Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 755

 

  

 

 

 

 

 

     2020          8           20                                   2020/ШЦТ/__ 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Д.Үүлэн,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт М-ын Мд холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, __ дугаарын регистртэй, Б овогт М-ын М.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.М нь 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг 20 минутын орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн урд талд байрлах түргэн үйлчилгээний цэгт, “гар утсаар нь яриад өгье” хэмээн хохирогч Н.Ч-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 270,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-6 плас загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.М-ий өгсөн:

“...Би 2020 оны 7 дугаар сарын 18-ны 21 цагийн үед Баянгол дүүргийн 5-р хороо гуравдугаар эмнэлгийн урд байх төв замын урд хотын төв рүү явдаг автобусны буудалд байх түргэн үйлчилгээний цэгт ороход худалдагч эгч лангууны цаана сууж байсан би худалдагч эгчээс гар утсаар чинь яриад өгье гэж гуйхад худалдагч эгч өөрийн барьж байсан самсунг жи 6 маркийн гар утсыг өгсөн би гар утсыг аваад өөрийн найз Ж-ийн ... дугаар луу залгахад холбогдох боломжгүй байсан тул А гэх найзынхаа ... дугаар луу залгахад гар утсаа авахаар нь би уулзах уу гэж асуухад А амжихгүй ажилтай гэж хэлсэн. Тэгээд би байж байхад түргэн үйлчилгээний цэг дотор гадны хүн байхгүй зөвхөн худалдагч бид хоёр байсан гэнэт надад энэ гар утсыг зараад мөнгө олох боломжтой юм шиг санаа төрөөд байхад ТҮЦ-ний цонхоор миний танил Бааска гэх эрэгтэй явж байхаар нь гар утсыг нь аваад Бааскагийн араас очиход Бааска хаачих гэж байгаа юм гэхээр нь би харих гээд явж байна гэхэд тэгвэл суучих гэхээр нь дагаад Бааскагийн авто машинд суусан...” гэх мэдүүлэг /хх-н 46-48/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Ч-гийн өгсөн:

“...Би 2020 оны 7 дугаар сарын 18-ны шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3-р эмнэлгийн урд талын автобусны буудал дээр байрлах өөрийн ТҮЦ-нд бараа бүтээгдэхүүн худалдан борлуулаад орой 21:00 цагийн орчимд сууж байтал гаднаас 20 орчим насны 175 см орчим өндөр, туранхай биетэй, шар царайтай үл таних залуу орж ирээд эгчээ утсаараа нэг яриулаач гэж гуйсан. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утсыг өгтөл тэр залуу нэг дугаар луу залгаад хүнтэй ярьж байгаад надад буцаагаад өгсөн. Тэр залуу утсаар ярьж дуусаад надад миний утсыг буцааж өгөөд дэлгүүрээс гаралгүй хэсэг зогсож байгаад эгчээ гар утсаараа яриулаач гэж дахиж гуйсан. Тэгэхээр нь би дахиад өөрийнхөө гар утсаар яриулах гээд тэр залууд гар утсаа өгтөл хүнтэй ярьж байх шиг зогсож байгаад дэлгүүрээс гараад яваад өгсөн.

Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 7-8, 50/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ц.Г-ын өгсөн:

“...Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тэди төвийн гадна гар дээрээс гар утас авч зараад байж байтал 20 орчим насны өндөр урт үстэй залуу ирээд ахаа гар утас авахгүй биз гэж асуухаар нь ямар загварын гар утас зарах гэж байгаа юм асууж сонирхтол дэлгэцэн дээрээ эрэгтэй, эмэгтэй хоёр хүний зурагтай, дэлгэц нь кодтой улаан өнгийн Сансунг Жи-6 плас загварын гар утас байсан. Тэгээд би тэр гар утсыг нь 140,000 төгрөгөөр худалдаж авсан. Харин нөгөөдөр өдөр нь Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч ирээд нөгөө залуугаар намайг заалгаж ирээд энэ хүний таньд зарсан гар утас хаана байна гэхээр нь би гаргаж өгсөн. Гар утас зарсан залуу миний нэхэмжилж байсан 140,000 төгрөгийг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-н 10/,

 

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 22/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 23/,

- хохирогчийн “...хохирлоо бүрэн хүлээж авсан гомдол санал байхгүй...” тухай хүсэлт /хх-н 58/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 36/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 37, 38/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 39/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.М нь 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг 20 минутын орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн урд талд байрлах түргэн үйлчилгээний цэгт, “гар утсаар нь яриад өгье” хэмээн хохирогч Н.Ч-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 270,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-6 плас загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч М.М-ий “...түргэн үйлчилгээний цэг дотор гадны хүн байхгүй зөвхөн худалдагч бид хоёр байсан гэнэт надад энэ гар утсыг зараад мөнгө олох боломжтой юм шиг санаа төрөөд байхад ТҮЦ-ний цонхоор миний танил Бааска гэх эрэгтэй явж байхаар нь гар утсыг нь аваад Бааскагийн араас очиход Бааска хаачих гэж байгаа юм гэхээр нь би харих гээд явж байна гэхэд тэгвэл суучих гэхээр нь дагаад Бааскагийн авто машинд суусан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Н.Ч-гийн “...Би 2020 оны 7 дугаар сарын 18-ны шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3-р эмнэлгийн урд талын автобусны буудал дээр байрлах өөрийн ТҮЦ-нд бараа бүтээгдэхүүн худалдан борлуулаад орой 21:00 цагийн орчимд сууж байтал гаднаас 20 орчим насны 175 см орчим өндөр, туранхай биетэй, шар царайтай үл таних залуу орж ирээд эгчээ утсаараа нэг яриулаач гэж гуйсан. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утсыг өгтөл тэр залуу нэг дугаар луу залгаад хүнтэй ярьж байгаад надад буцаагаад өгсөн. Тэр залуу утсаар ярьж дуусаад надад миний утсыг буцааж өгөөд дэлгүүрээс гаралгүй хэсэг зогсож байгаад эгчээ гар утсаараа яриулаач гэж дахиж гуйсан. Тэгэхээр нь би дахиад өөрийнхөө гар утсаар яриулах гээд тэр залууд гар утсаа өгтөл хүнтэй ярьж байх шиг зогсож байгаад дэлгүүрээс гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

 

иргэний нэхэмжлэгч Ц.Г-ын “...Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тэди төвийн гадна гар дээрээс гар утас авч зараад байж байтал 20 орчим насны өндөр урт үстэй залуу ирээд ахаа гар утас авахгүй биз гэж асуухаар нь ямар загварын гар утас зарах гэж байгаа юм асууж сонирхтол дэлгэцэн дээрээ эрэгтэй, эмэгтэй хоёр хүний зурагтай, дэлгэц нь кодтой улаан өнгийн Сансунг Жи-6 плас загварын гар утас байсан. Тэгээд би тэр гар утсыг нь 140,000 төгрөгөөр худалдаж авсан. Харин нөгөөдөр өдөр нь Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч ирээд нөгөө залуугаар намайг заалгаж ирээд энэ хүний таньд зарсан гар утас хаана байна гэхээр нь би гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

хохирогч Н.Ч-гийн “...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 7-8, 50/,

иргэний нэхэмжлэгч Ц.Г-ын “...Гар утас зарсан залуу миний нэхэмжилж байсан 140,000 төгрөгийг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-н 10/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Мд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос М.Мд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт М-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ