| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0237/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/239 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/239
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Г.Цогтмагнай
Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил
шүүгдэгч С.Э , түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Э д холбогдох эрүүгийн 2014000000258 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд
боловсролтой, гааль татварын байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 овогт С.Э
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч С.Э нь 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Довцог “гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр 1.57 га хэмжээ бүхий газарт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 4.519.925 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч С.Э ийн мөрдөн байцаалтад өгсөн
... Би Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн “Довцог” гэх газарт тухайн газрын бичиг баримт хөөцөлдөх гэж байсан учраас Улаанбаатар хотоос түрээсийн экскаватор аваад очсон. Би тухайн газар нэг удаа экскаватороор шанага тавьж дээж авч үзэж өнөөх газраа буцааж дарсан байгаа. Ямар нэгэн алт олсон зүйл байхгүй. Надад одоо үзүүлж харуулах уул уурхайн бичиг баримт байхгүй. Би өөрөө нөхөрлөл хайж яваад тухайн газар очсон. Би том оврын техник аваачсан өдрөөс хойш нэг өдөр голын хойно газар ухаж контрол үзсэн тэгээд өнөөх газраа буцаагаад дарчихсан байгаа. Би Улаанбаатар хотоос 1 экскаватор, 1 усан буу авчирсан байсан. Нийт 2 ажилтан байгаа надаас гадна. Экскаватор түрээсийн техник Hyundai нэртэй, усан буу миний өөрийн буу байгаа . Би Бөмбөгөр сумаас нөхөрлөл байгуулах гээд бичиг баримт бүрдүүлж байгаа. Одоогоор бичиг баримт нь гараагүй гэсэн. Би тэр хоёр хүнийг цалинжуулж ажиллуулсан. Өөрөөр хэлбэл тухайн газарт ямар нэгэн зөвшөөрөл байхгүй гэдгийг тэр хоёр мэдээгүй ба миний хий гэсэн ажлыг хийж гүйцэтгэж байсан.. гэх мэдүүлэг / хх-ийн 25-26, 103/,
Хохирогч байгууллагын төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
…Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Довцог” гэх газар ямар нэгэн хайгуулын болон ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй. Тус газрын хувьд “Байдрагийн гол” дагуу байдаг ба голын ард талаар хуучин нутгийн нинжа нар ухсан газар байсан. Би дүгнэлттэй танилцахад ухагдсан гэх том талбайн тус газрын ойр орчмоор өмнө нинжа нарын ухсан газарт үйл ажиллагаа явуулсан байна. Харин голын урд талаар байсан жижиг талбайн хэсэг нь урд нь ухагдаж байгаагүй шинэ газар байсан. Урд нь ухагдсан газарт шинээр нэмж ухсан бол тэр нь яг тухайн үе буюу үйл ажиллагаа явуулж байх үед нь очиж үзэхгүй бол одоо бол мэдэгдэхгүй байна…гэх мэдүүлэг / хх-ийн 21/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
Би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн “Довцог” гэх газарт очсон, С.Э гэх залуу авчирсан. С.Э нь экскаватор Улаанбаатар хотоос түрээслээд би жолоочоор нь ирсэн . Би экскаватороор “Довцог” гэх газрын голын урд карьет 6x6 хэмжээтэй газар нүх ухсан, гүн 5 метрийн гүнтэй нүх ухаад шороог нь угааж буцаагаад ухсан газрын дарсан 4 цаг ажил хийсэн, мөн голын хойд талд дахин экскаватораар нэг удаа шанага тавьж 2 метрийн гүнтэй газар ухаж хайгч тавьж гаргасан шороогоо угаагаагүй буцаагаад өнөөх газрын нөхөн сэргээлт хийж дарсан. Би өөр газар ажиллаагүй энэ экскаватор надаас өөр хүн унахгүй би өөрөө хариуцаж ажил хийдэг юм. Би түрээсээр явж ажил хийдэг болохоор тухайн газар сайн мэдэхгүй байна. Бичиг баримт байгаа талаар ч мэдэхгүй. Тухайн газраас ямар хэмжээний алт олсон талаар би мэдэхгүй байна. Би экскаватороо унаад л зааж өгсөн газрын ухаж буцааж нөхөн сэргээлт хийсэн. Бичиг баримтын талаар би мэдэхгүй байна. Экскаватор түрээсийнх, усан буу С.Э ийнх гэсэн би өөр мэдэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 /,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... Голын наана болон цаад талд байх хоёр газрын ухсан байсан ба бид нар болохоор голын наана байх ухсан талбайг үзсэн. Харин тэнд байсан *******, С. Энхтөр нар голын нөгөө талд газар ухсан талаар ярихаар нь шинжээч *******ийн “Огопе” төхөөрөмжийг нисгэж цэг солбилцолын тогтоосон. Ер нь голын наана, цаана байх хоёр газрын ухсан байсан. Урд нь ухагдсан эсхүл шинээр ухагдсан эсэхийн мэдэхгүй байна. Шинжээч А.Цэнд- Аюуш, *******, С.Э нараар өөрсдөөр нь ухсан газрыг нь заалгуулж байгаад хэмжилтийн аваад байсан. С.Э нь шинээр ухсан газраа л заасан байх... гэх мэдүүлэг / хх-ийн 32 /,
Байгаль орчины зөвлхө” Нуман-Алтай” ХХК-ний шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/43 дугаар шинжээчийн
1. Тухайн эвдэгдсэн газар нь ямар нэг улсын тусгай хамгаалалттай газар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцалгүй байна.
2.Тухайн 15658м2 буюу 1.57 га эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 4.138.962 төгрөг болж байна.
3. Тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал 380.963 төгрөг болж байна.
4. Нийт эвдэгдсэн 15.568м2 талбайгаас шороо зөөж угаасан гэх 15430м2 талбай нь урьд эвдэгдсэн, дээжилж үзсэн гэх 228м2 талбай нь урьд өмнө эрүүл газар байсан байна...” гэх дүгнэлт. /хх-ийн 62-63/
5. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно... гэх дүгнэлт / хх-ийн 36/,
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “331дугаартай шинжээчийн ...Эд зүйлийн нийт үнэ 25.000.000 төгрөг болохыг тогтоосон... дүгнэлт / хх-ийн 67/,
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 349 дугаартай шинжээчийн..Эд зүйлийн нийт үнэ 1.000.000 төгрөг болохыг тогтоосон... дүгнэлт / хх-ийн 71/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02 /, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-06/, эд мөрийн баримт битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 11,13, , /, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Довцог ус” гэх газарт иргэн С.Э ийн эвдсэн 1.57 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн тооцолтын сэргээлтийн зардлын тооцоо /хх-ийн 37-61/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-ийн 84/, шүүгдэгч С.Э ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 86/, шүүгдэгч С.Э ийн депозит дансны хуулгууд /хх-ийн 87-88/, шүүгдэгч С.Э ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89/, машин механизмын түрээсийн гэрээ / хх-ийн 90-92/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Э нь 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Довцог “гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр 1.57 га хэмжээ бүхий газарт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 4.519.925 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч С.Э ийн ... бичиг баримт нь гараагүй гэсэн.. Өөрөөр хэлбэл тухайн газарт ямар нэгэн зөвшөөрөл ажилласан... гэх мэдүүлэг / хх-ийн 25-26, 103/,
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн …Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Довцог” гэх газар ямар нэгэн хайгуулын болон ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй,...голын урд талаар байсан жижиг талбайн хэсэг нь урд нь ухагдаж байгаагүй шинэ газар байсан, урд нь ухагдсан газарт шинээр нэмж ухсан бол тэр нь яг тухайн үе буюу үйл ажиллагаа явуулж байх үед нь очиж үзэхгүй .... гэх мэдүүлэг / хх-ийн 21/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн..экскаватороор “Довцог гэх газрын голын урд карьерт 6x6 хэмжээтэй газар нүх ухсан гүн 5 метрийн гүнтэй нүх ухаад шороог нь угааж буцаагаад ухсан газрын дарсан, ...мөн голын хойд талд дахин экскаватораар нэг удаа шанага тавьж 2 метрийн гүнтэй газар ухаж хайгч тавьж гаргасан шороогоо угаагаагүй буцаагаад өнөөх газрын нөхөн сэргээлт хийж дарсан,....би түрээсээр явж ажил хийдэг, бичиг баримтын талаар би мэдэхгүй байна. Экскаватор түрээсийх, усан буу С.Э ийнх... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 /,
Гэрч *******ын ...Голын наана болон цаад талд байх хоёр газрын ухсан байсан,....шинжээч *******ийн “Огопе” төхөөрөмжийг нисгэж цэг солбилцолын тогтоосон, урд нь ухагдсан эсхүл шинээр ухагдсан эсэхийн мэдэхгүй байна. Шинжээч ******* нь Д.Юндэнринчин, С.Э нараар өөрсдөөр нь ухсан газрыг нь заалгуулж байгаад хэмжилтийн аваад байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 32 /,
Байгаль орчины зөвлөх “ Нуман-Алтай” ХХК-ний шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/43 дугаар шинжээчийн.. тухайн эвдэгдсэн газар нь ямар нэг улсын тусгай хамгаалалттай газар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцалгүй байна...Тухайн 15658м2 буюу 1.57 га эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 4.138.962 төгрөг болж байна... Тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал 380.963 төгрөг болж байна...” гэх дүгнэлт. /хх-ийн 62-63/
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 331дугаартай шинжээчийн...Эд зүйлийн нийт үнэ 25.000.000 төгрөг болохыг тогтоосон... дүгнэлт / хх-ийн 67/,
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 349 дугаартай шинжээчий ...Эд зүйлийн нийт үнэ 1.000.000 төгрөг болохыг тогтоосон... дүгнэлт / хх-ийн 71/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Э д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.Э ийг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайlуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,…гэж, 4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.
Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч С.Э нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиг малтмалын боловсруулалт явуулсан хамаарч байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал боловсруулалт явуулсан гэдэг ойлголтонд ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах гэдэг ойлголт давхар багтаж байгаа төдийгүй, шүүгдэгчийг чулууг угааж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ашигт малтмал боловсруулалт байдлыг ашиглах олборлох, баяжуулах үйл ажиллагаа явуулсан гэж шүүх үзэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Шүүгдэгч С.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.Э нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.Э өөс байгаль орчинд учирсан хохирол болох 4138962 төгрөг, биологийн нөхөн сэргээлтийн зардал 380963 төгрөг нийт 4519925 төгрөг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгпэгч С.Э өөс гэмт хэрэг үйлдэх ашигласан экскаватор, компьютерийн үнэ 25000000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож, харин экскаватор, компьютер нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө байх тул эд хөрөнгө битүүмжлэгдсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч З.Батбаатарт буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Э ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан усан бууг хурааж улсын орлого болох шаардлагагүй гэж үзлээ.
Учир нь Шүүгдэгч С.Э нь тухайн усан бууг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх боломжгүй, хэрэгт усан бууг яаж, юунд хэрэглэсэн талаар баримт авдаагүй байх тул эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч С.Э т буцаан олгож шийдвэрлээ.
Шүүгдэгч С.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв
Шүүгдэгч С.Э д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс С.Э ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг ....... хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч С.Э ийн хувийн байдал, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхээс оногдуулсан торгуулийн ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт С.Э ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Э ийг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Э д оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 жилийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зйүлийн 5.3.1-д зааснаар шүүгдэгч С.Э өөс байгаль орчинд учруулсан хохирол 4.138.962 төгрөг, биологийн нөхөн сэргээлтийн зардал 380.963 төгрөг, нийт 4519925 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч С.Э ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai 500 LC маркийн экскаватор, компьютерийн үнэ 25.000.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
7.Шүүгдэгч С.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц хүчингүй болгосугай.
8.Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч С.Э ийн эзэмшлийн ... Hyundai 500 LC маркийн экскаватор, усан буу...г битүүмжлэгдсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч З.Батбаатар, С.Э нарт тус тус буцаан олгосугай.
10 .Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.