Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/010

 

Б.С, З.А, Б.Ц, А.А, Ц.Л, Б.О, Б.С

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч Э.Гантулга

Шүүгдэгч Б.С, З.А, А.А, Б.С

Шүүгдэгч З.А, Б.Ц нарын өмгөөлөгч Л.Батбаяр

Шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа

Шүүгдэгч А.Аийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Д.Мэндээ

Шүүгдэгч Б.Сийн өмгөөлөгч П.Өлзийбаяр

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2017/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Э.Гантулгын бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 43 тоот эсэргүүцэл, шүүгдэгч Б.Сийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.С, З.А, Б.Ц, А.А, Ц.Л, Б.О, Б.С нарт холбогдох эрүүгийн 201605000078 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Б.С, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

2014 оны 04 дүгээр сарын 02-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан

2. Монгол Улсын иргэн, А.А, 1996эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй,

2014 оны 04 дүгээр сарын 01-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан,

2015 оны 03 дугаар сарын 09-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 хоног хорих ял шийтгүүлж байсан

3. Монгол Улсын иргэн, Б.С, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

2015 оны 03 дугаар сарын 09-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж байсан

4. Монгол Улсын иргэн, Б.О, эрэгтэй, бүрэн бус дунд болвсролтой, мэргэжилгүй, 2010 оны 05 дугаар сарын 12-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах,

2010 оны 11 сарын 23-нд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан,

5. Монгол Улсын иргэн, Ц.Л, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 2010 оны 05 дугаар сарын 12-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан,

6. Монгол Улсын иргэн, Б.Ц, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хот тохижуулагч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

7. Монгол Улсын иргэн, З.А, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Б.С нь А.Атэй бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Баянхонгор сумын 3-32-8 тоотод оршин суух иргэн Т.Батмөнхийн эзэнгүй гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 585.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр Ц.Гүндцамба, Э.Пүрэвдаш нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг болох зорилгоор 2014 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг иргэн У.Батмөнхийн эзэмшлийн “Эрч хурд” нэртэй, иргэн Б.Одсайханы эзэмшлийн “Бөөн цагаан” нэртэй дэлгүүрүүдэд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан У.Батмөнхөд 672.000 төгрөгийн хохирол, иргэн Б.Одсайханд 719.500 төгрөгийн нийт 1.391.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр А.А, Г.Батболд нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2014 оны 06 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянхонгор сумын 3-6-20 тоотод оршин суух иргэн У.Нандинтулгын эзэнгүй гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бага бус хэмжээний буюу 645.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр А.Атэй бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 3-3-31 тоотод оршин суух иргэн Б.Сын эзэнгүй байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 2.115.000 төгргийн хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр Ц.Гүндцамба, Э.Пүрэвдаш нартай бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг иргэн У.Батмөнхийн эзэмшлийн “Эрч хурд” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хулгайлсан бууны сумыг 2014 оны 04 дүгээр сард Н.Алтангэрэлд хууль бусаар худалдан борлуулсан,

Мөн А.А, Б.С нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23-24 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн Л.Лхагвасүрэнг зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулан, гар утас, эвхдэг жижиг хутга зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж 48.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр А.Атэй бүлэглэн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Х.Даваадоржийг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн LG маркийн гар утсыг дээрэмдэж бусдад 120.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. А.А нь Б.Стай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Баянхонгор сумын 3-32-8 тоотод оршин суух иргэн Т.Батмөнхийн эзэнгүй гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 585.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр Б.С, Г.Батболд нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2014 оны 06 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянхонгор сумын 3-6-20 тоотод оршин суух иргэн У.Нандинтулгын эзэнгүй гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бага бус хэмжээний буюу 645.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр, ялтай байх хугацаандаа, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-3-7 тоотод оршин суух П.Энхтөрийн эзэнгүй гэрт 2014 оны 08 дугаар сарын 25-ны шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 590.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр, ялтай байх хугацаандаа, Б.Стэй бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах Ж.Банзрагчийн эзэмшлийн Баян нэртэй дэлгүүрт 2015 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 476.500 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр, ялтай байх хугацаандаа, Б.Стай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 3-3-31 тоотод хашаанд оршин суух иргэн Б.Сын эзэнгүй байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 2.115.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн ялтай байх хугацаандаа Б.С, Б.С нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23-24 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн Л.Лхагвасүрэнг зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулан, гар утас, эвхдэг жижиг хутга зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж 48.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр ялтай байх хугацаандаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Булаг 2 дэлгүүрийн үүдэнд 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр насанд хүрээгүй иргэн Б.Билгүүнийг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн гар утсыг дээрэмдэж бусдад 60.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр ялтай байх хугацаандаа Б.Стай бүлэглэн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Х.Даваадоржийг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн LG маркийн гар утсыг дээрэмдэж бусдад 120.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр ялтай байх хугацаандаа Баянхонгор сумын 3 дугаар баг Булаг 2 дэлгүүрийн үүдэнд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр У.Мөнхбатыг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн гар утсыг дээрэмдэж бусдад 160.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр ялтай байх хугацаандаа Б.О, Ц.Л, Б.Ц, З.А нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Эрдэм ахлах сургуулийн хажууд хохирогч Б.Балжинням, Л.Батчулуун нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж Б.Балжиннямын эзэмшлийн 279.000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утас, Л.Батчулууны эзэмшлийн 50.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж зэргийг дээрэмдсэн,

3. Б.С нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр А.Атэй бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор Баянхонгор сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах Ж.Банзрагчийн эзэмшлийн Баян нэртэй дэлгүүрт 2015 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 476.500 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн ялтай байх хугацаандаа А.А, Б.С нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23-24 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн Л.Лхагвасүрэнг зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулан, гар утас, эвхдэг жижиг хутга зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж 48.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Б.О нь А.А, Ц.Л, Б.Ц, З.А нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Эрдэм ахлах сургуулийн хажууд хохирогч Б.Балжинням, Л.Батчулуун нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж Б.Балжиннямын эзэмшлийн 279.000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утас, Л.Батчулууны эзэмшлийн 50.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж зэргийг дээрэмдсэн,

5. Ц.Л нь Б.О, А.А, Б.Ц, З.А нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Эрдэм ахлах сургуулийн хажууд хохирогч Б.Балжинням, Л.Батчулуун нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж Б.Балжиннямын эзэмшлийн 279.000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утас, Л.Батчулууны эзэмшлийн 50.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж зэргийг дээрэмдсэн,

6. Б.Ц нь Б.О, А.А, Ц.Л, З.А нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Эрдэм ахлах сургуулийн хажууд хохирогч Б.Балжинням, Л.Батчулуун нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж Б.Балжиннямын эзэмшлийн 279.000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утас, Л.Батчулууны эзэмшлийн 50.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж зэргийг дээрэмдсэн,

7. З.А нь Б.О, А.А, Ц.Л, Б.Ц нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Эрдэм ахлах сургуулийн хажууд хохирогч Б.Балжинням, Л.Батчулуун нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж Б.Балжиннямын эзэмшлийн 279.000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утас, Л.Батчулууны эзэмшлийн 50.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж зэргийг дээрэмдсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ./яллах дүгнэлт бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2-ийн 2.1, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2, 20.4 дүгээр зүйлийн 1, А.А, Б.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2-ийн 2.1, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2, Б.О, Ц.Л, Б.Ц, З.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.О, Б.Ц, Ц.Л нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан А.А, Б.С, Б.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болон хөнгөрүүлэн өөрчилж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг  тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг заасныг журамлан мөн хуулийн 7.1 дэх хэсэгт  зааснаар Б.Сын хохирогч Т.Батмөнх, У.Батмөнх, Б.Одсайхан, У.Нандинтулга нарын эзэмшилд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдлүүд болон иргэний нэхэмжлэгч Н.Алтангэрэлд галт хэрэгсэл борлуулсан үйлдлийг, шүүгдэгч А.Аийн хохирогч У.Батмөнх, У.Нандинтулга, П.Энхтөр нарын эзэмшилд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

А.А, Б.С нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдэх гэмт хэрэг  үйлдсэн гэмт буруутайд тус тус,

Б.Сыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,

З.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар А.Аийг эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил хорих, Б.Сийг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил хорих ялаар, Б.Сыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар А.Аийг 3 жил хорих, Б.Сийг 2 жил хорих, Б.Сыг 2 жил 6 сар хорих, З.Аыг 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Аэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Б.Ст 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Б.Ст 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг  4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар А.А, Б.С, Б.С, З.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Сын цагдан хоригдсон 215, А.Аийн цагдан хоригдсон 510 хоногийг  тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Б.С, А.А, Б.С, З.А нар нь гэмт хэргийн улмаас нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй,

З.А, Б.С нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар Б.С, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Цэвэлмаа нарын өмчлөлийн 83-07 БНХ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл, А.Аийн эзэмшлийн 1 ширхэг ширээ, Б.Сийн эзэмшлийн Мустанг-150 маркийн мотоциклыг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 75 ширхэг бууны сум, машины торцов 1 ширхэгийг тус тус устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.С, А.А, Б.С, З.А нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, тэдний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулга 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.О, Ц.Л, Б.Ц нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдээгүй, тэдгээрийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна гэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Б.О, Ц.Л, Б.Ц нарын үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй харин гэмт хэргийг зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй, гэмт хэргийг нуун дарагдуулсан байна гэж дүгнэсэн. Гэвч тогтоох хэсэгтээ Б.О, Ц.Лхагва- Очир, Б.Ц нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна гэж цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүх Б.О, Ц.Л, Б.Ц нарт холбогдох хэргийг дээрэмдэх гэмт хэрэг биш гэж үзсэн бол тэдний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үл мэдээлсэн гэх хөнгөн ялтай хэргээр гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжтой байсан. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн. Мөн шүүхээс Б.О, Ц.Л, Б.Ц нарыг гэм буруутай байна гэж нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоолд заагдсан ажиллагааг хийн Б.О, Ц.Л, Б.Ц нарыг яллагдагчаар татан шилжүүлсэн болно. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч Б.Сийн өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: Миний үйлчлүүлэгч Б.С нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 13-нд шилжих шөнө Баянхонгор сумын 5 дугаар багийн нутагт байрлах Ж.Банзрагчийн эзэмшлийн Баян нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 476.500 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн.

Харин 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 23-24 цагийн үед Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжны үзүүрт иргэн Л.Лхагвасүрэнг зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулан, гар утас, эвхдэг хутга зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж 48.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд ял халдаасныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ж.Самбалхүндэв нь сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй. Тус үйлдэлд Б.Сийг анх байцаахдаа өмгөөлөгчтэй байцаалт өгөх эрхээр хангаагүй байдаг. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Монгол хэл бичиг мэдэхгүй бол өмгөөлөгч заавал оролцуулах үндэслэлийг заасан байхад өмгөөлөгч оролцуулалгүйгээр мэдүүлэг авч, хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтын дагуу түүнд ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3-т заасныг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.3-т өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтанд тооцохгүй байх үндэслэлтэй.

Гэтэл зөвхөн тус мэдүүлгийн дагуу миний үйлчлүүлэгчийг гэм буруутай байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Хохирогч болон гэрч нар Б.Сийг тухайн гэмт хэргийг үйлдсэн талаар мэдүүлээгүй атал бичиг үсэг мэдэхгүй, сэжигтэн яллагдагчийн мэдүүлгийг үндэслэн, ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна гэж үзэж байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд Б.Ст Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар ял шийтгэл оногдуулсаныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Сийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуулиудыг хольж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгч З.А, Б.Ц нарын өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч З.А нь 21 настай, эхнэр 6 сартай оны хамт амьдардаг. З.А нь хохирогч Л.Балжиннямын гар утсыг гуйж аваад А.Аэд өгсөн байдаг нөхцөл байдлыг харгалзан холбогдох хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Д.Мэндээ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцуулах талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч А.Аийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх шинэ болон хуучин Эрүүгийн хуулиудыг хольж хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийн дахин шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүхээс өмнө нь Б.Ц, Ц.Л, Б.О нарыг яллагдагчаар татуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж байсан атлаа хэргийг хянан шийдвэрлэхдээ тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэл болон өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

А.Аийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23-24 цагийн үед Б.С, Б.С нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн Л.Лхагвасүрэнг зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулан, гар утас, эвхдэг жижиг хутга зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж 48.000 төгрөгийн,

2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг, Булаг 2 дэлгүүрийн үүдэнд насанд хүрээгүй Б.Билгүүнийг айлган сүрдүүлж түүний гар утсыг дээрэмдэж 60.000 төгрөгийн,

2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Стай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Х.Даваадоржийг айлган сүрдүүлж түүний LG маркийн гар утсыг дээрэмдэж 120.000 төгрөгийн,

2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, Булаг 2 дэлгүүрийн үүдэнд У.Мөнхбатыг айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдэж 160.000 төгрөгийн,

2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Б.О, Ц.Л, Б.Ц, З.А нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Эрдэм ахлах сургуулийн хажууд Б.Балжинням, Л.Батчулуун нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж Б.Балжиннямын 279.000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утас, Л.Батчулууны 50.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж зэргийг дээрэмдсэн гэж үзэн Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь түүний үйлдсэн хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” гэж заасан, өөрөөр хэлбэл А.Аийн нийт 5 удаагийн үйлдлээр 6 иргэнийг дээрэмдсэн гэх дээрх үйлдэл холбогдлуудыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, хэргийг буруу зүйлчилсэн гэж үзнэ.

Мөн Б.С, А.А нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 32-8 тоотод оршин суух иргэн Т.Батмөнхийн гэрт хууль бусаар нэвтэрч бурханы гүнгарвааны мөнгөн нүүр, 3 ширхэг гуулин бурхан зэрэг 585.000 төгрөгийг эд зүйлийг хулгайлсан гэх хэрэгт П.Сайнбилэгийг 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан, яллагдагч П.Сайнбилэгт тухайн үед хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан Н.Баасанбат 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...өмнө нь тухайн хэрэгт прокурор, мөрдөгч, оролцогч, бусад оролцогч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон бол...” гэж заасныг зөрчжээ. /хх-ийн 1-р хавтас 66-68-р тал/

Өөрөөр хэлбэл Б.С, А.А нарын дээрх үйлдлийг анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцэж 203 дугаар шийтгэх тогтоол гаргах үед П.Сайнбилэгийн үйлдэл холбогдлыг Баянхонгор аймгийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 44 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон хэдий ч /хх-ийн 7-р хавтас 217-218-р тал/ шүүгдэгч нарын уг үйлдэлд харилцан эсрэг сонирхолтойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-т заасан оролцогчоор /өмгөөлөгчөөр/ оролцож байсан өмгөөлөгч нь тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдэл холбогдолд шууд хувийн сонирхолтой этгээд гэж үзнэ.

Шүүгч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар Б.Сын хохирогч Т.Батмөнхийн гэрээс эд зүйл хулгайлсан дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа А.Аийн дээрх үйлдэл холбогдлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь эргэлзээтэй байх бөгөөд, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шүүгдэгч нарт холбогдох зарим нэг үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байгааг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат нь:

2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 53/Б,

/хх-ийн 5-р хавтас 63-р тал/,

2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 54/Б,

/хх-ийн 5-р хавтас 67-р тал/,

2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 53/В,

/хх-ийн 6-р хавтас 239-241-р тал/, 

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 53/Г,

/хх-ийн 7-р хавтас 60-61-р тал/

2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 54/В,

/хх-ийн 7-р хавтас 65-66-р тал/

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 54/Г,

/хх-ийн 8-р хавтас 4-5-р тал/

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 53/Д,

/хх-ийн 8-р хавтас 81-82-р тал/

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 54/Д,

/хх-ийн 8-р хавтас 85-86-р тал/ дугаар шүүгчийн захирамжуудаар А.А, Б.С нарыг яллагдагчаар цагдан хорьж, хорьж мөрдөх хугацааг сунгаж шийдвэрлэсэн асуудлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-т заасан шүүхийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуулиар харьяалуулсан асуудал бөгөөд энэ нь мөн хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т заасан хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй үндэслэлд ч хамаарч байгаа болно.

Иймд А.Аэд холбогдох дээрмийн хэргийг буруу зүйлчилсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.С, З.А, Б.Ц, А.А, Ц.Л, Б.О, Б.С нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хэргийг ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Б.Сийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

                                     Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2017/ШЦТ/203  дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.С, З.А, Б.Ц, А.А, Ц.Л, Б.О, Б.С нарт холбогдох эрүүгийн 201605000078 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.С, А.А, Б.С, З.А нарт хэрэглэсэн цагдан хорих, шүүгдэгч Б.О, Ц.Л, Б.Ц нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

               ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ

                     Н.ЭНХМАА