Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 00402

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2017/00402

Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 49 дүгээр гудамжны 165 тоотод оршин суух хаягтай, Харнууд овогт Гэлэгдоржийн Батсайхан /РД:СБ79050610/-ын хүсэлттэй,

 Х./Батцэцэг/-тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч: Г.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Г.Намуун нар оролцов.               

 ТОДОРХОЙЛОХ нь:

  Хүсэлт гаргагч Г.Батсайхан шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хандсүрэнгийн /Батцэцэг/-тэй 1998 оны 6 дугаар сард анх танилцаж 10 сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2000 оны 8 дугаар сарын 7-ны өдөр охин Б.Буянхишиг, 2002 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хүү Б.Пүрэв-Очир, 2012 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүү Б.Бадам-Очир нар төрсөн.

Г.Батсайхан миний бие Б.Батцэцэгтэй 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бэлхийн 49 дүгээр гудамжны 165 тоотод хүүхдүүдийн хамт хамтран амьдарсан. Хүүхдүүд маань бүгд миний хүүхдүүд мөн болно.

Одоо би хүүхдүүдтэйгээ хамт цуг амьдарч байгаа. Хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах болсон тул бид хоёрыг хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.

                  Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

      Хүсэлт гаргагч Г.Батсайхан хамтран амьдрагч Б./ Батцэцэг/-тэй хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохыг шаарджээ.

Хүсэлт гаргагч нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох болсон үндэслэлээ заахдаа “охин Б.Буянхишиг, хүү Б.Пүрэв-Очир, Б.Бадам-Очир нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох” гэсэн юм гэжээ.

     Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

         Г.Батсайхан нь талийгаач Б./Батцэцэг/-тэй  1998 оны  10 сараас хойш гэр бүл болж хамтран амьдарч байсан, тэдний дундаас 2000 оны 8 дугаар сарын 7-ны өдөр охин Б.Буянхишиг, 2002 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.Пүрэв-Очир, 2012 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүү Б.Бадам-Очир нар  төрсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Г-301, Г-1035 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, гэрч А.Болортунгалаг, Б.Баттулга нарын мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бэлхийн 49 дүгээр гудамжны 165 тоотын “Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

            Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан байна.

Г.Батсайхан нь талийгаач Б./Батцэцэг/ болон хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 49 дүгээр гудамжны 165 тоотод оршин суудаг болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон байна.

Б./Батцэцэг/ нь 2016.07.16-ны өдөр нас барсан тухай 2016.07.17-ны өдөр нас барсны бүртгэлийн 3427 дугаарт бүртгэж 0000179871 тоот гэрчилгээ олгосон нь хэрэгт авагдсан байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Харнууд овогт Гэлэгдоржийн Батсайханыг  талийгаач Б./Батцэцэг/-тэй 1998 оны 10 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэгт зааснаар Г.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй. 
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ