| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 105/2017/0918/э |
| Дугаар | 166 |
| Огноо | 2018-02-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 166
Д.От холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор С.Цэрэндорж,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ц.Батболдын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 8 дугаартай Дээд шатны прокурорын эсэргүүцлээр Д.От холбогдох эрүүгийн 1706014090218 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Д. О, 1956 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 62 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, ам бүл 5, хүү, охин, ач, зээ нарын хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 4 дүгээр гудамжны 112 /а/ тоотод оршин суух хаягтай, одоо Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ....тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../,
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр О.Агаас “хүү О.Дийг нь Батлан Хамгаалах Их сургуулийн ахлагчийн сургуульд оруулж өгнө” гэж 3 000 000 төгрөгийг,
2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Г.Баас хүү “Б.Бг нь мөн сургуульд оруулж өгнө” гэж 3 000 000 төгрөг тус тус залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: шүүгдэгч Д.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Оийг бусдыг хуурч бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Оийг 500 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О 500 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоож шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Батболд 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Оийг 500 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй ” , мөн Тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О 500 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоосугай” гэжээ. Шийтгэх тогтоолын дээрх заалтуудаас үзэхэд шүүх ялтанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг ямар хэмжээгээр буюу хэдэн нэгжтэй тэнцэх хэмжээгээр оногдуулсан нь ойлгомжгүй байна. Үүнээс үзвэл шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.
Прокурор С.Цэрэндорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлыг болон давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр О.Агаас “хүү О.Дийг нь Батлан Хамгаалах Их сургуулийн ахлагчийн сургуульд оруулж өгнө” гэж 3 000 000 төгрөгийг,
2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Г.Баас “хүү Б.Бг нь мөн сургуульд оруулж өгнө” гэж 3 000 000 төгрөг тус тус залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч О.Агийн: “...2017 оны 6 дугаар сарын сүүлээр Батлан хамгаалах их сургуульд орохоор болсон. Орохдоо О гэх хүнтэй яриад тэр хүн нь ямар ч асуудалгүй оруулж өгнө 3 сая төгрөг бэлэн өгчих гэсэн. Тэгэхээр нь итгээд 3 сая төгрөгийг 5675293752 тоот "ХААН" банкны Оийн дансанд 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр шилжүүлсэн. Би 3 сая төгрөгөө Увс аймгийн Улаангом сумаас интернэт банкаар шилжүүлсэн юм. 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр оройн 20 цагийн үед 1.500.000 төгрөгийг буцааж шилжүүлсэн байна. Мөнгөө нэхэж гэрт нь очиход манай дүүг хэл амаар доромжилдог гэсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...”/ хх-15/,
Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Бын: “...Би Увс аймгийн Зүүнговь суманд өөрийн эхнэр Ж, Б.Б, Б.Б, охин Б.З, Б.Т нарын хамт амьдардаг юм. Манай хүү Б.Б нь 2017 оны 6 дугаар сард Зүүнговь сумын ахлах сургуулийн 12 дугаар ангийг төгсөж 2017 оны 7 дугаар сард Увс аймгийн Улаангом суманд орж ирэн элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн юм. Тэгээд манай хүү Б.Б нь Батлан Хамгаалах их сургуульд орох сонирхолтой байсан боловч элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь хүрээгүй юм. Тэгээд Б.Б нь ямар нэгэн сургуульд ороогүй бөгөөд би 2017 оны 7 дугаар сарын 13-нь үеэр өөрийн танил Зүүнговь сумын төвд байдаг цэргийн ангид ажилладаг Б уулзаж Б.Бг Батлан Хамгаалах Их сургуульд оруулах гэтэл нь оноо нь дутчихлаа таньдаг мэддэг хүн байна уу гэж асуусан юм. Тэгтэл Бурмаа нь хамт ажилладаг Н.Э гэх хүн рүү утсаар залгаад Батлан Хамгаалах Их сургуульд хүүхэд оруулмаар байна таньдаг хүн байна уу гэж асуусан юм. Тэгээд Н.Э нь Б 99915155 гэсэн дугаар өгөөд энэ хүн рүү яриад асуу гэж хэлсэн юм. Тэгээд би 99915155 гэх дугаар луу тэр өдөр залгатал Д.О гэдэг хүн утсаа авсан. Тэгээд би От манай хүү Батлан хамгаалах их сургуульд орох гэсэн юм, тэгтэл элсэлтийн шалгалтын оноо хүрэхгүй дутаад байна. Та оруулаад өгөх арга байна уу гэж асуутал О нь надад "би одоохондоо хөдөө явна, Улаанбаатар луу ороод тань руу ярина" гэж хэлсэн. Тэгээд тэр орой 16:00 цагийн үед О нь над руу залгаад "та 2017 оны 7дугаар сарын 17-ны өдөр хүүхдээ 3 000 000 төгрөгтэй наашаа Улаанбаатар луу явуулчих тэгээд би хөөцөлдөж байгаад Батлан Хамгаалах Их сургуульд оруулаад өгнө" гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөр манай сумаас Улаанбаатар луу машин явах гэж байхаар нь би тэр орой өөрийн хүү Б машинд суулгаж өгөөд Улаанбаатар хот руу явуулсан. Б.Б нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод очоод 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хамаатны О хамт Д.Отэй очиж уулзсан. О нь Б.Б О нарыг дагуулаад Батлан Хамгаалах Их сургуульд ажилладаг гэж хэлээд уг сургууль дээр дагуулж очоод өөрөө Батлан Хамгаалах Их сургууль руу орчихсон. Харин Б.Б, Оогий хоёр сургуулийн шалган нэвтрүүлэх байрны хажууд хүлээж байсан гэсэн. Тэгээд Д.О нь Б.Б, О хоёрт 2017 оны 7 дугаар сарын 24-ний эмчийн үзлэгт оруулна үзлэгийн 60.000 төгрөгтэй Батлан Хамгаалах, Хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэг дээр ирээрэй гэж хэлээд явуулсан байсан. 2017 оны 7дугаар сарын 24-ны өдөр Б.Б, О хоёр Отэй уулзаж Б.Бг Батлан хамгаалах, Хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт эмчийн үзлэгт оруулсан юм. Маргааш нь буюу 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Д.О нь өөрийнхөө 99915155 гэсэн дугаараасаа миний 98457677 гэх дугаарлуу залгаад “мөнгөний хэрэг гараад байна, одоо 3.000.000 төгрөгөө миний данс руу хийчих" гэж хэлсэн. Би тухайн үед Д.От өгөх 3.000.000 төгрөгийг 2017 оны 7дугаар сарын 21-ний үеэр өөрийн хамаатны О дансанд хийчихсэн байсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр О данснаасаа миний явуулсан 3.000.000 төгрөгийг Д.Оийн данс руу нь хийсэн юм. Тухайн дансыг нь О мэдэж байсан юм. Маргааш нь буюу 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Д.О нь миний дугаар луу залгаад 2017 оны 9 дүгээр сарын 1-нд Б.Бг Батлан Хамгаалах Их сургууль оруулахаар боллоо гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Д.Оийг залилж байна гэж бодоод Д.От "Үгүй, тийм олон хоног хүлээхгүй, наадах чинь худлаа боллоо, надаас авсан 3,000.000 төгрөгөө буцаагаад дансруу хийчих" гэж хэлсэн. Тэгтэл Д.О нь ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр утсаа тасалчихсан юм. Тэр өдрөөс хойш Д.О гэгч нь надтай утсаар ярихгүй байсан бөгөөд өөрийнх нь дугаар холбогдох боломжгүй болсон. Б.Бг Д.Оийг хайж гэрт нь очиход гэртээ байхгүй хүүхэд нь "ээж хөдөө явсан" гэж хэлсэн. Тэр явдлаас хойш одоог хүртэл Д.Оийн утас нь холбогдохгүй байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар холбоо тогтоож чадаагүй...” /хх-25-26, 64-65/,
мөрдөн байцаалтад гэрч О.Дийн: “... Би Батлан хамгаалах их сургуулийн ахлагчийн нэг жилийн курст орох гэсэн чинь физикийн оноо дутсан. Тэгээд нэг таньдаг хүнтэй ярьж байгаад О гэх хүнтэй танилцсан бөгөөд О 3 сая төгрөгөөр оруулна гэсэн. Тэгэхээр нь би 3 сая төгрөг олж өгөөд эхлээд 2017 оны 7-р сард эмчийн үзлэгт орсон тэгээд дараа нь ур чадварын шалгалтанд орох гэсэн чинь би чамайг оруулчихна гэж О гэх хүн хэлсэн. Карантинд гарах болсон чинь намайг О каринтинд гараад хэрэггүй гэсэн. Хүүхдүүд карантинд гараад сургууль элсэлтээ аваад хаах гээд байхаар нь Отэй уулзах гэсэн чинь утсаа авахгүй, уулзахаар би мэдэж байна. Чи дуугүй хүлээгээд байж бай гээд байсан. Би аргаа ядаад сургууль руу оруулаагүй болохоор Оийн гэрт нь очтол нүүчихсэн гэсэн. Тэгээд арай гэж нэг Отэй уулзсан бөгөөд намайг цэргийн ангид ажилд оруулж өгнө гэсэн тэгэхээр нь би үгүй, мөнгөө авъя гэтэл мөнгийг чинь би 7 хоногийн дотор шилжүүлнэ гэсэн. О надад буцааж 2 сая төгрөг өгсөн байгаа бөгөөд одоо 1 сая төгрөг нь дутуу байгаа. Батлан Хамгаалахын Их сургуульд орохын тулд О гэх хүнд 2017 оны 7-р дугаар сарын 4-ний өдөр 5675293752 тоот "ХААН" банкны дансанд 3 сая төгрөг шилжүүлсэн. Мөнгийг интернэт банкаар Увс аймгийн Улаангом сумаас шилжүүлсэн. О нь Батлан хамгаалах их сургуульд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэж Эрхэмбаяр гэж намайг танилцуулж өгсөн хүн хэлж байсан. О нь цаашаагаа өөр хүмүүстэй ярьж байгаад Батлан хамгаалах их сургуульд оруулдаг юм шиг байна лээ...”/хх-17/
мөрдөн байцаалтад гэрчээр Б. Б: “... Би 2017 оны 6 дугаар сард Увс аймгийн Зүүнговь сумын ахлах сургуулийн 12 дугаар ангийг төгсч 2017оны 7 дугаар сарын 1-нээс 2017 оны 7 дугаар сарын 5-ны хооронд Увс аймгийн Улаангом сумын төвд ирж элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн. Тухайн үед би Батлан хамгаалах их сургуульд орох сонирхолтой байсан боловч миний элсэлтийн шалгалтын оноо дутсан. Тэгээд би ямар ч сургуульд ороогүй юм. 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр манай аав болох Б нь гэрт ирээд би цэргийн ангид ажилладаг Э хүний дугаар авч ярьлаа, чамайг Батлан Хамгаалах Их сургуульд оруулахаар боллоо. 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатарт хүрээд ир гэж байна гэж хэлсэн. Тэр орой манай сумаас Улаанбаатар хот руу машин гарсан бөгөөд би уг машинд суугаад Улаанбаатар хотод 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр очсон. 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хамаатан Оогийтой хамт манай аавтай утсаар ярьсан гэх Д.0юунчимэгтэй уулзсан юм. Тэр өөрийгөө Д.О гэдэг, би Батлан хамгаалах их сургуулийн багш гэж хэлсэн. Д.О нь Оогий бид хоёрыг дагуулаад Батлан Хамгаалах Их сургуулийн гадна шалган нэвтрүүлэх байранд очоод Д.Оийг хүлээсэн юм. Д.О нь сургуулиас гарч ирээд надад 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт эмчийн үзлэгт орно, 60.000 төгрөгтэй ирээрэй гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Д.О нь намайг эмчийн үзлэгт оруулсан бөгөөд тухайн үед би мөн адил өөрийн хамаатан Оогийтой хамт явсан юм. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Д.О нь надад 3.000.000 төгрөгөө өгчих, тэгээд би чамайг Батлан хамгаалах их сургуульд орууллаа гэсэн. Тэгээд Д.О нь манай аавд энэ талаар мөн адил утсаар ярьсан юм. Тухайн үед Д.От өгөх 3.000.000 төгрөгийг манай гэрийхэн Оогий ахын дансанд хийчихсэн байсан юм. Тэгээд О ах тэр өдөр Д.Оийн данс руу 3.000.000 төгрөг хийсэн юм. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Д.О нь манай аав руу залгаад хүүхдийг чинь 2017 оны 9 дүгээр сарын 1-нд Батлан хамгаалах их сургуульд оруулахаар боллоо гэж ярьсан байсан. Тэгээд тэр өдрөөс хойш Д.Оийг утас нь холбогдохгүй алга болчихсон юм. Тэгээд би Д.Оийн гэрийг хүнээс асуугаад очиход Д.О нь хөдөө явчихсан байна гэж хүүхэд нь надад хэлсэн. Тэгээд Д.О нь алга болчихоор би 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Увс аймаг Зүүнговь сумандаа ирсэн юм. Тэрнээс хойш одоо хүртэл Д.О нь ямар нэгэн холбоо бариагүй юм. Д.О нь ямар нэгэн холбоо барихгүй юм...” /хх-69-71/
мөрдөн байцаалтад гэрч Г.Г: “...Би 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Батлан Хамгаалах Их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуулийг төгсөж Увс аймгийн Зүүнговь сумын 328-р тусгай ротод томилогдсон юм. Би Батлан Хамгаалах Их сургуульд сурч байхад манай ангийн сонсогч М нь надад ахлагчийн сургуульд орох хүүхэд байвал надад хэлээрэй гэж хэлсэн юм. Тэгээд би 2017 оны 4 дүгээр сарын 16-ны үеэр ажил дээрээ байж байтал манай ажлын газрын үйлчлэгч Б эгч надаас Батлан Хамгаалах Их сургуульд хүүхэд оруулах гэсэн юм. Чамд таньдаг хүн байна уу гэж асуусан юм. Тэгэхээр нь би тухайн үед Батлан Хамгаалах Их сургуульд хамт сурч байсан М 88143038 гэх дугаарыг Б эгчид өгсөн юм. Би Д.О гэх хүнийг танихгүй. Би Д.О гэх хүнтэй Д, Б нарыг танилцуулж уулзуулаагүй юм. Би Б гэх хүнийг танихгүй, Харин О.Д нь манай найзын дүү юм...” /хх-33/
мөрдөн байцаалтад гэрч Н.Б: “... 2017 оны 4 дүгээр сарын 16-ны үеэр би хамт ажилладаг Н.Э би хүүхдээ Батлан хамгаалах их сургуульд оруулах гэсэн юм, таньдаг хүн байна уу гэж асуусан юм. Тэгтэл Н.Э надад манай найз М гэх хүн байгаа та 88143038 гэх дугаар өгсөн юм. Тэгээд би уг дугаар луу залгахад М гэх хүн надад та хүүхдийнхээ бичиг баримтынх хамт Улаанбаатар хот руу явуулж Мтай уулзуулсан. Тэгтэл М нь манай хүүхдийг О гэх хүний утасны дугаар өгөөд энэ хүнтэй утсаар ярь гэж хэлсэн юм. Д.Отэй утсаар яриад өөрийн хүү Батсайханыг Батлан Хамгаалах Их сургуульд оруулахаар болсон юм. 2017 оны 7 дугаар сард Д.О нь над руу залгаад Батлан Хамгаалах Их сургуульд орох хүүхэд байвал надтай яриулаарай гэж хэлсэн юм. 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр манай нутгийн Б гэгч нь надтай таараад би хүүхдээ Батлан хамгаалах их сургуульд оруулах гэсэн юм, таньд таньдаг хүн байна уу гэж асуусан тэгэхээр нь би Б Д.Оийн 99915155 гэсэн дугаарыг өгсөн юм. Тэрнээс хойш би Б нь Д.Отэй юу ярьсан талаар би мэдэхгүй юм...”/хх-35/
мөрдөн байцаалтад гэрч Н.Э: “...Би 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Батлан Хамгаалах Их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуулийг төгсөж Увс аймгийн Зүүнговь сумын 328-р тусгай ротод томилогдсон юм. Би Батлан Хамгаалах Их сургуульд сурч байхад манай ангийн сонсогч М нь надад ахлагчийн сургуульд орох хүүхэд байвал надад хэлээрэй гэж хэлсэн. 2017 оны 4 дүгээр сарын 16-ны үеэр ажил дээрээ байж байтал манай ажлын газрын үйлчлэгч Бурмаа эгч надаас Батлан Хамгаалах Их сургуульд хүүхэд оруулах гэсэн юм, чамд таньдаг хүн байна уу гэж асуусан. Би тухайн үед Батлан Хамгаалах Их сургуульд хамт сурч байсан Мгийн 88143038 гэх дугаарыг Бурмаа эгчид өгсөн юм. Би О гэх хүнийг танихгүй. Би Д.О гэх хүнтэй Д, Б нарыг танилцуулж уулзуулаагүй. Би Б гэх хүнийг танихгүй харин Д нь манай найзын дүү юм...”/хх-72/ гэх мэдүүлгүүд болон
"ХААН" банкны дансны хуулга /хх 96-98/, шүүгдэгч Д.Оийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Д.От холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн уг зүйл ангиар хэргийг зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн” байхаар заажээ.
Гэтэл шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Оийг 500 /таван зуун тавин/ нэгжтэй...” гэж, 3 дахь дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О 500 /таван зуун тавин/ нэгжтэй...” гэж 500 нэгжийн хэмжээг бичгээр бичихдээ /таван зуун тавин/ нэгж гэж бичсэн нь шийтгэх тогтоолыг ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээтэй болгожээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 36 дугаар зүйлийн 36.2-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурор Ц.Б энэ талаар гаргасан эсэргүүцлийг хүлээн авч энэ талаархи алдааг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой тул эсэргүүцлийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах”-аар бичсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 41-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн:
2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.н Оийг 500 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д Оийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэж,
3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О 500 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.От оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхөөр тогтоосугай...” гэж,
4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.От оногдуулсан 500 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.От оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай...” гэж тус тус өөрчилж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
О.ЧУЛУУНЦЭЦЭГ