Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 808

 

 

 

 

                               

 

 

2020               9         09                                    2020/ШЦТ/808

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч Д.Үүлэн

шүүгдэгч Э.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Хуасай овогт Э.Ч-д холбогдох 2005023921242 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

       Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 0000 оны 3 дугаар сарын 05-нд Дорнод аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, Глобалсмарт сольюшн ХХК-д график дизайнер ажилтай, ам бүл 5 эцэг, эх, эмээ, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Сэлбийн 0 дүгээр гудамжны 000 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй,  ял шийтгэлгүй /РД:ЖН00000000/ Хуасай овогт Э.Ч-.

 

       Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

       Э.Ч-  согтуугаар 2020 оны 7 дугаар сарын 25-ны шөнө Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах УБ платинум барилгын гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Т-гараараа зодож, түүний биед зүүн хоншоорын хөндийн урд хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, уруулын зүүн хэсэг, зүүн хацар, шанаа, эрүүний зүүн хэсэг, чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний гадна буланд цус хуралт, зүүн хацар, хүзүүний баруун хэсэг, зүүн тохой, өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч Э.Ч- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хэргийн зүйлчлэл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Хохирогчийн эмчилгээний зардалд 2.290.000 төгрөг төлсөн.  Төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг би төлнө гэв.

        Хавтаст хэргээс хохирогч Б.Т-ын мөрдөн байцаалтад: “ 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хамт ажилладаг Э, О, Ч бид хэд хүүхдийн 100-д байрлах “Эволюшн” нэртэй пабад хамт суусан. Хамт суугаад ууцгааж байтал манай ажлын Э надад ахархаад толгой руу цохиод байхаар нь би Э-тай заамдалцаж аваад маргалдсан. Тэгээд бид хоёр маргалдаж байхад тэр пабын хамгаалагч нар ирж салгасан. Тэгтэл Ч миний араас намайг татаад тийм овоо юм бол надтай үзчих гээд дайраад байхаар нь би за тэгье гэж хэлээд Чыг пабын шатнаас буулгаад хавирч унагаагаад алгадчихсан юм ...Тэгээд О захирал бид хоёр 10 дугаар хороололд байдаг манай оффис байрладаг УБ платинум барилгын гадна ирээд байж байтал Ч залгаад хаана байна. Зүгээр үү яваад очъё гэхээр нь 10 дугаар хороололд байна гэж хэлээд Чыг дуудсан. Тэгээд удалгүй хүрээд ирсэн. Чыг ирэхээр нь би өөдөөс нь яваад очтол намайг гараараа цохисон. Тэгээд би ухаан алдаад унасан. Нэг сэрсэн чинь нүүр хувцас битүү цус болчихсон байхаар нь босоод Ч-ыг хөөсөн чинь Ч зугтаагаад яваад өгсөн...Эмнэлэгт хагалгаанд орсон төлбөр 2.770.800 төгрөг. Имрай авхуулсан болон шинжилгээ өгсөн 900.000 төгрөг. Нийт 3.680.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Ч надад эмчилгээний зардал гэж 1.600.000 төгрөг өгсөн. Өвчтэй байх үеийн цалин болох 1.200.000 төгрөг, хагалгааны үлдэгдэл төлбөр болох 1.200.000 төгрөг, нийт 2.400.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18/,

 

Гэрч Д.О- мөрдөн байцаалтад: “...Ажлын гадаа ирэхэд би бага зэрэг согтсон байсан. Тэгтэл Ч бид хоёрын хойноос ирээд Тын хойноос барьж аваад газар унагаагаад нүүр рүү нь олон удаа цохисон. Зодоон болсны дараа Тын нүүр тэр чигтээ цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8771 дугаартай  “Б.Т-ын биед зүүн хоншоорын хөндийн урд хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, уруулын зүүн хэсэг, зүүн хацар, шанаа, эрүүний зүүн хэсэг, чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний гадна буланд цус хуралт, зүүн хацар, хүзүүний баруун хэсэг, зүүн тохой, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33/

 

Яллагдагч Э.Ч- мөрдөн байцаалтад: “2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр манай ажлынхан хүүхдийн 100-д байдаг нэг пабад сууцгаасан. Пабад суугаад ууж байх үеэр манай ажлын Э, Т нар маргалдсан юм. Би тэр хоёрыг маргалдахаар нь голоор нь орж салгасан юм. Тэгтэл Т намайг тэр хоёрыг голоор нь орж салгасныг боолоо гэж андуураад бацаан минь холд гэж уурласан. Мөн намайг чирч гаргаад хавирч унагаагаад миний дээр гараад намайг цохисон. Тэгээд удалгүй бид нар тарцгаасан. Бүгд тарсны дараа 23 цаг өнгөрөөд 00 цаг болж байх үед Т- руу залгаад хаана байгааг нь асуугаад 10 дугаар хороололд байна гэхээр нь ажлын гадаа уулзсан. Би Т-той ганц хоёр үг солиод Т- над руу уурлахаар нь Т-ын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон чинь Т газар унасан. Газар унангуут нь би дээр нь гарч байгаад нүүр рүү нь 4 удаа цохисон. Тэгтэл захирал О ирж салгасан. Би Т-ын нүүрний цус нөжийг хараад шууд тэндээс зугтаагаад гэртээ харьсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй " гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/ зэрэг бичгийн баримтуудыг  шинжлэн судлав. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохирлын талаархи шүүхийн дүгнэлт:

        Шүүгдэгч Э.Ч- согтуугаар 2020 оны 7 дугаар сарын 25-ны шөнө Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах УБ платинум барилгын гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Т-зодож эрүүл мэндэд нь  хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Э.Ч-  мөрдөн байцаалтад“...Би Т-той ганц хоёр үг солиод Т над руу уурлахаар нь Т-ын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон чинь Т- газар унасан. Газар унангуут нь би дээр нь гарч байгаад нүүр рүү нь 4 удаа цохисон. Тэгтэл захирал О ирж салгасан. Би Т-ын нүүрний цус нөжийг хараад шууд тэндээс зугтаагаад гэртээ харьсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42/, хохирогч Б.Т- мөрдөн байцаалтад “... Ч-ыг ирэхээр нь би өөдөөс нь яваад очтол намайг гараараа цохисон. Тэгээд би ухаан алдаад унасан. Нэг сэрсэн чинь нүүр хувцас битүү цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18/, шинжээч эмчийн  8771 дугаартай “...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Ч- хохирогч Б.Т-ын бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.    

 

        Гэм буруугийн талаар улсын яллагч, шүүгдэгч Э.Ч-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.   

 

       Хавтаст хэрэгт авагдсан хохиролтой холбогдох нийт 2.658.296 төгрөгийн үнийн дүн бүхий  баримтууд нотлох баримтын шаардлага хангасан байх ба энэ хэрэгт хамааралтай байна. Үүнээс шүүгдэгч Э.Ч- 2.290.000 төгрөгийг хохирогч Б.Т-д төлснийг хасаж тооцон үлдэх 368.296 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.  

      Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Т- ажилгүй байсан хугацааны цалинд 1.200.000 төгрөг Э.Ч-аас нэхэмжилнэ гэж мэдүүлж, “GSS глобалсмарт сольюшн” ХХК-д Б.Т- ажиллагдаг, сарын 1.200.000 төгрөгийн цалинтай” гэсэн  байгууллагын тодорхойлолтыг  хэрэгт хавсаргасан байна. /хх-ийн 12/ 

       Хохирогчийн нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалинд 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаар тооцоолон бодох боломжгүй юм. Учир нь нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон хөдөлмөрийн гэрээ, томилсон тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон эмчийн магадлагаагаар листээр мөнгө олгогдсон эсэх зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж үүнтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

       Шүүхээс шүүгдэгч Э.Ч- д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас хүний эрх, эрх чөлөө бие махбодид халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан хохирлын хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа  хувийн байдал зэргийг  тус тус харгалзан шүүгдэгч Э.Ч- д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ. 

 

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хуасай овогт Э.Ч-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2.Шүүгдэгч Э.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

       

          3.Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

         4. Э.Ч- цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

         5. Шүүгдэгч Э.Ч-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар 368.296 төгрөг гаргуулж хохирогч Б.Т-од олгосугай.

 

         6. Хохирогч Б.Т- бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

       8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ч- д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                 

 

    

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ