| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0219/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/241 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/241
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил
Шүүгдэгч А.У түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.У т холбогдох эрүүгийн 2014002500172 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1,
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №23 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүнд ялд багтаан биечлэн эдлэх ялыг нийт 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт А.У,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч А.У нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн нутагт Сэвсүүл гэх газраас Ц.Ц ын эзэмшлийн олон тооны мал болох 10 тооны эр ямааг 2020 оны 03 дугаар сарын 26-ны үед хулгайлан бусдад 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд :
Шүүгдэгч А.У ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Би найз *******аас 9 тооны авч ирээд бүгдийн нядлаад Самбартай хөтлийн хогийн толгойд гэдэс баасын хаях гээд очиход шинэ гаргасан ямааны толгойнууд шуудайтай байхаар нь эгчийндээ авчраад тавьчихсан байхад манай хүргэн ирээд аваад явсан байсан. Тухайн 9 ямааны махыг худалдсан махны ченж гэх хүн нь байгаа гэв.
Шүүгдэгч А.У ын мөрдөн байцаалтад өгсөн
... Ц.Ц ын 10 тооны ямааг хулгайлсан зүйл байхгүй. Би танил Ж.*******аас 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Бөмбөгөр сумын 2-р баг Хөв гэх газар нутаглаж байхад нь 9 тооны ямаа аваад Баянхонгор аймагт ирсэн. Ж.*******аас ямааг авахдаа өөрийн эзэмшилийн мустанг-5 маркын мотоциклиор 2 удаа явсан. Ж.*******ынхаас авсан ямааг Хөх толгойд *******ийнд авчраад хуулаад, маргааш нь зах дээр махыг өгсөн. Ямааг авчрахаас өмнө голыг тасдсан байсан. Ямааны арьсыг 2 хонуулаад 4 ширхэг арьсыг самнаад арьсыг хаясан, харин 5 ширхэг арьсыг нь *******т өрөндөө өгсөн. ******* Хөх толгойн голд аваачиж өгсөн. Ямааны толгойг самбартай хөтөлийн наад талын нядалгааны хашааны хажуугаас олсон. Шуүдайнд хийсэн шинэ толгой байхаар нь авчирсан юм, яг хэдэн байсан талаар мэдэхгүй байна. Арваад толгой байсан байх.... Ж.*******ынхаас авсан ямааныхаа 4 арьсыг самнаад хаях самбартай хөтөлийн наад талын мал нядалдаг хашааны баруун талын үзүүр дээр явж байтал шуудайтай зүйл байхаар нь харахад шуудайн дотор ямааны толгой хийсэн байхаар нь аваад *******ийнд авчраад нүүрсний амбаарт тавьсан юм, ямааны толгойг хүргэн Б.Энхтөрийнд өгсөн юм... гэх мэдүүлэг / хх-ийн 70-71/,
Хохирогч Ц.Ц ын мөрдөн байцаалтад өгсөн
...Манайх Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн нутаг “Сэвсүүл” гэх газраас 2020 оны 03 дугаар сарын 26-ны үед бог малаасаа 10 тооны эр ямаа хулгайд алдаад ойр хавийн айлуудын малаар шүүсэн боловч олдохгүй байхаар Цагдаагийн байгууллагад хандсан...Цагдаагийн газраас дуудахаар нь ирээд ямаануудын толгойг үзтэл миний хулгайд алдсан ямаануудын 7 толгойн зүсээрээ байна. Манай ямаанууд нядлагдсан байна. Хэн нядалсныг мэдэхгүй байна. Би танина , А.У нь 2017 оноос 2019 оны хооронд манай малыг маллаж байсан манайх хаагуур нутагладаг хэдэн малтай талаар сайн мэднэ. Манайх 10 тооны ямаагаа хулгайд алдахын урд өдөр А.У надтай гар утсаар холбогдоод та хаана байна гэж асууж байсан...Мал алдахаас 2 хоногийн өмнө миний 90762020 дугаарын утас руу А.У 95115060 дугаарын утсаар залгаад та хаана байгаа юм, аймагт байгаа юм уу, хөдөө байгаа юм уу гэж асуугаад байхаар нь хөдөө өвөлжөөн дээрээ байна гэж хэлсэн, бог малнаасаа 10 бог эр ямаа хулгайд алдсан, гурван ямааны зүсийг сайн санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 24-27 /,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
...Миний гар утсанд дуудлага ирэхээр нь автал А.У гэдэг залуу танд өрөө өгьө гэхээр нь би хаана очих уу гэтэл Хөх толгойд 2 дугаар багт хүрээд ир гэхээр нь утсаар нь холбогдоод байгаад гудамжны үзүүрт очтол ганцаараа ямааны арьснууд барьчихсан зогсож байсан. Тэгээд хоёулаа цуг яваад зах ороод би энэ арьсыг тушаагаад мөнгийг чинь өгье гэж байснаа би ерөөсөө үлдлээ та тушаагаад мөнгөө авчих гэхээр нь би өөрийн эзэмшлийн машинаар зах ороод түүхий эдийн хажууд зогстол ченж нар ирээд нэг нь тэвшин дээрээс арьс аваад надад 126000 төгрөг өгсөн...улаан цагаан ямааны арьснууд байсан сайн ажиглаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 /,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн
...байшингийн хажуугийн амбаарт намайг дагуулж ороод сатууркан шуудайтай бог малын 7 толгой надад өгсөн, ******* эгч надад хэлэхээр нь А.У тай холбоотой ямааны толгойнууд байсан талаар мэдсэн, ямааны толгойнууд манай хашаанд байгаа.. гэх мэдүүлэг / хх-ийн 35-36/
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
...******* эгч над руу утсаар залгаад танайх толгой авч чанаж идэх үү гэхээр нь би нөхөр Б.Энхтөрийг явуулсан. Нөхөр Б.Энхтөр очиж ******* эгчийнхээс толгой авчирсан байх би өөрөө эмнэлэгт ээжийг харж байсан болохоор бүгдийг нарийн сайн мэдэхгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 42 /,
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн
...******* надад 6 ширхэг ямааны арьс өгөөд 126 000 төгрөг өгсөн, хар, улаан, цагаан арьснууд байсан, арьснууд хар, улаан, цагаан зүснээс нь хэд хэд байсан талаар санахгүй байна, ямар ч байсан эр ямааны арьснууд бололтой том арьснууд байсан, арьснуудыг Улаанбаатар хот руу ачуулсан одоо байхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-иййн 48/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 182 дугаартай шинжээчийн...хулгайд алдсан 10 тооны ямааны зах зээлийн үнэ ханш нь 1.500.000 төгрөг болохыг тогтоосон... гэх дүгнэлт /хх-ийн 55/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа ХХК- 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 275 дугаартай шинжээчийн ...мотоциклийн зах зээлийн үнэ ханш нь 1.200.000 төгрөг болохыг тогтоосон...гэх дүгнэлт /хх-ийн 65/, зэрэг нотлох баримтууд тус тус болно.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, / хх-ийн 1-2/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 08/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 11-15, 74/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол / хх-ийн 59/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл / хх-ийн 72-73/, дипозит дансны хуулгууд / хх-ийн79-87/, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн архивын лавлагаа / хх-ийн 88/, мал тэжээвэр амьтад хашаа, худгийн 2018 оны тооллогын баримт / хх-ийн 89-93/, шүүгдэгч А.У ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах / хх-ийн 94/, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 95-108/, Баянхонгоо аймгийн прокурорын газрын прокурорын тогтоол / хх-ийн 109/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-ийн 111/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд
Шүүгдэгч А.У нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн нутагт Сэвсүүл гэх газраас Ц.Ц ын эзэмшлийн олон тооны мал болох 10 тооны эр ямааг 2020 оны 03 дугаар сарын 26-ны үед хулгайлан бусдад 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч Ц.Ц ын ... бог малаасаа 10 тооны эр ямаа хулгайд алдсан,...ямаануудын толгойг үзтэл миний хулгайд алдсан ямаануудын 7 толгойн зүсээрээ байсан,манай ямаанууд нядлагдсан байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 24-27 /
Гэрч *******ын... А.У ганцаараа ямааны арьснууд барьчихсан зогсож байсан,..би өөрийн эзэмшлийн машнаар зах ороод түүхий эдийн ченж нарт 126 000 төгрөг өгсөн...улаан цагаан ямааны арьснууд байсан сайн ажиглаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 /,
Гэрч *******ын ...******* эгч танайх толгой авч чанаж идэх үү гэхээр нь нөхөр Энхтөрийг явуулсан,... бүгдийг нарийн сайн мэдэхгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 42 /,
Гэрч *******ийн ...байшингийн хажуугийн амбаарт намайг дагуулж ороод сатууркан шуудайтай бог малын 7 толгой надад өгсөн, ...А.У тай холбоотой ямааны толгойнууд байсан талаар мэдсэн, ямааны толгойнууд манай хашаанд байгаа.. гэх мэдүүлэг / хх-ийн 35-36/
Гэрч ийн ...******* надад 6 ширхэг ямааны арьс өгөөд 126 000 төгрөг өгсөн, хар, улаан, цагаан арьснууд байсан, арьснууд хар, улаан, цагаан зүснээс нь хэд хэд байсан талаар санахгүй байна, ямар ч байсан эр ямааны арьснууд бололтой том арьснууд байсан ...” гэх мэдүүлэг /хх-иййн 48/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа “ХХК- 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 182 дугаартай шинжээчийн ...хулгайд алдсан 10 тооны ямааны зах зээлийн үнэ ханш нь 1.500.000 төгрөг болохыг тогтоосон... гэх дүгнэлт /хх-ийн 55/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 275 дугаартай шинжээчийн ..мотоциклийн зах зээлийн үнэ ханш нь 1.200.000 төгрөг болохыг тогтоосон...гэх дүгнэлт /хх-ийн 65/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.У нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн нутагт Сэвсүүл гэх газраас Ц.Ц ын эзэмшлийн олон тооны мал болох 10 тооны эр ямааг 2020 оны 03 дугаар сарын 26-ны үед хулгайлан бусдад 1500000 төгрөгийн хохирол учруулж, улмаар зарж мөнгийг нь өөрийн хэрэглээнд захиран зарцуулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэргийн хохирогч хохирогч Ц.Ц ын 10 тооны эр ямааг 1500000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч маргаагүй болно.
Шүүгдэгч А.У нь хулгайлах гэмт хэргийг хууль бус гэдгийг ухамсарлаж байсан ч түүнийг өөрөө зориуд хүсч үйлдсэнээс хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.У т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч А.У ыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.У нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч А.У нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Хохирогч Ц.Ц нь малын үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтийн дагуу гэмт хэргийн шууд хохиролд 1500000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч А.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч А.У аас 1500000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Ц ад олгож шийдвэрлэлээ.
Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч А.У нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон, үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ
Шүүгдэгч А.У нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, гэм буруу хэргийн зүйлчлэлийн хувьд маргаж байгаа зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 7 ширхэг малын толгойг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч А.У ын эзэмшлийн “....мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль...ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт А.Уыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.У ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч А.У т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч А.У аас ямааны болох 1.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Ц ад олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг малын толгойг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газар даалгасугай.
6. Шүүгдэгч А.У ын эзэмшлийн... Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль...ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүгдэгч А.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шүүгдэгч А.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.У т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.