Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/007

 

Б.Гт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч Б.Г

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагч Э.Гантулгын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 44 тоот эсэргүүцэл, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч *******, хохирогч Б.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Гт холбогдох эрүүгийн 1714001470064 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б.Г, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй

Б.Г нь Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг “Майханы үзүүр” гэх газарт 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн 12-62 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож зорчин явсан Б.Д, Г.Тнарын эрүүл мэндэд хүнд, *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр, *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Тоонтын арал” гэх газарт 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 95-31 БНХ улсын дугаартай Toyota Hilux маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож дотор нь сууж явсан зорчигч *******ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                  

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Улаан ямаат овогт Б.Гыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Гыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан тул уг ял эдлэж дууссан үеэс хугацааг тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7-д зааснаар Б.Г нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Б.Гын жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Б.Гын эзэмшлийн “...мустанг-5 маркийн мотоцикль...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Гт буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Гт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Улсын яллагч ******* 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр эсэргүүцэлдээ: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Б.Гыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь 1-рт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд гэм буруутайд тооцсон, 2-рт хүний тоо зааж байгаа нь буруу буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн тогтоох хэсгийн 3 дахь заалтад ял эдлэх хорих ангийг зааж өгөхдөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасныг барихаар байхад шүүхээс Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-т заасныг барьж шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч Б.Г гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие шүүхийн тогтоолыг хүндэтгэж, өөрийн гэм бурууг ухамсарлаж байгаа боловч ар гэрт үлдсэн хүмүүсээ бодохоор би энд биеэ оторлоод, төрийн хоол идээд суух эрхгүй мэт санагдана. Мөн нөгөөтэйгүүр би зан харьцааны хувьд нийгэмд аюул учруулахаар иргэн биш тул нийгэм, гэр бүлийнхээ дунд байж талийгаачийн 4 хүүхдийг гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэх үүргээ хүлээн гэр бүлдээ хэрэг болж амьдармаар байна.

Цагдан хорих байранд хоригдох энэ хугацаанд би олон зүйл бодож байна. Хүнээр хоолоо бэлдүүлээд эхнэр, хүүхэд, настай ээжийгээ амьдын хагацалд, хүний өнчин үрсийг хөсөр хаясан мэт санагдаж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, хариуцлагаа ухамсарлаж байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, оногдуулсан хорих ялыг эдлүүлэхгүйгээр тэнсэж, надад Монгол улсын хуулийн хөнгөлөлт боломжийг олгож өгнө үү.

Би та бүхний итгэлийг алдахгүй, гэр бүл, дүү нартаа түшиг болон амьдарч дахин алдаа гаргаж хэн нэгнийг хохироохгүй хүнд тус болж амьдархаа амлаж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Б.Г нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3-т заасан нөхцөл байдалд гэмт хэргийг үйлдсэн байдаг ба хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тодорхойлогдож байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болгоомжгүй ба учирсан хохирол бүрэн төлөгдсөн, хор уршгийн тал дээр Б.Гын зүгээс өөрийн гэм бурууг бүрэн ухамсарлаж талийгаачийн өнчин хүүхдүүдийг гэр бүлдээ авч тэжээн тэтгэх, өсгөх үүргийг хүлээн авсан ба нийт хохирогч нарт хохирлыг цаг алдалгүй бүрэн барагдуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байдаг.

Хувийн байдлын хувьд Б.Г нь одоо 24 настай, зан аашийн хувьд эвдрээгүй, даруу төлөв зан байдалтай, гэр бүлийн амьдрал эхэлж яваа, өөрийн нуруун дээр өөрийн гэр бүл, ахын өнчин хүүхдүүдийн амьдралыг авч явах хариуцлага хүлээсэн хүн.

Түүний холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан “хөнгөн” ангиллын гэмт хэрэг ба тухайн ангиллын гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д хорих ялыг оногдуулахгүйгээр хуульд заасан хугацаагаар тэнсэж болно гэсэн тул Б.Гт энэхүү хуулийн хөнгөлөлт чөлөөлөлтийг эдлүүлж өгнө үү.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага гарцаагүй ба хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг байгаа. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ нь Б.Гын хувьд эрүүгийн хариуцлагын зорилгыг бүрэн хангасан, түүний хувийн байдалд илүү тохирсон арга хэмжээ гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан нэмэгдэл ялыг хэвээр үлдээн хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломж бүрэн байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Б.Гт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.

Хохирогч Б.Д гаргасан давж заалдах гомдолдоо: Батхуяг овогтой Даваацэрэн миний бие Б.Гтай хамтран амьдраад 2 жил болж байгаа ба бидний дундаас 2017 оны 1 дүгээр сард хүү Г.Тмэндэлсэн. Би Б.Гын ээжийнд амьдардаг ба тусдаа гэр бүл болж туурга тусгаарлаагүй. Одоо би хадам ээж Мядагмаа, нөхөр Б.Г, хүү *******, хадам ах *******, хадам дүү *******, талийгаачийн хүүхдүүд болох *******, , , нарын хамт нэг гэртээ амьдарч байгаа ба би бага хүүхэдтэй тул ажил хийдэггүй, хадам ээж өндөр настай тул ажил хийдэггүй, хадам ах ганцаар ажиллаж гэр бүлээ авч явна.

Уг нь талийгаачийн 4 хүүхдийг харж асрах үүрэг нь Б.Гын үүрэг атал тэрээр хорих ял авсан тул үүрэг бусдад очоод байна. Миний бие нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон, миний зүгээс болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол санал байхгүй байгаа. Биеийн байдал хэвийн болсон цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авч сэдрэхээс нь өмнө эмчлүүлсэн. Надад хүсэх зүйл бол Б.Гын ялыг биеэр эдлүүлэхгүй, хугацаа олгож, амьдралд хүлээх ёстой эцгийн үүрэг, ахын хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан ялыг тэнсэж өгнө үү гэж хүүгийнхээ өмнөөс болон талийгаачийн 4 хүүхдийн өмнөөс хүсэж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хорих ял эдлэх дэглэмийг тогтоосон тул эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Хохирогч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Ар гэрийн байдлыг харгалзан Б.Гт оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Би талийгаачийн дөрвөн хүүхдийг өөрийн гэр бүлдээ авч тэжээн тэтгэх үүрэг хүлээсэн байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Гын ар гэрийн болон хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.Г нь Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг “Майханы үзүүр” гэх газарт 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн 12-62 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож зорчин явсан Б.Д, Г.Тнарын эрүүл мэндэд хүнд, *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр, *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Тоонтын арал” гэх газарт 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 95-31 БНХ улсын дугаартай Toyota Hilux маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож дотор нь сууж явсан зорчигч *******ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч ийн “...2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр талийгаач өөрийнхөө эзэмшлийн машинтай, тээврийн хэрэгслийг нь Б.Г гэгч түүний нөхөр байсан талийгаач Баярсайханы дүү нь жолоодож явж байгаад аваар осолд ороод нас барсан гэж сонссон юм. Тэгээд Улаанбаатар хотоос бид нар ирэхэд өнгөрсөн байсан..., ...гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 1-р хавтас 66-68 дугаар тал/

Хохирогч *******гийн хохирогчоор мэдүүлсэн “...2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн өглөө эрт одоо бодоход 10 цагийн үед байх Б.Гын эзэмшлийн машинаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс машинаа Б.Г өөрөө жолоодоод туслах жолоочийн суудалд түүний эхнэр Б.Д хүүхэдтэйгээ, машины хойд талын суудалд ээж Должинсүрэн, хүүхэд ******* бид гурав хойно сууж явсан юм..., ...Өвөрхангай аймгаас жоохон цаашаа гараад би унтсан байсан юм, ээж тэгээд Б.Гын эхнэр хоёр орилж байсан сонсогдсон тэгээд 1-2 секундын хооронд болоод өнгөрсөн..., ...миний хувьд цээжний хэсэгт бага зэргийн өвдөлт мэдрэгдээд байсан юм, ил харагдах шарх сорви үүсээгүй, тухайн зам тээврийн ослоос болж манай хүүхэд гэмтэл аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 74-75-р тал/

Хохирогч Б.Дгийн хохирогчоор мэдүүлсэн “...өглөө 06 цаг өнгөрөөгөөд Эрдэнэсант сумаас ойролцоогоор 2-3 километр яваад байж байсан чинь нөхөр Б.Г рулээ булаалаа гэж хэлэхэд дотор байсан хүмүүс бүгд орилсон юм. Машин рулээ дагаад хазайгаад тэр талаараа гулгасан байсан, би хүүхдийнхээ хамт гадаа газарт хэвтэж байсан..., ...дотор байсан хүмүүсээс ******* цээж өвдөөд байна гээд байсан. Би тухайн үед хүзүүгээ гэмтээсэн байсан юм..., ...одоо хүүхэд бид хоёрт ямар нэгэн зовиур байхгүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 1-р хавтас 81-83-р тал/

Гэрч ийн “...2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр буюу өнөөдөр аймаг явах гэж замын унаагаар Баянхонгор аймаг орох гээд 11 цагийн үед Бөмбөгөр сумаас Б.Г гэх залуугийн жолоодсон машинаар би, жолоочоор Б.Г, Энхжаргал, Отгонжаргал, тэгээд талийгаач түүний нэрийг сайн мэдэхгүй байна. Талийгаач жолоочийн хажуугийн урд суудалд сууж бид нар болохоор хойно суугаад сумын төвөөс 7-10 км явсан байх яг яаж машин онхолдсон эсэхийг мэдэхгүй байна. Туслах жолооч тал руу замаас гараад хөндлөн болоод гулгаад өнхөрсөн, юу болсон талаар сайн хэлж мэдэхгүй байна. ...би эмчид үзүүлэхгүй, миний биед зовиур байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 1-р хавтас 84-87-р тал/

Гэрч ын “...сумаас гараад 7-10 км явсан Тоонтын арал гэх газраар явж байсан юм. Талийгаачийн сууж байсан тал руу гулгах шиг болоод машин жоохон данхалзах шиг болсоноо туслах жолооч тал руу замаас гараад хажуу хэсгээр унаад хэсэг гулгаснаа тэгээд бүтэн нэг эргээд зогссон юм. ...шинжээч эмчид үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 1-р хавтас 88-90-р тал/

Гэрч ы “...сумаас гараад 8-10 км явсан байх тухайн үед би зүйрмэглэсэн байсан юм. Тэгээд бүгд орилох шиг болсон..., ...машин замаас гараад жолоочийн тал руу хажуу хэсгээрээ унаад нэг удаа бүтэн эргээд зогсоход миний бие баахан цус болсон байсан тэгээд өөрийнхөө сууж байсан эсрэг тал буюу жолооч хойд хаалгаар нь гарсан юм. ...надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 1-р хавтас 91-93-р тал/

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн

Нэг: “...Hilux маркийн 95-31 БНХ улсын дугаартай автомашины жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.3-д заасан жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ

а. Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн хангах,

“Тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.

Хоёр: Жолооч бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон, аюулгүй байдлаа хангаагүй нь осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлтэй байна.

Гурав: Зам тээврийн осол гарахад замын зохион байгуулалт нөлөөлөөгүй.

Дөрөв: Жолооч Б.Г В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох 1129590 дугаарын “Хүчинтэй” үнэмлэхтэй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 107-108-р тал/

Талийгаач *******ийн нас барсан шалтгаан ба бусад асуудлуудыг тогтоох зорилгоор хийсэн Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №66, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хохирогч *******гийн биед хүндэвтэр, *******, Б.Д нарын биед хүнд гэмтэл учирсан талаарх шинжээчийн №7651, 7648, 7650 тоот дүгнэлтүүд. /хх-ийн 1-р хавтас 117-119, 142-143, 148-149, 154-155-р тал/

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн “...Иргэн Б.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед нь тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэв гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 1-р хавтас 160-161-р тал/ хэргийн газрууд болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-ийн 1-р хавтас 11-14, 33-34-р тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Б.Гын үйлдсэн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргүүдийг прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасны дагуу нэгтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан нотлох баримтууд болон прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсгээр хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, анхан шатны шүүхээс Б.Гын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчлан тогтоосон төрөл хэмжээний дотор хуулийг зөв хэрэглэн ял оногдуулжээ.

Хохирогч Б.Д, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нараас Б.Г нь талийгаач *******ийн 4 хүүхдийг асран хамгаалдаг, хохирогч нарт хохирлыг барагдуулсан тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсүүлэх талаар давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 67-68-р талд авагдсан хохирогч ийн “...гомдол санал байхгүй, талийгаачийн 4 хүүхдийг Б.Гын эхийн нь тал асарч хамгаалахаар болсон...” гэх мэдүүлэг, 2 дугаар хавтасны 2, 3 дугаар талуудад авагдсан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 218, тус сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 251 дүгээр албан бичгүүдээр Б.Г нь эхнэр, хүүхэд, ах, дүү болон дөрвөн өнчин хүүхдийн хамт ам бүл 10-уулаа амьдардаг болох нь тогтоогдож байна.

Б.Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч үүнийг мэдэлгүйгээр хор уршиг учруулдаг болгоомжгүй үйлдэгддэг хэрэгт хамаарагддаг.

Б.Г нь болгоомжгүйгээр анх удаа Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал болон хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нараас гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр болон амаар илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн зүйлийн 3-т заасан хуульд заагаагүй буюу хохирогчийн өнчин үлдсэн 4 хүүхдийг асран хамгаалдаг зэрэг онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзэж, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нараас гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа Б.Гыг гэм буруутайд тооцохдоо түүний үйлдсэн хэргийн зохих диспозицийг зөв сонголгүйгээр хууль тогтоогчоос хуульчлан тогтоогоогүй хүний тоо зааж гэм буруутайд тооцсон, 3 дахь заалтаар хорих ял эдлэх байгууллагыг тогтоохдоо Эрүүгийн хуулийн зүйл хэсэг заалтыг бүрэн гүйцэд баримтлаагүй, 7 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэр томъёог буруу хэрэглэсэн зэрэг алдаа зөрчил гаргасан байгаа зэргийг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөж энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг ч бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан Б.Гыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй...” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар...” гэж,

4 дэх заалтад “...Б.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан тул уг ял эдлэж дууссан үеэс хугацааг тоолсугай...” гэснийг “...Б.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай...” гэж,

7 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн...” гэж,

8 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Г хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Гт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай...” гэж,

11 дэх заалтад “...шүүгдэгч Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэснийг “...шүүгдэгч Б.Гт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй....” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Б.Гыг сулласугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 16-наас 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 67 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                     ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ

                           Н.ЭНХМАА