| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0204/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/213 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/213
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Б.Бат-Оргил
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,
Шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Ц д холбогдох эрүүгийн 2014000000179 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн малчин, ам бүл 3
Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтүүлж байсан, овогт Т.Ц
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Т.Ц нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Тогоотын дунд ус“ гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 424.603 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Т.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн үдээс хойш 17-18 цагийн үед би шороо угаах гээд гэрээсээ бага оврын унагалдай трактороо жолоодоод Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн “Тогоотын дунд ус” гэх газарт очсон. Тухайн газарт очоод угаах төхөөрөмжөө суурлуулаад тэнд байсан шлам шорооноос трактороор ухаад угааж эхэлж байтал тракторын тосол нь тургиад эвдэрчихсэн. Тэгэхээр нь трактораа унтраачихаад гэрлүүгээ алхаж очоод хоносон. Маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 10-11 цагийн үед аймгаас цагдаагийн ажилчид ирээд унагалдай тракторыг ачаад аймгийн төвд авчирсан. Тухайн газарт би ганцаараа очиж ажиллахдаа улсын дугааргүй улаан өнгийн Ооозап 55 маркын бага оврын унагалдай трактор 1, хуурай аргаар шороо угаагч төхөөрөмж 1 ширхэг, улаан өнгийн цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэг зэрэг нь одоо надад байгаа. Надад тухайн газарт үйл ажиллагаа явуулах ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Би өнгөрсөн жил буюу 2019 оны 08 дугаар сараас 10 дугаар сарын хугацааанд “”Тогоотын дунд ус” гэх газарт ажилаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 74-76/
Хохирогч байгууллагын төлөөлөгч Д.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтад өгсөн
.. Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Тогоотын дунд ус” гэх газар дээр ашигт малтмал олборлох талаар ямар нэгэн гэрээ, зөвшөөрөл олгогдож хийгдээгүй. Байгаль экологид учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тухайн үйл ажиллагааны улмаас байгаль экологид 189.612 төгрөгийн хохирол учирсан, нөхөн сэргээхэд 234.991 төгрөгийн зардал гарахаар тогтоосон байна. Тиймээс буруутай этгээдээс дээрх хохирол, зардлыг нэхэмжлэх болно... гэх мэдүүлэг /хх-ийн 24-29/,
Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №1/16 дугаар шинжээчийн
1.Тогтоолоор өгсөн солбицол бүхий газар нь улсын аль нэг тусгай хамгаалттай газар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцалгүй байна.
2.Тухайн эвдэгдсэн талбай нь 240 м2 буюу 0.02 га хэмжээтэй бөгөөд байгаль орчны хохирлын үнэлгээ нь 189612 төгрөг болж байна
3.Тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 234.991 төгрөг болж байна
4.Тухайн солбилцол бүхий газар нь урьд өмнө нь уул уурхайн үйл ажиллагаанд өртөж эвдэгдсэн газар байсан байна.” гэх дүгнэлт /хх-ийн 40/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 258 дугаартай шинжээчийн “..эд зүйлийн нийт үнэ 2.500.000 төгрөгийн болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн67 /,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02/, эрх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 06/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 08-10/, эд мөрийн баримт битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 20-21/, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо / хх-ийн 41-63/, шүүгдэгч Т.Цгийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 79/, шүүгдэгч Т.Цгийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 80/, 163/, шүүгдэгч Т.Цгийн депозит дансны хуулгууд / хх-ийн 82-86/, шүүгдэгч Т.Цгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 87/,
зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Ц нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Тогоотын дунд ус“ гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 424603 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Т.Цгийн.. Надад тухайн газарт үйл ажиллагаа явуулах ямар нэгэн зөвшөөрөл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/
Хохирогч байгууллагын төлөөлөгч Д.Мөнх-Оргилын .. Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Тогоотын дунд ус гэх газар дээр ашигт малтмал олборлох талаар ямар нэгэн гэрээ, зөвшөөрөл олгогдож хийгдээгүй,…шинжээчийн дүгнэлтээр тухайн үйл ажиллагааны улмаас байгаль экологид 189.612 төгрөгийн хохирол учирсан, нөхөн сэргээхэд 234.991 төгрөгийн зардал нэхэмжлэх болно... гэх мэдүүлэг /хх-ийн 24-29/,
Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №1/16 дугаартай шинжээчийн...тухайн эвдэгдсэн талбай нь 240 м2 буюу 0.02 га хэмжээтэй бөгөөд байгаль орчны хохирлын үнэлгээ нь 189612 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 234.991 төгрөг болж байна.... гэх дүгнэлт /хх-ийн 40/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 258 дугаартай шинжээчийн “..эд зүйлийн нийт үнэ 2.500.000 төгрөгийн болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 87/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Т.Цг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайlуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,…гэж, 4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.
Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч Т.Ц нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиг малтмалын боловсруулалт явуулсанд хамаарч байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал боловсруулалт явуулсан гэдэг ойлголтонд ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах гэдэг ойлголт давхар багтаж байгаа төдийгүй, шүүгдэгчийг чулууг угааж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ашигт малтмал боловсруулалт байдлыг ашиглах олборлох, баяжуулах үйл ажиллагаа явуулсан гэж шүүх үзэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Шүүгдэгч Т.Ц нь тухайн эвдэгдсэн талбайд байгаль орчны хохирлын үнэлгээ 189612 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал 234991 төгрөг, нийт 424603 төгрөгтийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн
Шүүгдэгч Т.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаа ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтүүлж байсан ба Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон, хөөн хэлэлцэх хугацаа дуусан тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Ц нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Т.Ц нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Цд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс Т.Цд үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Т.Ц нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал харгалзан үзэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Цгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өөрийн эзэмшлийн Доосан 55 маркийн улсын дугааргүй, унагалдай трактор 1 ширхэг, шороо угаагч төхөөрөмж, цахилгаан мотор зэргийг хурааж, улсын орлого болгож, битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Т.Ц г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Цд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Т.Цд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Т.Ц нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Т.Цд оногдуулсан тэнссэн, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Т.Цгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Доосан 55 маркийн унагалдай трактор 1 ширхэг, шороо угаагч төхөөрөмж, цахилгаан мотор зэргийг хурааж , улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Т.Цгийн эзэмшлийн ...Доосан 55 маркийн улсын дугааргүй, унагалдай трактор 1 ширхэг, шороо угаагч төхөөрөмж, цахилгаан мотор... зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч Т.Цд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Шүүгдэгч Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Цд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.