улсын тэмдэгтийн хураамж төлөхийг шаарддаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тул шүүх хүлээн авахаас татгалзах байсан. Алдангийг гэрээнд заасны дагуу төлнө гэж өөрөө бичиж өгсөн байгаа. Гэрээний 3.6, 4.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байна. Бид нар 2 өөр шаардлага гаргаагүй. Гэрээний 3.6 дахь заалтыг хоёр талын байгуулсан гэрээ цуцлагдсан тохиолдолд хэрэглэх заалт.

Хариуцагч 2014 оны 12 дугаар сард байранд орсон, 1 жил төлбөрөө огт хийгээгүй. 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдөр үлдэгдэл төлбөрөө төлөх байсан. Гэрээний 3.4-т худалдан авагчид уг гэрээний 2.2-т заасан хугацаанд нэр дээр шилжүүлэх ба өөрсдөө үл хөдлөх хөрөнгийн газарт очиж, Ш.Мөнх-Эрдэнийн өмчлөлд шилжүүлэх ёстой гэж тохиролцсон.

Байрны зөрүү болох 11.85 м.кв-ын 28 400 000 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөс хасч тооцуулна гэж байна. Нэхэмжлэгч уг байрыг “Эко констракшн” ХХК-иас авсан бөгөөд байрыг барьсан компани нь бид биш. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ш.Мөнх-Эрдэнээс 267 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаарлагаас үлдэх 28 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК-д холбогдох, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-ний 3.6, 4.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Ш.Мөнх-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК-д холбогдох, 28 400 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасуулах тухай, хариуцагч Ш.Мөнх-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 635 500 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 500 000 төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 492 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд дутуу төлсөн 68 000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн алданги 98 500 000 төгрөгөөс 28 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хоёр талын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний 4.1-т Худалдагч тал тус гэрээний 2.2-т заасан хугацаанд орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хэтэрсэн хоног тутамд тооцож худалдагч талд төлнө гэж өөрсдийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гэрээний нөхцөлтэй бүрэн танилцаж, үүсэх үр дагаварыг хариуцахаа хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу байгуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байгаа.

Хариуцагч Ш.Мөнх-Эрдэнэ орон сууны үнэ төлөх хугацааг нийт 150 өдрөөр хэтрүүлж алданги нь 147 750 000 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тогтоож 98 500 000 төгрөгийг хуульд зааснаар шаардсан нь үндэслэлтэй. Зохигчид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар хоёр талын байгуулсан гэрээний 4.1-т заасан алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хэмжээний хүрээнд тохиролцож харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээний талуудын хүлээх хариуцлага хэсэгт тусгасан.

Зах зээлийн нийгэмд бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хэн бүхэн гэрээний эрх зүйн харилцаанд оролцохдоо оролцогч этгээдийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, нөгөөтэйгүүр, гэрээний харилцааны үүргийн биелэлтийг хангуулах арга хэрэгслээ хуульд заасны дагуу сонгох, гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээ болон хуульд заасан хариуцлага хүлээх ёстой. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба үүнээс өмнө хариуцагчид гэрээний үүргийг шаардаж, хугацаандаа биелүүлэхгүй бол алданги төлөх талаар /х.х 36-38х/ мэдэгдэл хүргүүлж байсан. Мөн тооцоо нийлсэн акт болон хариуцагчийн өөрийн бичсэн хүсэлтэд үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч, алдангийг үл маргах журмаар төлөхөө илэрхийлж байсан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд шүүх алдангийг илт их байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй дүгнэлт болжээ. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгө худалдсан боловч гэрчилгээг өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй, нэхэмжлэгчийн нэр дэр дээр хэвээрээ байгаа. Хэдийгээр тус байранд амьдарч байгаа ч Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д зааснаар эд хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол өмчлөгч нь гэж үздэг. “Эко констракшн” ХХК-ийн борлуулалтын менежер н.Үүрцайх, нэхэмжлэгч байгууллагын менежер н.Бат-Очир нар нь ямар нэгэн алдангигүй гэрээг байгуулсан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр хийх бөгөөд талууд гэрээний 4.1-д алдангийн хэмжээ хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцохоор заасан нь мөн хуулийн заалтад харшлаагүй. Иймд талууд алдангийн талаар гэрээгээр тохиролцсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй байх тул хариуцагчийн алдангийн талаар тохиролцоогүй гэх татгалзал үндэслэлгүй байна гэж тохиролцсон мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Ким Дэ Шик нь гэрчээр мэдүүлэхдээ алдангийн талаар асуухад алдангигүй гэсэн. Гэвч өмгөөлөгч нар нь үүнийг мушгин гуйвуулж орчуулгын алдаа байсан мэтээр үгүйсгэж дахин гэрчээр асуулгаж өөрчлүүлсэн. Өмгөөлөгч 4-5 удаа алдангийг үл маргах журмаар төлнө, хариуцна гэсэн баримтуудыг өөрөө хэлж бичүүлж, Солонгос захирлууд үйлчлүүлэгчээ алдахгүйн тулд ийм баримт хийлгэж үзүүлэх гэж байгаа юм гэх мэтээр хууль эрх зүйн мэдлэггүйг далимдуулж залилан мэхлэх замаар гэрээний нэг тал болох намайг алдангийг зөвшөөрсөн мэт нөхцөл байдлыг үүсгэсэн. Энэ нь гэрч Ким Дэ Шикийн мэдүүлгээс харагдаж байна.

Иймд алдангиийг хасч тооцож өгнө үү. Мөн уг байрны талбайн зөрүүг ч тооцох ёстой гэж үзэж байна. Шүүх талбайн зөрүү болох 28 400 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хангаагүйд гомдолтой байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал мэргэшсэн өмгөөлөгчидтэй оролцсон. Намайг өмгөөлөгчөөр хангаж өгөөгүй эрхийг минь зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна.

 

Нэхэмжлэгч “И Зет Си Өү Эн” ХХК нь хариуцагч Ш.Мөнх-Эрдэнэд холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 295 500 000 төгрөг шаардсан нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч энэхүү гэрээний 3.6, 4.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны талбайн зөрүүд 28 400 000 төгрөг гаргуулах буюу үндсэн төлбөрөөс хасч тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр худалдагч “И Зет Си Өү Эн” ХХК нь Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, 116 дугаар байр 221 тоот, 145 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 348 000 000 төгрөгөөр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч Ш.Мөнх-Эрдэнэ 100 000 000 төгрөг урьдчилгаанд өгч, 248 000 000 төгрөгийг 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор шилжүүлэх, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд нэхэмжлэгч 3 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нэр шилжүүлэх, дурдсан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор талууд харилцан тохиролцсон байна.

/1хх 15-р тал/

 

Шүүх хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж, талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр хийх хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч Ш.Мөнх-Эрдэнэ гэрээний зүйлийн үнэ 151 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, 197 000 000 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй нь зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн шаардах эрх, алданги төлөх талуудын тохиролцоо, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Түүнчлэн мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэх хугацааг хэтрүүлсний улмаас алданги төлөх тооцоог шүүх хэргийн нөхцөл байдалд уялдуулан нэхэмжлэгчийн шаардсан хэмжээнээс багасгасан нь хууль болон талуудын эрх ашигт харшлахгүй гэсэн агуулгаар дүгнэснийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл алдангид тооцсон 98 500 000 төгрөгийн шаардлагаас 28 500 000 төгрөгийг хасч, 70 000 000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийн зохицуулалтад нийсэн байна.

 

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд гэрээний 3.6 дахь заалтаар худалдан авагч тал орон сууцны төлбөрийг гэрээний 2.2-т заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээг худалдагч цуцлах ба урьдчилгаа төлбөрийн 15 хувь буюу 15 000 000 төгрөгийн торгуулийг худалдан авагч талд төлөх, 4.1-д гэрээний төлбөр бүрэн төлөгдөөгүй тохиолдолд худалдан авагч тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх нөхцөл тохиролцсон заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдоогүй.

 

Нөгөө талаар уг шаардлагын үндэслэлээ хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч гэрээний зүйл болох худалдан авсан орон сууцны талбайн хэмжээ зөрүүтэй байсан гэж тооцоолон 28 400 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан атал энэхүү мөнгөн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй гэж үзэв.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг зөрчөөгүй. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан өмгөөлөгч Т.Мөнхтуяа болон хариуцагч Ш.Мөнх-Эрдэнэ нарт шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 04, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдсан байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/05464 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Базарсад, хариуцагч Ш.Мөнх-Эрдэнэ нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 300 500 төгрөг, хариуцагчийн 650 000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

 

                                                                                                Т.ТУЯА