Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01661

 

Ц.Солонгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

     Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

         2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/01247 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1329 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Ц.С

         Хариуцагч: Б.О

         Гуравдагч этгээд: Б.Б

         22,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Б, өмгөөлөгч Н.Т, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О 2014-09-29-ний өдөр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 6/1 байр, 9 тоот, байрыг барьцаалан 6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй 20 сая төгрөг зээлсэн. Үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд  алданги төлөхөөр тохиролцсон. Б.Оын хүсэлтээр 2015-03- 30-наас 2016-12-30-ныг хүртэл 9 сараар, дахин 2016-05-29-нийг хүртэл 5 сараар 2 удаа сунгасан болно. Энэ хугацаанд гэрээний дагуу 20 сарын хүү 18сая төгрөг төлөх ёстойгоос 17,310,000 төгрөг төлсөн. Одоо 690,000 төгрөг төлөгдөөгүй. Мөнгөө нэхэхээр удахгүй өгнө гэсээр гэрээний хугацаа дуусаад 8 cap өнгөрсөн. Иймд Б.Оаас үндсэн зээл 20сая төгрөг, алданги 10 сая төгрөг, хүү 690,000 төгрөг, нийт 30,690,000 төгрөг шаардсан ч үндсэн зээл 20 сая төгрөг, хүү 2,450,000 төгрөг нийт 22,450,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 9 сард Б.От найз Б.Б нь “...Ц.Сос 20сая төгрөг зээлж байгаа, өөрийн байрыг барьцаалах гэсэн боловч 8 хувийн зээлтэй тул болохгүй байна.. байраа барьцаалаад өгөөч..” гэж хүссэн. Б.О  өөрийн өмчлөлийн  2 өрөө орон сууцыг барьцаалахыг зөвшөөрсөн. Гэтэл Ц.С нь  зээлийн гэрээг зөвхөн  өмчлөгчтэй байгуулах санал тавьсан.Иймд 2014-09-29-ний өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, нотариатаар батлуулан, 20сая төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 4.5 хувийн хүүтэй авч, Б.Бад өгсөн. Зээлийн төлбөрийг cap бүр Б.Б өөрөө, түүний аав Т.Бат-Эрдэнэ, ээж Г.Сэлэнгэ, эсхүл Б.Оаар дамжуулан төлж байсан. Энэ хугацаанд Ц.Солонгын зүгээс удаа дараа утсаар холбогдож “...Б.Бын төлсөн төлбөрийг зээлийн гэрээний хүүд авч байгаа, зээлийн гэрээний хугацаа дууссан тул сунгах шаардлагатай байна..” гээд 2015-03-30., 2016-01-04-ний өдрийн огноо бүхий бичгийг нэг өдөр буюу 2016-01- 04-ний өдөр Б.Оын ажил дээр ирж гарын үсэг зуруулан авсан. Гэрээний нэмэлт нь нотариатаар батлагдаагүй, нөхөж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Харин Б.Бын зүгээс төлж байгаа мөнгийг зөвхөн хүү, алданги гэж тооцон аваад зээлээс огт хасалт хийгээгүй. Одоогийн байдлаар 25,450,000 төгрөг төлөгдсөн байна.  Гэрээний хугацаа дууссан 2016-03-30-ны өдрөөс хойш талууд бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Гэрээний сунгалт гэх бичгэнд хүү болон алдангийг талаар заагаагүй. 20сая төгрөг болон гэрээний хүү 5,4сая  төгрөг төлөхөөс  25,450,000 төгрөг  төлсөн тул  нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ тайлбартаа:  Хариуцагчийг дэмжин оролцож байна. Зээлийн мөнгө 20 сая төгрөг шууд бэлэн аваагүй ч Б.Б шууд болон шууд бусаар авч хэрэглэсэн. Төлөлтийг Б.Б болон түүний эцэг, эх төлж байсан. Ц.С нь Б.Отай уулзаж, зээлийн гэрээний хугацаа сунгахдаа Б.Бад мэдэгдээгүй. Зээлийг Б.Б авсан гэдгийг Ц.С мэдэж байсан.Зээлд  нийт 25,450,000 төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/01247 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Б.Оаас 12,550,000 төгрөг гаргуулан Ц.Сд олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,9сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан, нэхэмжлэгчээс төлсөн 311,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Оаас 215,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1329 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/01247 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 12 550 000 төгрөг” гэснийг “...8 050 000 төгрөг” гэж, “...9 900 000 төгрөг” гэснийг “...14 400 000 төгрөг” гэж, 2 дахь заалтын “...215 750” гэснийг “...143 750” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын  гомдолдоо: Гэрээний хугацаа 2015-12-30-ны өдөр дууссан ба энэ үед нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантай явж байгаад он гараад 3 хоногийн дараа буюу 2016-01-04-ний өдөр талууд уулзаж гэрээг сунгасан байдаг. Энэ нь талуудын өөрсдийн хүсэл зоригийн асуудал бөгөөд харилцан тохиролцож гэрээний хугацааг дахин сунгасан нь хуульд нийцэж байхад давж заалдах шатны шүүх “...хугацааг заавал  сүүлийн өдөр сунгах ёстой...” мэт дүгнэсэн нь үндэслэлгүй. Талууд гэрээний хугацаа дууссан өдөр болон түүнээс хойш тодорхой хугацааны дараа төлбөр тооцоог дүгнэн, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах, эсхүл зээлийн гэрээг дахин үргэлжлүүлэн хугацаа зааж сунгах эсэх асуудлыг өөрсдийн хүсэл зоригоор шийдвэрлэх эрхтэй  Иймд  магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тал хяналтын гомдолдоо: Б.От Б.Б цэцэрлэг ажиллуулах санал тавьж “...Ц.С гэдэг хүнээс 20 сая төгрөг зээлж байгаа, би өөрийнхөө байрыг барьцаалах гэсэн боловч 8 хувийн зээлтэй тул болохгүй байна. Чи байраа барьцаалаад өгөөч.” Гэсэн тул  өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13-р хороололд байрлах 2 өрөө орон сууцаа барьцаалахыг зөвшөөрсөн. Гэтэл Ц.С зээлийн гэрээг зөвхөн өмчлөгчтэй  байгуулах санал тавьсан. 2014-09-29-ний өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, нотариатаар батлуулан, 20 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 4.5%-ийн хүүтэйгээр авч, Б.Бад өгсөн, Б.О Ц.Сос 20 сая төгрөг зээлээгүй. Б.Б нийт 25,450,000 төгрөг буцааж төлсөн байна. Гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2016 -03- 30-ны өдрөөс хойш талууд бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд Б.Б төлбөрийг төлсөөр байсан.  “Зээлийн гэрээний сунгалт” гэх 2015-03- 30-ны өдөр болон 2016-01- 04-ний өдрийн огноо бүхий бичгийг 2016-01- 04-ний өдөр Б.Оын ажил дээр ирж гарын үсэг зуруулан авсан. Уг “Зээлийн гэрээний нэмэлт” нь нотариатаар батлуулаагүй, нөхөж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Өөрөөр хэлбэл, Ц.С нь  хэн зээл авч, зээлийн төлбөрийг хэн төлж байгааг мэдэж, зээлийн эргэн төлөлтийн талаар хариуцагч мэдээлэлгүй байгааг ашиглан гарын үсэг зуруулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх “...зээлийн гэрээний сунгалтууд нэг цаг мөчид зурагдсан эсэхийг тодруулах зорилгоор шинжээч томилсон боловч шинжээчийн дүгнэлтээр нэг цаг мөчид зурагдсан эсэхийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлтийг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний сунгалтуудыг нэг өдөр зурагдаагүй гэж дүгнэлт гаргаагүй, харин дүгнэлт гаргах боломжгүй байсан юм. Давж заалдах шатны шүүх “...2016-01-04-ний өдрөөс 2016-05-29-ний өдөр хүртэл сунгасан гэх гэрээ болон хүсэлт нь гэрээний хугацаа дууссаны дараа хийгдсэн байх тул талуудын хооронд байгуулсан буюу 2014-09- 29-ний өдрийн гэрээг сунгасан гэж үзэхгүй.” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа “Зээлийн гэрээний сунгалт” гэх нь 2015-03- 30-ны өдрийн баримтыг мөн л 2016-01-04-ний өдөр Б.Оаар гарын үсэг зуруулан авсан байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна. Б.Б төлбөрт нийт 25,450,000 төгрөг төлсөн байхад 2 шатны шүүх  хожим нөхөж хийсэн баримтыг үндэслэн дахин 8,050,000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Ц.С Б.От холбогдуулан 2017-01-24-ны өдөр нэхэмжлэл гаргаж, үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 2,450,000 төгрөг нийт 22,450,000 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрсөн байна.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 12,550,000 төгрөгийн шаардлагыг хангахдаа  “...зээлийн гэрээг 2014-09-29-с 2015-03-30-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай байгуулж... гэрээг 2015-03-30-ны өдөр болон 2016-01-04-ний өдөр тус тус сунгасан байна... 19 сар 25 хоногийн хүү 17,850,000 төгрөг, үндсэн зээл 20,000,000 төгрөг нийт 37,850,000 төгрөгөөс төлөгдсөн 25,450,000 төгрөгийг хасна...” гэжээ. 

       Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 8,050,000 төгрөг гаргуулахдаа “...талууд 2014-09-29-ний өдрийн зээлийн гэрээг 2015-03-30-ны өдрөөс 6 сарын хугацаагаар сунгасан байх тул 15 сарын хүү 13,500,000 төгрөг, үндсэн зээл 20,000,000 төгрөг  нийт 33,500,000 төгрөгөөс төлөгдсөн мөнгийг хасаж үлдэх мөнгийг нэхэмжлэгчид олгоно ...харин 2016-01-04-ний өдөр гэрээг сунгасан гэж үзэх боломжгүй...” гэсэн дүгнэлт хийсэн  байна.

       Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч “...талууд гэрээг 2 удаа сунгасан байхад шүүх нэг сунгалтын хугацаагаар хүү тооцсон нь буруу...” гэж, харин хариуцагч “... гэрээг сунгасан гэж үзэх үндэслэлгүй...” гэж маргасан байв. 

       Зохигч нарын гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       1. Ц.С нь Б.Отай 2014-09-29-ний өдөр СБД-151 дугаартай зээлийн гэрээ байгуулж /хх 3/ 20,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлсэн бөгөөд гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний үүргийн биелэлтийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй байна.

       20,000,000 төгрөгийг Б.О /хх 4/ хүлээн авсан учир зээлдүүлэгч үүргээ биелүүлсэн гэж үзнэ. 

       Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлийг буцааж төлөөгүй нь тогтоогдсон тул шүүх зээлдэгчээс үндсэн зээлийн төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.   

       2. Ц.С нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг 2015-03-30-ны өдөр болон 2016-01-04-ний өдөр тус тус сунгасан гэж маргажээ.

       Хэргийн 6 дугаар талд буй баримтаар 2014-09-29-ний өдрийн гэрээг 2015-03-30-ны өдрөөс 2015-12-30-ны өдөр хүртэл 9 сарын хугацаагаар зээлдэгчийн хүсэлтээр сунгасан нь  тогтоогдсон байна.      

       Иймд давж заалдах шатны шүүхээс хариуцагч мөнгийг 2014-09-29-ний өдрөөс 2015-12-30-ны өдөр хүртэл нийт 15 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлсэн, үндсэн зээлийн хүүд 13,500,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281, 72, 198, 199-р зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ.

       Харин 2016-01-04-ний өдөр талууд гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Хэргийн 5 дугаар талд буй баримтад “...2016-01-04-ний өдөр хүртэл зээлийн гэрээ сунгуулсан нь үнэн болно... Ямар ч байсан зээлийн гэрээгээ 2016-05-29-ний өдөр сунгуулан өр зээлээ барагдуулах бодолтой байгааг минь харгалзан үзнэ үү...” гэжээ.        Гэрээг тайлбарлахдаа гэрээний шууд утгыг анхаарна. Дурдсан баримтад зээлийн гэрээг ямар хугацаагаар сунгах нь тодорхойгүй байгаагаас гадна уг хүсэлтийн дагуу байгуулсан гэх 2016-01-04-ний гэрээнд хугацааг “...зургаан сар, есөн сар ...таван сар...” гэж тодорхойлсон байх тул уг баримт нь нэхэмжлэлийг нотлохгүй байна.   

       Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах баримт хэрэгт байхгүй тул  нэхэмжлэгч болон хариуцагчийн гомдлыг хангахгүй  орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1329 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагч нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай. 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 215,750 төгрөг, хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 143,750 төгрөгийг тус тус улсын орлогод оруулсугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                   Б.УНДРАХ