Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 201

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Эрдэнчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2016/00854 дугаар шийдвэртэй, Л.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Гэрмарт” ХХК-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 7 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Эрдэнэчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн үед тус дэлгүүрээс ус буцалгагч авах гэж ороод дэлгүүрийн дотор байрлах шат руу тулгаж тавьсан лангуу буруу зохион байгуулсны улмаас хий гишгэн шат руу унаж баруун хөл гишгэж болохгүй болсон. Дэлгүүрийн худалдагч хоёр охин наана чинь дандаа хүүхэд, хүн унадаг юм гэж хэлсэн. Утсаар нөхрөө дуудаж гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлтэл баруун хөлний гол шөрмөс тасарсан байна яаралтай хагалгаанд орно. Хөдөлж болохгүй гээд гипс тавьж хоёр суга таяг авахыг зөвлөөд мэс засалд орохыг шаардсан. Би хүүхдүүдтэйгээ зөвлөлдөөд Гранд мед эмнэлэгт хэвтэж 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хагалгаанд орсон.

2015 оны 10, 11, 12 дугаар сар, 2016 оны 1, 2 3 дугаар сар хүртэл 2 суга таягтай хүүхдийнхээ асрамжид байсан. Гранд мед эмнэлгийн хагалгаа ор хоног, хагалгааны дараах эмчилгээ тарианы мөнгө 4 000 000 төгрөг болж бэлнээр төлсөн. Хүнээс хүүтэй мөнгө зээлж төлбөрөө төлсөн. Миний бие “Билэг” их дэлгүүрт гутлын лангуу ажиллуулдаг, өөрөө сууж наймаа хийдэг байсан боловч бэртсэнээс хойш ажлаа хийж чадахгүй болж 10 дугаар сараас эхлэн 1 сарын 600 000 төгрөгийн цалинтай худалдагч ажиллуулсан. Иймд худалдагчийн цалин 3 600 000 төгрөг, эмчилгээний 4 000 000 төгрөг, нийт 7 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэр март ХХК-ийн Их дэлгүүр дэх үйлчилгээний төвийг 2012 оноос түрээслэн ажилуулж өдийг хүрэхэд нэг ч удаа шатны буруу байрлалаас болж хүн бэртсэн, гэмтсэн тухай гомдол санал гарч байгаагүй, уг шатны орчимд овор хэмжээ ихтэй бараа тулган тавьж хүн унах аюулгүй байлгадаг төдийгүй бүрэн камержуулж үйлчлүүлэгч болон үйл ажиллагаа явуулж буй харилцагчдын аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллаж ирсэн. Л.Эрдэнэчимэг нь 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр унасан гэж хэлж байгаа ч тухайн үед өөрөө камерын бичлэгтэйг мэдсээр байж зохих газарт нь хандаж шалгуулж, бичлэг шүүж болоогүй гэдэгт эргэлзээ төрж байна.

2015 оны 4 дүгээр сард миний гар утас руу залгаж 4 000 000 төгрөг өг гэхээр нь би уулзаж ярилцаад тэтгэвэрт байдаг амьдрал хэцүү байна гэхээр нь өрөвдөөд 1 000 000 төгрөг өгье, таныг манай буруугаас унасан бэртсэн гэж би дүгнэхгүй, хувь хүний хувьд өгч болно гэхэд, заавал 4 000 000 төгрөг авна гэхээр би хүлээн зөвшөөрөөгүй. Түүнээс хойш манай дэлгүүр дээр ирж үйлчилгээний угтагч нарыг загнан ойр орчмыг зайлуулж чөлөөлж байгаад шатны зураг дараад явсан байсан.

Иймд хэн нэгэн хүний биеэ хянаж чадахгүй хий гишгэсний улмаас хохирол учирлаа гэж нэхэмжилж байгаа төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Гэрмарт” ХХК-иас 3 507 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Эрдэнэчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 093 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Гэрмарт” ХХК-иас 71 062 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Эрдэнэчимэгт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Л.Эрдэнэчимэг нь “Гэр март” ХХК-ийн шатнаас унасан гэж гомдол гаргасан боловч хэзээ, хаана унаж гэмтэж бэртсэн нь тогтоогдоогүй, мөн Л.Эрдэнэчимэг нь 7 сарын дараа буюу 2015 оны 4 дүгээр сард гэнэт “Гэр март” ХХК-ийн удирдлага руу утасдаж мөнгө нэхсэн гэдгээ шүүх хуралдаанд хэлсэн. Шүүхээс эргэлзээ бүхий асуудлыг тогтоогдсон гэж үзэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өнөөгийн нийгэмд хөдөлмөр зүтгэлээр бий болгож байгаа амьдралын төлөө яваа нэгнийг мөнгөний боломжтой мэтээр ийм үйлдэл хийж үндэслэлгүй мөнгө нэхэж байгаад харамсаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Л.Эрдэнэчимэг нь хариуцагч “Гэрмарт” ХХК-д холбогдуулан 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тус дэлгүүрийн шатнаас унаж баруун хөлний шөрмөс тасарсны улмаас, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 7 600 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч “Гэрмарт” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын мэс засал хийлгэсэн төлбөрт төлсөн 3 507 000 төгрөгийг гаргуулж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд холбогдох зардлыг төлөх үүрэгтэй боловч тухайн этгээдийн хувьд гэм хорыг арилгах үүрэг хуулийн дагуу үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан тохиолдолд буюу нэхэмжлэгчид учирсан гэм хор, хариуцагчийн гэм буруутай хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон бол Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг хариуцан арилгах үүрэг үүснэ.

Гэтэл нэхэмжлэгчид гэм хор учирсан үйл баримтад хамаарах эрх зүйн зохицуулалт буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн ямар үйлдэл, эс үйлдэхүй хууль бус байсны улмаас нэхэмжлэгчид гэм хор учруулсан, тодруулбал хариуцагчийн хууль, дүрэм зөрчсөн үйлдлийн талаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхой заагаагүй, энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Хариуцагч “Гэрмарт” ХХК-ийн дэлгүүрийн байрны шат хаалтгүй байсан нь хууль болон хуулийн дагуу тогтоосон дүрэм, журмын ямар зохицуулалтыг зөрчсөн зэрэг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай бөгөөд талууд энэ талаар мэтгэлцээгүй, хэрэгт авагдсан баримтгүй тул давж заалдах шатны шүүх нөхөн дүгнэх боломжгүй гэж үзэв. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм буруутай этгээдээс хохирол шаардах эрхийн бодит үндэслэлийг гэм хорыг арилгуулахаар шаардаж буй этгээд буюу нэхэмжлэгч нотлох үүрэгтэй.

Хэрэв тухайн дэлгүүр ажиллуулж байгаа барилга байшингийн шат нь хаалтгүй байгаагаас учирсан хохирлыг хариуцагч компани тухайн барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигчийн хувьд хариуцан арилгах үүрэгтэй гэж үзвэл Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт заасан барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг өөрчилсөнтэй холбоотойгоор уг нөхцөл байдал үүссэн, түүнчлэн хариуцагч компани нь тухайн барилгын өмчлөгч буюу эзэмшигч гэдгийг нотлосон байх шаардлагатай бөгөөд энэ тохиолдолд гэм буруугүй гэдгээ нотлох үүрэг нэхэмжлэгчид бус хариуцагчид байдаг.

Хэрэгт дээрх нөхцөл байдлын талаар нотлох баримт авагдаагүй байхад зөвхөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үндэслэн хариуцагчийг хуулийн дагуу гэм хорын хариуцлага хүлээх эсэхийг тогтоох боломжгүй. Тодруулбал, уг барилга байгууламжийн хийц зохион байгуулалтыг хариуцагч дур мэдэн өөрчилсөн эсэх, түүнтэй холбоотой үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангаагүйгээс уг хохирол учирсан эсэх зэрэгт шүүх дүгнэлт хийж хэрэглэвэл зохих хуулийн, холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэх боломжтой болно.

Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийг хууль зөрчсөн гэм буруутай гэж үзэж гэм хорын хохирлыг төлөхөөр шаардсан, эсхүл уг байрны өмчлөгч, эзэмшигчийн хувьд шаардлага гаргаж байгаа аль нь болохоо тодорхойлон заагаагүй байхад шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах шаардлагатай байжээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой болсноор, нэхэмжлэгч, хариуцагч нарын нотлох үүрэг, хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох учиртай.

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, зөвтгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2016/00854 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА