| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0175/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/209 |
| Огноо | 2020-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/209
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Г т холбогдох эрүүгийн 2014000000196 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 08-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, малчин, хувьд ногдох 150 тооны бог мал, мотоцикль, 5 ханатай гэрийн хөрөнгөтэй, малчин, овогт М.Г
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч М.Г нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутагт 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 2020 оны 04 дүгээр сарын 16-нд шилжих шөнө хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч М.Г ийн мөрдөн байцаалтад өгсөн
... адуу дэллэх ажлаар гэрээсээ гараад хадам ээжийнд ирээд сайн өдөр байна адуугаа дэллэнэ гэхэд би адуугаа өгөхгүй гэхээр нь та адуугаа аваад манай эхнэрт өгсөн адуугаа аваад дэллэчихье гэхэд өгөхгүй гэхээр нь би явсан. Тэгээд өөрийнхөө 19 тооны адууг дэллэчихээд аймаг руу бензин авахаар орж ирээд найз нартайгаа тааралдаад 3 рүнк архи уугаад *******ын хамт гэртээ шөнийн 01 цагийн үед очсон. Гэртээ орж ирээд хонио хураахгүй яасан юм мал чинь хотондоо байхгүй байна гээд миний уур хүрээд эхнэр хүүхдээ зодсон. Модон сандлаа эхнэр лүүгээ шидсэн эхнэрийг оноогүй хүүхдээ унтаж байхад нь босоод ир гээд өшиглөж, хоёр удаа шанаа руу нь алгадсан. Галын хутгуур төмрөөр нэг удаа хөл рүү нь цохиж зодсон...” гэх мэдүүлэг / хх-ийн 45-47 /
Хохирогч Ц.М ын мөрдөн байцаалтад өгсөн
... 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цагийн үед манай нөхөр гэрээсээ адуунд явлаа гээд *******, *******ын хамт мотоциклиор явсан,… шөнө 00 цаг 15 минутын үед Р. Мөнхбаатар гэх найзтайгаа согтуу гэртээ орж ирээд манай нөхөр над руу чи юутай юм гуйлгачин, чиний хөрөнгөтэй ирсэн чинь хаана байна хоосон ирчихээд гэж над руу дайрч сандал авч шидсэн. Орон дээрээс татаж унагаагаад зодсон ******* салгасан. Мөн М.Г нь өөрийн хүүхэд *******ыг хоноцын хүүхэд гээд толгой руу өшиглөж, нүүр лүү нь алгадаад хамраас нь цус гаргаад гэрээсээ чирч гаргахаар нь би гэртээ оруулж ирээд цусыг тогтоочихоод байж байтал дахин түлхэж унагаагаад хамрынх нь цусыг гаргаад хоноцын шээсээ аваад зайлаарай гээд шөнийн 03 цагийн үед унтсан. Би өглөө 7 цагийн үед хүүхдээ аваад саахалт айлынхруугаа очоод ээждээ утсаар хэлэхэд манай ээж цагдаа нар дагуулаад манайд ирсэн...гэх мэдүүлэг /06-07/
Насанд хүрээгүй хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... Би 2020 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө гэртээ унтаж байтал манай аав М.Г согтуу орж ирээд толгой руу өшиглөн сэрээгээд танай эмээ чинь адуугаа өгөхгүй байна гээд нүүр лүү алгадаж, галын төмрөөр миний гар луу цохиж, гэрээс шидэж гарган зодсон. Миний хамраас зөндөө цус гарсныг манай ээж, манай буюу Мөнхбаатар ах хоёр угааж өгсөн. Манай аав М.Г галын төмрөөр цохиод шарх, сорвитой болгосон. Манай аав, ээж хоёр урьд нь хэрүүл зодоон хийж байсан. Намайг урьд нь зодож байгаагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 54-56/,
Гэрч Н.Билэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн
... манай хүргэн М.Г нь манай гэрт ирээд адуугаа дэллээд адуугаа авч явна гэхээр нь би адуугаа өгч явуулахгүй гэсэн чинь гараад явсан. Тэгээд шөнө гэртээ очоод эхнэр хүүхдээ зодсон талаар манай охин Ц.М утсаар ярьсан тул Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай охин Ц.М нь өглөө саахалт айлындаа очоод утсаар ярихдаа нөхөртөө зодуулчихлаа хүүхдийн хамраас цус гараад тогтохгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 8-10, 50-52/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... ******* М.Г бид гурав адуу дэллэхээр нь М.Г ийн хадам ээжийнд очоод адуугаа өгч дэллүүлэхгүй гэхээр нь бид гурав М.Г ийн 19 тооны адууг дэллэсэн. Тэгээд бид гурав аймаг ороод *******ыг аймагт үлдээгээд М.Г бид хоёр аймгаас бензин аваад 21 цагийн үед гарсан самбартай хөтөл дээр Баянлиг сумын хоёр залуутай тааралдаад Ерөөл 0.5 грийн шилтэй архинаас гурав гурван удаа 100 гр-ийн аягаар уучихаад М. Ганхүлэгийн гэрт ороход эхнэр хүүхэд хоёр нь унтаж байсан. Тэгээд эхнэр нь сэрээд М.Г малаа хотлуулахгүй яасан гэтэл хонь чинь байгаа биз дээ гэж эхнэр нь уурласан. Тэгээд М.Г эхнэрээ орноос нь татаж босгоод нэг удаа алгадаж, нэг удаа цохихоор нь би дундуур нь ороод салгах гэтэл эхнэр нь гараас нь бултаад намайг хоёр удаа М.Г цохьсон, мөн хүүхдээ унтаж байхад татаж босгож нэг удаа алгадаж, нэг цохиод хамраас нь цус гаргасан. Би хүүхдийнх нь хамраас нь гарсан цусыг угааж өгөхөд хүүхдийн баруун талын нүд хөхөрсөн байсан, мөн хүүхдээ гэрээсээ гаргаж шидсэн би гаднаас хүүхдийг нь оруулж ирээд хүүхдийнх нь нүүрийг угааж өгсөн. Удалгүй хэрүүл намжаад бид хэд унтсан.. гэх мэдүүлэг / хх-ийн 13-14/
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... М.Г , ******* бид гурав хоёр мотоциклиор адуу дэллэхээр явцгаасан. М.Г ийн хадам ээжийнд ирээд хадам ээжийнхээ адууг дэллэлдээд өгье гэхэд ээж нь дургүйцээд байхаар нь М.Г бид хоёр явцгаасан. М.Г ийн 19 тооны адууг М.Г , ******* бид гурав дэллэчихээд аймаг ороод манай гэрт хоол цай идчихээд М.Г , Мөнхбаатар нар нь мотоциклио унаад хөдөө гэр лүүгээ явцгаасан тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 15/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн № 238 дугаар шинжээчийн
1. *******ийн биед тархи доргилт, баруун нүдний алим, зовхи, гуя, шуу зүүн өвдөгт цус хуралт, дух, доод эрүү, шуунд зулгаралт, баруун зовхи хацар, хамар, шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ... гэх дүгнэлт /хх-ийн 22-23/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн № 239 дугаар шинжээчийн
1. Ц.М ын биед тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... гэх дүгнэлт /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01-02/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24/, Эрүүгийн хэрэг нээж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 33-40/, эд хөрөнгөтэй эсэх лавалгаа /хх-ийн 77/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 63-70/, яллагдагч М.Г ийн хувийн байдлын талаарх 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 56 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 79/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/, иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 78/, депозит дансны хуулгууд /хх-ийн 72-75/, эд мөрийн баримтыг түр хураан авах тухай прокурорын тогтоол / хх-ийн 81-82, 84-85/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч М.Г нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч М.Г нь хохирогч Д. *******ийн биед ...тархи доргилт, баруун нүдний алим, зовхи, гуя, шуу зүүн өвдөгт цус хуралт, дух, доод эрүү, шуунд зулгаралт, баруун зовхи хацар, хамар , шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл..., хохирогч Ц.М ын биед ...тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт гэмтэл.. хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогч нарын биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.
Шүүгдэгч М.Г , хохирогч Ц.М , насанд хүрээгүй хохирогч ******* нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.
Иймд М.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.
Шүүгдэгч М.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Ц.М , насанд хүрээгүй хохирогч ******* нарт С.Отгонжаргалын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Г нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч М.Г нь хувьд ногдох хөрөнгөтэй, тодорхой орлоготой, түүний хувийн байдал, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан, прокурорын саналын хүрээнд шүүгдэгч М.Г ийг нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч М.Г ийн эзэмшлийн “..Iphone 5s маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч М.Г т буцаан олгож, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын төмөр 1 ширхэг, хуванцар сандал 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж шийдвэрлэв..
Шүүгдэгч М.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 34.5 дугаар зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт М.Г ийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Г ийг нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Г т оногдуулсан нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Г т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын төмөр 1 ширхэг, хуванцар сандал 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай.
7. Шүүгдэгч М.Г ийн эзэмшлийн ...Iphone 5s маркийн гар утас...ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч М.Г т буцаан олгосугай.
8. Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Г т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.