Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 825

 

 

 

 

 

 

 

 

  2020              9        16                                      2020/ШЦТ/825

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Төв аймгийн Мөнгөн морьт суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0 эхнэр 0 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Жаргалантын 00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд нь 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, 2018 оны 4 дүгээр  сарын 9-ний өдөр  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, /РД:НП00000000 иргэний үнэмлэх аваагүй/, Боржигон овогт Ц-ын Б-д холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

    

        Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ц.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 8 цагийн үед  Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрхэс зочид буудлын урд талын зам дээр иргэн С.М- өмчлөлийн Самсунг эс-7 загварын гар утас, бэлэн 70.000 төгрөг зэргийг авахаар хүч хэрэглэн зодож, дээрэмдэн авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б- шүүх хуралдаанд “2020 оны 2 дугаар сарын 10-нд Эрхэс зочид буудалд хоночихоод гараад явж байхад  1 ах дэлгүүр хаана байдаг вэ гэж асуусан. Би дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй. Би хохирогчийг цохиогүй, хохирогч надад архи авч өгсөн. Би 70000 төгрөг хохирогчид өгсөн. Би утсаар нь яриадхая гэж хэлээд гар утсыг нь аваад явсан. Дараа нь гар утсыг нь буцааж өгсөн” гэв.

        Хавтаст хэргээс:

        Хохирогч С.М- мөрдөн байцаалтанд “Миний бие 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөө Баянгол дүүргийн 12 дугаар хороо Эрхэс зочид буудлаас гарч дэлгүүр орж нэгж авах гээд гартал буудлын гадна талд үл таних гурван залуу зогсож байсан. Тэгээд би уг залуучуудад хандан дэлгүүр хаана вэ гэж асуусан. Тэгэхэд нэг жижиг биетэй хар куртиктэй залуу нь би заагаад өгье гэж хэлсэн. Уг залууг дагаад зам хөндлөн гараад хүнсний дэлгүүрт цуг ороод нэгж аваад байж байтал уг залуу надад хандан “ахаа би шартаад байна, ганц шилтэй архи аваад өгөөч” гэж хэлсэн. Би уг залууд 200 граммын архи авч өгсөн. Тэгээд бид хоёр дэлгүүрээс гараад байрны дунд уг шилтэй архийг тэр залуу нэг балгаад надад өгөхөөр нь би амсаад буцаагаад өгсөн. Тэгсэн миний утас дуугараад манай найз С-, Б- нар буудлын үүдэнд ирж байна гэж хэлсэн. Цуг байсан залуу утсаа түр өгөөч би ганц хүнтэй яриад өгье гэхээр нь би утсаа өгсөн. Тэгсэн миний утсыг куртикнийхээ дотор халаасанд шууд хийсэн. Би утсаа авъя гэхэд нөгөө залуу би хүний утас аваагүй энэ чинь миний утас гэж хэлээд би уг залууг бариад авсан. Тэгсэн намайг тэр залуу баруун талын шанаа руу цохиод газарт унагаасан. Намайг газарт унасан байх үед өмдний маань халааснаас түрийвч аваад дотроос нь бэлэн 70.000 төгрөг болон бичиг баримтыг маань аваад зугатаасан. Би газраас босоод өөрийн хоосон түрийвчээ аваад араас нь хөөгөөд бариад авсан. Тэгэхэд манай хоёр найз ирчихсэн байсан. Би найзууддаа хандан энэ залуу намайг дээрэмдчихлээ гэхэд цаанаас нь бас нэг үл таних улаан өнгийн малгайтай, улаан алаг куртиктэй залуу гарч ирээд бид нар дээр ирсэн. Манай найз болох С- уг залууг ирэхээр нь бариад машинд суулгах гээд байтал С-ыг улаан малгайтай залуу нь нүд рүү нь цохиод зугтаасан. Би бас тэр үед миний гар утсыг дээрэмдсэн гэх залууг алдаад явуулчихсан...Анх надтай дэлгүүр орсон залуу л миний эд зүйлийг дээрэмдсэн. Харин нөгөө залуучууд бол огт гар хүрээгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/

 

Гэрч Б.С- мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөө би гэрээсээ 07 цагийн үед гараад өөрийн найз М-ыг авах гэж найз Б-ын хамт гараад Баянгол дүүргийн 12 дугаар хороо Эрхэс зочид буудлын гадна талд ирээд өөрийн найз М- руу залгах үед утас нь дуудаад авахгүй байсан...Тэгсэн байрны хажуу талын булангаас манай найз М- гарч ирээд “намайг 2 залуу зодоод гар утас түрийвч дээрэмдсэн” гэж хэлсэн...удалгүй манай найзыг дээрэмдсэн гэх 1 залуу нь дэлгүүрээс гараад ирэхээр нь манай найз Б- бариад миний машин руу суулгах гээд байж байсан чинь манай найзыг дээрэмдсэн гэх нөгөө залууг би “машинд  суучих” гэсэн чинь манай найз М-ыг улаан малгайтай залуу нь цохиод унагаасан. Тэгээд удалгүй хар хувцастай туранхай залуу нь намайг цохисон, тэгэхээр нь би цагдаа дуудлаа гэж хэлсэн чинь нөгөө залуучууд зугтаагаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/

 

Гэрч Э.Д- мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн үед өөрийн найз П-той ...Баянгол дүүргийн 12 дугаар хороо Эрхэс зочид буудал ороод буудал дотор 2 шил архи уугаад байж байтал манай найз П- согтоод унтаад өгсөн. Тэгэхээр нь би Б-ыг дуудсан чинь удалгүй ирсэн. Би нилээн муудсан байсан болохоор унтаад өгсөн. Өглөө сэрээд үлдсэн 1 шил архиа Б-, П- бид 3 хувааж уугаад тэндээсээ гараад П- бид 2 юм олж идэх гээд Өргөө кино театрын урд талын түцэнд ороод ороомог, приошки авч идсэн. П- буудалд өөрийн иргэний үнэмлэхээ мартсан байсан. Буцаж очиж авах гээд явсан. Тэгсэн би найз Б-тай таарсан чинь надад Самсунг-эс 7 маркийн хар өнгийн гар утас өгсөн. Тэгэхээр нь би аваад халаасандаа хийгээд явж байтал хэдэн залуучууд бууж ирээд маргалдсан. Тэгээд бид нар хоорондоо хэдэн удаа цохилцсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/

 

Яллагдагчаар Ц.Б- мөрдөн байцаалтанд “ Би 2020 оны 02 дугаар сарын 09-нйи өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цамбагарав орчмын 9 давхар байрнуудын хойд талын 1 давхруудаар байдаг буудлуудын нэгэнд байж байхад миний найз Д- над руу залгаад хороололд архи ууж байна хүрээд ир гэхээр нь би такси бариад замаасаа дэлгүүр орж 0.75 литрийн Хараа архи аваад Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудалд очиход Д- 1 найзын хамт байсан бөгөөд тэр найз нь тасраад уначихсан байхаар нь авчирсан 1 шил архиа Д-тай хувааж уучхаад унтаад өгсөн юм. Тэгээд маргааш өглөө нь 08 цагийн орчимд зочид буудлаас гарч ирээд гадна зогсож байхад 1 эрэгтэй хүн хүрч ирээд надад дэлгүүр заагаад өг гэж хэлэхээр нь би тэр хүнтэй явж дэлгүүр зааж өгтөл тэр дэлгүүр ороод 0.5 литрийн ерөөл нэртэй архи худалдаж аваад тэр ах бид 2 хувааж уугаад би гар утсыг нь гуйж аваад утсаар ярьчхаад өгье гэж хэлээд авсан. Тэгтэл тэр ах надаас гар утсаа нэхээд надтай маргалдаад байсныг нь бол санаж байна гэхдээ зарим зүйлсийг нь бол санахгүй байна тэгээд Д-тай тааралдаад гар утсыг дамжуулж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-80/

       “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайланд “Самсунг эс-7 180000 төгрөгөөр үнэлэгдсэн” гэжээ. /хх-ийн 50-52/

        Эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...М-ын гар утас, бэлэн мөнгийг дээрэмдэн авсан” гэх этгээдүүд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 08 цаг 05 минут 36 секундэд хяналтын камер дор ирж байгааг харуулав... 08 цаг 05 минут 45 секундэд нэгэндээ гар утас дамжуулж байгааг харуулав...”  гэжээ. /хх-ийн 12-19/,

       Таньж олуулах ажиллагаанд “эдгээр зурагнаас миний эд зүйлсийг дээрэмдсэн гэх эрэгтэй нь 2 дугаартай зурган дээрх эрэгтэй байна гэж Ц.Б-ыг заасан”  тэмдэглэл /хх-ийн 20-23/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор ял шалгах хуудас /хх-ийн 96/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд / хх-ийн 99-104/  зэргийг шинжлэн судлав.

 

Дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Б- 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөөний 8 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрхэс зочид буудлын ар талын зам дээр хохирогч С.М- өмчлөлийн Самсунг эс-7 загварын гар утас болон бэлнээр 70.000 төгрөгийг  авсан хэргийн үйл баримт нь:

хохирогч С.М- “...цуг байсан залуу утсаа түр өгөөч би ганц хүнтэй яриад өгье гэхээр нь би утсаа өгсөн. Тэгсэн миний утсыг куртикнийхээ дотор халаасанд шууд хийсэн. Би утсаа авъя гэхэд нөгөө залуу би хүний утас аваагүй энэ чинь миний утас гэж хэлээд би уг залууг бариад авсан. Тэгсэн намайг тэр залуу баруун талын шанаа руу цохиод газарт унагаасан. Намайг газарт унасан байх үед өмдний маань халааснаас түрийвч аваад дотроос нь бэлэн 70.000 төгрөг болон бичиг баримтыг маань аваад зугатаасан...Анх надтай дэлгүүр орсон залуу л миний эд зүйлийг дээрэмдсэн. Харин нөгөө залуучууд бол огт гар хүрээгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/, гэрч Б.С-ын “...М- руу залгах үед утас нь дуудаад авахгүй байсан...Тэгсэн байрны хажуу талын булангаас манай найз М- гарч ирээд “намайг 2 залуу зодоод гар утас түрийвч дээрэмдсэн” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/, гэрч Э.Д-ын “...би найз Б-тай таарсан чинь надад Самсунг-эс 7 маркийн хар өнгийн гар утас өгсөн. Тэгэхээр нь би аваад халаасандаа хийгээд явж байтал хэдэн залуучууд бууж ирээд маргалдсан. Тэгээд бид нар хоорондоо хэдэн удаа цохилцсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/,  “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-52/, эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-19/, таньж олуулах ажиллагаанд “эдгээр зурагнаас миний эд зүйлсийг дээрэмдсэн гэх эрэгтэй нь 2 дугаартай зурган дээрх эрэгтэй байна гэж Ц.Б-ыг заасан” тэмдэглэл /хх-ийн 20-23/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” санал дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч “ хэргийг зүйлчлэлийг өөрчлөн залилах гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал дүгнэлт тус тус гаргаж мэтгэлцэж оролцов.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б- нь хохирогч С.М- гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хэлж авсан үйлдэл нь хуурч, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл байх боловч шүүгдэгч Ц.Б- гар утсыг нь өөрийнхөө халаасанд хийж, гар утсаа нэхсэн хохирогч С.М-ыг газар унаган зодож,  халааснаас нь бэлнээр 70.000 төгрөг хүч хэрэглэж авсан үйлдэл нь тус тус гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг хангасан гэж үзнэ.

 

       Шүүх, улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлтийг  хүлээн авч шүүгдэгч С.М-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

         Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлт гаргалаа.

       Шүүгдэгч Ц.Б- дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролд тооцогдох  180.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг эс-7 загварын гар утас болон бэлэн 70.000 төгрөгийг биет байдлаар хохирогчид буцаан өгсөн нь хохирлоо нөхөн төлсөнд тооцогдох боловч;

      шүүгдэгч Ц.Б- нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...” хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дээрхи санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

 

       Шүүгдэгч Ц.Б-ын бусдын өмчлөх эрхэд хүч хэрэглэн халдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүхээр 3 удаа ял шийтгэгдсэн хувийн байдал зэргийг нь харгалзаж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 6 сарын  хугацаагаар хорих ял оногдуулав. 

 

        Шүүгдэгчийн эдлэх ялыг гэмт хэргийн улмаас бусдад нийт 250.000 төгрөгийн хохирол учруулсан хохирлын хэр хэмжээг харгалзаж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

 

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ц-ын Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.  Ц.Б-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Ц.Б- бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-ын цагдан хоригдсон 51 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

         6. Хэрэгт хураагдсан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ДАЙРИЙЖАВ