Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 1609

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Б.Уранцэцэг,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 02992 2211 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн , Д.Г, 1958 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Булган аймагт төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туулын 7-105 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй /,

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туулын 7-105 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.Оюун руу гар утас шидэж дух, зүүн зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч Д.Оюун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгээд 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би 20:00 цагийн орчим унтах гээд хэвтэж байтал манай нөхөр Г гэнэт над руу чи намайг 48 цаг хоол ундгүй, хоосон байлгалаа гэж уурлаж намайг тэнүүлчин, банзал, янхан гэх мэтээр янз бүрийн хэл амаар доромжилж, шөнөжингөө намайг доромжилж, намайг унтаж болохгүй, чи сэрүүн бай, чи нүдээ ч аниж болохгүй гэж заналхийлж дарамталсан. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шилжих шөнийн 02:00 цагийн орчим би нөхөр Гаа тайвшруулах гэж Гд хандан “Гаа чи одоо болио, хоёулахнаа амьдарч байж, чамд хоол унд өгөөгүй нь миний буруу, одоо тайвшир, хоёулаа л тайван байя гэж хэлээд би өөрхийнхөө хэвтэж байсан орон дээрээс босоод Гийн хэвтэж байсан орон дээр очоод Гыг одоо тайвшир гэж хэлээд ар талаас нь нурууг нь илтэл Г надад уурлаж, чи миний биед гар хүрэхгүй шүү гэж хэлээд нар руу аяга аваад шидсэн чинь өнөөх аяга нь намайг онохгүй, шатны бариул очиж оноод хагарсан. Тэгсэн дахиад над руу өөрийнхөө гар утсыг чинь өнөөх гар утас нь миний зүүн хөмсөгний дээд талд оносон. Тэгээд тэр шөнөжингөө Г унтахгүй, намайг ч унтуулахгүй хэл амаар доромжлоод айлган сүрдүүлж байгаад өглөө 06:00 цагаас 07:00 цагийн хооронд Г өөрөө унтаад сэрсэн. Тухайн үед Г архи уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-11/,

Яллагдагч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би энэ яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би цаашид дахин ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх болно. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 72/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7942 тоот дүгнэлтэд: 

1. Д.Оюуны биед дух, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 27-28/, хохирогч Д.Оюуны цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 2-3/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туулын 7-105 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.Оюун руу гар утас шидэж дух, зүүн зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Д.Оюуны: “...тэгээд 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би 20:00 цагийн орчим унтах гээд хэвтэж байтал манай нөхөр Г гэнэт над руу чи намайг 48 цаг хоол ундгүй, хоосон байлгалаа гэж уурлаж намайг тэнүүлчин, банзал, янхан гэх мэтээр янз бүрийн хэл амаар доромжилж, шөнөжингөө намайг доромжилж, намайг унтаж болохгүй, чи сэрүүн бай, чи нүдээ ч аниж болохгүй гэж заналхийлж дарамталсан. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шилжих шөнийн 02:00 цагийн орчим би нөхөр Гаа тайвшруулах гэж Гд хандан “Гаа чи одоо болио, хоёулахнаа амьдарч байж, чамд хоол унд өгөөгүй нь миний буруу, одоо тайвшир, хоёулаа л тайван байя гэж хэлээд би өөрхийнхөө хэвтэж байсан орон дээрээс босоод Гийн хэвтэж байсан орон дээр очоод Гыг одоо тайвшир гэж хэлээд ар талаас нь нурууг нь илтэл Г надад уурлаж, чи миний биед гар хүрэхгүй шүү гэж хэлээд нар руу аяга аваад шидсэн чинь өнөөх аяга нь намайг онохгүй, шатны бариул очиж оноод хагарсан. Тэгсэн дахиад над руу өөрийнхөө гар утсыг чинь өнөөх гар утас нь миний зүүн хөмсөгний дээд талд оносон. Тэгээд тэр шөнөжингөө Г унтахгүй, намайг ч унтуулахгүй хэл амаар доромжлоод айлган сүрдүүлж байгаад өглөө 06:00 цагаас 07:00 цагийн хооронд Г өөрөө унтаад сэрсэн. Тухайн үед Г архи уугаагүй эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Гд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.Оюун нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Д.Гд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 700.000 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Гыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Гд 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Г нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР