Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/270

 

 

 

 

 

 

 

  2020         08          27                                                  2020/ШЦТ/270

                                               

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат

Шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт С д холбогдох 2021003760308 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .....................төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн                                                                                                                                                                                                                                                                                     дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт ................................... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .................... овогт С. /РД: ..........................

Шүүгдэгч С нь согтуугаар 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутагт байх *******, ******* гэх газарт хохирогч А.Б-тэй маргалдан улмаар нүүр рүү нь гараараа цохиж “зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт...” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед би архи ууж, согтоод Буяндэлгэртэй маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Би хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан...“ гэв.

 

Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гүнцэнгэлэг нууран дээр очиж архи пиво ууцгааж тэндээсээ сумын төв орж дахин архи авах гээд явж байхдаа С ахтай таарч дэлгүүрээс архи пиво аван *******, ******* дээр очиж бүгдээрээ ууцгаасан. Тэр үед Н-той маргалдах гээд байх шиг байсан. Тэгээд цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд маргааш өглөө болчихсон эмнэлэг дээр сэрсэн. Тэгээд юу болсон талаар дүү Но-оос асуухад С ахад зодуулсан гэж хэлсэн. Эмчилгээнд 3000.000 төгрөг зарцуулсан. Харин С ах надад 4500.000 төгрөг өгсөн. Харин одоо С ахаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 11-12/  

 

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ууж сууж байгаад сум орохоор болоод буцаад машиндаа суусан ба Буяндэлгэр гэнэт Сын араас цохиод авсан. Тэгээд С зөрүүлээд Б-ийг 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд бид нар тэр хоёрыг салгаад удаагүй байхад Буяндэлгэрийн дүү Но ирээд ахыгаа аваад явсан...” гэжээ. /хх-ийн 18-19/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 584 тоот дүгнэлтэд:

 

1.А.Б-ийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 44-45/

 

            -Гэрч Б.Но-ийн мэдүүлэг /хх-ийн 20-21/

            -Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 27-40/

-Шүүгдэгч Сын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-52/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч С нь согтуугаар 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутагт байх *******, ******* гэх газарт хохирогч А.Б-тэй маргалдан улмаар нүүр рүү нь гараараа цохиж “зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт...” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч А.Б, гэрч Б.Т, Б.Но нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 584 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

  

Шүүгдэгч Сад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч С нь шүүх хуралдаанд “шүүхээс оногдуулж буй торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа авахгүйгээр даруй төлөх саналтай байна” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүхээс хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.     

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч шүүгдэгч нь хохирогчид 4500.000 төгрөг төлсөн, мөн  хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Сын .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .................. овогт Сыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Сын ЖЛ .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ