Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 608

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Е, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бнарыг оролцуулан “Х.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГКХД-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Х.М” ХХК

Хариуцагч: АМГТГКХД

 Нэхэмжлэлийн шаардлага: “Х.М” ХХК-ийн Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай МV-0156..А дугаар бүхий ашиглалтын лиценз, ХV-0155.., ХV-0156.. дугаар бүхий хайгуулын лицензүүдийг “АМГТГКХД-ын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар бүхий тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулж, ашиглалтын болон хайгуулын лицензүүдийг сунгах тухай шийдвэр гаргуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х.М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ “Х.М” ХХК нь Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутаг

дэвсгэрт байршилтай МV-0156..А дугаар бүхий ашиглалтын лиценз, ХV-0155.., XV-0156.. дугаар бүхий хайгуулын лицензүүдийг 2008 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш нийт 10 жил эзэмшиж, дээрх хугацаанд хуулийн шаардлага ханган ажиллаж ирсэн.

А овогтой Э миний бие нь тус компанийн гүйцэтгэх захирал бөгөөд 2017 оны 03 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл эрүүл мэндийн шалтгаанаар урт хугацааны эмчилгээ хийлгэж, хэвтрийн дэглэм сахиж байсан дээрх хугацаанд манай компанид мэдэгдэлгүйгээр тус компанийн МV-0156..А дугаар бүхий ашиглалтын лиценз, XV-015587, ХV-0156.. дугаар бүхий хайгуулын лицензүүдийг хуулийн хугацаанд төлбөр төлөөгүй гэсэн шалтгаанаар сунгалт хийлгүй цуцалсан.

А овогтой Э миний бие эрүүл мэндийн шалтгаанаас болж

лицензийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ өгөх боломжгүй байсан тухайгаа тайлбарлаж Ашигт малтмал, газрын тосны газарт 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сунгуулах тухай хүсэлт гаргасныг хүлээж авалгүй 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 7/3751 тоот хариундаа хугацаа сунгах боломжгүйг мэдэгдсэн. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хууль бусаар лиценз цуцалсан тухай өргөдөл гаргасныг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/1343 тоот мэдэгдлээр өргөдлийг хүлээн авах боломжгүй гэж даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Х мэдэгдсэн.           

Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан хугацаанд, тухайлбал 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай компаниас төлбөрийг алданги, үйлчилгээний хураамжийн хамт нийт 39,507,301.000 /гучин есөн сая таван зуун долоон мянга гурван зуун нэг/ төгрөг тушаасныг үл ойшоон лицензийг цуцалсан нь хууль бус гэж үзэж байна.

Манай компани санхүүгийн баланс тайлан, орлогын албан татвар, мөн Ашигт малтмал, газрын тосны газарт жил бүр үйл ажиллагааны тайлан, лицензийн төлбөр зэргийг хуулийн хугацаанд цаг тухайд нь төлж байсан нь шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:  “... “Х.М" ХХК нь Увс аймгийн Хяргас сумын Шар уул нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын М\/-0156.. тоот тусгай зөвшөөрлийг анх 2010 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс хойш эзэмших хугацаандаа хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж ажиллаж ирсэн. Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан буюу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө төлөх үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэрэгжүүлж чадаагүй.

Хуульд заасан үүргээ биелүүлээгүйд нөлөөлсөн хүндэтгэн үзэх шалтгаан нь тус компанийн гүйцэтгэх захирал А овогтой Э нь төвөнхөний хорт хавдар оноштойгоор 2017 оны 03 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл эрүүл мэндийн шалтгаанаар урт хугацааны эмчилгээ хийлгэж хэвтрийн дэглэм сахиж байсан бөгөөд энэ хугацаанд тэрээр ажил, үүргээ хэвийн явуулах боломжгүй байсан юм.

Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэсэн үүргээ үл биелүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрлийн дуусгавар болгосон болон цуцалсан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлэх боломжийг олголгүйгээр, тус компанид мэдэгдэл өгөлгүй тус компанийн М\/-0156..А дугаар бүхий ашиглалтын лицензийг АМГТГКХД-ын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль бус үйлдэл болсон. Энэ нь хэрэгт цугларсан Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэргийн лавлагаа, нотлох баримт, М ш компанийн албан бичиг тодорхойлолтоор хангалттай нотлогдож байна.

Ашигт малтмалын МV-0156.. тоот тусгай зөвшөөрөл нь манай компанид 2010 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 2040 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл буюу 30 жилийн хугацаагаар олгогдсон бөгөөд тусгай зөвшөөрлийг олгосон хугацаанаас хойш манай компани нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төлөх ёстой олон төрлийн татвар, хураамж, тусгай зөвшөөрлийн төлбөр зэргийг төлж ирсэн бөгөөд цаашид үйл ажиллагаагаа өргөтгөж тусгай зөвшөөрлийг хуульд заасан зориулалтаар ашиглахаар байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй талаар гомдол санал гаргасаар байхад татгалзсан хариу өгч байгаа хариуцагчийн үйлдлээс шалтгаалж тусгай зөвшөөрлөө олгогдсон хугацаанд ашиглах болон эдийн засгийн хувьд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байна.

Хоёр. Увс аймгийн Хяргас сумын нутаг Шар уул нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0155.., ХV-0156.. тоот тусгай зөвшөөрлүүдийг анх 2008 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай компанид олгосон бөгөөд компанийн зүгээс хуульд заасан хайгуулын ажлын үйл ажиллагааг тасралтгүй явуулж, уулын ажлын төлөвлөгөө, тайланг цаг тухайд нь хүргүүлж батлуулж ирсэн.

Компанийн гүйцэтгэх захирал А.Э эрүүл мэндийн буюу өөрөөс үл шалтгаалах хүндэтгэн үзэх шалтгаанаас болж лицензийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ өгөх боломжгүй байсан тухайгаа тайлбарлаж Ашигт малтмал газрын тосны газарт 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сунгуулах тухай хүсэлт гаргасныг хүлээж авалгүй Ашигт малтмал газрын тосны газар 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 7/3751 тоот хариундаа хугацаа сунгах боломжгүйг мэдэгдсэн. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад өргөдөл гаргасныг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/1343 тоот мэдэгдлээр гомдлыг хүлээн авах боломжгүй гэж даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Х мэдэгдсэн.

“Х.М” ХХК нь ХV-0155.., ХV-0156.. тоот тусгай зөвшөөрлүүдийг анх олгосон цагаас нь эхлэн тусгай зөвшөөрлийн үндсэн болон сунгалтын 9 жилийн хугацаанд хайгуулын ажлын хуульд заасан доод зардлуудаас илүү хэмжээний зардал гаргаж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлж эдийн засгийн хувьд их хэмжээний зардал гаргаад байсан. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэрэгжүүлж чадаагүй нөхцөл байдал үүссэнийг хариуцагчийн зүгээс үл ойшоон тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосныг бүртгэж, манай сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа нь манай компанийн олон жил зардал, хүч хөдөлмөрөө зарцуулж ирсэн, цаашид үйл ажиллагаагаа өргөтгөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Манай компанийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа алдаж Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасныг хэрэгжүүлэхээр 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг алданги, үйлчилгээний хураамжийн хамт нийт 39,507,301 төгрөг тушаасныг хариуцагчийн зүгээс үл ойшоон тусгай зөвшөөрлийг дуусгавар болсон гэсэн хариу өгөөд байгаа болно. Эдгээр 2 хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдөл гаргаагүй, ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Ашигт малтмалын хуульд заасан үүргээ биелүүлж чадаагүй нь хэрэгт хавсаргасан баримтаар тогтоогдож байгааг шүүх анхаарч үзэхийг хүсч байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33-р тогтоолд “... “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн ... зэрэг өөрөөс үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно” гэж тайлбарласныг дээрх үйл баримтад харгалзан үзэх боломжтой.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16-д заасан “... хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тооцно” гэж заасан, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “... заасан хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол захиргааны байгууллага уг хугацааг сэргээж болно ...” гэж заасныг баримтлан тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон, цуцалсан дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Тодруулбал, хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь тухайн этгээдийн хүсэл зоригоос хамаарахгүйгээр бий болдог хууль зүйн факт бөгөөд ийм шалтгаантай тохиолдолд хугацаа тасалдах учир Төрийн захиргааны байгууллага болох тус газрын Кадастрын хэлтэс нь нэгэнт тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, цуцлагдсан шийдвэр гаргасныг үл харгалзан Захиргааны ерөнхий хуулийн хугацаа тасалдах зохицуулалтыг баримтлан манай компанийн дээрх хайгуулын 2 тусгай зөвшөөрлийг сунгах өргөдлийг хүлээн авч, мөн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрээ өөрөө хүчингүй болгох боломжтой гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдээр “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн МV-0156..А ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 486 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Х\/-0155.., Х\/-0156.. дугаартай хайгуулын 2 тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах өргөдлийг хүлээн авч хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг АМГТГКХД-д даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчаас  нэхэмжлэгчийн эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсантай холбогдуулан ирүүлсэн хариу тайлбартаа: “Х.М” ХХК-иас гаргасан Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрээс ашигт малтмалын ашиглалтын МV-0156.. тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын ХV-0155.., ХV-0156.. тоот тусгай зөвшөөрлүүдийн дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сунгах өргөдлийг хүлээн авч хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

 “... Нэг. Увс аймгийн Хяргас сумын нутаг Шар уул нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-0156.. тоот тусгай зөвшөөрлийг анх 2010 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Х.М” ХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр төлнө” гэж тус тус заасны дагуу “Х в” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МV-0156.. тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө төлөх ёстой байжээ.

Тус компанид тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаар 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 7/4746 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн ба тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд алдангийн хамт бүрэн төлөөгүй үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Увс аймгийн Хяргас сумын нутаг Шар уул нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0155.., ХV-0156.. тоот тусгай зөвшөөрлүүдийг анх 2008 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Х.М” ХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасан ба “Х.М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-0155.., ХV-0156.. тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна.

Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахад Кадастрын хэлтсийн даргын ямар нэгэн шийдвэр гарч, шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх талаар хуульчлаагүй болно. 

Тусгай зөвшөөрлүүдийг сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй мөн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй шалтгаанаа тайлбарласан тайлбарыг тухайн үедээ гаргаж ирүүлээгүй байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Х.М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “АМГТГКХД-ын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн МV-0156..А ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 486 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Х\/-0155.., Х\/-0156.. дугаартай хайгуулын 2 тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах өргөдлийг хүлээн авч хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг АМГТГКХД-д даалгах”  гэж эцсийн байдлаар тодорхойлсны хүрээнд шүүх хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Ашигт малтмалын ашиглалтын МV-0156.. тоот тусгай зөвшөөрлийг цуцлах тухай хариуцагчийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар тушаалын  тухайд, 

“Х.М” ХХК нь Увс аймгийн Хяргас сумын Шар уул нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-0156.. дугаар тусгай зөвшөөрлийг анх 2010 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс хойш эзэмшиж байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн зөвшөөрлийн олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн  ээлжит жилийн төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө төлөх ёстой.  

Нэхэмжлэгчээс “Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэрэгжүүлж чадаагүй, тухайлбал, “Х.М” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Э нь төвөнхийн хорт хавдар оноштойгоор 2017 оны 03 дугаар сараас 11 дүгээр сарыг хүртэл эрүүл мэндийн шалтгаанаар урт хугацааны эмчилгээ хийлгэж, хэвтрийн дэглэм сахиж байсан тул тэрээр ажил үүргээ хэвийн явуулах боломжгүй байсан” гэх, хариуцагчаас “Энэ тухай манайд огт мэдэгдээгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй, зөрчвөл хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой” гэх тайлбарыг тус тус хийсэн. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэжээ. 

Хариуцагчаас “Х.М” ХХК-д тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаар 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 7/4746 тоот албан бичиг  хүргүүлсэн нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр компаний хаяг дээр эзгүй байсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэргийн ажилтан н.А т гардуулсан нь “М ш” ХХК-иас шүүхэд ирүүлсэн  2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 08/448 тоот албан бичиг болон шуудангийн илгээмжийн лавлагаагаар  тогтоогдож байна. 

Мөн хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааны дотоод хяналтын хуудаст  “...7 дугаар сарын 24-ний өдөр 99115... дугаарын утас  холбогдох боломжгүй ” гэсэн тэмдэглэл хийгдсэн байна. Хэргийн оролцогчдын тайлбар болон дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд “Х.М” ХХК-д тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэнийг  мэдэгдэх үүргээ хариуцагч бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т  “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ“, 56.4-т “... энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрий эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэх  хуулийн зохицуулалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдэгдэл хүлээн авсны дараа төрийн захиргааны байгуулагад үндэслэлээ нотлох баримтын хамт гаргаж өгөх эрхийг хангасан байна. 

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт  “Х.М” ХХК нь хариуцагчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 7/4746 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг хүлээж аваад тусгай зөвшрөөлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөх боломжийг хуулиар зохицуулсан. 

Хэдийгээр Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 7/5806 тоот албан бичгээр  Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг мэдэгдснийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Х.М” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Э од гардуулсан нь “М ш” ХХК-ийн шуудангийн илгээмжийн лавлагаагаар  тогтоогдож байх боловч хариуцагчаас  маргаан бүхий 486 дугаар шийдвэр гаргахын өмнө тусгай зөвшөөрлийг цуцлах  үндэслэл тогтоогдсон мэдэгдлийг “Х.М” ХХК-д мэдэгдэх, мэдэгдлийг гардуулж өгөх ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болжээ. 

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хэрхэн гардуулахыг тусгайлан хуульчилсан бөгөөд мөн хуулийн 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж түүнийг баримтжуулсан байхыг ойлгох тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна. 

Харин Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 7/5806 тоот албан бичгийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Х.М” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Э од гардаж авснаас  дүгнэхэд “...“Х.М” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Э нь 2017 оны 03 дугаар сараас 11 дүгээр сарыг хүртэл урт хугацааны эмчилгээ хийлгэж, хэвтрийн дэглэм сахиж байсан, тэрээр ажил үүргээ хэвийн явуулах боломжгүй байсан...” гэх нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд хийсэн тайлбарууд нь бодит байдалтай нийцэхгүй байна. Энэ нь нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын ХV-0155.., ХV-0156.. тоот тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацаа дуусгавар болсоныг бүртгэсэнтэй маргаж буй нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой байх тул дурьдах нь зүйтэй юм.   

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн “Х.М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна. 

“Х.М” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-0155.., ХV-0156.. тоот тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон үйл баримтын тухайд, 

Нэхэмжлэгч Увс аймгийн Хяргас сумын нутаг Шар уул нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0155.., ХV-0156.. тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн эзэмшиж байсан.  Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүний эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгуллагад гаргана гэж зааснаар нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө эдгээр хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргах ёстой байна. 

Нэхэмжлэгчийн эзэмшилд байсан ашигт малтмалын хайгуулын ХV-0155.., ХV-0156.. тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон.  

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болоход хариуцагчаас тусгайлан ямар нэгэн захиргааны акт  гаргадаггүй бөгөөд тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох дотоод хяналтын хуудсанд  ХV-0155.., ХV-0156.. тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болсныг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн нь хэрэгт авадсан нотлох баримтаар  тогтоогдож байна. Мөн эдгээр тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох дотоод хяналтын хуудсанд “99115... дугаарын утсанд “яаралтай уулз” гэж холбогдож байсан, 5 дугаар сарын 1-ний өдөр холбогдох боломжгүй байсан, мөн 5 дугаар сарын 3-4-ний өдөр  Э” гэсэн тэмдэглэл хийгдсэн байна.  

“Х.М” ХХК-иас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 тоот албан бичгээр  “...ХV-0155.., ХV-0156.. дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дууссан тул сунгаж өгч, бидний ажилд туслана уу” гэх хүсэлтийг хариуцагчид гаргасны дагуу хариуцагчаас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 7/3751 тоот  хариу  хүргүүлсэн нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр буцаалт хийгдсэн  байх боловч  гүйцэтгэх захирал А.Э 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 10 минутад хүлээж авсан нь баримт бичиг хүлээлцэх дэвтэрт хийсэн тэмдэглэлээр  нотлогдож байна.  

Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас нэхэмжлэгч компаниас ирүүлсэн 2018 оны 01 дүгээр 30-ны өдрийн 18/01 тоот албан бичгийн  хариуг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/1343 тоот албан бичгээр  хүргүүлснийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирал А.Э хүлээн авсан нь “М ш” ХХК-ийн шуудан илгээмжийн лавлагаагаар  тогтоогдож байна.

Захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхаар, мөн ийм нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэл нь захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон  байхаар тодорхойлогддог тул нэхэмжлэгч “Х.М” ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг гаргаагүй нь нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаа байх тул төрийн захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй гэж дүгнэх боломжгүй юм. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар ашигт малтмалын хайгуулын  ХV-0155.., ХV-0156.. тоот тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсонд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байх тул эдгээр хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, хугацаа сунгах өргөдлийг хүлээн авахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч “Х.М” ХХК-иас Төрийн сангийн холбогдох дансанд тушаасан тусгай зөвшөөрлийн арав дахь жилийн төлбөр, төлбөрийн хүү алданги, төлбөрийн торгууль, үйлчилгээний хураамж зэрэг нь хайгуулын тусгай зөвшөөрөлтөй холбоотой, цаг хугацааны хувьд бүгд 2017 оны 5 дугаар сарын 22-ний өдөр буюу нэхэмжлэгчийн эзэмшилд байсан ашигт малтмалын хайгуулын ХV-0155.., ХV-0156.. тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсны дараа хийгдсэнийг анхаарах нь зүйтэй.  

Иймд Сангийн сайд, Уул уурхайн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 257/236 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Улсын төсөвт илүү төлсөн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг буцаан олгох журам”-ын 2 дугаар зүйлээр “Улсын төсвөөс буцаан олгох тусгай зөвшөөрлийн төлбөрийг шалган баталгаажуулах, 3 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрлийн төлбөрийг буцаан олгох” харилцааг тусгайлан зохицуулсан тул нэхэмжлэгч “Х.М” ХХК нь Төрийн санд шилжүүлсэн   төлбөрөө буцаан авах хүсэлтээ Ашигт малтмалыг газарт албан бичгээр гаргах бөгөөд уг хүсэлтийг хүлээн авснаас хойш Ашигт малтмалын газар нь ажлын 5 өдөрт багтаан шалган баталгаажуулан Сангийн яамны Төрийн сангийн газарт хүргүүлж, Сангийн яамны Төрийн сангийн газар нь Ашигт малтмалын газраас ирүүлсэн албан хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан илүү төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг хүсэлт гаргагчийн харилцах дансанд шилжүүлэхээр байна.

 Иймд нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөр тооцоотой холбоотой асуудлыг дээрхи журмын дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1,106.3.13-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.2, 56.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Х.М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, АМГТГКХД-ын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн “Х.М” ХХК-ийн МV-0156.. ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх “Х\/-0155.., Х\/-0156.. дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах өргөдлийг хүлээн авч хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг АМГТГКХД-д даалгах” шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Н.Д