Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 259

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б од холбогдох эрүүгийн 2014000000198 дугаартай хэ                   Ч.БАЙГАЛМААайсан болно.үйцэтгэх газарт ялтан Ц.Батхүлэгт холбогдох гүйцэтгэх хуудсыг өгч байсан боловч харъргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1.Монгол улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл4,

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийнс№69 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, овогт Д.Б

 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Д.Б  нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хэрсэн толгой” гэх газарт үйл ажиллагаа явуулах Эл ти ди ХХК-ны эзэмшлийн ус нөөцлөх 10 тонн төмөр ёмкос, 4 метрийн урттай 250 мм труба зэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ноос 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд учрах саадыг арилгах зорилгоор машин механизм болох 54-78 БНХ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

 Шүүгдэгч Д.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...2020 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө адуунд явахдаа тухайн ёнкосийн хаяавч хийсэн байсан шороог нь зэтгүүр төмрөөр холдуулаад өвөлжөөний хажууд хөшөөд урагш нь 40-50 метр газар жалга руу оруулж өнхрүүлээд орхисон. Тэгээд гэртээ хариад өөрийн эзэмшлийн машинаараа ачих гэтэл манай айлын хүн аваад явсан байсан тул Д.Бямбасүрэн ахынд очиж түүний эзэмшлийн цэнхэр өнгийн 86-53 БНА портер машиныг аваад нөгөө ёонкс дээрээ буцаад очсон очихдоо тайл буюу либотек тороос аваад явсан. Би 18 цагийн үед ганцаараа тухайн ёнкосыг нөгөө татлагаараа тайлдаад машинаа жалганд ухрааж зогсоогоод 2 шивлээр төмөр налуулж тавиад нарийхан тороосоор бүслүүрдээд гинжтэй тайлаараа оосорлоод машинаараа татаад гаргасан орой харанхуй болоогүй байсан 19 цагийн үед өвөлжөөн дээрээ авч очоод дүүгийн гаршид хийсэн. Ахынхаа машиныг 19 цаг өнгөрөөгөөд аваачиж өгсөн... Би уурхай эзэмшлийг уурхайн эд зүйл гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123 /,

 Хохирогч байгууллагын төлөөлөгч Н.Э ийн мөрдөн байцаалтад өгсөн

.. орой 19 цагийн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багт байх өөрийн “Эл ти ди” ХХК болох ил уурхайд ирсэн ирэх замдаа өөрийн уурхай эзэмшлийн эд зүйлийг шалгах үед уурхайд ашигладаг худгийн ус нөөцлөх ёнкос байхгүй байсан бусад эд зүйлийг бүрэн байгаа эсэхийг шалгаад уурхайн манаач Пүрэв дээр очоод манай ус нөөцлөх ёнкос алга байна гэж хэлээд хамгийн сүүлд хэзээ очсон  гэхэд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө очоод үзэхэд байсан гэж хэлсэн, Манай ёнкос буюу ус нөөцлөх сав 10 тонны сав байгаа, 2019 оны 07 дугаар сард 2 000 000 төгрөгөөр авч байсан шинэ сав байсан, бас 4 метрийн урттай 250 мм труба алга болсон тэр нь 150 000 төгрөгөөр тус тус үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45, 48-49 /,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн

 ... Д.Б  нь миний эзэмшлийн 86-53 БНХ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн машины юманд явчихаад ирье гэж авч яваад тэр өдрийнхөө шөнө 23 цагийн үед авчирч өгсөн, ... үнэлгээтэй танилцлаа үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,

 

Гэрч Ч.Пүрэвийн мөрдөн байцаалтад өгсөн

...”Эл ти Ди” ХХК нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд байрлах уурхайд 2019 оны 11 дүгээр сараас хойш манаачаар ажил хийсэн. Энэ хугацаанд миний байрлаж байх газраас 3 км орчим газарт байсан худгийн ёнкос алга болсон. Би 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр очиж үзэхэд байсан. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр  очиж үзээгүй. Харин  2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр уурхайн дарга ирээд ёнкос алга байна гэхээр нь очиж үзэхэд алга болсон байсан. Тэр ёнкосыг өдрийн цагаар бол аваагүй 2020 оны 04 дүгээр сарын 08-ны шөнө сартай байсан тэгэхэд авсан байх. Нэг өдөр бензингүй болчихоод очиж үзээгүй. Тухайн үед дарга нараасаа айгаад  очиж үзэхэд байхгүй байсан гээд хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,

 

Гэрч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтад өгсөн

...Би 2020 оны 04 дүгээр сард би адуугаа хайгаад “Хэрсэн толгой” дээр гараад Галуутаас мал хайж явж байгаа гээд 2 бандитай тааралдаад сууж байтал доороос нэг хүн шүгэлдээд байхаар нь нөгөө 2 бандийн хамт яваад очтол Д.Б  адуу чинь эндээс ус уух гэж ирсэн үү би ёнксоо аваад явлаа, намар та нар энэ хавиар бууна гэж байхгүй гээд 5 литр бензин хийгээд өгье эрлийн улсууд байна гэж хэлээд энэ ёнксийг өргөөд өгчих гэхээр нь нөгөө банди нарын хамт гурвуулаа ёнксыг түлхэж үзэхэд  бид нар даахгүй юм байна гээд яваад өгсөн. 2019 оны намар 10 дугаар сард манай хоёр хэрүүл хийсэн манайх болон тэр хавын айлууд ёнкосыг бараадаад устай гээд намаржсан тэгтэл Д.Б  манай өвөлжөө гээд мал хөөгөөд хэрүүл үүсгэсэн. Ёнкосыг хуучин сууринаас механик татлагаар татаад бөндөгдүүлээд хаясан байсан, тухайн үед 17 цаг өнгөрч байсан гэгээтэй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 70/,

 

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №230 дугаар шинжээчийн...хулгайд алдагдсан гэх эд зүйлийн зах зээлийн үнэ ханш нь нийт 2.150.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...гэх  дүгнэлт /хх-ийн 90-91 /

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №295 дугаар шинжээчийн...тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ ханш нь нийт 1000000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...гэх  дүгнэлт /хх-ийн 93-94 /

            Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, / хх-ийн 111-112/, гэмт хэргийн  талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 3/, Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 138/, Эл Ти Ди ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хавсралт / хх-ийн 16-30/,  шүүгдэгч Д.Б ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах / хх-ийн 126/, 2005 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 69 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 128/, дипозит дансны хуулгууд / хх-ийн 130-134/, шүүгдэгч Д.Б ын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн136/, шүүгдэгч Д.Б ын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 138/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

 Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар  бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

 

          Шүүгдэгч Д.Б  нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хэрсэн толгой гэх газарт үйл ажиллагаа явуулах Эл ти ди ХХК-ны эзэмшлийн ус нөөцлөх 10 тонн төмөр ёмкос, 4 метрийн урттай 250 мм труба зэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-ны өдрийн хооронд учрах саадыг арилгах зорилгоор машин механизм болох 54-78 БНХ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

            Шүүгдэгч Д.Б ын.... би ганцаараа тухайн ёнкосыг нөгөө татлагаараа тайлдаад машинаа жалганд ухрааж зогсоогоод 2 шивлээр төмөр налуулж тавиад нарийхан тороосоор бүслүүрдээд гинжтэй тайлаараа оосорлоод машинаараа татаад гаргасан, … өвөлжөөн дээрээ авч очоод дүүгийн гаршид хийсэн,…уурхай эзэмшлийг уурхайн эд зүйл гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123 /,

 Хохирогч байгууллагын төлөөлөгч Н.Э ийн... орой 19 цагийн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багт байх өөрийн Эл ти ди ХХК болох ил уурхайд ирсэн ирэх замдаа өөрийн уурхай эзэмшлийн эд зүйлийг шалгах үед уурхайд ашигладаг худгийн ус нөөцлөх ёмкос байхгүй байсан,…ёнкос буюу ус нөөцлөх сав 10 тонны сав байгаа, 2 000 000 төгрөгөөр авч байсан шинэ сав, 4 метрийн урттай 250 мм труба алга болсон тэр нь 150 000 төгрөгөөр тус тус үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45, 48 /,

Иргэний нэхэмжлэгч Д.Бямбасүрэнгийн ... Д.Б  нь миний эзэмшлийн 86-53 БНХ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн машины юманд явчихаад ирье гэж авч яваад тэр өдрийнхөө шөнө 23 цагийн үед авчирч өгсөн….гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,

Гэрч Ч.Пүрэвийн ... манаачаар ажил хийсэн энэ хугацаанд миний байрлаж байх газраас 3 км орчим газарт байсан худгийн ёмкос алга, нэг өдөр бензингүй болчихоод 04 дүгээр сарын 08-ны өдөр очиж үзээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,

Гэрч    Б.Баяртогтохын .... Д.Б  манай өвөлжөө гээд мал хөөгөөд хэрүүл үүсгэсэн. Ёнкосыг хуучин сууринаас механик татлагаар татаад бөндөгдүүлээд хаясан байсан,...тухайн үед 17 цаг өнгөрч байсан гэгээтэй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 70/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн № 230 дугаар шинжээчийн...хулгайд алдагдсан гэх эд зүйлийн зах зээлийн үнэ ханш нь нийт 2.150.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон... гэх дүгнэлт /хх-ийн 90-91 /

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №295 дугаар шинжээчийн...тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ ханш нь нийт 1000000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...гэх  дүгнэлт /хх-ийн 93-94 / зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Шүүгдэгч Д.Б  нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хэрсэн толгой гэх газарт үйл ажиллагаа явуулах Эл ти ди ХХК-ны эзэмшлийн ус нөөцлөх 10 тонн төмөр ёмкос, 4 метрийн урттай 250 мм труба зэргийг  хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч бусдын  эзэмшлийн 54-78 БНХ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан  ачиж яван хохирогч Н.Э д 2150000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Д.Б  нь дээрх үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Шүүгдэгч Д.Б  нь шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч байгууллагын төлөөлөгч Н.Э , иргэний нэхэмжлэгч Д.Бямбасүрэн, гэрч Ч.Пүрэв, Б.Баяртогтох, нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч Д.Б  нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Д.Б   нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн  бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Б  нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б  нь ёнкос буюу ус нөөцлөх сав 10 тонны савыг 54-78 БНХ улсын дугаартай портер маркийн автомашинд ачин тээвэрлэсэн болох нь тогтоогдсон бөгөөд 10 тн савыг нэг хүн ганцаараа нэг дор өргөж, авч явах, зөөвөрлөх боломжгүй учир шүүгдэгчийг хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор автомашин /машин механизм/ ашиглаж үйлдсэн байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Б  нь  хулгайд алдагдсан “Эл ти ди” ХХК-ны эзэмшлийн ус нөөцлөх сав ёмкосыг хохирогч байгууллагын төлөөлөгч Н.Э д  буцааж өгсөн, харин 4 метрийн урттай 250 мм турбаг нэхэмжлэхгүй талаар илэрхийлсэн байх тул     шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

 

Хохирогч байгууллагын төлөөлөгч Н.Э  нь “ шүүгдэгч Д.Б  нь учруулсан хохирлоо барагдуулсан тул гомдолгүй” тухай мэдүүлэг өгсөн, тодорхойлолт гаргасан  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  54-78 БНХ улсын дугаартай портер маркийн автомашин нь Д.Бямбасүрэнгийн  эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдожбайх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар автомашины үнэ болох 1000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэв.

 

Харин хохирогч байгууллагын төлөөлөгч Н.Энхөр нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал  буюу шинжээчийн дүгнэлт гаргуулсан 50000 төгрөг, Баянхонгор аймагт ирж, буцах замын зардал 230000 төгрөг нийт 280000 төгрөгөө цаашид нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдав. 

 

 Шүүгдэгч Д.Б ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрсдийн сайн дураар төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байгаа, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Б од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хуульд заасан хорих ялаас хөнгөн хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх үзлээ.

 

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Д.Б ын эзэмшлийн ... 86-53 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Д.Б од буцаан олгож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гинжин механик татлага 1 ширхэг, лоом 1 ширхэг, 1 метрийн урттай хавтгай 1 ширхэг, труба 1 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар даалгаж,шүүгдэгч Д.Б  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж,  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  54-78 БНХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч Д.Бямбасүрэнд буцаан олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Д.Б ыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Б ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Д.Б од оногдуулсан 1 жилийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-т зааснаар шүүгдэгч Д.Б ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн үнэ болох 1.000.000 төгрөгийг гаргуулж , улсын орлого болгосугай.

5.  Шүүгдэгч Д.Б ын эзэмшлийн ...86-53 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл...ийг, иргэний нэхэмжлэгч Д.Бямбасүрэнгийн эзэмшлийн ...54-78 БНХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч Д.Бямбасүрэн, шүүгдэгч Д.Б  нарт тус тус  буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гинжин механик татлага 1 ширхэг, лоом 1 ширхэг, 1 метрийн урттай хавтгай 1 ширхэг, труба 1 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар даалгасугай.

7. Хохирогч байгууллагын төлөөлөгч Н.Э  нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн дүгнэлт гаргуулсан 50.000 төгрөг, ирж буцсан замын зардал 230.000 төгрөг, нийт 280000 төгрөгөө цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.Шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

       9. Шүүгдэгч Д.Б од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн  эдлэх ялыг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.