Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 403

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э, нэхэмжлэгч Я.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Д.М нарыг оролцуулан Я.Б нэхэмжлэлтэй, ЭМЯТНБД холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийв.

Нэхэмжлэгч: Я.Б

Хариуцагч: ЭМЯТНБД

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Я.Б миний бие 2000 оноос Эрүүл мэндийн яамны Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн, Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг-Эрүүл мэндийн газрын Чанарын баталгаажилтын албаны дарга, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандарт удирдамжийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, оношлогоо эмчилгээ технологийн хэлтсийн даргын үүргийг түр хавсран гүйцэтгэгч, 2013 оны 07 дугаар сараас Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс Эмнэлгийн тусламжийн газрын даргаар тус тус томилогдон ажилласан бөгөөд эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээ болон төрийн захиргааны байгууллагад нийт 31 жил тасралтгүй ажилласан.

Би 2001 онд төрийн албаны шалгалт өгч, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн бөгөөд 2013 онд Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцэж, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд томилогдсон. Түүнчлэн 2016 онд Эмнэлгийн тусламжийн газрын даргын удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэж, өрсөлдсөн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарч, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын албан тушаалд томилогдон ажилласан.

Гэтэл Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Г 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тушаал гаргаж, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүрэгт ажлаас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” заасны дагуу намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Би улс төрийн албан тушаалд сонгогдоогүй, томилогдоогүй, төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болоогүй бөгөөд миний зүгээс ямар ч албан тушаалд шилжих хүсэлт огт гаргаагүй.

Харин Эрүүл мэндийн сайд Д.С 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр намайг ажлаас чөлөөлөх бодолтой байгаа талаар хэлэхэд нь би “Эрүүл мэндийн салбарт болон төрийн албанд 30 гаруй жил ажилласан тангараг өргөсөн эмч, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд төрд алдаатай буруу нэг ч үйлдэл хийгээгүй тул таны гаргах гэж байгаа шийдвэрийг хүлээж авах боломжгүй” гэдгээ хэлсэн.

Мөн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус яамны Хуулийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ямар ч шалгаруулалтад ороогүйгээр дөнгөж ирсэн М.Г гэдэг залуу намайг Улсын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичиг н.О ийн хувийн утсаар залгаж, “Таныг ажлаас чөлөөлөх тушаал гаргах гэж байгаа” гэж хэлсэн бөгөөд “Одоо эмнэлэгт хэвтэж байна. Сайдын хэлсэн саналыг би хүлээж авах боломжгүй гэдгээ сайдад тодорхой хэлсэн" гэж хариулсан.

Маргааш өдөр нь буюу 01 дүгээр сарыг 26-ны өдрийн 12 цаг 17 минутад Эрүүл мэндийн сайдын туслах Б.Н-Э “Таны тушаал гарсан. Сайд таныг 13.00 цаг гэхэд ирж ажлаа хүлээлгэж өг гэсэн. Таныг эмнэлэгт хэвтэж байгаа бид мэдэж байгаа" гэж 260912 утаснаас хэлсэн. Би “Эмнэлгээс гараад асуудлаа шийдвэрлэе. Би төрийн жинхэнэ албан хаагч шүү” гэж хэлсэн.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я гийн Б би 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 цаг 35 минутад ажлын хэсгийн гишүүн Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Б.Б , сайдын туслах Б.Н-Э нарт “10 цагийн орчим ажлаа хүлээлгэж өгөхөөр очье. Ажил хүлээлцэх комиссыг байлгаж байгаарай” гэж мэдэгдээд, 10 цаг 30 минутад Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүрэгт ажлыг хүлээлгэн өгөхөөр очсон.

Ажлын хэсгийн ахлагч БТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.О, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Б.Б , сайдын туслах Н-Э, ЭТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.А, нярав П.Э нартай болон Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гтэй уулзсан боловч тэд ажил хүлээн аваагүй. Би ажлаа хүлээлгэж өгөх гэж 4 цаг гаруй хүлээсэн. Хуулийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Г гадуур шүүх хуралтай гээд уулзаагүй.

Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Б.Б  ажлаас чөлөөлсөн тушаалыг авчирч өгөөд /2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр/, “Таныг эзгүй байх үед өрөөг чинь онгойлгож, ажлыг чинь Я.А мэргэжилтэнд хүлээлгэж өгсөн. Та хүлээлцсэн акт дээр гарын үсэг зур. Бид мэдэхгүй сайд л тэг гэсэн” гэж хэллээ.

Төрийн жинхэнэ албан хаагч намайг эзгүй байхад миний ажлын өрөөнд орж төрийн албан бичиг баримтуудыг зөвшөөрөлгүйгээр авч, хувь хүний эд зүйлсэд дураараа хүрч, төрийн жинхэнэ албаны залгамж халаа, үйл ажиллагааг доголдуулж, хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргаж байгаад гомдолтой байна.

Миний бие 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ЭМЯТНБД-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/Ш32018/1358 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 06-ны дотор надад хариу өгөх ёстой байсан.

Гэвч хуульд заасан 30 хоногийн хугацаа өнгөрсөн байх боловч өнөөдрийг хүртэл надад Төрийн албаны зөвлөлөөс ямар нэгэн хариу өгсөнгүй. 

Иймд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/17 дугаартай тушаалаар Я.Б-ыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүрэгт ажлаас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар чөлөөлсөн.

Я.Б-ыг албан ажлаа гүйцэтгэж байхад буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар удирдлагын зүгээс ажлын хариуцлага алдсан тул цаашид Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын албан тушаалд ажиллах боломжгүй гэж үзэж захиргааны шийдвэр гаргасан. Ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг үндэслэн захиргааны санаачилгаар Төрийн үйлчилгээний албан тушаалд томилж ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг гаргахдаа өөртэй нь урьдчилан сонсох ажиллагаа явуулсан бөгөөд удирдлагын зүгээс дараагийн ажилд буюу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар Хүрээ амаржих газрын даргаар томилж, тухайн хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй тул удирдлага болон захиргааны зүгээс хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Я.Б нь албан үүргээр гүйцэтгэж байхдаа дараах алдаа, зөрчлийг гаргасан. Үүнд:

1. Нэр бүхий байгууллагаас ирүүлсэн гомдлын дагуу “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын явцад элэгний вирусийн эрт илрүүлгийн аяны хүрээнд мэргэжлийн алдаа гаргаж, ноцтой алдаа гаргасан нь тодорхой болсон бөгөөд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн дарга нь Я.Б байсан.

2. Хэдийгээр үр дүнгийн гэрээгээр А үнэлэгдсэн боловч Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд 2017 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд Я.Бын даргаар ажиллаж байсан Эмнэлгийн тусламжийн газрын эрхлэх асуудлын хүрээнд 10 арга хэмжээ байгаагаас дийлэнх олон буюу 7 арга хэмжээ “Эрчимжүүлэх шаардлагатай” гэж 40 хувиар үнэлэгдсэн.

3. Түүнчлэн эрүүл мэндийн салбартай холбоотой хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд 2017 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ үнэлгээ хийхэд нийт 4 арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй 30 хувь гарснаас дийлэнх олон буюу 3 арга хэмжээ нь Я.Б-ын даргаар ажиллаж байсан Эмнэлгийн тусламжийн газрын эрхлэх асуудлын хүрээнд хамрах асуудал байсан.

Иймд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Б “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй актын хууль зүйн үндэслэл болсон хуулийн зүйл заалт үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх үйл баримтад дүгнэлт өгч, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

Маргаан бүхий Б/17 дугаар тушаал  нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг тус тус үндэслэж Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Быг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасан. Тухайн хэргийн үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Я.Б нь төрийн, улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдон ажиллах, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, мөн Эмнэлгийн тусламжийн газар нь татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдах нөхцөл байдал үүсээгүй байх тул дээрх хуулийн заалт үндэслэлгүй.  

Маргаан бүхий актын үндэслэл болсон Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.6.9 “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах”, 

9.8.”Төрийн нарийн бичгийн дарга энэ хуулийн 9.6-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх асуудлаар хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн яамны хэмжээнд мөрдөх тушаал гаргаж, биелэлтийг хангуулна” гэсэн заалт нь хариуцагчид гагцхүү хууль тогтоомжид заасны дагуу тушаал гаргах эрхийг олгосон хуулийн зохицуулалт юм. 

Нэхэмжлэгч Я.Б 2001 оны 8 дугаар сарын 27-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг  өргөсөн бөгөөд тэрээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/116 дугаар тушаалаар  Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 207 дугаар “Нэр дэвшүүлэх тухай” тогтоолын  дагуу 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс Эмнэлгийн тусламжийн газрын даргаар томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч байна.  

Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 23.4-т заасан нөхцөл байдал үүсээгүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа зөрчиж, түүний эрх зүйн байдлыг дордуулсан нь нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар баталгаажсан хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ гэж шүүх дүгнэв. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх тухай 24 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх тухай тус тус хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд дээрх заалтын аль аль нь хамаарахгүй юм. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр хийсэн нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэх тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн хариуцагчийн Б/17 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулсан гэж хариуцагчийн зүгээс тайлбарлах боловч хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэлд  2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 59 минутад сонсох ажиллагааг явуулсан гэжээ. Тухайн тэмдэглэлд яамны хуулийн хэлтсийн дарга Н.Г “таныг Төрийн албаны тухай хуулийн 23.4-т заасны дагуу 2 дугаар төрөх эмнэлгийн даргаар шилжүүлэх томилох болсон, таныг сонссон эсэхийг тодруулж байна” гэж утсаар мэдэгдэхэд нэхэмжлэгч Я.Б “Сайд Д.С надад хэлсэн, би үгүй гэдгээ хэлсэн. Эмнэлэгт өвчтэй байгаа эмнэлгээс гарч байж ярилцана гэв” гэх тэмдэглэлээс дүгнэхэд Я.Быг ажлаас чөлөөлөх Б/17 дугаар тушаалыг гаргахаас өмнө хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан гэж үзэхээргүй байна. Учир нь хариуцагчийн сонсох ажиллагаа хийсэн гэх тэмдэглэл нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй захиргааны акт гарснаас хойш 2 хоногийн дараа буюу мөн оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хийгдсэнээс гадна нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо хариуцагчаас оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангаагүй байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зааснаар сонсох ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл зэргийг зааж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулах”, 27.7-д “сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй” гэж хуульчилсан. 

Мөн захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудсыг хуульчилсан ба 29.2-т захиргааны шийдвэр бүрт хяналтын дагалдах хуудас хавсаргахаар заасан бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход хяналтын дагалдах хуудсыг харгалзан үзэхээр хуульчилжээ. 

Түүнчлэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх өдөр тэрээр эмчлүүлж байсан байх ба эмнэлгийн магадлагаагаар 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байсан нь эмчлүүлэгчийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, эмчлүүлэгчийн Эрүүл мэндийн карт зэргээр  тогтоогдож байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1. “ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална”, 35.1.3-д “эмнэлгийн шинжилгээ хийлгэх ... эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа” гэж заасныг хариуцагч зөрчиж төрийн жинхэнэ албан хаагчийг эмнэлэгт эмчлүүлж байх хугацаанд нь түүний хөдөлмөрлөх эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр дуусгавар болгож байгаа нь шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчмыг ноцтой зөрчжээ гэж шүүх дүгнэв. 

Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн учир ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлах боловч энэ нь нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй захиргааны акт гарах үндэслэл болоогүйгээс гадна хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр  Я.Б маш сайн буюу 99 оноогоор үнэлэгдэж, гэрээний 5.2-т “гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний санал: “эрхэлсэн түшмэлд нэр дэвшүүлэх, төрийн албаны тэргүүний ажилтанд нэр дэвшүүлэх” гэснээс дүгнэхэд нэхэмжлэгч нь эрхэлсэн ажлаа маш сайн гүйцэтгэж байжээ гэж дүгнэхээр байна. Мөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн А/326 “Урамшуулал олгох тухай” тушаалын  хавсралтаар батлагдсан 2017 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ болон ажлын үзүүлэлтийг харгалзан урамшуулах олгох албан хаагчдын нэрсийн жагсаалтын 62-т нэхэмжлэгч Я.Быг 450.000 төгрөгөөр шагнахаар заажээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд хийсэн “Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтэд 2017 оны жилийн эцсийн байдлаар хийсэн хяналт-шинжилгээний дүн нь Я.Б-ыг ажлаас чөлөөлсөн” гэх тайлбар нь маргаан бүхий тушаалын үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй. 

  Эрүүл мэндийн яамны удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрээр хэрэгжилт хангалтгүй байгаа хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг 2018 онд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох газар, хэлтсийн дарга нарт даалгаж, холбогдох бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнахдаа хангалтгүй, бүрэн бус, худал зөрүүтэй мэдээллээр хангасан, өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай, Төсвийн тухай болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхийг анхааруулжээ. Энэ нь нэхэмжлэгч Я.Б-ыг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд маргаан бүхий акт нь дээрх үйл баримтыг үндэслээгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд хийсэн Я.Б-ыг төрийн үйлчилгээний албан тушаалд шилжүүлэн, 2 дугаар төрөх эмнэлгийн даргаар томилсон гэх тайлбарын тухайд:

Хариуцагчаас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн сонсох ажиллагааны тэмдэглэлд “та 2 дугаар төрөхийн даргаар томилогдох болсон, таныг сонссон эсэхийг тодруулж байна” гэж тэмдэглэгдсэн боловч Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 296 тоот “Хууль хэрэгжүүлэх тухай” албан бичигт  “... Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн атлаа өнөөг хүртэл ямар нэгэн төрийн үйлчилгээний албан тушаалд томилоогүй байна” гэжээ. Энэхүү үйл баримтаас дүгнэхэд маргаан бүхий акт гарснаас хойш 2 сар гаруй хугацаа болж байхад нэхэмжлэгчийн үндэслэлгүй ажлаасаа чөлөөлөгдсөн гомдлыг Төрийн албаны зөвлөл хянаж байх үед Я.Б-ыг 2 дугаар төрөх эмнэлгийн даргаар томилоогүй байжээ. 

Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд хийсэн “Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 тоот Я.Б-ыг Хүрээ амаржих газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалыг тухайн үед гаргаагүй дараа нь нөхөж хийсэн тушаал” гэх тайлбарыг шууд үгүйсгэх боломжгүй. Нийслэлийн эрүүл мэндийн газраас дээрх тушаалын талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэх ба нэхэмжлэгч тухайн акттай маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно. 

Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 469 тоот албан бичигт  “Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалга болон хэн нэгнийг жинхлэн томилуулахаар дүгнэлт гаргуулах хүсэлт ирүүлээгүй” гэсэн нь төрөөс ард түмэндээ эмнэлгийн тусламжийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг доголдох байдал үүсэж болзошгүй байгааг шүүх анхаарч үзсэнийг дурдах нь зүйтэй. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийн хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул хариуцагчийн маргаан бүхий Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэв. Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаал нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрдэнэ” гэж заасны дагуу Я.Бын ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үндсэн цалинг ТЗ-12-3 шатлалын дагуу 921.067 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 20 хувиар, зэрэг дэвийн нэмэгдлийг 25 хувиар тооцож нийт 6.635.241 төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 5.414.545 төгрөгийг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалган шийдвэрлэлээ. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, Я.Б-ыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны үндсэн цалинг ТЗ-12-3 шатлалын дагуу 921.067 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 20 хувиар, зэрэг дэвийн нэмэгдлийг 25 хувиар тооцож нийт 6.635.241 төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 5.414.545 төгрөгийг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.Д