Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01609

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

         2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00961 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1391 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: “К” ХХК

         Хариуцагч: Д.Б холбогдох    

         Зээлийн гэрээний үүрэгт 4 485 526 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн төлөөлөгч Д.Ц, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Д.Б 2017-02-25-ны өдөр  зээлийн гэрээ байгуулж, 4 сая төгрөгийг 8 сарын хугацаатай, 1 сарын 6 хувийн хүүтэй зээлсэн ба 2017-10-12-ны өдөр гэрээний хугацаа дуусахад үүргээ гүйцэтгээгүй байна. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулж, 96-93 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан. Зээлийн хугацаа дуусахад Д.Б үндсэн зээлд 3,046,902 төгрөг,  хүүд 297,431 төгрөг, алдангид 1,127,354 төгрөг төлөөгүй.Зээл төлүүлэх  зардалд 13,840 төгрөг гарсан. Нэхэмжлэгч 3,639,760 төгрөг төлсөн байгаа. Иймд хариуцагчаас 4,485,526 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч тал хариу тайлбартаа: 2017-02-25-ны өдөр 4 сая төгрөг зээлж 5,124,000 төгрөг болгон төлөх байсан. Эхний 4 сар хүү төлөөд дараагийн 4 сард үндсэн зээлээсээ хасахаар тохиролцсон. Үндсэн зээлээсээ төлөх хугацаанд 2017-11-25-ны өдөр гэхэд 3,780,000 төгрөг төлж, үлдсэн зээлээс 900,000 төгрөг үлдсэн. Төлөх ёстой төлбөрөөс 1,3сая төгрөг дутуу байгаа. Алдангид 800 000 төгрөг нэмээд нийт 2,225,000 төгрөг  зөвшөөрнө, бусдыг нь зөвшөөрөхгүй гэжээ.

       Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00691 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан Д.Бас 2,320,425 төгрөгийг гаргуулан К ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,165,101 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 719 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.Бас 52 076 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1391 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00961 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2” гэснийг “... 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.8” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалд “Талуудын хооронд Иргэний хуулийн 281.1, 282.4-р зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.  Д.Б нь  зээл 4сая төгрөг, хүү 1,920,000 төгрөг нийт 5,920,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэх бөгөөд 3,639,760 төгрөг төлсөн байна. Талуудын хооронд байгуулсан стандарт нөхцөл бүхий гэрээ байх бөгөөд  гэрээг нэхэмжлэгч талын гүйцэтгэх захирал өөрөө баталсан тул хуулиар тогтоосон алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн дүнгийн үнийн 50 хувиас доогуур хэмжээгээр тогтоосон байна. Дээрх стандарт нөхцөл бүхий гэрээнд алдангийг хоёр өөр байдлаар тооцохоор заасан байгаагаас үзэхэд алдангийг тооцох нөхцөл тодорхой бус болжээ. Бодит байдал: Талуудын хооронд байгуулсан стандарт гэрээ нь хууль ёсны бөгөөд хүү, алданги тооцох тухай тодорхой нарийвчлан заасан зохицуулалт байгаа нь   гэрээний 2.1.5 “Хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5%”, 3.2.4 “Зээлдэгч нь энэ гэрээний ерөнхий хугацаа болох хавсралт 1-д /зээл төлөх хүснэгчлэн график юм/ заасан хэсэгчилсэн хугацаанд эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд төлбөр хийх өдрийн дараагийн өдрөөс эхлэн нийт төлөх ёстой зээл, хүүгийн нийлбэр дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5%-иар алданги төлөх.” Иргэний хуулийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз” гэнэ. Энэхүү зээл нь өөрөө зээлийн гэрээгээр алданги тооцох зохицуулалт хийж болохийг илэрхий заасан нь харагдаж байна. Тухайлбал:  магадлалд: Үндсэн зээл 4 сая төг, хүү 1.920.000 төг нийт 5.920.000 төг гэж тооцсон ба алдангийг огт тооцоогүй, бодит байдлын тооцоо нь үндсэн зээл 4сая төгрөг, хүүд 1.920.000 төгрөг, алданги 2.960.000 төгрөг нийт 8.880.000 төгрөг болох ёстойгоос төлсөн 3.639.760  төгрөгийг хасаад  5.240.240 төгрөг үлдэх юм. Гэтэл шүүх Д.Баттулгын зөвшөөрч байгаагаар хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугласан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүй, хэргийн нөхцөл байдлыг ялган салгалгүй, зээлийн гэрээний алданги тооцох арга тодорхой бус мэтээр хууль буруу тайлбарлан хэрэглэж, дутуу дүгнэлт хийж нэхэмжлэгчийг илтэд хохироож байна. Үндсэн зээл, хүү, алдангийн хамт нийт 4,485,526 төгрөгийг хариуцагч Д.Бас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Кеш энд мани ХХК 2018-02-05-ны өдөр Д.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2017-02-25-ны өдрийн ЗГ-У-17/789 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,046,902 төгрөг, хүү 297,431 төгрөг, алданги 1,127,354 төгрөг, ажиллагааны зардал 13,840 төгрөг, нийт 4,485,526 төгрөг шаарджээ.

        Анхан шатны шүүх банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгосон гэж дүгнэн, “...Д.Б нийт 5,485,037 төгрөг төлөхөөс 3,639,760 төгрөг төлсөн нь тогтоогдсон... 1,845,277 төгрөг төлөх үүрэгтэй ч хариуцагч талын зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийг хангана...” гэсэн үндэслэлээр Д.Бас 2,320,425 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

       Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, “...зээлийн гэрээг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон гэж үзсэн нь алдаатай байгаа тул энэ үндэслэлээр өөрчлөлт оруулна... Д.Б үндсэн үүрэгт 4,000,000 төгрөг, хүү 1,920,000 төгрөг, нийт 5,920,000 төгрөг төлөхөөс 3,639,760 төгрөг төлсөн байна ...алдангийн талаар тохиролцоо хуульд нийцээгүй байгаа хэдий ч хариуцагч 2,320,425 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул энэ хэмжээнд нэхэмжлэлийг хангасныг буруутгах боломжгүй...” гэж үзэж, шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулжээ. 

       Шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Зохигч нар 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, К ХХК   Д.Бд 4,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлүүлсэн байна.   

       К ХХК барьцаалан зээлдэх үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд хийсэн тэмдэглэгээгээр тогтоогджээ.  

       Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно. Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

       Зохигч нар гэрээг бичгээр байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байх тул үүргийн биелэлтийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй.

       2. Хариуцагч үндсэн зээлд 4,000,000 төгрөг, хүүд 1,920,000 төгрөг нийт 5,920,000 төгрөг төлөхөөс 3,639,760 төгрөг төлж, 2,280,240 төгрөг төлөөгүй нь хэрэгт буй баримтаар тогтоогджээ.

       Д.Б 2,280,240 төгрөг төлөхөөс 2,320,425 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул  нэхэмжлэлийг энэ хэмжээнд хангах нь Иргэний хуулийн 286 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8, 26 дугаар зүйлийн 26.3-г зөрчихгүй юм.

       3. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3.-т зааснаар зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг буцаан олгох ёстой юм.

      Нэхэмжлэгч нь хариуцагчид зээл олгохдоо Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.-д зааснаар барьцааны гэрээ бус харин фидуцийн гэрээ байгуулсан нь энэ зүйлийн 286.3.-т заасан шаардлагыг хэрэгжүүлэх боломжийг үгүйсгэжээ.  

      Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-т зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг бөгөөд мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3.-т зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч нь анз авах эрхээ алдана. Иймд хариуцагчаас алданги гаргуулах боломжгүй байна.

       Дээр дурдсан үндэслэлээр  шийдвэр, магадлалд  хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1391 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00961 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1...” гэснийг “...286 дугаар зүйлийн 286.1...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын  гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 86,720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                              

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЦАГААНЦООЖ

                              ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ