Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2022/0287

 

“Ө о” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж,

Нэхэмжлэгч: “Ө о” ХХК,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийн “Ө о” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай“,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 166 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, Д.Ж нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2021/0875/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ө о” ХХК Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийн “Ө о” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 166 дугаар шийдвэрээр: ”Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө о” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/369 дүгээр захирамжийн “Ө о” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “Ө о” ХХК газруудаа зориулалтын дагуу ашиглаагүй.

3.2. Дураараа хашаа татсан 19.000 м.кв газарт тариа тарьсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүхийн үзлэгээр тогтоогдсон.

3.3. 40.000 м.кв газрын тухайд зам тавьсан, дэд станц барьсан гэж тайлбарладаг ч эдгээр нь эргэлтийн цэгийн гадна буюу нийтийн эзэмшлийн эдэлбэр газарт хамаарч байгаа.

3.4. Газрын төлбөрөөс 357.435 төгрөг дутуу төлсөн байхад шүүх бүрэн төлсөн гэж буруу дүгнэлт хийсэн.

3.5. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан “... дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж газар эзэмшсэн.

3.6. Анхан шатны шүүх хуулийн шаардлагыг зөрчин, хууль буруу хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар шийдвэр хууль ёсны болж чадсангүй.

3.7. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 166 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

3.1. Баянзүрх дүүргийн Засаг дарга 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Хонхор” байршилд 20000 м.кв газрыг “Ө о” ХХК-д 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.

3.2. Баянзүрх дүүргийн Засаг дарга “Ө о” ХХК-тай байгуулсан “Д-Э” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20000 м.кв газрыг шилжүүлэх гэрээ (1 дэх хавтсын 117 дахь тал)-г үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/275 (1 дэх хавтсын 100 дахь тал) дугаар захирамжаар талбайн хэмжээг 40000 м.кв болж нэмэгдүүлсэн, А.Б-ийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 30000 м.кв газрыг шилжүүлэх гэрээ (1 дэх хавтсын 31 дэх тал)-г үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/467 (1 дэх хавтсын 132 дахь тал) дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Х”, “Х-2” байршилд тус тус 15 жилийн хугацаагаар “Ө о” ХХК-д эзэмшүүлсэн, улмаар нэгж талбарын 1333108039, 1333107839 дугаар бүхий 40000, 30000 м.кв газруудыг 2019 оны 07 дугаар сарын 09 (1 дэх хавтсын 20 дахь тал), 2020 оны 04 дүгээр сарын 12 (1 дэх хавтсын 135 дахь тал)-ны өдрүүдэд “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нүүдийг тус тус байгуулсан байна.

3.3. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийн холбогдох хэсгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй” гэх үндэслэлүүдээр “Ө о” ХХК-ийн эзэмшүүлсэн дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

3.4. Учир нь хариуцагч албан тушаалтан нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль хэсгийг зөрчсөн болохыг шалгаж, тогтоогоогүй байна.

3.5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хариуцагч албан тушаалтны 2 тусдаа шийдвэрийн дагуу газрыг эзэмшихдээ газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ямар үндэслэлийг хэрхэн зөрчсөнийг тодорхой тогтоогоогүй байна.

3.6. Нэхэмжлэгч “Ө о” ХХК тухайн газрыг ашиглахаар “зам тавьсан, хашаа барьсан, цахилгааны шугам татсан” нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүхийн үзлэгийн баримт зэрэг баримтуудаар тогтоогдсоноос үзвэл “гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж шууд дүгнэх боломжгүй.

3.7. Нөгөөтээгүүр, хариуцагч “нийтийн эзэмшлийн газарт тариа тарьсан” гэх боловч энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлд хамаарахгүй.

3.8. Түүнчлэн хариуцагч албан тушаалтан нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээнүүдийг байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 09, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байна.

3.9. Энэ тохиолдолд “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад нийцэхгүй байна.

3.10. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

3.11. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээх“ учиртай.

3.12. “Ө о” ХХК Баянзүрх дүүргийн газрын албаны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Газар ашиглаж, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт протокол” 16-д (1 дэх хавтсын 193 дахь тал) Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/275 дугаар захирамжаар эзэмшсэн, 1333108039 нэгж талбарын дугаар бүхий 40000 м.кв газрын төлбөрийн үлдэгдэлгүй, 17-д (1 дэх хавтсын 192 дахь тал) Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/467 дугаар захирамжаар эзэмшсэн, 1333107839 нэгж талбарын дугаар бүхий 40000 м.кв газрын 2020 оны 10,734,272 төгрөгийн төлбөр төлөхөөс 18,687,272 төгрөгийг төлж, 7,953,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь тус тус тогтоогджээ.

3.13. Энэ тохиолдолд хариуцагч албан тушаалтан нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн өөрийн аль шийдвэрт хамаарах нэгж талбарын ямар дугаар бүхий газрын төлбөрийг бүрэн, эсхүл үлдэгдэлтэй эсэх зэрэг нөхцөл байдлуудыг тодорхой тогтоосны эцэст маргаан бүхий захиргааны акт гаргах ёстой.

3.14. Гэвч хариуцагч дээрх ажиллагааг хийгээгүй атлаа нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн нэгж талбарын 1333108039, 1333107839 дугаар бүхий газруудын төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д нийцээгүй байна.

3.15. Иймд хариуцагчийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гарснаас хойш төлбөр төлсөн, төлбөрийн үлдэгдэлтэй байгаа” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

3.16. Нийслэлийн Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/697 дугаар захирамжийн 1.4 дэх заалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд зохих журмын дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх, анхны үнийг нөхөн төлүүлсний үндсэн дээр холбогдох эрхийг баталгаажуулан ажиллахыг нийслэлийн Газрын алба, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус үүрэг болгожээ.

3.17. Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлт ирүүлсэн тохиолдолд дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3-д заасны дагуу “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”-ыг ирүүлсэн эсэхийг шалгах учиртай.

3.18. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтоох”-оор заасан.

3.19. Баянзүрх дүүргийн Засаг дарга “Д-Э” ХХК, иргэн А.Б-ийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хүсэлтүүдийг хуульд заасан дээрх шаардлагыг хангасан гэж үзэж, 20000, 30000 м.кв газруудыг “Ө о” ХХК-д шилжүүлсэн атлаа өөрийн өмнөх шийдвэрүүдээ үгүйсгэн “дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй” гэх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д нийцээгүй байна.

3.20. Үүнээс үзвэл “хууль буруу хэрэглэсэн” гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР