| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2016/05048/и |
| Дугаар | 00175 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 00175
| 2017 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 181/ШШ2017/00175 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Ичинхорлоо, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам-62 Юнион Бюлдинг оффис А блок 1605 тоот хаягт байрлах Алаг уул финанс аудит ХХК-ийн РД: 5544173 нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар,
Хариуцагч: Цагдаагийн Ерөнхий Газарт холбогдох
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардал хохирол болох 11,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нандинцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үнэнбат, Б.Онон, прокурор Л.Мажигсүрэн, нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Эм Эс Пи Ди ХХК-ийн Номуун виллаж хотхоны барилгад оруулсан хоёр талын болон нийт хөрөнгө оруулалтын хэмжээ мөн барилга барихад зарцуулсан өртөг зардлын байшин тус бүрээр болон нийт зардлаар тооцож дүгнэлт гаргаж өгнө үү гэх 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 83-3/4212 тоот албан тоот ирүүлсний дагуу манай Алаг уул финанс аудит ХХК нь тус Эм Эс Пи Ди ХХК-ийн Номуун виллаж хотхоны барилгад оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, барилгын өртгийн талаар аудит хийж 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дүгнэлтийг хүлээлгэн өгсөн.
Гэтэл 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр гэхэд ажлын хөлс болох 11,000,000 төгрөгийг төлөх асуудал шийдэгдээгүй, төлөгдөөгүй байсан тул уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандсан боловч 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр тус цагдаагийн хэлтсээс Эрүүгийн 201525011863 дугаарт хэрэг аудитын дүгнэлт гаргуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлсэн төлбөрийг барагдуулах талаар шүүхэд холбогдох журмын дагуу нэхэмжлэл гаргана уу гэх хариу бүхий 83/591 дугаартай албан тоот ирүүлсэн бөгөөд уг эрүүгийн хэрэг нь 2015 оны 11 дүгээр сарын 25 –ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 1424 тоот тогтоолоор 201525011863 дугаартай Эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хохирол болох 11,000,000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үнэнбат шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байна.Эм Эс Пи Ди ХХК-ийн Номун Виллаж хотхоны барилгад оруулсан 2 талын болон нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, мөн барилга барихад зарцуулсан өртөг зардлыг байшин тус бүрээр болон нийт зардлаар тооцож дүгнэлт гаргаж өгнө үү гэх Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний 83-3/4212 дугаартай албан бичгийг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дүгнэлтийг гаргаж өгсөн боловч 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 1424 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн байна.Аудитын дүгнэлт хийгдсэн шинжээч мэргэжилтний ажлын хөлс 11,000,000 төгрөгийг Засгийн газрын нөөцийн хөрөнгөөс гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэлд заагдсан аудитын дүгнэлт хийгдсэн шинжээч, мэргэжилтний ажлын хөлс 11,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт, 25 дугаар зүйлийн 25.1.2 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 42.1 хэсэгт заасан баримтлан дараах тайлбарыг гаргаж байна.
1. Аудитын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт Гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуй нэгж, байгууллага нь санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэхээр хуульчилсан.
2. Аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Аудит хийлгэсэн үйлчилгээний хөлсийг гэрээний үндсэн дээр төлнө.
3. Аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Төсвийн байгууллагын хувьд энэ хуулийн 14.1.1 дэх заалт Үйлчлүүлэгчийн эрх үүрэг хамаарахгүй гэж тус тус заасан бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 83-3/4212 дугаартай албан бичгээр аудитын дүгнэлт гаргуулахаар хүсэлт тавьсан нь үйлчлүүлэгчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээхгүй бөгөөд Эм Эс Пи Ди ХХК нь уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.14 дэх хэсэгт заасан аудит хийлгэх, Аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Аудит хийлгэсэн үйлчилгээний хөлсийг гэрээний үндсэн дээр төлнө гэж тус тус заасан үүргийг хүлээж байна.
4. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс нь үйлчлүүлэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээхгүй, үйлчилгээний хөлсний талаар Алаг уул финанс аудит ХХК-ийн зүгээс гэрээ хийгдэж, зохигчид хүлээн зөвшөөрч гарын үсэг зурагдаж баталгаажаагүй, санхүү тайлан балансын хамрах хүрээ, ажиллах цаг, мэргэжилтэн шинжээчийн ажлын хөлс тодорхой дурдаагүй зэрэг байдлууд үүсэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй байна.
5. Иймд Алаг уул финанс ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Шүүх хуралдаанд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Л.Батсайханаас тайлбар гэрчийн мэдүүлэг авахуулах саналтай шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэжээ.
Хариуцагч Цагдаагийн Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Онон шүүх, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алаг уул финанс ХХК-ийн нэхэмжлэлтэй Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Цагдаагийн Ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс эрүүгийн 201526011863 дугаартай хэрэгт Эм Си Пи Ди ХХК-ийн Номун Виллаж хотхоны барилгад оруулсан 2талын болон нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, барилга барихад зарцуулсан өртөг, зардлыг тооцож дүгнэлт гаргуулах тухай 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 83-3/4212 дугаартай албан бичгээр Алаг уул финанс аудит ХХК нь хөрөнгө оруулалтын хэмжээ, барилгын өртгийн талаар аудит хийж дүгнэлтийг өгсөн байна.
Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 99 дүгээр зүйлд Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцахаар өгсөн байна.
Цагдаагийн байгууллага Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасан Нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлж буй тохируулагч агентлаг бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлд заасан ёсоор Засгийн газар нь Монгол улсын хуулийг биелүүлж, аж ахуй,нийгэм соёлын байгуулалтын удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж тус тус заажээ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ гэж заасан.
Цагдаагийн байгууллагын төсөвт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд заасан зардал тусгагдаагүй.
Цагдаагийн байгууллагын 2014-2016 оны төсвийн саналд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардалд 3.1 тэрбум төгрөг тусгуулахаар саналаа хүргүүлсэн боловч Сангийн яамнаас дээрх зардлыг хасаж баталсан байна.
Төсвийн тухай хуулийн16 дугаар зүйлийн 16.5-д Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах, 41.2.4-т төсвийн сар, улирлын хуваарийг баримталж ажиллах гэж бүх шатны төсвийн захирагчийн төсвийн хэрэгжилтийн талаарх үүргийг хуульчилсан ба тухайн оны батлагдсан төсвийг тухайн зориулалт, хуваарь ангилалтын дагуу зарцуулах үүрэгтэй.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар Цагдаагийн Ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Төрийг төлөөлж Прокурор шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын байгууллагын тухай хуулийн 16-р зүйлийн 16.1., ИХШХШТХ-ийн 31-р зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу тус хэрэгт төрийн нэрийн өмнөөс оролцож байна. “Алаг Уул Финанс Аудит” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна. Учир нь байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцна гэж заасныг нэг мөр болгох зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3., 15.4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2008.05.05-ны өдөр УДШ-ийн эрүүгийн хэргийн танхимаас зөвлөмж гаргасан байдаг. Үүнд шинжээчийн дүгнэлтийг зааж өгөөгүй байгаа. Харин зөвхөн хойшлуулшгүй тохиолдолд байцаан шийтгэх ажиллагааны зардлыг хэрэгжүүлэхдээ түргэн муудах, гэмтэх эд мөрийн баримтыг шилжүүлэх, хадгалахад тусгай чиг үүргийн байгууллага буюу шүүх, прокурор, өөрсдийн төсвийн хөрөнгөөр хариуцна гэж заасан. Үүнийг шүүх анхаарахыг хүсэж байна. Мөн Аудитын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа жилд 1 удаа аудит хийхийг заасан байгаа. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт тухайн дүгнэлтийг аудитын байгууллага гаргахдаа гэрээний үндсэн дээр болон мөн төлбөрийг гэрээний үндсэн дээр төлнө гэж заасан. Аудитын тухай хуулийн 14-дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар төсвийн байгууллага шинжээч томилсноор аудитын байгууллагын үйлчлүүлэгч болох түүний эрхийг эдлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. “Алаг Уул Финанс Аудит” ХХК нь ажлын хөлс болох 11,000,000 төгрөгийн баримт гэж кассын орлогын ордер-3, н.Отгонжаргалаас мөнгө шилжүүлсэн баримт-1, цэвэр ашиг-1.300.000 төгрөг буюу нийтдээ 7.800.00 төгрөгийн кассын орлогын ордер, нийтдээ 9.100.000 төгрөгийн нотолгоогүй баримт өгсөн байгаа. “Алаг Уул Финанс Аудит” ХХК нь шинжээч нараар ажил хийлгэхдээ ямар шатлалаар цалин хөлс олгодог нь тодорхой биш байна. Аудит хийх тусгай эрхийг сангийн яам олгодог байх. Тэгэхээр төрийн захиргааны байгууллагаас аудитор нарт цалин хөлс олгох тусгай журам байдаг байх. Тэгэхээр юуг үндэслээд шинжээч н.Мөнхцолмонд 1.500.000 төгрөг, шинжээч н.Гантулгад 1.500.000 төгрөг, н.Амарсанаад 1.500.000 төгрөг, н.Ундрахгэрэлд 2.500.000 төгрөг, мөн 800.000 төгрөгийг өгч байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тухайн дүгнэлтийн ямар хэсэгт ажиллуулсан болон маргаантай асуудалд хэдэн төгрөг төлөх ёстой талаарх нотолгоо байхгүй байна. Мөн тухайн компани нь маргааны нэг тал болж байгаа тохиолдолд өөрт ашигтай баримт үйлдэх боломжтой учраас цалин олгосон нотлох баримт гэж үзэхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү Улсын дээд шүүхийн зөвлөмжид шинжээчийн зардлыг төр хариуцна гэж заасан байдгийг шүүх анхаарна биз. Аудитын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 14 дүгээр зүйлийн 14.4, 14 дүгээр зүйлийн 14.5 –д зааснаар шинжээчийн ажлын хөлс 11,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудад ажлын хөлсөнд 9,100,000 төгрөг ажлын хөлс гэж өгсөн нь нотлогдохгүй байна.Ямар шатлалаар шинжээч томилж цалин хөлс олгосон нь тодорхойгүй.Шинжээч нар хэдэн цагийн ажил, хэдэн төгрөгийн ажил хийсэн, цалин олгосон зэрэг нь тодорхойгүй байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Алагуул финанс ХХК нь хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Цагдаагийн Ерөнхий газраас шинжээчийн ажлын хөлс 11,000,000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахыг шаардаж байна.
Хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь аудитын хуульд зааснаар талуудын хооронд гэрээ байгуулаагүй, хариуцагч Цагдаагийн Ерөнхий газар Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцна гэж заасан тус тус маргаж байна.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Эм Си Пи Ди ХХК-ийн захирал Б.Тогтохбаярт холбогдох 201525011863 эрүүгийн хэрэгт Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 83-3/4212 албан тоотоор Эм Эс Пи Ди ХХК-ийн Номун виллаж хотхоны барилгад оруулсан хөрөнгө оруулалт, барилга барихад зарцуулсан зардлыг тооцуулахаар аудитын дүгнэлт гаргуулахаар Алаг уул финанс аудит ХХК-ийг томилжээ. /хх-ийн 5 дугаар тал/
Алаг уул финанс аудит ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15304 тоотоор Хараат бус аудиторын тайлан, ажлын хөлс 11,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн хамт Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хоёрдугаар хэлтэст хүргүүлсэн байна./хх-ийн 5-30 дугаар талууд/
Нийслэлийн прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1424 Прокурорын тогтоолоор Эм Си Пи Ди ХХК-тай холбоотой 201525011863 эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Алаг уул финанс аудит ХХК-д 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хоёрдугаар хэлтсээс 8з/591албан тоотоор “Аудитын дүгнэлтийн төлбөрийг барагдуулах талаар шүүхэд хандана уу” гэсэн хариуг өгчээ./хх-ийн 31 дүгээр тал/
Аудитын тухай хуулийн 1З дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Аудитын үйлчилгээ үзүүлэх талаар үйлчлүүлэгч болон аудитын хуулийн этгээд бичгээр гэрээ байгуулна.Гэрээ нь үйлчлүүлэгч ба аудитын хуулийн этгээдийн эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан өдрөөс хүчин төгөлдөр болно”, энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Аудит хийлгэсэн үйлчилгээний хөлсийг гэрээний үндсэн дээр төлнө” гэж зааснаар Эм Си Пи Ди ХХК нь Алаг уул финанс аудит ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 101.3 дахь хэсэгт “Уг хэргийг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон буюу шүүгдэгчийг цагаатгасан, түүнчлэн шийтгэгдсэн этгээд эд хөрөнгөгүй болох нь тогтоогдвол байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцна”, энэ хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.6 дахь хэсэгт “байцаан шийтгэх ажиллагаатай холбоотой бусад зардал”, энэ хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дэх хэсэгт “Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцах бөгөөд шүүх энэ хуулийн 100.1, 100.2, 100.4, 100.5-д заасны дагуу байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэнэ” гэж зааснаар 201525011863 эрүүгийн хэрэгт хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан тал нь төлбөрийн чадваргүй, Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно, энэ хуулийн 344.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах үед урьдчилан төсөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж зааснаар Алаг уул аудит ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын төсөв, зардлын тооцоо зэрэг нь нотлох баримтаар тус тус тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй-ний улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцана гэж заажээ.
Эм Си Пи Ди ХХК-ийн эрүүгийн хэрэгт аудитын дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасан тал нь Алаг уул финанс аудит ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн Засгийн газрын нөөц сангаас 11,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нэг нөгөөгөө тодотгосон хэрэг ач холбогдолтой нотариатаар гэрчлүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан баримт болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Алаг уул финанс ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Цагдаагийн Ерөнхий газарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 11,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО
С.ХИШИГБАТ