Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/215

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж

Шүүгдэгч Г.Т , түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Т д холбогдох  эрүүгийн 1814005650162  дугаартай хэргийг 2020 оны  05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн,  41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,  ам бүл 4, овогт Г.Т

Үйлдсэн хэргийн талаар

 

Шүүгдэгч Г.Т  нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг Хар овоо гэх газарт 2018 оны 09 дүгээр сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 612930 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 Шүүгдэгч Г.Т гийн мөрдөн байцаалтад өгсөн

 ...2018 оны 10 дугаар сарын эхээр би Бөмбөгөр сумаас 1 трактор хэд хоног ажлуулаадхъя гээд авч ирээд аймгийн Есөн- Эрдэнэ захын талбай дээрээс зүс таньдаг байсан Бямбаа тааралдаж уулзаад хэд хоног Өлзийт сумын нутагт очоод алтан дээр ажиллаад өгөөч гэж хэлсэн чинь тэрээр зөвшөөрсөн. Тухайн өдрөө трактороо өгөөд явуулсан чинь тэр өдрийнхөө орой нь тракторын шанага эвдэрсэн гээд хүрээд ирсэн. Тэгээд би Улаанбаатар хот руу тракторынх нь сэлбэг хэрэгслийг захисан чинь 2-3 хоногийн дараа ирээд түүнийг нь Бямбаад өгч явуулсан. Тэгээд тухайн газраа очоод ажиллах гэж байж байгаад Цагдаад баригдсан гэсэн. Би одоогоос 2 жилийн өмнө буюу 2018 онд Трактор түрээсэлнэ гэсэн зарын дагуу нэг хүнтэй холбогдсон чинь тэрээр өөрийгөө Бөмбөгөр сумынх гэж байсан. Тэгээд түүнээс тракторыг нь түрээслэхээр болж тэрээр трактороо, угаагч төхөөрөмжтэйгөө хамт явуулсан байсан. Уг техник хэрэгсэл нь эвдрээд сайн ашиглаж чадаагүй бөгөөд цагдаад баригдсаныхаа дараа нөгөө хүнд трактор эвдрээд, цагдаад баригдаад ажиллаж чадаагүй гээд цөөн хэдэн төгрөг өгөөд техник хэрэгслийг нь буцааж өгсөн.. гэх мэдүүлэг /хх-ийн  140/,

 

Хохирогч байгууллагын төлөөлөгч*******ын мөрдөн байцаалтад өгсөн

Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг “Хар овоо” гэх газар иргэд гар аргаар алт олборлож байсан эвдэгдсэн газар байсан.  Өлзийт сумын “Хар овоо” гэх газарт иргэд трактор авааччихсан ажиллаж байсан. Биднийг тухайн газарт очиход улаан шар өнгийн санагдаж байна унагалдай трактортой нэг хүн үйл ажиллагаа явуулаагүй зогсож байсан,...Тухайн газарт трактор ажилласан бололтой шороог түрээд, ухсан шинж тэмдэг харагдаж байсан.Миний хувьд байгаль экологид учруулсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тухайн үйл ажиллагааны улмаас байгаль экологид 612.930 төгрөгийн хохирол учирсан, нөхөн сэргээхэд 100.722 төгрөгийн зардал гарахаар тогтоосон байна. Тиймээс буруутай эттээдээс дээрх хохирол, зардлыг нэхэмжлэх болно.. гэх мэдүүлэг / хх-ийн 72-75/,

 

            Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

             ...2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зил 130 маркийн машинд унагалдай тракторыг ачаад би өөрийнхөө эзэмшлийн 47-78 УБЧ дугаартай делика маркийн машинд ойр зуурын идэж уух юм, түлш ачаад Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Хар овоо гэдэг газарт очсон.  Тэг газарт өмнө нь жижиг жижиг нүх ухчихсан газар байсан ба тэр нүхнүүдийг нь ухаж угааж эхэлсэн.   Ажиллаж байтал тракторын шанаганы пальц нь хугараад 3 хоног ажиллаагүй, Тэгээд сэлбэг пальц нь ирээд 4 хоног ажиллаад 500000 төгрөгийн алт ялгаж авсан. Тэр алтыг Галаа, Төмөртогоо хоёр зарж борлуулсан би хамт яваагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/,

 

Гэрч    *******ын мөрдөн байцаалтад өгсөн

“...Намайг очиход Өлзийт сумаас хүмүүс ирээд үйл ажиллагааг нь зогсоосон гээд тэнд байсан Ганбаатар гэх хүн ярьж байсан ба тухай ойр орчмын газрыг харахад ойр хавьд нь өмнө ухаж байсан гэх ганц нэг шрүп нүх харагдаж байсан. Тэнд нь жалга байсан ба жалгыг дагуулаад 100 орчим метр газрыг ухаад буцаагаад тэгшлээд явсан байсан трактор байгаа газраа 2 метр орчим газрыг ухсан байдалтай хажууд нь трактор нь зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85

 

Баянхонгор аймгийн *******-ны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын  02-ны өдрийн 1/07 дугаартай “...тухайн газар нутагт иргэд үйл ажиллагаа явуулахдаа нийт 14000м2 буюу 0.14 га талбайг эвдэж байгаль орчинд 612 930 төгрөгийн хохирол учруулсан байна… гэх дүгнэлт /хх-ийн 101/

 

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 285 дугаартай шинжээчийн “..эд зүйлийн нийт үнэ 1.700.000 төгрөгийн болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 133/,

 

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02 /, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 51/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,/ хх-ийн 52-53/, эд хөрөнгө битүүмжмлсэн прокурорын тогтоол / хх-ийн 65-66/, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо / хх-ийн 102-108/,шүүгдэгч Г.Т гийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн143/, шүүгдэгч Г.Т гийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 144/, шүүгдэгч Г.Т гийн депозит дансны хуулгууд / хх-ийн 146-149/, шүүгдэгч Г.Т гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 150/, тээврийн хэрэгслийн лавлагаа / хх-ийн 163-164/,зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

                                                                                                

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

 

            Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч  Г.Т  нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг Хар овоо гэх газарт 2018 оны 09 дүгээр сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 612930 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Г.Т гийн....тухайн газраа очоод ажиллаж байсан,…трактор түрээслүүлнэ гэсэн зарын дагуу  тракторыг нь түрээслэхээр болж тэрээр трактороо, угаагч төхөөрөмжтэйгөө хамт явуулсан байсан… гэх мэдүүлэг /хх-ийн  140/,

Хохирогч байгууллагын төлөөлөгч*******ын ... тухайн үйл ажиллагааны улмаас байгаль экологид 612.930 төгрөгийн хохирол учирсан, нөхөн сэргээхэд 100.722 төгрөгийн зардлыг  буруутай этгээдээс нэхэмжлэх болно.. гэх мэдүүлэг / хх-ийн 72-75/,

            Гэрч *******гийн ...тус газарт өмнө нь жижиг жижиг нүх ухчихсан газар байсан ба тэр нүхнүүдийг нь ухаж угааж эхэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/,

Гэрч    *******ын ....жалгыг дагуулаад 100 орчим метр газрыг ухаад буцаагаад тэгшлээд явсан байсан трактор байгаа газраа 2 метр орчим газрыг ухсан байдалтай хажууд нь трактор нь зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85

Нуман-Алтай ХХК-ны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын  02-ны өдрийн 1/07 дугаартай “...тухайн газар нутагт иргэд үйл ажиллагаа явуулахдаа нийт 14000м2 буюу 0.14 га талбайг эвдэж байгаль орчинд 612 930 төгрөгийн хохирол учруулсан байна… гэх дүгнэлт /хх-ийн 101/

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 285 дугаартай шинжээчийн “..эд зүйлийн нийт үнэ 1.700.000 төгрөгийн болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 133/ зэрэг хэйрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.Т  нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайlуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,…гэж,  4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.

 

Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч Г.Т  нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр  ашиг малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулсанд хамаарч байгаа юм.

 

Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал боловсруулалт явуулсан гэдэг ойлголтонд  ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах гэдэг ойлголт давхар багтаж байгаа төдийгүй, шүүгдэгчийг чулууг угааж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ашигт малтмал боловсруулалт байдлыг ашиглах олборлох, баяжуулах үйл ажиллагаа явуулсан гэж шүүх үзэж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

 

Шүүгдэгч Г.Т  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Шүүгдэгч Г.Т  нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Т гоос  талбайн нөхөн сэргээлтийн зардал 100.722, талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ 612.930  төгрөг нийт 713625 төгрөг гаргуулж,  Засгийн газрын тусгай сангийн Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгпэгч Г.Т гоос гэмт хэрэг үйлдэх ашигласан унагалдай тракторын үнэ 1.500.000 төгрөг, хуурай аргаар шороо угаагч төхөөрөмж үнэ 200.000 төгрөг нийт 1700000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт... Онлайн дистрибюшн ХХК ажилладаг, 600000 төгрөгийн цалин авдаг... мэдүүлсэн бөгөөд  гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох  713.625 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн хүсэлтээ бичгээр гаргасан байх тул 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлөхөөр тогтоов.

 

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Г.Т гийн эзэмшлийн... 64-65 БНХ улсын дугаартай Volkswagen toureg маркийн... тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хэвээр үлдээв. 

 

Шүүгдэгч Г.Т  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Т д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс Г.Т д үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Г.Т  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон бага насны хүүхдүүдэй,  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал,  шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал харгалзан үзэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Г.Т гийн гэмт үйлдэлдээ  ашигласан унагалдай тракторын үнэ 1.500.000, хуурай аргаар шороо угаагч төхөөрөмж зэргийг хурааж, улсын орлого болгож, битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн  3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Г.Т тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Т д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.Т  нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг  хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Г.Т  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Т д оногдуулсан тэнссэн, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-д зааснаар шүүгдэгч Г.Т гоос 612.930 төгрөг, талбайн нөхөн сэргээлтийн зардал 100.722, талбайд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 612.930 гаргуулж Засгийн газрын тусгай сангийн Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-т зааснаар Г.Т гоос гэмт хэрэг үйлдэх ашигласан унагалдай тракторын үнэ 1.500.000 төгрөг, хуурай аргаар шороо угаагч төхөөрөмж үнэ 200.000 төгрөг, нийт 1700000 төгрөгийг гаргуулж,  улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч Г.Т  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 713.625 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлөхөөр тогтоосугай.

9. Шүүгдэгч Г.Т гийн эзэмшлийн ...64-65 БНХ улсын дугаартай Volkswagen toureg маркийн.... тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

10. Шүүгдэгч Г.Т д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

11.Шүүгдэгч Г.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Т  хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.