Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/008

 

Б.М, Э.П нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, *******, *******

Шүүгдэгч  Б.М, Э.П

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч  Б.М, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч Э.Пын өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар  Б.М, Э.П нарт холбогдох эрүүгийн 1714000000156 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б.М, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй

Монгол Улсын иргэн, Э.П, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Э.П,  Б.М нар нь нийгмийн хэв журмыг бүлэглэн, зөрчиж бусдад хүч хэрэглэж 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор сумын 5 дугаар баг, 11 дүгээр гудамж, 07 тоотод М.Г, арван найман насанд хүрээгүй Г.Ннарыг зодож биед нь хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас  Б.М, Э.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Боржигон овогт Э.П, Далхжав овогт  Б.М нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар Боржигон овогт Э.П, Далхжав овогт  Б.М нарыг 1 жил 3 сар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Э.П, ******* нарт тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх,

Э.П,  Б.М нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Э.Пын эзэмшлийн “мустанг-5” маркийн мотоцикль,  Б.Мын эзэмшлийн таван ханатай гэрийг тус тус битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрх мотоцикль болон таван ханатай гэрийг эзэмшигч Э.П,  Б.М нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.П,  Б.М нарт тус тус хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, тэдний эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч  Б.М гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Э.Пын хамт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5-11-7 тоотод 23 цагийн үед очиход Галаа гуай эхнэртэйгээ, Г.Ннар унтаж байсан. Ингээд Галаа гуайтай ярилцаж сууж байгаад адуу малнаас болж марган зодолдсон. Би энэ үйлдэлдээ бусдыг хохироосондоо маш их гэмшиж байна. Цагдаад шалгагдаж эхэлсэн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* прокурор дуудаж хэргээ хялбаршуулж шийдүүлэх юм уу гэхэд өмгөөлөгч мэднэ, бид мэдэхгүй байна гэсэн. Маргааш хүрээд ир гэсэн бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 1-нд Э.Пын ах хүсэлт бичиж өгсөн тул чи гарын үсгээ зур гэхээр нь зурсан. Би хялбаршуулж шийдвэрлэх нь ямар үр дагавартайг ойлгоогүй байтал шүүх хуралдаан 3 хоногийн дотор явагдаж би 1 жил 3 сараар хорих ял шийтгүүлсэн. Анхнаасаа хялбаршуулж шийдвэрлэхийн үр дагаврыг ойлгосон бол гарын үсэг зурахгүй байх байсан. Мөн хохирогчийн мэдүүлсэн шиг тэр хүмүүсийг нүдсэн зүйлийн зарим нь худал боловч би энэ хүмүүст гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна.

Та бүхэн миний ар гэрийн байдал хөгшин настай аав, ээж, бага насны 3, 5 настай хүүхдүүд, эхнэр хагалгаагаар дахин төрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан миний ял шийтгэлийг бага ч болов хөнгөрүүлж өгнө үү гэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

Шүүгдэгч  Б.Мын өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Э.П,  Б.М нарын үйлдсэн гэмт хэрэг гэм буруутайд нь Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг явуулж, улсын яллагч нэг жилийн хорих ял оногдуулах санал гаргасан. Улсын яллагчийн дүгнэлт саналыг өмгөөлөгч миний бие хүлээн зөвшөөрч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч М.Г, Г.Ннартай сайн дурын үндсэн дээр эвлэрч эвлэрлийн гэрээг нотариатаар баталгаажуулж хэрэгт хавсаргасан.

Энэ нь “шүүх онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэсэн заалтад нийцнэ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж энэ тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан.

Үүнээс үзэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл Шударга ёсны зарчим, Эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ гэм буруугүйн хэлбэрт тохирсон нь шударга ёсонд нийцнэ” гэж үзээд өөрийн дүгнэлтийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналаа шүүхэд өмгөөлөгчийн зүгээс оруулсан. Гэвч улсын яллагчийн санал болгосон 1 жилийн хорих ялыг 1 жил 3 сарын хорих ял болгон шийдвэр гаргасан нь миний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн хуулийн заалтыг анхан шатны шүүх хэрэглээгүйд гомдолтой байгаа тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж миний үйлчлэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Э.Пын өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч Э.П нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар ойлголт, учир холбогдлыг ойлгож сайн мэдээгүй байсан байна. Энэ нь 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр гаргасан “Баянхонгор аймгийн Прокурорын газар хүсэлт гаргасан” хүсэлтийг өөрөө бичээгүй, өөрийн гарын үсгийн тайлал буюу гарын үсгээ зураагүй байна.

Уг хүсэлтэнд хүсэлт гаргасан Э.П гэж бичигдсэн боловч удаа дараа өгсөн яллагдагч Э.Пын мэдүүлэг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол дээр зурсан гарын үсэгнээс өөрөөр бичигдсэн байгаа нь Э.П хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт өгөөгүй байна гэж үзэх үндэслэл байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-д заасан “прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасан бөгөөд хавтаст хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтын хэмжээнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагч Э.Пт танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу тэмдэглэл үйлдээгүй байна. Эдгээр хоёр үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч  Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч  Б.М, Э.П нарын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч нар анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нар гомдол саналгүй гэснийг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Э.Пын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Э.П нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны учир холбогдлыг ойлголгүйгээр хүсэлт гаргасан, уг хүсэлтэд өөрөө гарын үсэг зураагүй байгаа. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж хохирлыг бүрэн барагдуулсан зэргийг харгалзан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч  Б.Мын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тухайн хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал огт байдаггүй тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхээс хуулийг зөв хэрэглэж хорих ял оногдуулсан, уг хорих ялыг тэнсэх эсэх асуудал нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Э.П,  Б.М нар нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 04 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг, 11 дүгээр гудамж, 07 тоотод гэртээ унтаж байсан иргэн М.Г, арван найман насанд хүрээгүй Г.Ннарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Арван найман насанд хүрээгүй хохирогч *******гийн “...ах М.Гыг гэрийн зүүн талын орон дээр хэвтсэн байдалтай байхад нь 2 хүн дээрээс нь өшиглөж цохиж зодоод байсан. Миний харсанаар Э.П нь гэрийн унинаас зүүгдээд дээрээс нь дэвсээд байсан.  Б.М нь болохоор дээрээс нь нүүр рүү нь цохиж харагдсан. Би босоод гэрлээ асаагаад тэр 2 хүнийг болиулах гээд ах дээрээ очиж салгах гэхэд намайг Э.П нь нүүр рүү өшиглөөд би өнхрөөд ойчиход дээрээс цайтай халуун сав аваад цохиж уг халуун сав нь хагарсан. Тэгээд намайг Э.П нь дээрээс цохиж зодоод байсан. Миний нүүр, нуруу, цээж хэсэгт цохиж өшиглөж байгаад намайг чирээд гэрээс гаргасан би гарахгүй гэхэд “гарнаа чи муу” гээд гэрээс чирч гаргаад хажуу талын эзэнгүй гэрт оруулаад намайг зодож Э.П нь “чамайг алчихая” гээд гараа далайхад нь би гэрээс гараад зугатаасан, ...миний нүүр рүү өшиглөж нүүр шалбарч зулгарсан бас толгой руу чих рүү өшиглөж авсанаас болоод миний зүүн талын чих сонсохгүй байна..., ...миний биеийн байдал гайгүй болсон надад одоо гомдол санал байхгүй, хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 8-14-р тал/,

Насанд хүрээгүй хохирогч *******гийн хууль ёсны төлөөлөгч *******ийн “...Э.П,  Б.М нар зодсон гэж байсан..., ...М.Г ах босож чадахгүй зодуулчихсан байхаар нь юу болсон гэхэд ахыг нь Э.П,  Б.М нар гэмгүй байхад зодчихоод яваад өглөө гээд байж байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18-р тал/

Хохирогч М.Гын “...би гэрлээ асаах гээд байж байтал тэр 2 хүн шууд хүрч ирээд намайг 2 талаас өшиглөөд эхэлсэн. Тэгэхэд манай дүү Г.Ннь гэрэл асаагаад “яаж байгаа юм та нар хөгшин хүн зодоод” гэхэд *******г нөгөө 2 хүн зодоод халуун савтай цай авч чулуудаад байсан. Миний хувьд тэр 2 хүнийг орж ирэхэд нь гэрийнхээ зүүн талын орон дээр унтаж байгаад сэрж орноосоо босоод гэрлээ асаах гэхэд шууд ирээд цохиж зодсон. Намайг хамгийн эхлээд Э.П нь цохиж авч газар унасан байхад дээрээс  Б.М нь өшиглөж цохиж алгадаж авсан..., ...миний зүүн нүд хөхөрч хавдсан бас бие их өвдөж байна..., ...надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-28-р тал/,

Гэрч *******гийн “...би ах М.Гын гэрт очиход манай ах орон дээрээ хэвтсэн босож чадахгүй толгой хэсгээс цус гарсан байдалтай байсан. Би юу болсон юм гэж асуухад шөнө гэрт  Б.М, Э.П нар нь орж ирээд зодсон гэж байсан...” гэх мэдүүлэг. /хх- ийн 29-30-р тал/

Гэрч *******гийн “...би гэрт нь ороход М.Г ахтай  Б.М гэгч нь маргалдсан шинжтэй байсан бөгөөд зодоон цохион болоогүй байсан. Миний бие Э.Птай уулзаад “юу болоод байгаа юм, та нар хэрүүл маргаан үүсгэж болохгүй согтуу байна амрах гэж байгаа бол Ц.Зулбаяр ахын гэрт ороод амар, амарч чадахгүй бол эндээс явцгаа дахин хэрүүл маргаан үүсгэсэн байх юм бол би өөрөөр ярина шүү” гэж хэлчихээд гэр рүүгээ орсон..., ...М.Г ахын зүүн шанаан тус газарт нь хүн цохиод авсан юм шиг харагдаж байсан. Маргааш нь болохоор *******гийн нүүр нь халцарсан байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 33-35-р тал/,

Хохирогч М.Г, Г.Ннарын биед хөнгөн гэмтэл учирсан талаарх Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 14-ниий өдрийн №595, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 596 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 47-48, 52-53-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан  Б.М, Э.П нарын үйлдсэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан нотлох баримтууд болон прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсгээр хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, анхан шатны шүүхээс  Б.М, Э.П нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчлан тогтоосон төрөл хэмжээний дотор хуулийг зөв хэрэглэн хорих ял оногдуулжээ.

Э.П,  Б.М нар нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн төрлийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, Э.П,  Б.М нарын хувийн байдал болон хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нараас гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн дээр дурдсан мэдүүлгүүд, хохирогч нартай сайн дураараа байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 98-р тал/ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзэж, шүүгдэгч  Б.М, түүний өмгөөлөгч ******* нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Харин Э.П,  Б.М нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан яллагдагчийн хүсэлтийг харгалзахгүйгээр шууд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нэрлэн заасан хэрэгт хамаарч байгаа тул Э.Пын өмгөөлөгч *******гийн “Э.П нь хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэхийг учир холбогдлыг ойлгоогүй байсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 3 дахь заалтаар хорих ял эдлэх байгууллагыг тогтоохдоо Эрүүгийн хуулийн зүйл хэсэг заалтыг бүрэн гүйцэд баримтлаагүй, 5 дахь заалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэж хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгийг шийдвэрлэхдээ хуулийн зүйл хэсгийн дэд хэсгийг баримтлаагүй зэрэг алдаа зөрчил гаргасан байгааг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөн шийдвэрлэсэн болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Э.П, Далхжав овогт  Б.М нарыг нэг жил гурван /1 жил 03 сар/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Э.П,  Б.М нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 3 сар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай ...” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар...” гэж,

5 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 ...” гэж,

6 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.П,  Б.М нарт тус тус хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс шүүгдэгч нарт тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч Э.П,  Б.М нарын эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д тус тус зааснаар шүүгдэгч Э.П,  Б.М нарт тус бүр шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай...” гэж,

9 дэх заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.П,  Б.М нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.П,  Б.М нарт тус бүр хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Пын өмгөөлөгч *******гийг гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Э.П,  Б.М нарыг сулласугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.П,  Б.М нар нь 2017 оны 12 дугаар сарын 05-наас 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл тус бүр 48 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                   ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ

                          Н.ЭНХМАА