Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01608

 

О.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

         2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00994 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1424 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: О.Б

         Хариуцагч: Г.О

         Хариуцагч: “А” ТББ нарт холбогдох

         Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: С.Э

        Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх

         Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: 2015-11-05-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус  болохыг тогтоолгох  

         Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд С.Э, түүний  өмгөөлөгч Д.Т, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

        Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: О.Б 2015-11-05-ны өдөр  С.Этай орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны, 31 тоот 4 өрөө орон сууцыг 70сая төгрөгөөр худалдан авсан. Нийслэлийн улсын бүртгэлийн газраас уг орон сууцыг 2015-11-05-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийг О.Бийн нэр дээр болгосон. Гэвч орон сууцыг өнөөдрийн байдлаар А ТББ болон түүний тэргүүн С.Э, удирдах зөвлөлийн гишүүн Г.О нар хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна. Иймд  орон сууцыг А ТББ, Г.О нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ. 

        Хариуцагч А ТББ хариу тайлбартаа: А ТББ нь 2008 онд үүсгэн байгуулагдсан. С.Э, Б.Буян нар үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлд С.Э, Г.О, Гаригцацралт, Мэндбаяр, Дагвадорж нар байдаг. С.Э  2011 онд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15-31 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг худалдан авсан бөгөөд энэ нь  төрийн бус байгууллагатай огт хамааралгүй орон сууц юм.  2018-02-01-ний өдрөөс эхлэн тус байранд үйл ажиллагаа явуулахаа зогсоож тухайн байрнаас гарч, С.Эд хүлээлгэн өгсөн. Уг орон сууц С.Эгийн хөрөнгө. Энэ хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ. 

       Хариуцагч Г.О хариу тайлбартаа: Би энэ хэрэгтэй хамааралгүй. О.Б гэж хүн танихгүй, тэр хүнээс мөнгө аваагүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ. 

        Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Э бие даасан шаардлагадаа: Б.Батзориг нь ажил зогсох гээд байна, та Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны 31 тоот 4 өрөө орон сууцаа барьцаанд тавиад зээл аваад өгөөч гэсэн.Иймд 2015-10-15-ны өдөр барьцаанд тавих итгэмжлэл хийж өгсөн. Б.Батзориг Эко капитал ББСБ ХХК-иас зээл авахаар болсон, харин зээл олгохдоо О.Б гэдэг хүнд С.Э болон Б.Батзориг нарын өмчлөлийн 2 орон сууцныхаа гэрчилгээг барьцаанд тавьж, орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлж өг гэсэн шаардлага тавьсан гэж хэлсэн. Ингээд 2015-11-05-ны өдөр О.Б гэх хүнийг дагуулж ирээд 4 өрөө орон сууцыг, Б.Батзориг нь нийт 3 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 180 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Б.Батзоригийг зээлээ төлөхөөр буцаагаад барьцааг чөлөөлж, байрыг буцаан миний нэр дээр  шилжүүлж өгнө гэсэн тул би гарын үсэг зурсан. 2015-11-05-ны өдөр хоёр өөр үнээр нийт 8 гэрээг хийсэн байдаг. Дээрх гэрээнүүдээс үзвэл С.Эгийн орон сууцыг 70 сая төгрөгөөр, Б.Батзоригийн орон сууцыг 100 сая төгрөгөөр, гараашийг 10сая төгрөгөөр тооцон барьцаалсан ч барьцааны гэрээ бичгээр үйлдээгүй. Харин худалдах-худалдан авах гэрээг хийж, О.Бийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлсэн байна. Би О.Бт орон сууцаа худалдаагүй, нэг ч төгрөг аваагүй, худалдах зорилго ч байгаагүй. Харин барьцаанд тавьсан гэж ойлгосон. Би байрандаа өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж, холбогдох зардал мөнгийг төлж ирсэн.  Гэрээг 30 сая төгрөг, 70 сая төгрөг гэж хоёр өөр хийснээр худалдах үнээ ч тохиролцоогүй нь харагдана. Худалдах-худалдан авах хүсэл зориг байсан бол 2 жил гаран хугацаанд намайг орон сууцанд амьдруулах шаардлага байхгүй. Мөн 2015-10-05-ны өдөр  барьцаанд тавих итгэмжлэл олгосноос харвал худалдах хүсэл зориг байгаагүй юм. Иймд Иргэний хуулийн 56.1.3-р 2015-11-15-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. О.Бөөс шилжүүлэн авсан зүйлгүй, хөрөнгө С.Эгийн эзэмшилд байгаа тул харилцан буцааж өгөх зүйл байхгүй гэжээ.

        Нэхэмжлэгч даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: С.Этай худалдах-худалдан авах гэрээг байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Хувь хүний орлогын албан татварын хуулиар худалдагч татвар төлдөг тул төлөх татвараас зайлсхийх зорилгоор хоёр өөр үнээр  гэрээ хийсэн.  Гэрээний үнэ 70сая төгрөг байсаныг гуравдагч этгээд үгүйсгэхгүй байна. Б.Батзориг, С.Э нараас нэг дор 3 хөрөнгө зэрэг худалдан авсан. 2015-11- 05-ны өдөр Б.Батзоригийн дансаар 180 сая төгрөг шилжүүлсэн. Уг мөнгөний 70 сая төгрөг нь С.Эгийн орон сууцны үнэ бөгөөд, түүний өөрийнх нь хүсэлтээр Б.Батзоригийн дансанд цуг шилжүүлсэн. Үүнийг С.Э баталгаажуулж мөнгө хүлээн авсан баримт үйлдсэн. Мөнгөө хэрхэн захиран зарцуулах нь С.Эгийн эрхийн асуудал. Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/00994 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан О.Б, С.Э нарын хооронд 2015-11-05-ны өдөр байгуулсан, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 15 дугаар байрны 31 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан А ТББ, Г.О нарт  О.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн 2017-12-13-ны өдрийн 181/ШЗ2017/16380 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 307.950 төгрөг гаргуулж С.Эд олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1424 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00994 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баяраа хяналтын журмаар гаргасан гомдолдоо:   Хариуцагч зээл авсан хэмээн маргаж байгаа ч үүнийгээ нотлох нэг ч баримт шүүхэд гаргаж өгөөгүй, мөнгийг мөн аваагүй хэмээн тайлбарладаг ч гэрч хамтрагч Батзориг нь мөнгийг авсан гэдгээ нотолдог тул худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн нь нотлогдож байна. Хавтаст хэргийн 19-р хуудсанд Батзоригийн дансанд худалдаж авсан байрны үнэ шилжиж орсныг нотолсон дансны хуулга байдаг. Гүйлгээний утга дээр маргааны орон сууцны үл хөдлөх хөрөнгийн дугаарыг бичсэн байдаг. Тухайн үед Эрдэнэтуяа нь Батзоригийн дансаар мөнгийг шилжүүлэхийг хүссэн бөгөөд Эрдэнэтуяа нь тухайн байрыг зарж мөнгийг хүлээн авсныг нотлох баримт болгож, "бэлэн мөнгө хүлээлцсэн акт" үйлдэж талууд гарын үсэг зурсан байна. Дээрх мөнгө хүлээлцсэн акт дээр гарын үсэг зурсан үйлдлээ гуравдагч этгээд нь тайлбарлаж, няцааж чадаагүй бөгөөд дээрх акттай холбоотой ямар нэг маргаан эсэргүүцэл гараагүй болно. Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах хэлцэл нь зээлийн гэрээ биш тул “мөнгөн хөрөнгийг заавал зээлдэгчийн харилцах дансанд шилжүүлсэн байх” тухай хуулийн шаардлага энд хамаарахгүй. 2017-12-13-ны өдөр гэрч Э.Ёндонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлийг тайлбарлан хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан байдаг, Гэрч Э.Ёндон нь “...Эрдэнэтуяад зээл олгогдоогүй,....Баттөмөр, Эрдэнэтуяа нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй... харин худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн, Батзориг нь удахгүй мөнгөтэй болохоороо буцааж худалдаж авна гэж байсан, ...Эрдэнэтуяад тухайн орон сууцыг бусдад худалдан борлуулах хэлцэл хийгдэж байгааг сайтар тайлбарлаж ойлгуулсан,...” гэх мэтээр мэдүүлэг өгсөн байдаг. Гэвч шүүх гэрч Ёндонгийн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгсөнгүй, зөвхөн хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар, мэдүүлгийг үндэслэжээ. Түүнчлэн,  Оюундэлгэрийн шүүхэд анх өгсөн гэрчийн мэдүүлэг, сүүлд шүүхэд гаргасан хариу тайлбарт ноцтой гэмээр зөрүүтэй байдал гарсныг шүүх дүгнэх ёстой байсан.  Г.О нь С.Эгийн хүсэлтээр 2017-11-28-ны өдөр шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг, шүүгч Г.От хууль сануулж, түүний эрх үүргийг тайлбарлан өгч хууль сануулсан баримтад гарын үсэг зуруулсны дараа гэрчээр асуусан. Гэрч Г.Оийн мэдүүлгээс “Тухайн орон сууцыг худалдан авах саналыг анх гаргаж байсан, Бид нар /ТББ-ыг үүсгэн байгуулагч нар/ ярилцаад түрээсийн биш, өөрийн гэсэн байртай болохоор шийдвэрлэсэн Тухайн байрыг худалдан авах үед хувиасаа 20сая төгрөг гаргасан. Тухайн байраа худалдан авах үед мөнгө дутсан тул зээл авах шаардлага гарсан. Бид нар тогтвор суурьшилтай ажил хийдэг С.Э багшийн нэр дээр байрны ордер гаргаад, байраа банкинд барьцаанд тавьж зээл авсан. Янз бүрийн сургалт, хандиваар зээлээ төлж байсан, дунджаар 12 сая төгрөгийн хандив хөрөнгө оруулалт хийсэн. Байрыг барьцаалж зээл авсан хэмээн С.Э тайлбарласан, худалдах байсан бол олон хүнийг хамруулж байж шийдвэрлэх ёстой байсан. Одоо тухайн байрыг зээлийн барьцаанд байгаа хэмээн ойлгож байгаа. Байрны ордерийг зээл авахын тулд С.Эгийн нэр дээр гаргуулсан. Энэ орон сууц нь Амин орон, био энергийн сургалт судалгааны төв ТББ-ын балансад бүртгэлтэй, хамааралтай. Тус ТББ-ын тэргүүн нь С.Э мөн. Одоо энэ байранд Амин орон, био энергийн сургалт судалгааны төв ТББ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эрдэнэтуяагийн нэр дээр байрны ордерийг гаргуулах ажлыг би хамт хөөцөлдөж байсан, гэх мэт мэдүүлгүүдийг өгч, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж байжээ. Гэвч шүүхэд хамгийн сүүлд өгсөн тайлбартаа дээрх бүх мэдүүлгээ үгүйсгэсэн нь ИХШХШТухай хуулийн 25.2.1- д “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах”, мөн хуулийн 43.3-т “Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл ЭХ-д заасан хариуцлага хүлээлгэнэ" хэмээн тус тус заасныг зөрчсөн байна. Оюундэлгэр нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх зорилгоор шүүхэд худал мэдүүлэг, тайлбар гаргасан хэмээн үзэж байна. Эрдэнэтуяа, гэрч Батзориг нар шийдвэрийг өөрсдөдөө ашигтай гаргуулах зорилгоор өмгөөлөгч Д.Төмөрбаатарыг байлцуулан гэрч Батзоригоор нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баяраа руу утсаар 2 удаа яриулж, утасны ярианы бичлэгийг нууцаар хийж, СD дээр буулган баримтжуулан, гүйцэтгэх ажиллагаа явуулж хууль зөрчиж байсан билээ. Дээрх үйлдлийг хийхдээ урьдаас төлөвлөсөн асуултаа асуух, хариулах хариултаа урьдчилан боловсруулж, мөн хүссэн хариултаа хөтлөн асуух замаар авч,  Эрдэнэтуяа нь өөрөө тэмдэглэл хөтлөн, өмгөөлөгч нь баталгаажуулсан байдаг. Дээрх үйлдэл нь ИХШХШТХ-н 38.4.-т “Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно.” гэх заалтыг зөрчсөн тул шүүх тус хуулийн 38.5.-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй,” хэмээн заасныг үндэслэн нотлох баримтаас хасуулж байсан. Эрдэнэтуяа, Батзориг, Оюундэлгэр нар нь шүүхийн шийдвэрийг өөрсдөдөө ашигтай гаргуулахын тулд үгсэн хуйвалдаж, зарим тохиолдолд хууль зөрчиж байсныг дээрх үйл баримтууд нотолж байна. Экокапитал ББСБ-аас ирүүлсэн албан бичиг нь Батзориг, Эрдэнэтуяа нартай холбоотой зээлийн харилцаа байхгүйг нотолсон. Үнэхээр зээл авсан бол 2015-2018 онуудад ядаж нэг ч гэсэн удаа зээлийн эргэн төлөлт хийсэн байх ёстой ч огт төлж байгаагүй нь зээл авсан гэдэг тайлбарыг няцааж байна. Худалдах-худалдан авах хэлцлийг 2 өөр үнийн дүнгээр байгуулсан нь худалдагч талын хүсэл сонирхлоор хийгдсэн /худалдагч тал үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны 2 хувийн татварыг багаар төлөх зорилготой байсан/ болохыг шүүх хурал дээр хангалттай тайлбарласан боловч шүүх өөр агуулгаар тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй. УДШ 2010-06-22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор хуулийн зарим зүйл заалтыг нэг мөр ойлгохоор тайлбарласан байна. Үүнд: 5.3.Мөн зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино. Тухайлбал, талууд орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлж байгаа боловч татвараас зайлсхийхийн тулд хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Хэлцэлд оролцогч талуудын хэн алин нь орон сууцыг үнэ төлбөргүйгээр, бэлэглэлийн журмаар шилжүүлэхийг хүсээгүй боловч бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх шилжүүлж буй байдлыг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд хийсэн ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бодит байдал дээр хариу төлбөртэйгөөр шилжүүлсэн байна. Бэлэглэлийн гэрээ нь худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийж буй дүр үзүүлсэн хэлцэл болно хэмээн тайлбарлажээ. Дээрх тайлбараас харахад 2 өөр үнийн дүнтэй хийгдсэн хэлцлүүд нь нэг төрлийн хэлцэл бөгөөд худалдагч талын төлөх ёстой татварын дүн буурсан болохоос өөр хэлцлийг халхлах зорилгоор хийсэн дүр үзүүлсэн хэлцэл биш юм. Шүүгч нь дээрх худалдах-худалдан авах гэрээнүүдийг ИХ-н 56.1.3 дахь заалтыг баримтлан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон боловч үр дагаврыг нь орхигдуулсан. ИХ-н 56.5-д /Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй./ хэмээн хуульчилсан байна. Эрдэнэтуяа нь анх иргэний хэрэг үүсэх үед хариуцагч байсан бөгөөд  нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг сольсон. Гэвч шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж шүүх хуралдааны үеэр Эрдэнэтуяаг бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдээр хэрэг маргаанд орж болохыг зөвлөж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бие даасан гуравдагч этгээдийн шаардлага болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, нэг талд хууль зүйн зөвлөгөө өгсөн хэмээн үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүд, хариуцагч нарын шүүхэд үзүүлсэн зохисгүй үйлдэлд үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үр дагаврыг шийдвэрлээгүй байх тул ИХШХШТХ-н 167.1.5.-г үндэслэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        О.Б 2017-06-22-ны өдөр Г.О болон Амин орон био энерги сургалт, судалгааны төв Төрийн бус байгууллага /ТББ/-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны, 31 тоот 4 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн байна.

        Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан /хх 1-н 10, 14/ бөгөөд гуравдагч этгээд С.Э нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох бие даасан шаардлага гаргажээ.

        Анхан шатны шүүх С.Эгийн бие даасан шаардлагыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байв.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        О.Б нь Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 15 дугаар байрны 31 тоот 4 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах тухай 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн  гэрээг шаардлагынхаа үндэслэл болгожээ. 

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон худалдах-худалдан авах гэрээ хуульд нийцсэн буюу хүчин төгөлдөр тохиолдолд уг гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцэх юм.           

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.Батзориг Экокапитал ББСБ ХХК-н ажилтнаар зуучлуулан О.Бөөс 180.000.000 төгрөгийг зээлэхдээ, үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа болгож, С.Эгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. 

        Орон сууцыг худалдан авсан гэж нэхэмжлэгч шаардлагаа үндэслэх боловч бодитоор С.Эд мөнгийг шилжүүлээгүй нь гэрч Б.Батзоригийн мэдүүлэг, дансны хуулгаар тогтоогдсоноос гадна мөнгийг Б.Батзоригт шилжүүлэх эрхийг С.Э олгосон гэх  баримт хэрэгт байхгүй байна. 

         Иймд Б.Батзоригийн авсан зээлийн гэрээний үүргийн барьцааг хангуулах зорилгоор хийгдсэн аман тохиролцоог халхавчлах зорилгоор О.Б, С.Э нарын хооронд байгуулагдсан гэрээг шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзлээ.

         Нэхэмжлэлийн үндэслэл болсон худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус тул О.Б маргааны зүйл болсон эд хөрөнгийг шударгаар олж авсан өмчлөгч гэж үзэхгүй. 

         Б.Батзориг, О.Б нарын зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор хүчин төгөлдөр бус худалдах, худалдан авах гэрээ хийсэн талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байх тул шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

         Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шийдвэрт тодорхой зааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00994 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1424 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

                                ШҮҮГЧ                                                          Б.УНДРАХ