Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0282

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж

Нэхэмжлэгч: “И” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтын “И” ХХК-д холбогдлх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 103

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0314/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтын “И” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 4 дүгээр зүйлийн 4.2.6, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/50 дугаар тушаалын “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна.

3.1. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж заасан байдаг.

3.2. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн хувьд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 2020/027 дугаар гурван талт гэрээнд газрын үсэг зурж баталгаажуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан. Тус гэрээнд нэхэмжлэгч компани газрын төлбөрт 1 жилд 1.412.450 төгрөг төлөхөөр заасан бөгөөд тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөхөөр тохирсон.

3.3. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч “И” ХХК-ийн хувьд 2016 онд авсан газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан өдрөөс хойш газрын төлбөрийг төлөх үүрэггэй юм. Гэтэл хууль дүрэм журамд заасан хугацаанд гурвалсан гэрээг байгуулалгүй явсаар 2020 онд гэрээний гурван тал гарын үсэг зурж баталгажуулснаар байгуулсан хэдий ч Газрын төлбөрийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэж хариуцагч байгууллагын зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан.

3.4. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дууссахаар байгаа бөгөөд газрын төлбөрт 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буюу тушаал гарах хүртэл 2020/027 дугаар бүхий гэрээнд заасан дүнгээр нийт 6.709.137 төгрөг төлөх ёстой. /нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн баримтаар 6.191.270 төгрөг байна./

3.5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу 4 жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна.

3.6. Гэтэл анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийг зөрчсөн байхад нэхэмжлэгч компаний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн хувьд хариуцагч захиргааны байгууллага үндэслэл бүхий дүгнэж чадаагүй гэсэн хэдий ч хэрэгт авагдсан баримтаар үйл ажиллагаа явуулахаас гадна өөр бусад холбогдох баримтыг бүрдүүлж ажилласан зүйл байхгүй байна. Тус 0.1 га талбайг хашаалсан үйл баримтыг газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчсөн байхад нэхэмжлэгч компаний газар ашиглах эрхийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

3.7. Хариуцагч захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж тайлбарласан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь холбогдох бүс нутаг бүрт хамгаалалтын захиргаатай бөгөөд тус хамгаалалтын захиргаа нь тус байршилд байгаа иргэн, аж ахуйн газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, газрын төлбөр төлж байгаа эсэх дээр хяналт шалгалт хийх үүрэгтэй захиргааны байгууллага юм. Үүнийхээ хүрээнд дээд шатны захиргааны байгууллагад тус бүс нутагт байгаа бодит нөхцөл байдлыг тоггоогоод цуцлуулах тухай саналыг хүргүүлж байгааг шүүх үнэлж дүгнэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Цагдаагийн ерөнхий газрын албан бичгийн хувьд хяналт шалгалт хийх бүрэн эрхтэйн хувьд Богдхан уулын орчимд байгаа газар ашиглагч нарыг шалгасан үйл баримтыг мөн бодит нөхцөл байдал биш гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэдий шалгасан үндэслэл нь өөр боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн байна гэж тогтоосон үйл баримт нь арилахгүй юм.

3.8. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс гурвалсан гэрээг байгуулах гэж 4 жил 4 сарын хугацаа шаардсан. Нэг байгууллага газрын гэрчилгээг 5 жилийн хугацаатай авчихаад 4 жил 4 сарын хугацаанд гэрээ байгуулаад 8 сарын дараа газар ашиглах хугацаа нь дуусаад байвал хугацаа гэх зүйл шаардлагагүй болно. Тийм ч учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны тушаалаар баталсан журам дээр 3 сарын дотор гэрээг байгуулахаар газар ашиглагч нарт үүрэг болгож журамласан.

3.9. Хэрвээ нэхэмжлэгч байгууллага төрийн байгууллага өөрөө хүнд суртал гаргаж гэрээ байгуулдаггүй гэж байгаа бол эс үйлдэхүйтэй холбоотой дээд шатны байгууллага болоод шүүхээр шийдвэрлүүлээд явах бүрэн боломжтой. Гэтэл эдгээр нөхцөл байдлыг тал бүрээс шүүх үнэлэхгүй байгаа нь үндэслэл бүхий хуульд нийцсэн шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ

4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр 104 аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсны дотор “И” ХХК багтжээ.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

2.3. Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж зааснаас үзвэл газар ашиглагч нь газрын төлбөрөө төлөөгүй эсхүл бүрэн төлөөгүй бол газар ашиглах эрхийг цуцлахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч “И” ХХК нь хэдий гурвалсан гэрээ байгуулаагүй ч газар ашиглах эрх үүссэнээс хойш Газрын тухай хуульд заасан газрын төлбөр төлөх үүргээ биелүүлж, газрын төлбөрт 5.484.675 төгрөг төлсөн, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан болох нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Газар, зохион байгуулалтын албаны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 820200027 дугаар “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-аар тогтоогдож байхаас гадна хариуцагчаас ирүүлсэн баримтуудаар “И” ХХК нь 2016 оны 3, 4 дүгээр улирал, 2017, 2018 онуудын газрын төлбөрийг төлсөн болох нотлогдож байх ба 2019, 2020 онуудад газрын төлбөр төлсөн гэх нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж маргаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

2.4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна”, 37.2-т “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:”, 37.2.2-т “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг;” гэж зохицуулсан хэм хэмжээнүүдээс үзвэл улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээг байгуулахдаа талууд газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргийг тохиролцох бөгөөд тийнхүү тохиролцож гэрээг байгуулснаар газар ашигласны төлбөр төлөх үүрэг газар ашиглагчид үүсэхээр байх тул нэгэнт газар ашиглах эрх олгогдсоноос хойш гурвалсан гэрээ байгуулагдаагүй, 2021 оны 01 дүгээр сард уг гэрээ байгуулагдсан нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газрын төлбөрт 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буюу тушаал гарах хүртэл 2020/027 дугаар бүхий гэрээнд заасан дүнгээр нийт 6.709.137 төгрөг төлөх ёстой байсан” гэх гомдол үндэслэлгүй.

2.5. Учир нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “И” ХХК-ийн зүгээс Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор газар ашиглах тухай 2020/027 дугаартай гэрээг байгуулах гэсэн боловч Хан-Уул дүүргийн Засаг даргын зүгээс уг гурван талт гэрээг баталгаажуулаагүй үйл баримт[1] тогтоогдож байх бөгөөд улмаар нэхэмжлэгчээс удаа дараа гурвалсан гэрээг баталгаажуулахаар Хан-Уул дүүргийн Засаг даргад хандсанаар уг гэрээ нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эцэслэн батлагджээ.

2.6. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших, ашиглахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмших, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ гэж заасан бөгөөд хариуцагчаас гэрээ байгуулаагүй атлаа газрын төлбөрийг төлөх шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй, учир нь газар ашиглах гурвалсан гэрээнд талууд бүгд гарын үсэг зурж ёсчилсноор хүчин төгөлдөр болох бөгөөд хуулийн дээрх шаардлагыг хангаагүй гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч биелүүлэх үүрэггүй.

2.7. Өөрөөр хэлбэл, 2020/027 дугаартай Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тухай гэрээг баталгаажуулсан дээрх хугацаанаас тооцон үзвэл өмнө нэхэмжлэгч талд газрын төлбөр төлөх үүрэг үүссэн гэж үзэх боломжгүйгээс гадна гэрээ ёсчлон баталгаажсаны дараа газрын төлбөр төлөх үүрэг үүсэхээр байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэхгүй.

2.8. Дээрх хуулийн заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл 2020/027 дугаартай Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тухай гэрээг баталгаажуулахаас өмнө гэрээнд зааснаар газрын төлбөрт 1 жилд 1.412.450 төгрөг төлөх үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй ч нэхэмжлэгчээс уг газрын төлбөрийг гурван талт гэрээ баталгаажаагүй ч газар ашиглах эрх олгосон хугацаанаас хойш төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

2.9. Мөн хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх боловч ийнхүү хүчингүй болгохуйц нөхцөл байдлыг хариуцагч захиргааны байгууллага хангалттай шалгаж тогтоогоогүйгээс тухайн захиргааны актыг үндэслэл бүхий гэж үзэх хууль зүйн боломжгүй.

2.10. Тухайлбал, Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь нэгдүгээрт гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх, хоёрдугаарт ийнхүү ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй байх”-ыг шаардана. Өөрөөр хэлбэл дээрх хоёр нөхцөл хамт бүрдсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалт хэрэглэгдэх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр тухайн шийдвэрийг гаргах учиртай.

2.11. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

2.12. Хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан захиргааны актыг гаргахын өмнө тухайн актад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг, тухайлбал ашиглах эрх үүссэнээс хойш тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулсан эсэх, явуулаагүй бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тухайн газар дээр хээрийн судалгаа хийж нарийвчлан тогтоох үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгч компанийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж шууд дүгнэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, тухайн захиргааны актыг зорилгодоо нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

2.13. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “И” ХХК нь газар ашиглах эрх авснаас хойш газраа зориулалтын дагуу ашиглахын тулд төрийн захиргааны холбогдох байгууллагуудаас зохих зөвшөөрөл болон шаардлагатай бусад баримт бичгийг[2] бүрдүүлсэн нь тогтоогдож байгаа нөхцөлд нэхэмжлэгч компанийг гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх, улмаар энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан гэж шууд дүгнэх үндэслэлгүй.

2.14. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл үүсээгүй байхад хариуцагч захиргааны байгууллагаас тухайн нөхцөл байдлыг нарийвчлан тогтоолгүйгээр гурвалсан гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эцэслэн баталснаас хойш 1 сар 4 хоногийн дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн хуулийн заалтыг үндэслэн газар ашиглах эрхийг цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

    

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 

[1] Нэгдүгээр хавтаст хэргийн 119, 120, 128 дугаар тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 53-55, 88,141-147, 149, 157 дугаар талууд