Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 181/2016/00036/и |
Дугаар | 00362 |
Огноо | 2017-01-31 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 00362
2017 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 181/ШШ2017/00362 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо,6 дугаар хороолол, Бага тойруу 30 дугаар байр 20 тоотод оршин суух, Хатигин овогт Жамсрангийн Оюунгэрэлийн /РД:ЧМ56042306/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай иргэний хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү өмгөөлөгч Э.Түвшинбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 02 дугаар сарын 01-ний өдрийн 37 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн шүүхийн 267 тоот магадлал, хяналтын шатны шүүхийн 283 тоот тогтоолтой иргэн Б.Энхбатын үйлдсэн гэмт хэрэгтэй холбоотойгоор улсад учруулсан хохирлыг арилгуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Чингэлтэй дүүргийн 175 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Сэржав нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахгүй байгаа нь иргэн Ж.Оюунгэрэлийн хууль ёсны эрх ашгийг удаа дараа зөрчөөд байна.
Монгол улсын Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 “Шүүхэд эд хөрөнгө хураах ял оногдуулахдаа хураах эд зүйл, эд хөрөнгийг шийтгэх тогтоолдоо нэг бүрчлэн заана” гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 37 тоот шийтгэх тогтоолд 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолоор Б.Энхбатын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 20 тоот орон сууц Ү-2202002525 түүнд ногдох хэсэг гэж Б.Энхбатыг үл хөдлөх хөрөнгөтэй мэтээр тодорхойлон заажээ.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 8/3277 тоот албан бичгээр улсын мөрдөн байцаах газрын 2007 оны 10/5-5572 тоот албан бичигт дурдсан иргэн Б.Энхбатын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд байхгүй тухай албан бичгээс үзэхэд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Энхбатын өмчлөлийн зүйл биш болох нь тогтоогдож байна.
Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо, 30 дугаар байрны 20 тоот орон сууцыг иргэн Ж.Оюунгэрэл нь 2006 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1132 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээний дагуу иргэн Б.Энхтуяагаас хууль ёсны дагуу өмчлөлдөө авсан болох нь тус гэрээгээр нотлогдож байна.
Монгол улсын Иргэний хуулинд гэр бүлийн дундын эд хөрөнгө, гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгийг тодорхой зааснаас үзэхэд Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 Гэр бүлийн гишүүний дараах хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөнд хамаарна мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2 –т өв бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх гэж заажээ.
Иргэн Ж.Оюунгэрэл нь тухайн хуваарьт эд хөрөнгөө ямар нэг байдлаар гэр бүлийн дундын эд хөрөнгөнд шилжүүлэх тухай тохиролцсон зүйл байдаггүй бөгөөд өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрх нь нээлттэй байна.
Гэтэл түүний нөхөр Б.Энхбатын үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан түүний хуваарьт хөрөнгийг битүүмжлэн түүнээс Б.Энхбатад ногдох хэсгийг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж байгаа нь Монгол улсын Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэгтэй нь холбогдуулан түүний гэр бүлийн бусад гишүүдийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа Б.Сэржав шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуулийн дагуу хийгдэхгүй байгааг таны сонорт хүргэж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанд хяналт тавих, хүчингүй болгох эрх хуулиар танд олгогдсон байх тул иргэн Б.Энхбатын үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан иргэн Ж.Оюунгэрэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 3 дугаар байрны 20 тоот орон сууцыг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Сэржавын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гаргасан Ж.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолд заасан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 20 тоот /гэрчилгээний дугаар Ү-2202002525/ орон сууц нт гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө биш учраас тухайн байрны Б.Энхбатад ногдох хэсгээс төлбөрийг гаргуулах үндэслэлгүй гэсэн утгатай байна.
Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийн эрх болон гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэх талаар Иргэний хуульд заасан бөгөөд Б.Энхбат, Ж.Оюунгэрэл нар нь 1984 онд гэр бүлээ батлуулж хамтран амьдарч байсан ба энэ хугацаанд гэр бүлээ цуцлуулсан хамтран өмчлөх дундын өмчлөлийн ногдох хэсгээ тодорхойлуулж шүүхээр шийдвэрлэсэн тухай нотлох баримт байхгүй байх тул шүүхийн шийдвэрийн дагуу дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн ногдох хэсгээс төлбөр гаргуулахаар заасан заалтыг биелүүлэхээр хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Оюунгэрэл нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 37 шийтгэх тогтоол, Нийслэлийн шүүхийн 2010 ооны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 267 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 283 дугаар тогтоолоор Базарын Энхбатаас Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 20 тоот орон сууцнаас түүнд оногдох хэсэг, Thomson маркийн 14 инчийн зурагт радио, Эрдэнэт хивс, Sharp маркийн хөргөгчийг улсын орлогод 4,564,274.649 төгрөгийг гаргуулж Монголын Үндэсний музейд олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөдөр болсон байна.
2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 182 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийтгэх тогтоол болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” үүсгэжээ. /15-19, 21 дүгээр талууд/
Хариуцагч нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Ж.Оюунгэрэлийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 175/160323 тоот тогтоолоор хураажээ./хх-ийн 42-44 дүгээр талууд/
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 20 тоот /гэрчилгээний дугаар Ү-2202002525/ орон сууцыг 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл”-д Ж.Оюунгэрэл, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 175/160323 тоот “Эд хөрөнгө хураах тогтоол”-д Б.Энхбат нар гарын үсэг зурсан байх бөгөөд, тухайн ажиллагаатай холбоотой гомдлыг хэн аль нь зохих болон дээд шатны байгууллагад гаргаагүй болох нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар, хавтас хэргт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна./хх-ийн 20 дугаар тал/
Чингэлтэй дүүргийн шүүхийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 37 шийтгэх тогтоол, Нийслэлийн шүүхийн 2010 ооны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 267 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 283 дугаар тогтоолоор Базарын Энхбатаас Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 20 тоот орон сууцнаас түүнд оногдох хэсэг, Thomson маркийн 14 инчийн зурагт радио, Эрдэнэт хивс, Sharp маркийн хөргөгчийг улсын орлогод ,4,564,274.649 төгрөгийг гаргуулж Монголын Үндэсний музейд олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4.,12 дугаар зүйлийн 12.1, 34 дүгээр зүйлийн 34.3., 36 дугаар зүйлийн 36.1., 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шаардлагатай нийцэж, шүүхийн шийтгэх тогтоолын дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Ж.Оюунгэрэлийн эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч шүүх хуралдааны товыг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүх хуралдааны товыг танилцаж гарын үсэг зурсан боловч, шүүгчийн эрүүл мэндийн асуудлаас товлогдсон хуралд хойшлогдсон зохигчдод шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэх талаар шүүгчийн туслах тэмдэглэл хөтлөн хавтас хэрэгт авагдсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан Ж.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад холбогдох үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай..
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай” тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 04475 дугаартай захирамж хэвээр байхыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ