Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1605

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  М.Мөнхбадрал,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Б.Дт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2003 00000 0274 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Д, 1963 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар 29-773 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархадны 2 дугаар буудлын замд нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ “Hyundai Accent” маркийн 90-35 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Амарсайханыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.”  гэв.

Хохирогч Ц.Амарсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Жолооч Д бид хоёр хоорондоо 2 сая төгрөгөөр тохиролцсон одоогоор надад 1.500.000 төгрөг өгсөн. Надад өөр нэхэмжлэх зүйлгүй...“ гэх мэдүүлэг /хх-ийн 18-21/,

Гэрч Н.Батсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д бид 2, өдөр 11 цагийн үед Бямбадорж гэдэг найзынд нь 3-лаа нэг шил архи уусан. Бямбадоржийнд очиход найз нь гээд нэг хүүхэн цуг байсан. Тэгээд 4-лээ Техникийн зах ороод би таньдаг дүүгээсээ 30.000 төгрөг аваад 1 шил архи ойр зуурын юм аваад Улиастайн гол орж уусан... Д бид 2 гэр рүү нь явж байгаад Шар хадны 2 дугаар буудал дээр хүн мөргөсөн. Тэгээд Д намайг яв гэхээр нь яваад өгсөн... хэлэхийн завдалгүй очоод мөргөсөн... Ойролцоогоор 50 км/цагийн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Иргэний хариуцагч Д.Алтанхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн, гэхдээ би унадаггүй юмаа аав л ойр зуурдаа унадаг, бараг 5 жил болж байна... би бусдад учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэйг ойлголоо...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8258 дугаартай дүгнэлт:

1. Ц.Амарсайханы биед баруух атгаал ясны хүзүү хэсгийн далд зөрөөтэй хугарал, тархи доргилт, цээж, хэвлий, баруух гуя, хоёр шилбэ, тавхайд цус хугаралт, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт, баруун тавхайд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 39-40/,

2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 111 дугаартай Мөрдөгчийн магадлагаа:

  1. Х.Аксент маркийн 90-35 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б. Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийр хориглоно: а/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...”.
  2. Явган зорчигч Ц.Амарсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
  3. 4 Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.
  1. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов. /хх-ийн 55-56/,

Яллагдагч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...явган зорчигч Ц.Амарсайханыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан. Явган зорчигч урдаасаа хойш зам хөндлөн гарсан. Гэнэт л ороод ирсэн. Зам тээврийн осол гаргасандаа гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64/,

2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-14/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл”... Баадай овогтой Дыг драйгер багаж ашиглан шалгахад 3,16% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” /хх-ийн 14/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 66/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 69/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Д нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархадны 2 дугаар буудлын замд нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ “Hyundai Accent” маркийн 90-35 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Амарсайханыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Хохирогч Ц.Амарсайханы: “...Жолооч Д бид хоёр хоорондоо 2 сая төгрөгөөр тохиролцсон одоогоор надад 1.500.000 төгрөг өгсөн. Надад өөр нэхэмжлэх зүйлгүй...“ гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Батсайханы: “...Д бид 2, өдөр 11 цагийн үед Бямбадорж гэдэг найзынд нь 3-лаа нэг шил архи уусан. Бямбадоржийнд очиход найз нь гээд нэг хүүхэн цуг байсан. Тэгээд 4-лээ Техникийн зах ороод би таньдаг дүүгээсээ 30.000 төгрөг аваад 1 шил архи ойр зуурын юм аваад Улиастайн гол орж уусан... Д бид 2 гэр рүү нь явж байгаад Шар хадны 2 дугаар буудал дээр хүн мөргөсөн. Тэгээд Д намайг яв гэхээр нь яваад өгсөн... хэлэхийн завдалгүй очоод мөргөсөн... Ойролцоогоор 50 км/цагийн хурдтай явж байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт хохирогч Ц.Амарсайханд 2.000.000  төгрөгийг нөхөн төлснийг дурдав.

Шүүгдэгч Б.Д нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаанд тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүрэг хүллээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б.Дыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Дын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаанд тэнсэж, түүнд хяналт тавихыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Хэрэгт хураагдан ирсэн Б.Дын №82500 дугаартай жолоочийн  үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Тээврийн цагдаагийн албанд хүргүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР