Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 437

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч ХУД ИТХТ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, О.Б, хариуцагч Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгч Ц.Э-ын өмгөөлөгч Ц.Э нарыг оролцуулан ...  нэхэмжлэлтэй, Хан ...  холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: ХУД 5 хороо

Нэхэмжлэгч: ХУД 6 хороо

Хариуцагч: ХУД ИТХТ

Хариуцагч: ХУД 6 дугаар хорооны ИНХ

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 5, 6-р хороонд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг актын дагуу 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, уг илт хууль бус Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаанаас батлан гаргасан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, мөн Тооллогын комиссын баталсан “Санал хураасан дүнгийн тухай” 01, 02, 03 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хан-уул дүүргийн 5, 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн а/06 дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 1-д “Хан-Уул дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг хавсралтаар баталсугай ...” гэж, хавсралтаар хороодын иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг баталсан байна.

Хорооны иргэдийн Нийтийн Хурал нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага ба Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно ...” гэх заалтаас үзэхэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Хорооны иргэдийн Нийтийн Хурал”-ын үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэх ямар ч хууль зүйн үндэслэлгүй ба дээрх байгууллагууд нь бие биедээ хамааралгүй нутгийн өөрөө удирдах байгууллага юм.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид ... зарлан хуралдуулна” гэх зохицуулалтаас үзэхэд Анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах эрх нь Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид"-ийн бүрэн эрхэд хамрагдах асуудал байна.

Мөн Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт заасан “Хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх" гэх заалтын дагуу хурлыг зохион байгуулах, хурлыг хэзээ товлон хуралдуулах эрхүүд нь Хорооны нийтийн Хуралд, түүний чөлөө цагт Хурлын Тэргүүлэгчдэд олгогдсон байдаг.

Гэтэл Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын хавсралтаар 5, 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг товлосон өдөр, товлосон цагт хуралдуулах хуваарийг баталсан” нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан Анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах эрх, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт заасан “хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх" эрхэд тус тус бүдүүлгээр халдсан.

2. Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус тус хуралдаж хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд тус хурлаас батлан гаргасан тогтоол шийдвэрүүд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг хурлыг болон уг хуралдааны шийдвэрүүдийг хүчингүй болгосон шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэр огт гараагүй болно.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дээрх тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт дурдсан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад гаргасан илт хууль бус захиргааны акт байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын хавсралтын 11, 12-т заасан 5, 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан хуралдах хуваарь баталсан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү. 

Мөн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын дагуу, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт шийдвэрлэх тухай” 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 128/Ш32018/1855 дугаар шүүгчийн захирамжийг зөрчин 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаанаас батлан гаргасан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, “Хурлын  даргыг  сонгох  тухай”  02  дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох 

тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, мөн Тооллогын комиссын баталсан “Санал хураасан дүнгийн тухай” 01, 02, 03 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид Анхдугаар хуралдааныг зарлаагүй тохиолдолд хүчингүй гэж тооцох заалт байхгүй бөгөөд хуралдаанын хүчин төгөлдөр талаар 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт 20-30 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд Хурлыг хүчинтэйд тооцно гэж заасан заалт байдаг юм. Энэ заалтын дагуу 6 дугаар хорооны 1945 өрхөөс 66 иргэн хүрэлцэн ирэхээс 252 иргэн хүрэлцэн ирсэн тул хуулийн дагуу хүчин төгөлдөр хуралдаан юм.

Мөн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан 5 болон 6 дугаар хороодын хуралдаанд огт оролцоогүй болон тус хороонд оршин суудаггүй иргэдийн бүртгэл байдаг. Иймд иргэдийн Нийтийн Хуралдааны талаар хуурамчаар нотлох баримт гарган өгсөн нь уг хуралдааныг хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хуралдаан гэж үзэхэд эргэлзээтэй байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Тус хорооны иргэдийн Нийтийн Хурал хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн самбаруудад хуралдааны товыг мэдэгдсэний дагуу тус хорооны иргэд хуралдаж өөрсдийн саналаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга болон хорооны Засаг даргаа сонгосон. Иргэд өөрсдийн саналаар санал хурааж сонгосон атал дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус хорооны иргэдийн Нийтийн хурлын Тэргүүлэгч болон Хурлын даргыг сонгон хууль зөрчсөн мэтээр дурдсан нь үндэслэлгүй юм.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт хорооны иргэдийн Нийтийн Хуралд тухайн хорооны  20-30 өрх тутмаас  нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд Хурлыг хүчинтэйд 

тооцно гэж заасны дагуу тус хорооны 1945 өрхөөс 66 хүн хүрэлцэн ирэхээс 252 иргэн хүрэлцэн ирсэн тул хүчин төгөлдөр хуралдаан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хан-уул дүүргийн 5, 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын хавсралтын 11, 12-т заасан 5, 6 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт, мөн оны 06 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчийг солих, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах хүсэлт, мөн оны 06 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийг солих, зарим хүсэлтээсээ татгалзах, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлтийг тус тус гаргаж байсан бөгөөд шүүх эцсийн байдлаар “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 11, 12-т заасан 5, 6-р хороонд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг актын дагуу 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, уг илт хууль бус Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаанаас батлан гаргасан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, мөн Тооллогын комиссын баталсан “Санал хураасан дүнгийн тухай” 01, 02, 03 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. 

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 11, 12-т заасан 5, 6-р хороонд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд.

Маргаан бүхий А/06 дугаар тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, 20.1.11-д “Хурлын хороо болон түр хорооны ажлыг зохицуулан зохион байгуулах, өөрийн дэргэдэх байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэн удирдах”, 23 дугаар зүйлийн 23.2-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын ээлжит хуралдааныг жилд 2-оос доошгүй удаа, баг, хорооны Хурлын хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа тус тус хуралдуулна”, 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”, 25.2-д “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна” гэх заалтуудыг үндэслэж тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар “Хан-Уул дүүргийн хороодын иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг хавсралтаар баталсугай” гэжээ. 

Нэхэмжлэгчийн маргаж буй тус дүүргийн 5, 6 дугаар хороодын иргэдийн Нийтийн Хурлын хуралдах хуваарийн хугацааг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 00 минутад гэж маргаан бүхий А/06 дугаар тогтоолын хавсралтын 11, 12-т заасан байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д зааснаар баг хорооны иргэдийн Нийтийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага байна, 9.2-т “Энэ хуулийн 9.1.1-9.1.3-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ” гэж заажээ. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж зааснаас дүгнэхэд нутгийн өөрөө удирдах байгууллага болох 5, 6 хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Хан-Уүл дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  А/06 дугаар тогтоолыг гаргасан нь дээрх хуулийн заалт болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг  дээд шатны байгууллага нь шийдвэрлэж   үл   болно   гэсэн   Үндсэн    хуулийн    зохицуулалтыг    зөрчсөн    гэх 

нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна .  

Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгодог бөгөөд захиргааны акт нь хуулийн материаллаг болон формаль шаардлагыг хангасан байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудыг хуульчилсан ба 47.1.3. “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6. “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр шүүх маргаан бүхий Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 5, 6 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэв. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын анхдугаар хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 25-ний өдөр, 6 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын анхдугаар хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 10-ний өдөр тус тус хуралдаж, анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэж, энэ талаарх баримтыг Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ц д хүргүүлж, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А д 5, 6 дугаар хорооны Засаг даргыг томилуулах тухай хүсэлтээ  тус тус уламжилж байсан нь тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй  бөгөөд хариуцагчийн зүгээс эдгээр анхдугаар хуралдаантай холбоотой аливаа нэгэн  нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй болно.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж маргадаг тухайд. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 17 дугаар зүйлд Баг, хорооны Хурлын бүрэн эрх, 18 дугаар зүйлд Сум, дүүргийн Хурлын бүрэн эрх, 19 дүгээр зүйлд Аймаг, нийслэлийн Хурлын бүрэн эрх, 20, 21 дугаар зүйлд Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх, 22 дугаар зүйлд Хурлын даргын бүрэн эрхийг тус тус заасан. 

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 8 дугаар тогтоолоор   Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А /06 тогтоол нь хорооны Иргэдийн Нийтийн Хурлын эрхэнд халдсан тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахыг дэмжиж, шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, итгэмжлэл гаргах, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох эрхийг тус хурлын дарга Б.М д,  Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 2-ний өдрийн 4 дугаар тогтоолоор   Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А /06 тогтоол нь хорооны Иргэдийн Нийтийн Хурлын эрхэнд халдсан тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахыг дэмжиж, шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, итгэмжлэл гаргах, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох эрхийг тус хурлын дарга О.Бт тус тус олгожээ. 

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.М аас 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Т.Бд шүүхэд төлөөлөх, нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, шүүх хуралдаанд оролцох, тайлбар гаргах, хүсэлт гомдол гаргах, хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт гаргуулах, хариу тайлбар гаргаж өгөх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн эсхүл хэсэгчлэн татгалзах өөрчлөх, ихэсгэх, багасгах, анхан болон давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэх, шүүхийн шийдвэр хүлээн авах, эвлэрэх гэрээ байгуулах, төлөөлөн гарын үсэг зурах, төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг шаардах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд төлөөлөх, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх, үүргийг эдлэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 23, 27, 28.2.1-28.2.8, 30-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн оролцох бүрэн эрхийг олгосон байна. 

 Мөн Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга О.Баас 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр мөн дээрх итгэмжлэлтэй утга агуулгын хувьд ижил итгэмжлэлийг Т.Бд олгожээ.  

Дээрх итгэмжлэлүүд нь “Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх” гэж бичсэнийг   Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 06 тоот албан бичгээр “Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох” гэж залруулга  хийж, залруулсан итгэмжлэлийг хавсралтаар, 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.М аас 2018 оны 5 дугаар сарын 9-ний 15 тоот албан бичгээр залруулга хийж  , залруулсан итгэмжлэлийг хавсралтаар тус тус шүүхэд ирүүлсэн.  

Эдгээр итгэмжлэлүүд нь “Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хэрэг” гэснийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Хариуцагчийг солих, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай” хүсэлтийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бгаас гаргаж, хариуцагчийг “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид”-ээр сольсныг дурдах нь зүйтэй. 

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 8 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 4 дүгээр тогтоолоор Хурлын дарга Б.М , О.Б нарт Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/06 тоот тогтоол нь хорооны иргэдийн Нийтийн Хурлын эрхэд халдсан тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, итгэмжлэл гаргах, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох эрхийг тус тус олгожээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд төлөөлөгчдийн бүрэн эрхийг заасан ба 28.2-т “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараах эрхийг эдлэнэ”, 28.2.7-д “Төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх” гэх хуулийн зохицуулалттай. 

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.М , Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга О.Б нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бд итгэмжлэл олгохдоо төлөөлүүлэгчээс, өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор тусгайлан олгосон итгэмжлэлийн хүрээнд итгэмжлэлийг Т.Бд шилжүүлэхээр байна. 

Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн “2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, уг илт хууль бус Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаанаас батлан гаргасан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, мөн Тооллогын комиссын баталсан “Санал хураасан дүнгийн тухай” 01, 02, 03 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан тул шүүхээс маргаан бүхий Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын хавсралтын 11, 12-т заасан 5, 6 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн тул дараа дараагийн захиргааны акт, захиргааны үйл ажиллагаа нь эрх зүйн үйлчлэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2, 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг тус тус үндэслэн “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын хавсралтын 11, 12-т заасан 5, 6 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.2, 28.2.7, 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-гийн нэмэгдүүлсэн “2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, уг илт хууль бус Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаанаас батлан гаргасан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, мөн Тооллогын комиссын баталсан “Санал хураасан дүнгийн тухай” 01, 02, 03 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.Д