Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 178

 

“Чингис ленд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/01050 дугаар шийдвэртэй, “Чингис ленд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Бямбадоржид холбогдох,

 

Гэм хорын хохиролд 14 710 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаяр,

Хариуцагч Я.Бямбадорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компанийн гүйцэтгэх захирал Э.Золбат нь 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг 55 минутын үед Лексус 470 маркийн 48-87 УНҮ улсын дугаартай албаны автомашинаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сонсголонгийн замаар баруун чиглэлд 2 дугаар эгнээгээр явж байх үед Тоёота Приус 10 маркийн 93-32 УНГ улсын дугаартай суудлын автомашины жолооч Я.Бямбадорж туслах замаас баруун чиглэлд буцаж эргэх үйлдэл хийх үедээ төв замын автомашинаа өнгөрөөлгүй гэнэт урдуур орж, урдаас хүчтэй мөргөсний улмаас хашлага давж зогссон. Уг үйлдэл Я.Бямбадоржийн 100 хувийн буруугаас болсон нь замын цагдаагийн үзлэгээр нотлогдож, ослын газрын актад дурдагдсан. Я.Бямбадорж 2,37 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодож явсан буруутай үйлдэл нь хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа бөгөөд үүний улмаас манай компанийн автомашин их хэмжээгээр эвдэрч, ашиглах боломжгүй болж, Капитал Эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр 10 215 000 төгрөгийн хохирол тогтоогдсон.

Гэтэл Я.Бямбадорж учруулсан хохирлоо төлж барагдуулахгүй байгаа учраас компани ажил хэргээ тасалдуулахгүйн тулд иргэн Ц.Отгонбаяртай 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Автомашин түрээсийн гэрээ байгуулан Тоёота Ланд круйзер-100 маркийн 55-59 УБЗ улсын дугаартай машиныг түр хугацаагаар албан хэрэгцээндээ ашиглаж байна. Манай компани гадаадын хөрөнгө оруулалттай, зам засвар, замын суурь, судалгааны ажил гүйцэтгэдэг бөгөөд төслийн ажлаар хөдөө орон нутгаар байнга явдаг тул Я.Бямбадоржоос гэм хорын төлбөрийг яаралтай гаргуулах шаардлагатай.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх зүйлүүдэд заасны дагуу хариуцагчааас хохирол 10 215 000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 295 000 төгрөг, автомашины түрээсийн төлбөр /нэг өдрийн 100 000 төгрөг/ 4 200 000 төгрөг, бүгд 14 710 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Осол гарахад миний буруу нөлөөлсөн. Ослын улмаас нэхэмжлэгч компанид 10 215 000 төгрөгийг хохирол учирсан байгаа. Би машиныг нь засч өгье гэсэн боловч надаар янзлуулаагүй, гадаадаас сэлбэг авна гэсэн. Үнэлгээг өндөр дүнгээр тогтоогдсон гэж үзэж байгаа. Гэхдээ хохирол учруулсан нь үнэн тул 10 215 000 төгрөг болон үнэлгээний 295 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин түрээсийн төлбөрт төлсөн 4 200 000 төгрөгийг төлөхгүй. Өдрийн 100 000 төгрөгийн түрээсийн машин гэж хаана ч байхгүй. Энэ үнэлгээ бодит биш гэж үзэж байгаа тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Я.Бямбадоржоос 10 510 000 төгрөгийг гаргуулж Чингис Лэнд Девелопмент групп-Шинэ хөгжлийн зам ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 183 110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие Чингис Лэнд Девелопмент групп-Шинэ хөгжлийн зам ХХК-ийн автомашинд хохирол учруулсан боловч шүүх хохирлын үнэлгээг бодитоор засуулахад гарсан зардлаар бус хөрөнгийн үнэлгээний байгууллагын байж болно гэсэн үнэлгээг шууд хохирлын үнэлгээ мэтээр хэрэглэснийг эс зөвшөөрч байна. Чингис Лэнд Девелопмент групп-Шинэ хөгжлийн зам ХХК-ийн автомашиныг өмнө байсан хэмжээнд засварлаж өгөхийг хүссэн боловч бодит бус үнэлгээг үндэслэн зөвхөн мөнгийг авна гэж байгаа нь надад хэт хохиролтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, автомашинд учирсан бодит хохирлыг барагдуулах буюу автомашиныг засварлаж өгөх боломж олгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Чингис ленд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК нь хариуцагч Я.Бямбадоржид холбогдуулан гэм хорын хохиролд 14 710 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч уг төлбөрөөс 4 200 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорын хохирлыг хариуцан арилгах бөгөөд гэмтсэн эд хөрөнгийг өмнөх байдалд сэргээн засах, мөнгөөр нөхөн төлөх үүрэг хүлээдэг.

 

Хэрэгт авагдсан баримтаар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Я.Бямбадоржийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол болсон, Лексус 470 загварын 48-87 УНҮ улсын дугаартай автомашинд 10 215 000 төгрөгийн хохирол учирсан, үнэлгээчний ажлын хөлсөнд 295 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

/хх-ийн 17-22-р тал/

 

Харин уг ослын улмаас албан ажлын хэрэгцээнд өдрийн 100 000 төгрөгөөр Тоёото Ландкруйзер 100 маркийн автомашин түрээслэсэн гэж хохирол нэхэмжилж буй 4 200 000 төгрөгийг тухайн компанид учирсан “хохирол”-д тооцох боломжгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Тодруулбал, иргэд хооронд байгуулсан түрээсийн гэрээ түүний үүргийг уг нэхэмжлэлд хамааруулан хариуцагчаас гаргуулах төлбөрт тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.

/хх-ийн 5-13-р тал/

 

Хариуцагч Я.Бямбадорж нь “хохирлын үнэлгээг бодитоор тооцоогүй, хөрөнгө үнэлгээний байгууллагын байж болно гэсэн дүгнэлтээр хэт хохиролтой шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа “өөрийн гэм буруугаас нэхэмжлэгчид учирсан автомашины эвдрэл, түүнийг үнэлүүлэхэд гарсан үнэлгээчний ажлын хөлс зэргийг төлнө” гэж зөвшөөрч байсныг шүүх харгалзан үзсэн байна.

 

Хэрэв хариуцагч хохирлын хэмжээг зах зээлийн үнээс өндөр тогтоогдсон гэж үзсэн бол энэ талаарх өөрийн тайлбар, татгалзлаа нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохицуулсан. Энэхүү үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг буруу гэж үзэхгүй.

 

Хэрэгт тухайн ослын улмаас эвдэрсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ авагдаагүй боловч “Чингис ленд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-ийн эзэмшлийн хөрөнгө болохыг Зам тээврийн осол, хэрэг үзлэгийн тодорхойлолт, Капитал Эстимэйт ХХК-ийн техникийн үнэлгээний тайлан зэрэгт тодорхой тусгасан байх бөгөөд хариуцагч үүнд маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/01050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Я.Бямбадоржийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183 110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

 

                                                                                                Т.ТУЯА