Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 199

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Пролог солюшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05489 дугаар шийдвэртэй, “Пролог солюшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “АТА трейд” ХХК-д холбогдох,

 

Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 168 590 081 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаяр, Ө.Эрдэнэ-Очир,

Хариуцагчийн өмгөөлөгч А.Дугармаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Пролог Солюшн” ХХК тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “АТА трейд” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 04/06/2014-тоот “Тээвэр үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж, тус компанийн ачааг 40 тоннын чингэлэгүүдээр АНУ-аас тээвэрлэн авчрах, “Ата трейд” ХХК тээвэрлэлтийн хөлс болон, гарсан нэмэлт зардлыг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлж, энэ тухай “Ата трейд” ХХК-д албан бичгээр мэдэгдэж, итгэлцлийн үүднээс ачааны ихэнхи хэсгийг хүлээн авагчид олгосон. Ингээд гэрээний үүргийн дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоо нийлж өр, авлагаа баталгаажуулсан.

Гэвч тус компанийн зүгээс тээвэрлэлтийн гэрээний төлбөрийг төлөхгүй, компанийн тээвэрлэгдсэн ачааны үлдэгдэл нь Улаанбаатар хотын гаалийн талбайд урт хугацаанд хадгалагдсанаас чингэлэг түрээс болон чингэлэг хадгаламжийн нэмэлт зардал гарсаар байна. Тооцоо нийлсэн өдрөөс хойш 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл “Ата Трейд” ХХК үндсэн тээврийн хөлс болох 50 878,59 ам.доллар, чингэлэг түрээсийн зардал 5 953,22 ам.долларыг төлөх ба нэхэмжлэл гаргах үеийн ханшаар /1984,44/ тооцож 112 779 317 төгрөг, гаалийн хадгаламжийн 5 328 000 төгрөг, нийт 118 107 317 төгрөгийг төлөх үүрэгтэй боловч төлөхгүй 2 жил болж байна. Иймд “Ата трейд” ХХК-иас гэрээний үүргийн үлдэгдэл 118 107 317 төгрөг, алдангид 50 482 764 төгрөг нийт 168 590 081 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

“Пролог Солюшн” ХХК, “АТА трейд” ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар 21-ний өдөр Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ байгуулагдаж, талууд гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг хэрэгжүүлж, манай компанийн хувьд зохих төлбөрийг гүйцэтгэж ирсэн. Талууд гэрээний төлбөрийн талаар нэг удаа тооцоо нийлж байсан боловч нэхэмжлэгчийн ачаа хадгаламжийн задаргаа, авлагын товчооны тайланг нягтлан дахин тооцоо нийлэх шаардлагатай байна. Нэхэмжлэгч тал хариуцагчаас тээвэрлэлтийн гэрээний төлбөрт төлсөн төлбөрийг нэмэлт зардал хураамжид тооцсоноор гэрээний төлбөр, улмаар алдангийн хэмжээ хэтэрхий өндөр дүнтэй гарсан. Нэхэмжлэлийг гардан авснаас хойш “АТА трейд” ХХК-ийн нягтлан бодогч Энхчимэгийн аав өвчний улмаас хүнд хагалгаанд орсон учир маргаантай дээрх гэрээнд холбогдох баримтыг бүрдүүлж нэгдсэн тооцоог гаргаж чадаагүй. Иймд ойрын хугацаанд Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээний төлбөр тооцооны дүн болон нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ нотолсон баримтуудыг гаргаж өгөх болно гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “АТА трейд” ХХК-иас 168 587 486 төгрөгийг гаргуулан “Пролог солюшн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 595 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 006 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “АТА трейд” ХХК-иас 1 000 887 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Пролог солюшн” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “хариуцагч байгууллага одоо ч гаалийн бүрдүүлэлт хийж нэг чингэлэг барааг аваагүй гаалийн талбайд хадгалагдаж байгаа гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх бөгөөд гэрээний 2.2.6-д “үйлчлүүлэгч ачааны гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийж, гаалийн бүртүүлэлт хийх хугацаанд гарсан хадгаламж, тээврийн хэрэгслийн түрээс болон бусад холбогдох зардлыг хариуцан төлөх”, 3.3-т “үйлчлүүлэгч ачааг Улаанбаатар дахь гаалийн хяналтын талбайгаас хүлээн авахаас өмнө төлбөрийг бүрэн барагдуулсан байх” гэж талууд тохирсон боловч хариуцагч тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдож байна” гэжээ.

Манай “АТА трейд” ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хадгалалтын зохих талбайд ачаа барааг хадгалах боломжтой, хадгалалтын хугацаанд тухайн обьектын хаалганы түлхүүр цоожийг нэхэмжлэгчид өгөх талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч, нэхэмжлэгч манай саналыг хүлээн авалгүй, гаалийн талбайд хадгалуулснаас чингэлэг түрээс болон чингэлэг хадгаламжийн нэмэлт зардал гарах болсон. Иймд чингэлэг түрээсийн төлбөрийн 11 813 371 төгрөг гаалийн талбай хадгаламжийн төлбөрийн 5 328 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй.

Мөн шүүх шийдвэртээ “нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь зөвхөн тээвэрлэлтийн хөлсний үлдэгдэл 100 964 338 төгрөгт алданги тооцсон гэж тайлбарлаж байх ба талуудын хооронд хийгдсэн гэрээний 3.4-д “үнийн санал болон захиалга авах хуудасны дагуу тохиролцсон хугацаанд нэхэмжлэлийн үнэ төлөгдөөгүй тохиолдолд үйлчлүүлэгч хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих мөнгөн дүнгийн 0.5 хувиар зуучид алданги төлнө” гэж тохирсон тул нэхэмжлэгч байгууллагын шаардсан алдангийг хариуцагч тал төлөх үндэслэлтэй байна” гэжээ.

Гэрээний 3.4-д зааснаар алданги тохирсон хэдий ч хэрэгт авагдсан баримтад “үнийн санал болон захиалга авах хуудас” гэсэн баримт байхгүй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн алданги тооцсон нь нэхэмжлэгчийн эрх ашигт нийцүүлэн нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Түүнчлэн зохигчдын тус тусдаа гаргасан тооцоонууд хоорондоо зөрүүтэй байдаг. Нэхэмжлэгч нь үндсэн тээврийн хөлс болон чингэлэг түрээсийн зардлын 50 878 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 1984,44 төгрөгөөр тооцон төгрөгт шилжүүлснийг шүүх хэвээр нь хангаж шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэсэн заалтыг хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй.

Иймд нэхэмжлэгчийн тээврийн хөлс гэж нэхэмжилсэн 100 964 338 төгрөг биш, өөр үнийн дүн гарч, түүнээс тооцсон гэх алдангийн хэмжээ ч өөрчлөгдөх үндэслэлтэй юм. Мөн хариуцагчийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хэрэгжиж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрч байгаа хэсгийг өөрт байгаа нотлох баримтын хүрээнд тайлбар гаргаж, биечлэн оролцох эрх зөрчигдсөн гэж үзэж байна.

Нөгөө талаар хариуцагч чингэлэг түрээсийн төлбөрийн 11 813 371 төгрөг, гаалийн талбай хадгаламжийн төлбөрийн 5 328 000 төгрөг, алдангид 50 482 764 төгрөг, нийт 67 624 135 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Пролог солюшн” ХХК нь хариуцагч “АТА трейд” ХХК-д холбогдуулан тээвэр зуучийн үйлчилгээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 168 590 081 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхчимэг, Г.Булган, өмгөөлөгч А.Дугармаа нарт хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан баримтгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар хэрэг үүсгэсэн шүүгчийн хийвэл зохих ажиллагаа хангалттай хийгдсэн гэж үзэхгүй.

 

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцэх боловч хэрэгт авагдсан /хх 55-74/ нотлох баримтуудыг хариуцагчид танилцуулсан баримтгүй байна.

 

Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05489 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496 071 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА