Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 800

 


 

 

 

 

 

 

     2020        9           07                                       2020/ШЦТ/800

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг          хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч Г.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 6 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн 00 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа онлайн дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 0 эхнэр 0 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хотхоны 0000-00 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан /РД:ЧЙ00000000/ Боржигон овогт Г.М-д холбогдох эрүүгийн 2005024511287 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Г.М- нь 2020 онь 08 дугаар сарын 06-нд өдөр Баянгол дүүргийн 00 дүгээр хороо нутаг дэвсгэрт байрлах 00 дугаар байрны 00 тоотод хохирогч С.М-тай маргалдан биед нь халдаж улмаар биед зулайн хуйханд няцарсан шарх, хамрын ясны хугарал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.М- мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, болсон явдлын талаар мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Маш их гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

 

 

 

          Хавтаст хэргээс:

            Иргэн С.М-аас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /xx-3-р хуудас/

 

Хохирогч С.М-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “...Тэр дүгнэлтэд заасан зулайн хуйханд няцарсан шарх, хамрын ясны хугарал гэмтлийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 08 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 00 дугаар хороо 00-р байрны 00 тоотод манай хамтран амьдрагч Г.М- нь намайг явъя гэж маргаж байхдаа өөрийнхөө гар утсаар эхлээд толгойн орой хэсэг рүү нэг удаа цохисон тэр үед би доошоо тонгойгоод буцаад дээш болсон чинь Г.М- дахин гартаа барьсан rap утсаар миний хамар орчим нэг удаа цохисон. Тэгээд миний толгой болон хамарнаас цус гараад эхэлсэн. Тэр гэмтлүүдийг манай хамтран амьдрагч Г.М- надад учруулсан байгаа. Манай нөхөр бид хоёрын хувьд маргах болсон шалтгаан нь хадам талаас гэр бүлд хэтэрхий их оролцоод байснаас болоод бид хоёр 2-3 сарын өмнөөс маргаантай байсан юм. Тэгээд тэр хэрэг гардаг өдрөөс 5 хоногийн өмнө нөхөр бид хоёр нэг гэрт байгаа боловч харьцахаа болчихсон байсан Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр би үеэл Н- гэрт хонох гэж байгааг нөхөртөө хэлээгүй байтал Н-ын нөхөр Б- хэлчихсэн байсан. Тэгээд манай нөхөр ирсэн юм. Тухайн хэрэг болдог өдөр манай нөхөр миний биед халдах болсон шалтгаан нь би нөхрийгөө нэлээн хэдэн хараалын үгээр хараагаад хэл амаар доромжилчихсон юм. Миний зүгээс бас тэр хэрэгт буруутай үйлдэл байгаа гэх мэдүүлэг. /хх-26-27-р хуудас/

 

Гэрч Д.Н-мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “...2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай үеэл С.М- манайд ирсэн юм. Тэгээд бид хоёр удаан уулзаагүй юм чинь жоохон юм ярьж суунгаа ганц хоёр пиво ууя гээд би нөхөртөө пиво захиж авхуулсан. Тэгээд манай нөхөр Г.С.М- бид нар пиво уугаад сууж байтал 2020 оны 08 дугаар сарын 05-ны орой 23:00 цаг өнгөрөөд бараг 00:00 цаг болох гэж байхад С.М-ын нөхөр Г.М- гаднаас ороод ирсэн. Тэгээд Г.М- ирээд бид нар дахин пиво уунгаа удаан уулзаагүй болохоор юм яриад сууж байтал манай нөхөр болон манай хүүхдүүд унтаад өгсөн. Тэгээд Г.М-, С.М- бид гурав үлдээд юм яриад сууж байтал тэр хоёр явна, явахгүй гэх асуудлаас болоод маргаад эхэлсэн. Тэгээд тэр хоёр маргаж байхдаа бие биенийхээ талаар надад нэг, нэгээрээ ...энэ тэгсэн, тэр тэгсэн...гээд маргаад байсан бөгөөд өглөө үүрээр манай гэрийн том өрөөнд байсан ширээний хоёр талаас маргалдаж байх үед Г.М- сууж байсан газраасаа босоод ирсэн. Тэр үед би болохоор үеэлээ ....чи чимээгүй бай.... гээд байж байтал С.М- ус ууж байсан шилэн аягаа Г.М-ын зүг аваад шидсэн. Тэр үед Г.М- шууд С.М- дээр очоод гартаа байсан өөрийнхөө гар утсаар С.М-ын толгойн орой хэсэг рүү цохиод, дараа нь нүүрэнд нь цохисон. Тэр үед С.М-ын толгой нь цоорчихсон байсан бөгөөд С.М-, Г.М- хоёр дахин хэрэлдээд зодолдох гээд байхаар нь би унтаж байсан нөхрийгөө дуудсан. Тэр үед манай нөхөр жижиг өрөөнөөс гарч ирээд Г.М-ыг салгаад шууд гэрээс гаргасан боловч Г.М- гадаа гарчихаад манай гэрийн хаалгыг нүдээд байсан бөгөөд би очоод онгойлгосон чинь Г.М-, С.М- руу уурлаад орилж хашгираад байхаар нь би ....чи одоо болиоч айлд ирчихээд айлын амгалан тайван байдал алдагдуулаад байх юм. .. гэсэн чинь Г.М- дахиж гэрийн хаалга нүдэлгүй яваад өгсөн. Тэгээд Г.М-ыг явсан хойно С.М-ын толгой болон хамарнаас гарсан цусыг манай нөхөр харчхаад Г.М-ын гар утас руу залгаад...чи эхнэрийнхээ толгой тархийг хагалчихсан байна ш дээ, одоо буцаад ороод ир чи. .. гэж хэлсэн. Тэгээд удаагүй Г.М- буцаад манайд ороод ирсэн. Тухайн үед би Г.М-ыг, С.М-ын толгой нүүрэнд гар утсаар цохисон даруй гэрээс гаргаад байхдаа цагдаад дуудлага өгсөн байсан бөгөөд манай нөхөр Г.М-ыг дуудаад Г.М- буцаад ирсэн хойно цагдаа нар ирээд Г.М-ыг аваад явсан. Тэгээд Г.М-ыг цагдаа нар аваад явсан хойно С.М- өөрийнхөө хоёр төрсөн дүү болох Б-, Д- нарыг дуудаад тэр хоёр ирснээр тэд нар гэмтлийн эмнэлэг руу явсан байгаа            гэх мэдүүлэг /хх-30-31-р хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 9092 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...С.М-ын биед биед зулайн хуйханд няцарсан шарх, хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт /хх-33-34-р хуудас/

 

Яллагдагч Г.М-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “...Миний хувьд уураа барьж чадалгүй С.М-ын биед халдаж гэмтэл учруулсан асуудлаа одоо маш их харамсаж байна. Уг буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, С.М-аас уучлалт гуйн бид 2 сайн дураараа эвлэрч, хэн хэндээ гомдол саналгүй болсон...” гэх мэдүүлэг /xx-58-р хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.М- 2020 онь 08 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 00 дүгээр хороо нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны 72 тоотод  хамтран амьдрагч С.М-тай маргалдан биед нь халдаж гар утсаар цохиж зулайн хуйханд няцарсан шарх, хамрын ясны хугарал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч С.М-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “...Г.М- нь намайг явъя гэж маргаж байхдаа өөрийнхөө гар утсаар эхлээд толгойн орой хэсэг рүү нэг удаа цохисон тэр үед би доошоо тонгойгоод буцаад дээш болсон чинь Г.М- дахин гартаа барьсан rap утсаар миний хамар орчим нэг удаа цохисон. Тэгээд миний толгой болон хамарнаас цус гараад эхэлсэн. Тэр гэмтлүүдийг манай хамтран амьдрагч Г.М- надад учруулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/

гэрч Д.Н-мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: С.М- дээр очоод гартаа байсан өөрийнхөө гар утсаар С.М-ын толгойн орой хэсэг рүү цохиод, дараа нь нүүрэнд нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/

шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 9092 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/

яллагдагч Г.М-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “...Миний хувьд уураа барьж чадалгүй С.М-ын биед халдаж гэмтэл учруулсан асуудлаа одоо маш их харамсаж байна. Уг буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, С.М-аас уучлалт гуйн бид 2 сайн дураараа эвлэрч, хэн хэндээ гомдол саналгүй болсон...” гэх мэдүүлэг /xx-58-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Г.М-д “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Г.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.М-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “өөрийн хүсэлтээр эвлэрсэн бид хоёрын дунд гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “Г.М-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Бид хоёрын хооронд гомдол санал байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөг буюу /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Г.М-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

         Хэрэгт С.М-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “...Миний хувьд одоо ямар нэг гомдол саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 26-27-р хуудас/

 

       Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Г.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

       3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

        5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   

 

            

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ