Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
Хэргийн индекс | 162/2020/0209/Э |
Дугаар | 207 |
Огноо | 2020-06-22 |
Зүйл хэсэг | |
Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 207
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Б.Бат-Оргил
Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил
Шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Н ад холбогдох эрүүгийн 2014000000180 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд
боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, овогт Б. Н ,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.Н нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Бумбатын ам гэх газарт 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1.623.482 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Н ын мөрдөн байцаалтад өгсөн
... 2020 оны 03 дугаар сарын 28-нд Баянхонгор аймгийн төвөөс ачааны автомашинтай Ганбаяр гэх хүнийг хөлслөөд унагалдай тракторыг Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Бумбатын ам” гэх газарт аваачиж тавьсан,... 2020 оны 04 дүгээр сарын 03-ны орой трактор дээрээ очоод тэнд байх карьерын нурсан шороог унагалдай трактороор түрж холдуулчихаад доош нь ухах гэсэн чинь хөлдүү байхаар нь гал асааж тавьчихаад тухайн газартай ойрхон байдаг Алтанхуяг гэх айлд хоноод маргааш өглөө нь очиход аймгийн төвөөс Цагдаагийн алба хаагчид ирээд унагалдай троакторыг хураагаад явсан. Би тухайн газарт ганцаараа ажилласан. Ажиллахдаа улсын дугааргүй улаан өнгийн Доосан 55 маркын бага оврын унагалдай трактор 1, усан төхөөрөмж 1 ширхэг, усны насос 1 ширхэг, улаан өнгийн үүсгүүр мотор 1 ширхэг зэрэг техник хэрэгсэл тоног төхөөрөмж ашигласан. Доосан 55 маркын бага оврын унагалдай тракторыг Баатархүү гэх хүнээс 8.000.000 төгрөгөөр худалдаж авсан, гэхдээ мөнийг нь өгөөгүй байгаа. Харин усны насос, цахилгаан мотор нь тухайн газар байх худаг дээр байсан Алтанхуяг гэдэг хүнийх эзэмшлийнх би гуйж ашиглаж байсан. Надад тухайн газарт үйл ажиллагаа явуулах ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Техник тоног төхөөрөмжийг Ганбаяр гэх хүнийг хөлсөлж машинаар нь хүргүүлсэн,... би карьерийн дээд талд хуучин гаргачихсан байсан шорооноос трактороор 4-5 шанага шороо авч усан төхөөрөмж рүү хийгээд усаар угаасан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 132-134/,
Хохирогч байгууллагын төлөөлөгч Д.Мөнх-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...байгаль экологид учируулсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тухайн үйл ажиллагааны улмаас байгаль экологид 1.623.482 төгрөгний хохирол учирсан, нөхөн сэргээхэд 272.646 төгрөгний зардлыг буруутай этгээдээс нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх- ийн 36-38/,
Иргэний нэхэмжлэгч А.Алтанхуягийн мөрдөн байцаалтад өгсөн
...Бумбатын ам “ гэх газарт нэлээн хэдэн жилийн өмнө уурхай ирж ажиллахдаа нэг худаг гаргачихаад явсан байсан . Тэгээд бид нар тэндээс малаа усалж бай гээд худган дээр үүсгүүр мотор, усны насос зэргийг би өөрөө авч тавьсан байсан,..Б.Н ганцаараа ирж надаас усны насос, мотор үүсгүүр зэргийг чинь түр ажиллуулах талаар асуусан зөвшөөрөл авч байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Ганбаярын мөрдөн байцаалтад өгсөн
...Б.Н ын хашаанаас өөрийнхөө Хино маркын машинтай ганцаараа очиж 1 ширхэг тракторыг ачаад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг болох “Бумбатын ам” гэх газарт хүргэж өгсөн, надруу залгаад хүрч ирээд трактор зөөгөөд өгөөч гэж хэлсэн, ....орой аймгаас гараад шөнө тэнд очоод маргааш өглөө нь тракторыг зөөх гээд байж байхад өглөө эрт цагдаа нар ирээд тракторыг авч явсан. Миний тээврийн хэрэгсэл Д.Хишигбаярын нэр дээр байгаа, нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа үлдэгдэл мөнгийг 2020 оны 08 дугаар сард багтаагаад өгөх ёстой ....” гэх мэдүүлэг. /хх-ийн 45-46/
Иргэний нэхэмжлэгч Б.Баатархүүгийн мөрдөн байцаалтад өгсөн
..Би өөрийнхөө эзэмшлийн Доосан-55 маркын тракторыг Б.Н ад 8.000.000 төгрөгөөр зээлээр худалдаж байсан, мөнгийг нь өгөөгүй учраас өөртөө эргүүлж авсан. Шүүхийн байгууллагаас тракторыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тохиолдолд Б.Н аас 8.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр Д.Хишигбатын нэр дээр байгаа учир нь Д.Хишигбат нь миний хадам ах байгаа юм. Түүнээс уг тракторыг 8.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тракторыг саяхан авсан болохоор өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч амжаагүй байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 47-48/
Гэрч А.Хүрэлсамбуугийн мөрдөн байцаалтад өгсөн
...”Бумбатын ам” гэх газарт би ганцаараа илүү гэрээ аваад сувай малтайгаа гарч ирсэн . Намайг ирэхэд Б.Н тэнд ирсэн байсан ба трактор ажиллуулж байгаа 5-6 хонож байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 58-59/
Гэрч Д.Хишигбатын мөрдөн байцаалтад өгсөн
...Ц.Ганбаярын хувьд миний эзэмшлийн Нино маркын тээврийн хэрэгслийг худалдан авч байсан. Тус тээврийн хэрэгслийг Б.Мөнх-Эрдэнэ гэх хүнээс би өөрөө худалдан авч байсан гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авч амжаагүй байгаа 44-79 УН Daewoo Solar 55V маркын тракторыг хүргэн Б.Баатархүүд 8.000.000 төгрөгөөр зарсан мөнгөө бүрэн гүйцэт төлсөн байгаа. Одоо надад Б.Баатархүүгээс авах авлага байхгүй зөвхөн бичиг баримт л миний нэр дээр байгаа. Тээврийн хэрэгслийг нэр дээр нь шилжүүлэн өгөөгүй учир нь би өөрөө хөдөө мал дээр байдаг. Харин 28-15 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Ганбаярт 11.000.000 төгрөгт худалдсан үүнээс 6.000.000 төгрөгийг өгсөн байгаа ба үлдэгдэл 5.000.000 төгрөгийг 7 сард багтааж өгөхөөр тохиролцоо хийсэн байгаа ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 59-р хуудас/
Баянхонгор аймгийн Нуман-Алтай ХХК-ний шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/13 дугаар шинжээчийн
1. Тогтоолоор өгөгдсөн солбицол нь бүхий газар улсын аль нэг тусгай хамгаалалттай газар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцалгүй байна.
2.Тухайн эвдэгдсэн талбай нь 94м2 буюу 0,01 га хэмжээтэй бөгөөд байгаль орчны хохирлын үнэлгээ нь 1.623.482 төгрөг болж байна...” гэх дүгнэлт. /хх-ийн 62-63/
3. Тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 272.646 төгрөг болж байна
4. Тухайн солбилцол бүхий газар нь урьд өмнө нь уул уурхайн ажиллагаанд өртөж эвдэгдсэн газар байна ... гэх дүгнэлт / хх-ийн 62/,
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 317 дугаартай шинжээчийн ... иргэн Ц.Ганбаяр, А.Алтанхуяг, Б.Баатархүү нарын эзэмшлийн эд зүйлийн зах зээлийн үнэлгээ нийт 8.350.000 төгрөг... гэх дүгнэлт / хх-ийн 93/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02 /, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10/, эд мөрийн баримт битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 14-15, 19-20, 24-25, /, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Тогоотын дунд ус” гэх газарт иргэн Б.Н ын эвдсэн 0.01 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн тооцолтын сэргээлтийн зардлын тооцоо /хх-ийн 63-88/, шүүгдэгч Б.Н ын эд хөрөнгө хөрөнгөтэй эсэх лавлагаа/ хх-ийн 102/, шүүгдэгч Б.Н ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 103/, шүүгдэгч Б.Н ын депозит дансны хуулгууд /хх-ийн 105-109/, шүүгдэгч Б.Н ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Н нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Бумбатын ам гэх газарт 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1.623.482 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Б.Н ын... Би тухайн газарт ганцаараа ажилласан,...улсын дугааргүй улаан өнгийн Доосан 55 маркын бага оврын унагалдай трактор 1, усан төхөөрөмж 1 ширхэг, усны насос 1 ширхэг, улаан өнгийн үүсгүүр мотор 1 ширхэг зэрэг техник хэрэгсэл тоног төхөөрөмж ашигласан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 132-134/,
Хохирогч Д.Мөнх-Очирын ...Миний хувьд байгаль экологид учируулсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тухайн үйл ажиллагааны улмаас байгаль экологид 1.623.482 төгрөгний хохирол учирсан, нөхөн сэргээхэд 272.646 төгрөгийн зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх- ийн 36-38/,
Иргэний нэхэмжлэгч А.Алтанхуягийн...би “Бумбатын ам” гэх газарт нэлээн хэдэн жилийн өмнө уурхай ирж ажиллахдаа нэг худаг гаргасан,...тэндээс малаа усалж бай гээд худган дээр үүсгүүр мотор, усны насос зэргийг би өөрөө авч тавьсан, ...Б.Н надаас усны насос, мотор үүсгүүр зэргийг чинь түр ажиллуулах талаар асуусан зөвшөөрөл авч байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Ганбаярын “..Б.Н надруу залгаад хүрч ирээд трактор зөөгөөд өгөөч гэж хэлсэн,... маргааш өглөө нь тракторыг зөөх гээд байж байхад өглөө эрт цагдаа нар ирээд тракторыг авч явсан,...миний тээврийн хэрэгсэл Д.Хишигбаярын нэр дээр байгаа шилжүүлж аваагүй , үлдэгдэл мөнгийг 2020 оны 08 дугаар сард багтаагаад өгөх ёстой....” гэх мэдүүлэг. /хх-ийн 45-46/
Иргэний нэхэмжлэгч Б.Баатархүүгийн ...Би өөрийнхөө эзэмшлийн Доосан-55 маркын тракторыг Б.Н ад 8.000.000 төгрөгөөр зээлээр худалдаж байсан, мөнгийг нь өгөөгүй учраас өөртөө эргүүлж авсан,..шүүхийн байгууллагаас тракторыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тохиолдолд Б.Н аас 8.000.000 төгрөгийг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг. /хх-ийн 47-48-49/
Гэрч А.Хүрэлсамбуугийн ...”Бумбатын ам” гэх газарт би ганцаараа илүү гэрээ аваад сувай малтайгаа гарч ирэхэд Б.Н тэнд трактор ажиллуулж байгаа 5-6 хонож байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг. /хх-ийн 58-59/
Гэрч Д.Хишигбатын өгсөн ...Ц.Ганбаярын хувьд миний эзэмшлийн Нино маркын тээврийн хэрэгслийг худалдан авч байсан, тус тээврийн хэрэгслийг Б.Мөнх-Эрдэнэ гэх хүнээс би өөрөө худалдан авч байсан гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авч амжаагүй,... 44-79 УН Daewoo Solar 55V маркын тракторыг хүргэн Б.Баатархүүд 8.000.000 төгрөгт зарсан, мөнгөө бүрэн гүйцэт төлсөн байгаа....” гэх мэдүүлэг. /хх-ийн 59-60/
Баянхонгор аймгийн “Нуман-Алтай ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/13 дугаар шинжээчийн.... тухайн эвдэгдсэн талбай нь 94м2 буюу 0,01 га хэмжээтэй бөгөөд байгаль орчны хохирлын үнэлгээ нь 1.623.482 төгрөг болж байна...” гэх дүгнэлт. /хх-ийн 62-63/,
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 317 дугаар шинжээчийн... иргэн Ц.Ганбаяр, А.Алтанхуягх, Б.Баатархүү нарын эзэмшлийн эд зүйлийн зах зээлийн үнэлгээ нийт 8.350.000 төгрөг... гэх дүгнэлт / хх-ийн 93/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Н.Н нь тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайlуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,…гэж, 4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.
Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч Н.Н нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиг малтмалын боловсруулалт явуулсан хамаарч байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал боловсруулалт явуулсан гэдэг ойлголтонд ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах гэдэг ойлголт давхар багтаж байгаа төдийгүй, шүүгдэгчийг чулууг угааж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ашигт малтмал боловсруулалт байдлыг ашиглах олборлох, баяжуулах үйл ажиллагаа явуулсан гэж шүүх үзэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Шүүгдэгч Б.Н ыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Н нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Н нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Н нь тухайн эвдэгдсэн талбай нь 94м2 буюу 0,01 га хэмжээтэй бөгөөд байгаль орчны хохирлын үнэлгээ нь 1.623.482 төгрөг, нөхөн сэргээлтийн үнэлгээ 272646 төгрөг нийт 1896128 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Н ад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс Б.Н ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг ....... хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Б.Н ы хувийн байдал, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхээс оногдуулсан торгуулийн ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 44-79 УН улсын дугаартай Daewoo solar 55 v маркийн унагалдай тракторын үнэ 3.000.000 төгрөг, цахилгаан моторын үнэ 200.000, усны насосны үнэ 150.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож,
харин битүүмжлэгдсэн эд хөрөнгө бусдын эзэмшлийнх, мөн ...Хино маркийн 28-15 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл....ийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх боломжгүй тул....Хино маркийн 28-15 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл,.... Daewoo solar 55 v маркийн унагалдай трактор, цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэг, усны насос 1 ширхэг .......зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Баатархүү, Ц.Ганбаярт, А.Алтанхуяг нарт тус тус олгож шийдвэрлэлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 44-79 УН улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01786080 дугаартай гэрчилгээг Б.Нармадахад, 0676035 дугаартай авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлөгчийн гэрчилгээ зэрэг баримт бичгийг Д.Хишигбатад олгов.
Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Н.Б ын Н ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Н ыг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Н ад оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 жилийн хугацаанад төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 44-79 УН улсын дугаартай Daewoo solar 55 v маркийн унагалдай тракторын үнэ 3.000.000 төгрөг, цахилгаан моторын үнэ 200.000 төгрөг, усны насосны үнэ 150.000 төгрөг нийт 3350000 төгрөгийг шүүгдэгч Б.Н аас гаргуулж, улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч Б.Н ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх...Хино маркийн 28-15 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл,.... Daewoo solar 55 v маркийн унагалдай трактор, цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэг, усны насос 1 ширхэг...зэргийг битүүмжилэх эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу Хино маркийн 28-15 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Ц.Ганбаярт, цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэг, усны насос 1 ширхэг зэргийг эзэмшигч А.Алтанхуягт, Daewoo solar 55 v маркийн унагалдай тракторыг эзэмшигч Б.Баатархүү нарт тус тус буцаан олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 44-79 УН улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01786080 дугаартай гэрчилгээг Б.Нармадахад, 0676035 дугаартай авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлөгчийн гэрчилгээ зэрэг баримт бичгийг Д.Хишигбатад олгосугай.
8. Шүүгдэгч Б.Н ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц хүчингүй болгосугай.
9.Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Н ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.