Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0264

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Хөхүүл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц

Нэхэмжлэгч: “Хөхүүл” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “Хөхүүл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 121 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг

Хэргийн индекс: 128/2021/0509/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Хөхүүл” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “Хөхүүл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 121 дүгээр шийдвэрээр:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.5, 40.1.6 дахь заалт, 40.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Хөхүүл” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалын “Хөхүүл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цээнэ анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ.

3.1. “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах...”, мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх...”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх...”, 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг удирдлага болгосон.

3.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/53 дугаар тушаалаар “Хөхүүл” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Богины амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 2 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон бөгөөд нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй.

3.3. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах түр журмын 3.4-т “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасны дагуу 3 сарын дотор гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь газар ашиглах эрх үүссэнээс хойш бүтэн 2 жил гэрээгээ байгуулах талаар хандаж байсан баримт байдаггүй буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10/9107 тоот албан бичгээр “Хөхүүл” ХХК-д гэрээ байгуулахыг шаардсаны дараа нэхэмжлэгчээс гэрээ байгуулахаар дүүргийн Засаг даргад холбогдуулж шүүхэд маргасан байдаг.

3.4. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлд зааснаар “Хөхүүл” ХХК-ийн хэрэгжүүлэх гэж буй төсөл нь тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа биш юм.

3.5. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчныг хамгаалах чиглэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, газар ашиглагч нарын үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих, газар ашиглах гэрээний хэрэгжилтийг хангах, тайлагнах, уг тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах боломжтой болон боломжгүй, мөн газар ашиглах эрхийг дуусгавар болгох иргэн, хуулийн этгээдийн талаар санал, дүгнэлтийг яаманд ирүүлсэн ба холбогдох байгууллагын санал, дүгнэлтийг харгалзаж газар ашиглах эрхийг цуцалсан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч “Хөхүүл” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан бөгөөд А/79 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар албан бичгээр ирүүлсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11И-3/5988 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон, уг тушаалын хавсралтад “Хөхүүл” ХХК багтжээ.

4. Анхан шатны шүүх “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/53 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Богины ам нэртэй газар 2.0 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийг таван жилийн хугацаатайгаар авсан боловч гэрчилгээгээ 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан, улмаар газар ашиглах гурвалсан гэрээг баталгаажуулахгүй байсны улмаас шүүхийн журмаар 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл маргасан, түүнчлэн уг гурвалсан гэрээг шүүхийн шийдвэр гарсны дагуу буюу хожим нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр баталгаажуулсан гэх зэрэг үйл баримтуудаас үзэхэд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь нэхэмжлэгчийн зүгээс шалтгаалсан гэж буруутгах боломжгүй... 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2019/75 дугаартай Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тухай гэрээ-г байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хойш хуанлийн бүтэн хоёр жилийг тоолбол уг гэрээ нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөр дуусгавар болохоор байх бөгөөд хариуцагч уг хугацаа дуусгавар болоогүй байхад буюу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийг газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутган газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгч ““Хөхүүл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

5.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/53 дугаар тушаалаар нэхэмжлэгчид Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Богины аманд 2.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 0160754 дүгээр гэрчилгээг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5 жилийн хугацаатай олгосон байна. Улмаар газар ашиглах тухай 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2019/75 дугаартай гэрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

6. Тус компанийн хувьд 2016 онд газар ашиглах гэрчилгээг авснаас хойш 3 жилийн дараа буюу 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2019/75 дугаартай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-г байгуулахаар Хан-Уул дүүргийн Засаг даргад хандсан боловч Хан-Уул дүүргийн Засаг даргаас гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүй гаргасан, уг эс  үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 117 дугаар шийдвэрээр Дархан цаазат Богдхан уулын Арцатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар эрх олгосон 2 га газрын ашиглах эрхийн гэрээг байгуулахгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэжээ.

7. Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд нэхэмжлэгч нь газар ашиглах гэрээ байгуулахаар 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хандсан байгаа нь Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар  тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-д “... гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасантай нийцээгүй боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, үүнээс дүгнэвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэхээргүй байна.

8. Тодруулбал, уг маргааны хувьд “Хөхүүл” ХХК-аас “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-г байгуулахаар Хан-Уул дүүргийн Засаг даргад удаа дараа хандсан боловч захиргааны байгууллагаас эс үйлдэхүй гаргасан, уг эс үйлдэхүйтэй маргасан буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, дээр дурдсан 117 дугаар шийдвэр гарсны дараа буюу 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-нд гарын үсэг зурж баталгаажуулснаас маргаан бүхий актыг гаргах хүртэлх цаг хугацааг тооцвол гурвалсан гэрээ байгуулахаас 5 сарын өмнө газар ашиглах эрхийг цуцалсан нь ойлгомжгүй.

9. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлахаар хуульчилсан, хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар “Хөхүүл” ХХК нь хуульд зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх талаарх анхан шатны шүүх “...2019/75 дугаартай Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тухай гэрээг баталгаажуулахаас өмнө нэхэмжлэгч талд газрын төлбөр төлөх үүрэг үүссэн гэж үзэх боломжгүйгээс гадна гэрээ ёсчлон баталгаажсаны дараа газрын төлбөр төлөх үүрэг үүснэ гэдгийг тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 117 дугаартай шийдвэрээр нэгэнт дүгнэжээ” гэсэн дүгнэлт хийж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

10. Хэдий Хан-Уул дүүргийн Засаг дарга “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-г батламжлаагүй байх боловч нэхэмжлэгчээс газраа ашиглахаар удаа дараа хүсэлт гаргасан, мөн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр газрын төлбөрт 5.000.000 /таван сая/ төгрөг төлсөн, Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 117 дугаар шийдвэрт “...газар ашиглах гурвалсан гэрээнд талууд бүгд гарын үсэг зурж ёсчилсноор хүчин төгөлдөр болох бөгөөд хуулийн дээрх шаардлагыг хангаагүй гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч биелүүлэх үүрэггүй” гэж дүгнэсэн байгаагаас үзэхэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл тогтоогдсон гэж шууд дүгнэх боломжгүй, захиргааны байгууллага газрын төлбөр төлөөгүй гэх нөхцөл байдлыг бүрэн тодруулахаар байжээ.

11. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс газар ашиглагч гэрчилгээ авснаас хойш 3 жилийн хугацаанд хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд гэрээ байгуулах үүргээ биелүүлэхийг холбогдох албан тушаалтнаас шаардсан, гэрээ байгуулаагүй гэх тухайн буруутай албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйтэй холбогдуулан гомдол гаргаж, маргаж байсан, газрын төлбөрийг тухайн цаг хугацаанд нь бүрэн төлөөгүй ч маргаан бүхий актыг гаргахаас өмнө зарим төлбөрийг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийн гаргасан захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан дүгнэлтийн үр дагаврыг тусгах ба хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой ойлгомжтой заах хуулийн зохицуулалттай.

Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 110 дугаар зүйлийн 110.2 дахь заалтыг баримтлан Үндэслэх хэсэгт дүгнэлт хийсэн атлаа шийдвэрийн Тогтоох хэсэгт хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг баримталсан байх тул түүнд зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 121 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 110 дугаар зүйлийн 110.2 дахь” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ЕРӨНХИЙ     ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

    

ШҮҮГЧ                                                                     Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ