Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 759

 

 

 

 

 

 

 

   2020            8            24                                      2020/ШЦТ/759                              

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,  

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

хохирогч Мийн өмгөөлөгч Б.Шихихутаг,

гэрч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-ын Эд холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, __ дугаарын регистртэй, Б- овогт Б-ын Э.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тирион нэртэй бууз баншны цехийн цонхоор Оросын холбооны улсын иргэн М-ийн нүүрэн тус газар хөлөөр өшиглөж биед нь хамар ясны хугарал таславчийн мурийлт, зүүн хөмсөг, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ:

“...2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад найз Дтой уулзах гээд түрээслэн хиам үйлдвэрлэн ажиллуулж байсан хүнсний үйлдвэрийн гадаа хүлээж байсан. Цехийн цонх онгорхой байхаар нь хартал яг үнэндээ Б С нар бэлгийн харьцаанд орж байсан. Тэгэхээр нь би “болоиочээ та нар хүнсний үйлдвэр дотор заваараад байх юм” гэж хэлсэн. Гэтэл С над руу цонхон дээр ирээд “зайл чи” гэж хэлсэн. Тэгээд би цехийн хаалгыг татаж үзтэл цоожтой байсан. Тэгээд би 10 минутын дараа буцаад цонхон дээр очтол тэд бэлгийн харьцаанд орж дуусаагүй байсан. Тэгэхээр нь би цонхоор нь хөлөө оруулаад өшиглөсөн. Тухайн үед харанхуй байсан тул би хохирогчийн биеийн аль хэсэг рүү өшиглөсөн эсэхээ мэдэхгүй байна. Хохирогч магадгүй цонхонд хамраа цохисон байж магадгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Эгийн өгсөн:

“...2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 10 дугаар хороололд найз Дтой уулзахаар болоод хүлээгээд зогсож байсан юм. Намайг харахад Бийн хиамны цехний гэрэл нь асаалттай байхаар нь сонирхоод очоод хартал Б, С хоёр тус үйлдвэр дотор секс хийж байгаа чимээ гарсан. Би тэр хоёрыг секс хийж байгааг нь мэдээд хаалгыг нь татаж үзсэн. Би цонхон дээр нь очоод заваараад байгаачээ үйлдвэр дотор секс хийлээ гэж орилсон. Цонх сараалж төмөртэй байсан. Тухайн үед би согтуу байсан болохоор маргаан дундаа цонхоор орох гээд хаалт төмөрнөөс татаад цонхон дээр гараад баруун хөлөө завсраар нь хийгээд С гэх залуугийн нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн. Сгийн хамарнаас цус гарсан байсан. Ингээд би цонхноос буухдаа хөлөө сараалж төмрөнд тээглүүлээд гэмтээчихсэн юм...” гэх мэдүүлэг /хх-н 67-69/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Сн өгсөн:

“...2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Бтэй утсаар ярихад ажил дээрээ ажлаа хийж байна гэхээр нь очиж туслахаар болоод 22 цагийн үед очсон. Ингээд хамт үйлдвэр дотор нь юм яриад сууж байтал Бийн уулздаг байсан гэх залуу цонхон дээр ирчихээд бид хоёрыг хараад юм хэлээд байсан. Ингээд тэр залуу цонхоор шүлсээ хаяад орилоод зүй бус үйлдэл гаргаад байхаар нь би цонхыг нь хаах гээд очтол цонхны хаалт төмөрнөөс барьж татаад цонхон дээр гарч зогсоод хаалт төмөрний завсраар хөлөөрөө нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 43-44/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Бийн өгсөн:

“...2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр би Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны өргөтгөлд байрлах банш буузны цех дээрээ байж байтал С 21 цагийн үед утсаар залгаад хаана байгаа талаар асуусан. Ингээд ажил дээрээ байж байтал 22 цагийн үед С манай ажил дээр ирсэн. Бид 2 уг банш буузны цех дотроо юм яриад сууж байтал миний үерхэж байсан эрэгтэй болох Э гэх залуу уг үйлдвэрийн цонхон дээр ирээд цонхоор хараад “та хоёр наанаа юу хийгээд байгаа юм бэ та хоёрыг ална гараад ир, наад муу буриад чинь чамтай оройд хамт байж байдаг болсон уу” гэх мэтээр хэлээд хаалга эвдэж онгойлгож орж ирэх гэж оролдсон. Цонхны бүх салхивч нь онгорхой байсан бөгөөд салхивчаар шүлсээ хаяад байсан. Тэр үед С очиж цонх хаах гэтэл Э цонхны хаалт төмөрнөөс татаад цонхон дээр гарч зогсоод сараалжин төмөрний голоор хөлөөрөө Сгийн нүүр хэсэгт өшиглөсөн. Тэгтэл Сгийн хамарнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 9-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.О-ын өгсөн:

“...Тухайн өдрийн 21 цаг өнгөрч байхад Бугат 10 буюу жижүүрээс Баянгол дүүргийн 6 дугаар хороо Энхийн булаг дэлгүүрийн өргөтгөлд согтуу хүн хутга бариад ална гээд дайраад байна гэсэн дуудлагын дагуу очсон. Очиход 35 орчим насны эрэгтэй хүн согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай Тирион гэх нэртэй бууз баншны цехийн гадна зогсож байсан. Уг цех рүү ороод дуудлага өгсөн иргэн Б гэх хүнтэй уулзахад “манай найз Э намайг зодох гэж цонхоор орох гэж дайраад хамт ажилладаг ОХУ-н иргэний хамар хэсэгт цонхны хаалт төмрийн завсраар хөлөөрөө өшиглөж гэмтээсэн.” гэж хэлсэн. ОХУ-н иргэний хамарнаас цус гарсан байдалтай байсан. Шалан дээр цус гоожиж дусалсан мөрүүд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Х-ын өгсөн:

“...2020 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Бугат-115 чиглэлт машинт эргүүлийн офицер О-ын хамтаар үүрэг гүйцэтгэсэн. ...Уг цех рүү ороод дуудлага өгсөн иргэн Б гэх хүнтэй О- бид 2 уулзахад “...манай найз Э намайг зодох гэж цонхоор орох гэж дайраад хамт ажилладаг ОХУ-ын иргэний хамар хэсэгт цонхны хаалт төмрийн завсраар хөлөөрөө өшиглөж гэмтээсэн. Эд гомдолтой байна” гэсэн. ОХУ-н иргэн С Миронов гэх хүний хамарнаас цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-н 26-27/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6316 тоот: 

  1. М-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөг хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 52-53/,

 

  - Хохирлын баримтууд /хх-н 54-56/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 72/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 75/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 78/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тирион нэртэй бууз баншны цехийн цонхоор Оросын холбооны улсын иргэн М-ийн нүүрэн тус газарт хөлөөр өшиглөж биед нь хамар ясны хугарал таславчийн мурийлт, зүүн хөмсөг, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Эгийн “...би согтуу байсан болохоор маргаан дундаа цонхоор орох гээд хаалт төмөрнөөс татаад цонхон дээр гараад баруун хөлөө завсраар нь хийгээд С гэх залуугийн нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч М.Сн “...тэр залуу цонхоор шүлсээ хаяад орилоод зүй бус үйлдэл гаргаад байхаар нь би цонхыг нь хаах гээд очтол цонхны хаалт төмрөөс барьж татаад цонхон дээр гарч зогсоод хаалт төмөрний завсраар хөлөөрөө нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Бийн “...С очиж цонх хаах гэтэл Э цонхны хаалт төмөрнөөс татаад цонхон дээр гарч зогсоод сараалжин төмөрний голоор хөлөөрөө Сгийн нүүр хэсэгт өшиглөсөн. Тэгтэл Сгийн хамарнаас цус гарсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.О-ын “...Б гэх хүнтэй уулзахад “манай найз Э намайг зодох гэж цонхоор орох гэж дайраад хамт ажилладаг ОХУ-н иргэний хамар хэсэгт цонхны хаалт төмрийн завсраар хөлөөрөө өшиглөж гэмтээсэн. ОХУ-н иргэний хамарнаас цус гарсан байдалтай байсан. Шалан дээр цус гоожиж дусалсан мөрүүд байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Х-ын “...Б гэх хүнтэй уулзахад О- бид 2 уулзахад “...манай найз Э намайг зодох гэж цонхоор орох гэж дайраад хамт ажилладаг ОХУ-ын иргэний хамар хэсэгт цонхны хаалт төмөрний завсраар хөлөөрөө өшиглөж гэмтээсэн. Эд гомдолтой байна” гэсэн. ОХУ-н иргэн С Миронов гэх хүний хамарнаас цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6316 тоот дүгнэлт,   хохирлын баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

 Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Эгаас 1.462.552 төгрөг гаргуулж хохирогч М-ид олгож, хохирогч М- нь гэмт хэргийн улсаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргасан ба шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хуульд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шүүгдэгч Б.Эг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б- овогт Б-ын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эгаас 1.462.552 төгрөг гаргуулж хохирогч М-ид олгож, хохирогч М- нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ