Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 587

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч   Н.Д даргалж, 

Нэхэмжлэгч: “Л.Д” ТББ 

Хариуцагч: БОАЖС 

Гуравдагч этгээд: “Т.Х” ХХК 

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд /хуучин нэрээр/ -ын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/155 дугаар шийдвэрийн “Т.Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Л.Д” ТББ-аас гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Л.Д” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Н.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, Т.Ө, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Ушүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Л.Д” ТББ-ын тэргүүн З.Ашүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Монголчууд бидний түүх шашин соёл, зан үйлийн уламжлалтай нягт холбоо бүхий түүхийн дурсгалт, тахин шүтэж ирсэн уул бол Б******* юм. Энэхүү уул нь маш олон өөр өөрийн гэсэн онцлог, түүхийн дурсгалыг илтгэсэн амуудтай бөгөөд тэдгээр амуудын дотроос Ч*******ы амыг Монголчууд бид эртнээс “Хийморийн овоо” гэж нэрлэж ирсэн бөгөөд 19 дүгээр зууны үеийн нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч Говийн Ноён Хутагт Данзанравжаа их хүрээнд морилохдоо уг аманд бууж зохиол бүтээлээ туурвиж, Б*******, С*******, Ч*******, Б******* хайрхануудыг ёсчлон тахиж байсан нь түүхийн олон сурвалж бичиг, нутгийн иргэдийн дунд хууч яриа болон тус газрыг тахин шүтэж ирсэн тухай баримтад тэмдэглэн үлдсэн байдаг ба одоо ч Монголчууд бид тус Хийморийн овоог тахин шүтэж байдаг энэхүү дурсгалт газрыг хамгаалж, мөнхжүүлэхээр Ц******* эрхит Л******* бурханы цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн байгуулах хүсэлтээ тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, Б*******ын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “...Б*******ын Ч*******ы аманд 5 га газарт ногоон байгууламж бүхий цогцолборыг байгуулахад зориулж газар ашиглах зөвшөөрөл”-ийг хүссэн агуулга бүхий хүсэлтийг холбогдох кадастрын зураг, бичиг баримтуудын хамт тус тус гаргасан байдаг.

Уг хүсэлтэд дурдсан хэмжээ болон хавсаргасан кадастрын зургийн дагуу нийтэд нь олгосон шийдвэр гараагүй ба эхний ээлжинд БОАЖСын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 дугаар тушаалаар 1.7 га газрыг ашиглах зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэж, 2014/67 дугаар гэрчилгээг авч байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэж байгаль орчинд нөлөөлөх байдлын урьдчилсан үнэлгээг тус тус батлуулж, газар ашиглах гурвалсан гэрээг байгуулсан. 

Манай төрийн бус байгууллагын зүгээс дээрх төслийг хэрэгжүүлэхэд зөвшөөрөл нь шаардлагатай эрх бүхий байгууллага болох Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төслийг дэмжүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 44 дүгээр албан бичгээр төслийг хэрэгжүүлэх боломжтой, дэмжиж байна гэх хариуг ирүүлсэн байдаг ба үүний дараа Нийслэлийн “Хөшөө дурсгал, түүх соёлын биет дурсгалт зүйлийн загвар батлах комисс”-ын хурлаар орж дэмжигдэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Хөшөө бариулах тухай” 73 дугаар тогтоолоор Б*******ын Дархан цаазат газрын Ч*******ийн аманд “Ц******* эрхит Л******* бурхан”-ын хөшөөг байрлуулахыг зөвшөөрсөн байдаг. 

Дээрх шийдвэрүүдээр нэгэнт бидний санаачилсан төсөл хэрэгжих бүрэн боломжтой болсон тул анхны төлөвлөсөн шаардлагатай хэмжээний газраа нэмэгдүүлж авах өмнөх хүсэлтийг бүрэн шийдвэрлэхийг хүсч дутуу олгогдсон газрыг нэмэгдүүлэн олгох тухай хүсэлтийг яаманд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр холбогдох бичиг баримтын хамт өгсөн ба уг хүсэлтүүдийн дагуу сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар 0,62 га газрыг /хаалга/, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар 1 га газрыг /шат болон авто зогсоолын зарим хэсэг/ олгогдсон байдаг. 

Яагаад бидний гаргасан 5 га газрыг ашиглах хүсэлтэд дурдсан газрын хэмжээг дутуу гаргасан талаар тодруулахад холбогдох мэргэжилтэн нь нэг дор бүгдийг гаргах боломжгүй, шат дараалалтайгаар гаргана, ямар нэг байдлаар бусдын ашиглаж байгаа газартай давхцаагүй байгаа гэж хэлж байсан ба дээрх тушаалууд ч хэлснийх нь дагуу гарсан ба төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай Цэцэрлэгт хүрээлэн, шат болон авто зогсоолын зарим хэсэг, усан сан, шат руу өгсөх нуман гүүрийн газруудын зөвшөөрөл гараагүй үлдсэн байдаг. 

Сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А-155 дугаар шийдвэрээр “Т.Х” ХХК-д 1.1 га газар ашиглах эрх олгосон шийдвэр нь манай төрийн бус байгууллагын эрхийг ноцтой зөрчиж байгаа ба бидний анх 2014 онд гаргасан 5 газрыг хүссэн хүсэлтийг бүрэн шийдвэрлэж дуусаагүй, Ц******* эрхит Л******* бурханы цогцолбор байгуулахад шаардлагатай газар байсан гэдгийг мэдсээр байж хуулийг зөрчин бусад аж ахуй нэгжид газар ашиглах эрх олгосон нь дээрх төслийг хэрэгжүүлэхэд маш том саадыг бий болгож эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь хөндсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэн, аж ахуй, нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс газар ашиглах тухай хүсэлтээ гаргасан болно.

Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасан заалтыг авч үзвэл газар ашиглах хүсэлтээ тус хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу 2014 онд түрүүлж гаргасан ба хүсэлтэд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байсан. Гэтэл бидний гаргасан хүсэлтийг бүрэн шийдвэрлээгүй, уг төсөл хөтөлбөр тухайн газаргүйгээр хэрэгжих боломжгүй болохыг мэдсэн атлаа хуульд заасан зарчмыг зөрчиж ийнхүү шийдвэр гаргаж  байгаа нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. 

Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу газар ашиглах зөвшөөрлийг олгохдоо түрүүлж өргөдөл гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагад олгох, хэрэв давхцуулан зэрэг өргөдөл гаргасан тохиолдолд сонгон шалгаруулах байдлаар шийдвэрээ гаргахыг хуулиар тогтоосон байхад манай төрийн бус байгууллагын түрүүлж гаргасан өргөдөлд дурдсан талбайг бусдад үндэслэлгүйгээр олгосон нь буруу гэж үзэж байна. 

Уг төслийг хэрэгжүүлэх үүднээс маш их хэмжээний ажлыг хийж гүйцэтгэн зардал гаргаж, хөшөө дурсгал, ТЭЗҮ, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж эхлүүлсэн, бүтээн байгуулах шатанд ийм хууль бус шийдвэр гаргаж байгаа нь ихээхэн хэмжээний хохирол учруулахад хүргэж эрх ашгийг минь хөндөж байгаа тул Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А-155 дугаар шийдвэрээр “Т.Х” ХХК-д 1.1 га газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, манай төрийн бус байгууллагын гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах шийдвэр гаргахыг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “ ...Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А-155 дугаар шийдвэрээр “Т.Х” ХХК-д 1.1 га газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Л.Д” төрийн бус байгууллагын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/21 дугаар албан бичгээр хандсан хүсэлтийг 1,5 га хэмжээтэйгээр хийлгэсэн кадастрын зургийн дагуу газар ашиглах шийдвэрийг хууль бусаар гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч БОАЖЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “1. Л.Д ТББ нь анх 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/21 албан бичгээр газар ашиглах зөвшөөрөл хүссэн ба 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаар албан бичгээр төслийн талбайн хэмжээ нэмэгдсэн тул газар ашиглах зөвшөөрөл олгож өгөх тухай хүсэлтээ тус яаманд гаргасан байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 3-д “хууль буюу гэрээнд заасан үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан ашиглаж байгаа газрынхаа төлөв байдал, ашиглалтын зориулалтыг өөрчлөхөд хүрвэл холбогдох зураг төслөө төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж зөвшөөрөл авах”, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.5-д “Газар ашиглагч нь төслөө өргөтгөх, шинэчлэх тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн  удирдлагын газраас зөвшөөрөл авч, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг дахин хийлгэнэ” гэсний дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг дахин хийлгээгүй мөн хамгаалалтын захиргааны саналгүй байна.

2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу газар ашиглах хүсэлтээ “Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутаг сум, дүүргийн Засаг даргад гаргана”. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасны дагуу “Т х” ХХК хүсэлтээ Б*******ын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргаж, хамгаалалтын захиргааны 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 111 дүгээр санал, аялал жуулчлалын баазын төсөл зэргийг үндэслэн газар ашиглах эрх олгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “Т.Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай компани нь 2014 онд газар ашиглах хүсэлт гаргасан. Хүсэлтийг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороо болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас дэмжсэн.

Бид Б*******ын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Хийморийн овооны доод хэсэг газрын хөрсийг нөхөн сэргээх зорилгоор мод тарьж, ойжуулах төсөл хэрэгжүүлэхээр, тус газарт газар ашиглах хүсэлт гаргасан.

Манай компанийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн мод тарих төслийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон Монгол Улсын Их хурлын Байнгын хорооноос дэмжин газар олгох асуудалд дэмжлэг үзүүлэх талаар албан бичиг хүргүүлж байсан.

Ийнхүү Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар Б*******ын Дархан цаазат газар Ч*******ы аманд 1.1 га газар ашиглах эрх олгосон.

Газар ашиглах эрхитэй болсноос хойших хугацаанд газрын төлбөрийг цаг тухай бүрд нь төлж ирсэн. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцахад нэхэмжлэгчээс 2014 оноос хойш удаа дараа хүсэлт гаргаж БОАЖС-ын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 дугаар тушаалаар 1.7 га газар, мөн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар 0.62 га газар, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар 1 га газрыг тус тус ашиглах эрхитэй болсон байна.

Нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч нь хамгийн сүүлд 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүсэлт гаргасан байх ба хүсэлтийн дагуу газар ашиглах эрхийг олгосон байна.

Манай компани нь газар ашиглах эрх хүссэн хүсэлтийг 2014 онд гаргасан буюу нэхэмжлэгчээс даруй нэг жилийн өмнө гаргасан. Хариуцагч байгууллагаас бидний гаргасан хүсэлтийг нилээд хожим буюу 2016 онд шийдвэрлэж газар ашиглах эрх олгосон.

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмаар зохицуулагддаг харилцаа билээ.

Тус хууль болоод журамд зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгохдоо дараах процессын дагуу олгохоор заажээ.

1/ Иргэн, аж ахуй нэгж байгууллага нь газар ашиглах хүсэлтээ хэрэгжүүлэх төслийн хамт хамгаалалтын захиргаанд гаргана.

2/ Хамгаалалтын захиргаа нь хүсэлт, төслийг хянан үзээд Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд заагдсан газар ашиглуулах чиглэл, байршилд нийцсэн талаар Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтэст хүргүүлнэ.

3/ Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтэс нь төслийг журамд заасан шалгуураар хянан үзээд хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагад хариу хүргүүлнэ. /шаардлага хангаагүй тохиолдолд шалтгаан үндэслэлийг тодорхой бичнэ. шалгуурыг хангасан тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлнэ./

4/ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төсөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ.

5/ Нарийвчилсан үнэлгээг үндэслэн газар ашиглах эрх олгогдоно.

Нэхэмжлэгч нь хүсэлт гаргасны дагуу газар ашиглах эрх авсан байх бөгөөд манай компанийн ашиглах эрх бүхий газартай хэрхэн давхцуулж хүсэлт гаргасан нь тодорхойгүй байна. Манай компаниас газар ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу авсан бөгөөд ямар нэгэн байдлаар бусдын эзэмшил , ашиглалтын газартай давхцуулан газар ашиглах эрх аваагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байх нөхцөл байдлыг шаардаж байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд энэхүү нөхцөл байдал байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Л.Д” ТББ-аас БОАЖС-д холбогдуулан “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд /хуучин нэрээр/ -ын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/155 дугаар шийдвэрийн “Т.Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Л.Д” ТББ-аас гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... БОАЖС-ын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар шийдвэрээр “Т.Х” ХХК-д 1,1 га газар ашиглах эрх олгосон шийдвэр нь манай төрийн бус байгууллагын эрхийг ноцтой зөрчиж байгаа ба бидний анх 2014 онд гаргасан 5 га газар ашиглахыг хүссэн хүсэлтийг бүрэн шийдвэрлэж дуусаагүй, Ц******* эрхит Л******* бурханы цогцолбор байгуулахад шаардлагатай газар байсан гэдгийг мэдсээр байж хуулийг зөрчин бусад аж ахуй нэгжид газар ашиглах эрх олгосон нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэж тайлбарлан маргадаг. 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.5-д зааснаар нэхэмжлэгч нь байгаль орчинд  нөлөөлөх байдлын үнэлгээг дахин хийлгээгүй мөн хамгаалалтын захиргааны саналгүй байна”  гэх тайлбарыг, 

Гуравдагч этгээд “Т.Х” ХХК-иас “... Манай компани нь газар ашиглах эрх хүссэн хүсэлтийг 2014 онд гаргасан буюу нэхэмжлэгчээс даруй нэг жилийн өмнө гаргасан. Хариуцагч байгууллагаас бидний гаргасан хүсэлтийг нилээд хожим буюу 2016 онд шийдвэрлэж газар ашиглах эрх олгосон”  гэх тайлбарыг хийдэг. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж заасан.

Нэхэмжлэгч “Л.Д” ТББ-аас Б*******ын Ч*******ы аманд 5 га газар ашиглах эрх хүссэн хүсэлтийг анх 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргад , 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б*******ын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад , 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Байгаль орчин,  ногоон хөгжлийн яамны сайдад  тус тус гаргасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 дүгээр тушаалаар  “Л.Д” ТББ-д Б*******ын Дархан цаазат газрын Ч*******ы аманд Бурхан багшийн цогцолбор байгуулах зориулалтаар 1,7 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгогджээ. 

Улмаар “Л.Д” ТББ-аас 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/21 дүгээр албан бичгээр БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт “...уг төслийн авто зогсоол болон иргэдэд үйлчлэх хэсэг цэцэрлэгт хүрээлэн байгуулах газрыг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтиийг гаргаж байжээ. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 73 дугаар тогтоолоор  “... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б*******ын Дархан цаазат газрын Ч*******ы аманд “Ц******* эрхт Л******* бурхан”-ы хөшөөг байрлуулахыг зөвшөөрсөний дагуу “Л.Д” ТББ-аас 2015 оны 9 дүгээр сарын 21-ний 12 тоот албан бичгээр хариуцагчид “... НИТХТ-ийн 73 дугаар тогтоол гарч, зураг төслийг баталсан, ... “Ц******* эрхт Л******* бурхан”-ы цогцолбор байгуулах төслийн талбайн хэмжээ нэмэгдсэн тул газар ашиглах зөвшөөрөл олгож өгнө үү” гэх хүсэлтийг  гаргасны дараа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар  0,62 га, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар  1,0 га газрыг ашиглах эрхийг тус тус нэмж олгосон байна. 

Харин гуравдагч этгээд “Т.Х” ХХК-иас 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25 тоот албан бичгээр  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад хандан дархан цаазат Хан-Уул дүүргийн хийморийн овооны доод хэсэг газарт газар ашиглах эрх хүссэний дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар  тус компанид Б*******ын дархан цаазат газар Ч*******ы аманд 1,1 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгожээ.  

         “Т.Х” ХХК-иас БОАЖС-д хандан газар ашиглах эрх хүссэн хүсэлтээ 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар албан бичгээр ирүүлснийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам тухайн өдрийн 16 цаг 44 минутад бүртгэж авав гэсэн баримт бичгийн жагсаалт  хавтаст хэрэгт авагдсан боловч тус хүсэлт нь алга болсон гэсэн шалтгаанаар хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүйг дурдах нь зүйтэй. 

         Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “...2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан хүсэлт алга болсон бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дахин хүсэлт гаргасан” гэх тайлбарыг хийсэн бөгөөд хариуцагчид анх гаргасан хүсэлтийг алга болсон гэх шалтгаанаар хэрэгт нотлох баримтаар авагдах боломжгүйд “Т.Х” ХХК-ийг буруутгах үндэслэлгүй юм. 

        “Л.Д” ТББ, “Т.Х” ХХК-иудад газар ашиглах эрх олгогдсоны дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон  нарийвчилсан үнэлгээг тус тус хийлгэн батлуулж, газар ашиглах гурвалсан гэрээг байгуулсан байх бөгөөд БОАЖС-аас маргаан бүхий газрыг бурхан шашны цогцолбор байгуулах, аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг “Л.Д” ТББ-д, “Т.Х” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар олгосон байгааг дурдах нь зүйтэй. 

Байгаль орчин, аялал жуучлалын сайд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан бөгөөд хэрэв хэд хэдэн этгээд хүсэлт гаргасан тохиолдолд мөн хуулийн 36.2-т “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэж зааснаар шийдвэрлэхээр байна. Гэтэл “Т.Х” ХХК-ийн газар ашиглахаар гаргасан хүсэлтэд заасан газар нь бусдын ашиглаж буй болон ашиглахаар хүсэлт гаргасан газартай давхцалтай эсэхийг судлалгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь Хан-Уул дүүрэг, Б*******ын дархан цаазат газар, Ч*******ы аманд газар ашиглах эрхитэй “Л.Д” ТББ-ын анх хүсэлт гаргасан газартай давхацсан байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “... ашиглаж байгаа газрынхаа төлөв байдал, ашиглалтын зориулалтыг өөрчлөхөд хүрвэл холбогдох зураг төслөө төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж зөвшөөрөл авах ёстой, ... Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.5-д “Газар ашиглагч нь төслөө өргөтгөх, шинэчлэх тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас зөвшөөрөл авч, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг дахин хийлгэнэ” гэсний дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг дахин хийлгээгүй мөн хамгаалалтын захиргааны саналгүй...” гэх тайлбарыг хийдэг боловч хариуцагчаас  нэхэмжлэгчид дахин газар нэмж олгосон нь хэргийн оролцогчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.  

Нэхэмжлэгчээс Б*******ын Ч*******ы аманд Бурхан багшийн цогцолбор байгуулах зориулалтаар 5 га газар ашиглах хүсэлтийг анх хариуцагчид гаргахад  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-340 дүгээр тушаалаар “Л.Д” ТББ-д хүсэлт гаргасан газрын хэмжээг багасгаж 1,7 га болгон 5 жилийн хугацаатай олгосон ба дараа нь 0,62 га, 1,0 га газрыг ашиглах эрхийг нэмж олгосон.  

Энэхүү байдлаас дүгнэхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн  шүүх хуралдаан дээр хийсэн “... 5 га газрыг ашиглах хүсэлтэд дурдсан газрын хэмжээг дутуу гаргасан талаар тодруулахад холбогдох мэргэжилтэн нь нэг дор бүгдийг гаргах боломжгүй, шат дараалалтайгаар гаргана... гэж хэлж байсан ба дээрх тушаалууд ч хэлснийх нь дагуу гарсан ба төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай цэцэрлэгт хүрээлэн, шат болон авто зогсоолын зарим хэсэг, усан сан, шат руу өгсөх нуман гүүрийн газруудын зөвшөөрөл гараагүй үлдсэн...” гэх  тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.  

Нэгэнт хариуцагчаас “Л.Д” ТББ-д Б*******ын Дархан цаазат газрын Ч*******ы аманд Бурхан багшийн цогцолбор байгуулах зориулалтаар газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэсэн атлаа, анх хүсэлт гаргасан газрын хэмжээг багасгасан, дараа нь дахин газар нэмж олгоод байгаа нь нэхэмжлэгчийн анх хүсэлт гаргасан 5 га газрыг шат дараалалтайгаар олгох юм байна гэсэн нэхэмжлэгчийн төрийн  байгууллагад итгэх итгэлийг төрүүлснээс гадна Бурхан багшийн цогцолборыг одоогийн нэхэмжлэгчид олгоод байгаа газарт бүрэн цогцсоор нь барих боломжтой эсэхийг хариуцагч судлах ёстой.    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчийг Газрын тухай хуульд зааснаар 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах ёстой байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх тайлбарын тухайд.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “...Эрхийн гэрчилгээ эзэмшигч ... Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан. Хариуцагчийн 2017 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн 10/4544 тоот албан бичигт “... зохих шатны шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэсний дагуу нэхэмжлэгчээс мөн оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 14 хоногоор тогтоож, улмаар мөн оны 9 дүгээр сарын 18-ний өдөр захиргааны хэрэг үүссэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд захиргааны актад гомдол гаргах, 93 дугаар зүйлд гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага, 94 дүгээр зүйлд гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх хугацааг тус тус хуульчилсан тул нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан Засаг даргын шийдвэрт 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэсэн заалтыг төсөөтөй хэрэглэж, нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрхийг хязгаарлах үндэслэлгүй юм.       

 Иймд шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангах үүднээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, хариуцагчаас холбогдох хууль тогтоомжид заасны дагуу талуудаас гаргасан саналыг сайтар судалж, талуудын газар ашиглахаар хүсэлт гаргасан газар нь анх давхцалтай байсан эсэх, хэзээ газрын давхцал бий болсон зэргийг сайтар судалж тогтоосны үндсэн дээр дахин шинэ акт гаргах шаардлагатай байх тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалын гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг  түдгэлзүүлж шийдвэрлэв.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалын гуравдагч этгээд “Т.Х” ХХК-д холбогдох хэсгийг дөрвөн сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн  107.6-д заасныг баримтлан нөхцөл байдлыг тодруулж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн  газар ашиглахаар гаргасан хүсэлтэд заасан газрууд нь анх давхцалтай байсан эсэх,   чухам ямар учир шалтгаанаар газрын давхцал бий болсон зэргийг сайтар судалж тогтоосны үндсэн дээр хуульд заасан журмын дагуу дахин шинэ гаргах замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалын гуравдагч этгээд “Т.Х” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг  дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                   Н.Д