Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 179

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Капитал” банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/05571 дугаар шийдвэртэй, “Капитал” банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Алтансэлэнгэд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 939 832 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваасүрэн, Г.Баттөгс,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус банк 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Ч.Алтансэлэнгэтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгон Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 1 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015589 дугаартай 96 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2205001148 дугаартай 183 м.кв талбай бүхий нэгж талбарын 18638311988445 дугаар өмчлөх эрхтэй газрыг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Ч.Алтансэлэнгэ нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 36 816 622 төгрөг, зээлийн хүүд 31,244,893 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 393 785 төгрөг, нийт 69 455 300 төгрөг төлсөн бөгөөд гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагч Ч.Алтансэлэнгээс үндсэн зээл 13 183 378 төгрөг, зээлийн хүүд 3 963 712 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 792 742 төгрөг, нийт 17 939 833 төгрөг гаргуулж өгнө үү.

Бид зээлийн гэрээний хүүг 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хойш тооцсон. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Би Капитал банкнаас 50 000 000 төгрөгийн зээл авсан. Уг зээлээр эмнэлгийн тоног төхөөрөмж, тохижилтийн ажлуудыг хийсэн. Ингээд үйл ажиллагаа жигдрэн ажиллаж байтал эмнэлгийн байр түрээслүүлж байсан компани түрээсийн үнээ нэмэгдүүлж хүндрэл учирсан. Капитал банкнаас авсан үндсэн зээлийг төлсөн. Хүү, хүүгийн хүү бодож төлсөн мөнгө хасагдахгүй байна. Барьцаанд тавьсан байшиндаа эмнэлэг ажиллуулах гэхээр нөхцөл хангахгүй гээд мэргэжлийн хяналт зөвшөөрөхгүй байна. Миний энэ нөхцөл байдлыг харгалзан, хүү, хүүгийн хүү бодохгүйгээр зээлийг жилийн хугацаанд төлүүлэхийг хүсч байна. Дахин зээл авах гэхээр найдваргүй зээлдэгч гээд зээл олгохгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Алтансэлэнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 015 640 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 924 123 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 649 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Алтансэлэнгээс 233 028 төгрөг гаргуулан Капитал банкинд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Ч.Алтансэлэнгэ нь Капитал банктай 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 443 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэй, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийн дагуу хэсэгчилж төлөхөөр зээлсэн. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч үндсэн зээлд 36 816 622 төгрөг, зээлийн хүүд 31 244 892 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 393 785 төгрөг тус тус төлсөн бөгөөд гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр дууссан. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийн өрийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн. Үүнд үндсэн зээл 13 183 377 төгрөг, зээлийн хүү 3 963 712 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 792 742 төгрөг, нийт 17 939 832 төгрөг юм.

Гэтэл шүүх уг шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үндэслэлээ “хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 2 170 000 төгрөгийг нэхэмжлэгч Капитал банк зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар хассан. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дараалал зөрчсөн учир уг мөнгийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ” гээд үндсэн зээлээс хасч тооцсон бөгөөд хасахдаа шууд 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хасч тооцсон нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч 2 170 000 төгрөгийг төлөхдөө 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төлөөгүй, 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд хэсэгчилж төлсөн нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаас харагдана.

Ингээд зээл, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо /11 013 378 төгрөгөөс 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 13 сар 8 хоногоор тооцож/ зээлийн болон хэтэрсэн хугацааны хүүд 3 335 218 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 667 044 төгрөг, нийт 15 015 640 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Шүүх шийдвэр гаргахдаа зөвхөн хэтэрсэн хугацааны хүүг тооцож нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон ба нэхэмжлэлийн шаардлагад багтсан гэрээт хугацааны хүүг тооцолгүй шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна. Банкны нэхэмжилсэн зээлийн хүү болох 3 963 712 төгрөгт гэрээт болон хэтэрсэн хугацааны хүү аль аль нь багтсан бөгөөд үүнээс 1 788 712 төгрөг нь гэрээт хугацааны хүү байсан.

Мөн нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байхад үүнийг гаргаагүй гэж үзсэн нь буруу. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас 2 924 123 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй боловч холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулж залруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Ч.Алтансэлэнгэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 939 832 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч уг шаардлагын зарим хэсэгт маргажээ.

Шүүх зохигчдын хооронд 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 360 хоногийн хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 1-3 тоот 96 м.кв талбайтай, хувийн орон сууцыг, газрын хамт барьцаалж барьцааны гэрээ байгуулсан болон гэрээ тус бүрийн хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдгээрийн хоорондын эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь хэргийн баримтаар тогтоогдсон тул гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Шүүх хариуцагчийн төлсөн төлбөр тэдгээрийн хугацаа, зээлийн гэрээ ёсоор төлвөл зохих үндсэн үүрэг зэргийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дараалалд нийцүүлэн, гэрээний хугацаа дууссан буюу 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хойш төлсөн 2 170 000 төгрөгийг үндсэн зээлээс тооцсон байна.

Дээрх үндэслэлээр тооцоог хийж үндсэн зээл 11 013 378 төгрөг, хүү 3 335 218 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 667 044 төгрөг, нийт 15 015 640 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийн “2 924 123 төгрөгийг хэрэгсэхгүй” болгосон хэсгийг өөрчлүүлэх тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Харин нэхэмжлэгч Капитал банкыг шүүх нэг шаардлага гаргасан гэж үзэж, үндэслэлээ шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч тал үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй гэж тайлбарладаг гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “зээлийн өрийн үлдэгдэл 17 939 832 төгрөгийг гаргуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэж тодорхойлж, шүүх хуралдааны явцад уг шаардлагаа дэмжиж оролцсон ба нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу татгалзсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй талаар гаргасан нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/05571 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт

“Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Алтансэлэнгэ шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 1 дүгээр гудамжны 3 тоот 96 м.кв талбайтай, мансард бүхий 2 давхар хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний 183 м.кв газрыг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай” гэсэн 2 дахь заалт нэмж,

2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарыг өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 736 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолох, энэхүү үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргахад саад болохгүй дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

           

                        ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

 

                                                                                                Т.ТУЯА