Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/225

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил

Шүүгдэгч Т.М  нарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч
Т.М т холбогдох  эрүүгийн 2014000000201дугаартай хэргийг 2020 оны  06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 15-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд  боловсролтой, Мэдээлэл системийн шинжээч мэргэжилтэй, ам бүл 4, овогт Т.*******,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Т.М  нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Их дэлгүүрийн ХААН банкны АТМ машинаас төрийн банкны харилцагч Б.Б ын картыг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар 1.050.000 төгрөгийг уншуулан авсан гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

Шүүгдэгч Т.М ын мөрдөн байцаалтанд өгсөн

... 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдөр би жолооч Ганбаатарын хамт Их дэлгүүрийн тооцооны төв дээр ажилтай явж байхад ******* залгаад очиход хайрцагтай цэнэглэгч өгсөн тэрийг нь онгойлгоод үзтэл дотор нь ногоон өнгийн виза карт байхаар нь *******д буцаагаад өгтөл намайг Б.Б  аваачаад өгчих гээд буцаагаад өгсөн. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гарахдаа малгай маск, нүдний шил зүүж гараад Их дэлгүүрийн ХААН банкны АТМ машинаас 500000 төгрөгөөр нэг удаа, 550000 төгрөг нэг удаа авч нийт 1050000 төгрөг авсан. Би хохирол гомдлыг нь бүрэн барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

 

Хохирогч Б.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн

 ... Би барилгын материалын дэлгүүртэй төрийн банкны пос машин тавиулсан. Тэгээд манайх төрийн банкны пос машинаа хэрэглэхгүй байж байгаад буцаагаад өгсөн чинь миний төрийн банкны виза карт дотор нь байсныг  мэдэлгүй өгөөд явуулсан байсан. Миний төрийн банкны дансанд 1.0501.000 төгрөг байсан үүнийг 2020 оны 02 сарын 22-ны өдөр надад хэлэлгүй хэн нэгэн хүн миний картаас гүйлгээ хийж авсан байхаар надад төрийн банкны пос машин суупгаж өгсөн менежертэй очиж уулзсан хэд хоногийн дараа төрийн банкны харилцааны менежер таны виза картыг ХААН банкны АТМ дээрээс нүдний шил, малгай ороолттой хүн 550.000 төгрөгөөр уншуулаад, дахин 550.000 төгрөгөөр уншуулаад авсан байна гэж хэлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрийн банкны харилцааны менежер над руу залгаад мөнгө авсан хүнээ олсон та дансаа өгдөө гэж хэлээд миний ХАС банкны данс руу 1,050.000 төгрөг хийсэн байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 49/

 

Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн

 ... Б.Б  2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр пос машинаар үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан хугацаагүй хадгаламж гялс банк, виза карт захиалсан. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр пос машин болон картыг миний бие Их номин дэлгүүрт байрлуулж өгсөн. 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Их номин дэлгүүрийн посын машинаар гүйлгээ хийхгүй карт уншуулахгүй байхаар нь хураан авч өөр газар байршуулахаар болж хайрцагтай пос машины цэнэглэгчийг аваад хайрцаг нээгээд хартал цэнэглэгч шинээрээ байсан би жолооч Б.Ганбаатар луу гар утсаар залгаж намайг доод зах дээрээс ирээд аваадах гэтэл Эрдэнэ мандал тооцооны төв дээр IТ ******* нар албаны машинтай ирж намайг авсан. Би хайрцагтай пос машины цэнэглэгчийг Т.М т өгсөн чинь  хайрцаг ухаж үзээд цэнхэр өнгийн манай банкны Б.Б  гэсэн карт гаргаж ирээд надад өгөх гэхээр нь би   замаараа оруулаад Буянтуулд өгөөрэй гээд хэлсэн. Б.Б  миний виза картаас мөнгө алга болчихлоо  гэхээр нь  дансны хуулгыг үзтэл 2020 оны 02 дугаар сарын 22-ны  өдөр 500.000 төгрөг, 550.000  төгрөгөөр ХААН банкны АТМ дээрээс гүйлгээ хийгдсэн байхаар нь нөгөө Буянтуулыг дагуулаад төв ХААН банк дээр очоодкамерыг шүүлгэж үзсэн чинь манай ажпын IТ Т.М  нүдний шил, малгай ороолт, бээлий өмсөж ороод Б.Б д өгөөрэй гэсэн виза картыг өгөлгүй 1.050.000 төгрөгийг авсан байсан.,…Б.Б ын ХАС банкны 5001095502 дансанд гүйлгээний утга дээр *******гаас 88040390 гэж бичээд 1.050.000 төгрөгийг хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 21-26/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, / хх-ийн 03-05/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8-10/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хх-ийн 11-12/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 14/, харилцааны банкнуудын дипозит дансны хуулга /хх-ийн 39-41, 45-46/, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 47-56/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 42-43/,иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 42-43, 36/, шүүгдэгч Т.М ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах / хх-ийн 37/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 59/зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.   

 

    

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

           Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар  бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

 

Шүүгдэгч Т.М  нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Их дэлгүүрийн Хаан банкны АТМ машинаас төрийн банкны харилцагч Б.Б ын картыг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Т.М ын...******* залгаад очиход хайрцагтай цэнэглэгч өгсөн тэрийг нь онгойлгоод үзтэл дотор нь ногоон өнгийн виза карт байхаар нь буцаагаад өгтөл намайг Б.Б  аваачаад өгчих гээд буцаагаад өгсөн,...гэрээсээ гарахдаа малгай маск, нүдний шил зүүж гараад Их дэлгүүрийн ХААН банкны АТМ машинаас 500000 төгрөгөөр нэг удаа, 550000 төгрөг нэг удаа авч нийт 1050000 төгрөг авсан. Би хохирол гомдлыг нь бүрэн барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

Хохирогч Б.Б ын ...виза картыг ХААН банкны АТМ дээрээс нүдний шил, малгай ороолттой хүн 550.000 төгрөгөөр уншуулаад дахин 550.000 төгрөгөөр уншуулаад авсан… миний ХАС банкны данс руу 1,050.000 төгрөг хийсэн байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/

Гэрч *******гийн... нөгөө Буянтуулыг дагуулаад төв ХААН банк дээр очоодкамерыг шүүлгэж үзсэн чинь манай ажпын IТ Т.М  нүдний шил, малгай ороолт, бээлий өмсөж ороод Б.Б д өгөөрэй гэсэн виза картыг өгөлгүй 1.050.000 төгрөгийг авсан байсан.,…Б.Б ын ХАС банкны 5001095502 дансанд гүйлгээний утга дээр *******гаас 88040390 гэж бичээд 1.050.000 төгрөгийг хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 21-26/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогдоогдож байна.

 

Шүүгдэгч Т.М  нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Их дэлгүүрийн Хаан банкны АТМ машинаас төрийн банкны харилцагч Б.Б ын картыг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар 1.050.000  төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь  шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэргийн шүүгдэгч Т.М  нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.М т ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл түүний үйлдэлд нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүхээс шүүгдэгч Т.М ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3 , 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч шүүгдэгч Т.М т хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх талаар прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.М ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.М  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1.050.000 төгрөгийгн хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Т.М  нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар нөхөн төлж, гэм хорыг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

       

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ...хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.М  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б.Б  нь ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 49-50/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч  Т.М т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг   хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Т.М  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй  болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Т.М  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 34.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн  3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт Т.М ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.М т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Т.М  нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг  хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Т.М  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Т.М т оногдуулсан тэнссэн, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

6. Шүүгдэгч Т.М т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

8. Шүүгдэгч Т.М т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.