Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01659

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

         2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/001499 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1491 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: “М” ХХК

         Хариуцагч: Т.О

         Гуравдагч этгээд:М.А, Б.С       

         Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

    Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын төлөөлөгч Т.Эр хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.У, өмгөөлөгч Ж.Б, гуравдагч этгээд нарын төлөөлөгч Т.Э, түүний өмгөөлөгч Ө.С, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

        Нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон тайлбартаа: М ХХК Салимон, Нефромон, Дентамон эмийг ОХУ руу экспортлох сонирхолтой байсан бөгөөд М ХХК-ийн зүгээс 2007-12-19-ний өдрийн 95 тоот албан бичгээр ОХУ-ын Фармамед ХХК-д хүсэлт илгээж Нефромон, Салимон, Дентамон эмийн бүтээгдэхүүний ОХУ-ын эрүүл мэндийн яамны эмийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай холбогдох материалыг илгээсэн. Фармамед ХХК-н зүгээс 2008-02-18-ны өдөр 98 дугаартай албан бичгийг М ХХК-д ирүүлж,Нефромон, Салимон, Дентамон эмийн бүртгэлийн материал ОХУ-ын эрүүл мэндийн яамны эмийн улсын бүртгэлийн шаардлагыг хангахгүй байгаа тул эмнэлзүйн болон эм зүйн судалгааны шинэчилсэн материалыг яаралтай илгээхийг хүссэн. Нэхэмжлэгчийн зүгээс Салимон, Нефромон, Дентамон эмийг ОХУ-ын зах зээлд худалдан борлуулахад шаардлагатай нэмэлт судалгааны материалыг тухайн эмийн зохиогч нарын нэг болох М.А, Б.С нараас гаргуулан авахаар тэд нартай 2009-03-19-ний өдөр “Зарим шинэ эм, бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот  гэрээ хийсэн. 2009-03-20-ны өдөр гэрээний үнэн зөвийг Нотариатын тухай хуулийн 23.2.1-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Г.Оюунбаяр гэрчилсэн. Нотариатын бүртгэлийн дэвтэр дээр М ХХК-ийн төлөөлөн Д.Ганзориг, нөгөө талаас М.А нар гарын үсэг зурсан. Гэтэл М.А, Б.С нар Л.Хүрэлбаатарт мэдэгдэлгүйгээр уг гэрээний агуулгыг өөрчлөн, Зарим шинэ эм, бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээний огноо, дугаарыг тавьж М ХХК-г байлцуулалгүйгээр нотариатчаар гэрчилүүлсэн. Өөрөөр хэлбэл, Т.О нь хоёр талын хүсэл зориг илэрхийлэгдээгүй “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээ”-ний утга агуулга, үр дагавар, хүсэл зориг зэргийг тодруулалгүй, нэхэмжлэгчийг байлцуулахгүй, гэрээг хүчингүй болголгүйгээр тус гэрээний баталгаажуулсан нотариатын огноо, бүртгэлийн дугаарыг давхардуулан өөр гэрээнд тавьсан нь  1997 оны Нотариатын тухай хуулийн 18.4, 19.1, 19.4, 24.2, 24.3, 27.1, 32.5., Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 216 дугаартай тушаалаар баталсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын 2.5, 2.7, 4.1.7, 4.1.8, 4.1.9-г зөрчсөн. Т.О Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээний нотариатын бүртгэлийн 265 дугаарыг Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б 01 тоот гэрээний үнэн зөвийг гэрчилж, бүртгэлийн 265 дугаар бүртгэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б 01 тоот гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

      Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: 2009-03-20-ны өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчаар ажиллаж байхад М ХХК-ийг төлөөлж Б.Ганзориг, М.А нар “Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах”  ШБ/01 дугаар гэрээг  гэрчлүүлсэн. Би үйлчлүүлэгчийн хувийн байдлыг нотариатын үйлдэл хийх зааврын 3.1-д зааснаар иргэний үнэмлэх, итгэмжлэл зэргийг шалгасан. Тухайн үед М.А өөрийнхөө цахим иргэний үнэмлэхтэй, Б.Сийг төлөөлөх итгэмжлэлтэй, Б.Ганзориг М ХХК-ийг төлөөлсөн итгэмжлэл, өөрийнхөө иргэний үнэмлэхтэй байсан. Гэрээг 265 дугаарт бүртгэж, гэрчилсэн. Гэрээний агуулга, заалтыг М ХХК-ийн захирал Л.Хүрэлбаатар зөвшөөрсөн байдаг. Иймд  нэг талын хүсэл зориг тусгаагүй гэрээ гэрчилсэн гэж үзэхгүй байна. Би нэхэмжлэгч талыг надаар гэрчлүүлсэн гэх гэрээний эх хувийг авчраарай гэсэн. Өөр нэртэй гэх гэрээний эх хувь байхгүй. Би өөрийнхөө гэрчилсэн гэрээний эх хувийг архивт өгсөн. Гэрээний агуулга өөрчлөгдсөн байхад гэрчилсэн зүйл байхгүй, надад ямар нэгэн хувийн сонирхол байхгүй. Талууд гэрээнд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурсан байсан учраас би хэлцэл хийгдсэнд тооцож, гэрээг гэрчилсэн. Гэрээг заавал нотариатаар гэрчлүүлж, хуулийн хүчин төгөлдөр болно гэсэн заалт байхгүй. Гэрээний аль нэг тал хүсвэл нотариатаар гэрчлүүлж болно гэдэг. Тухайн үед гэрээний 2 тал ирсэн байсан. Гэрээнд талууд гарын үсэг зурж, итгэмжлэл авсан этгээд холбогдох бичиг баримттай байсан учраас гэрчилсэн гэжээ.

         Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хоёр гэрээ ярьж байна. Хоёр гэрээний нэр өөрчлөгдсөн. Гэхдээ гэрээний 1.2-д заасан Салимон, Нефромон, Дентамон эмүүдийн талаар 2 гэрээнд хоёуланд нь тусгагдсан. Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах ШБ/01 дугаартай гэрээнд Салимон, Нефромон, Дентамон гэх 3 эмийг заасан. Л.Хүрэлбаатартай 1 дэх гэрээ байгуулсны дараа гэрээнд эмийн он буруу бичигдсэн болох нь тогтоогдож, энэ талаар Л.Хүрэлбаатарт танилцуулж, тэрээр зассан гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Хариуцагчийн ярьснаар энэ гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй. Гэрээний хоёр тал харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. Чингэлтэй дүүргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэгт М ХХК сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг сөрөг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь одоо хэлэлцэгдэж байгаа хэргийн нэхэмжлэлтэй яг адилхан. Энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Ийм учраас нэг асуудлаар хоёр өөр шүүх шийдвэр гаргаж болохгүй гэжээ.

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/01499 дүгээр шийдвэрээр 1997 оны Нотариатын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, 3, 27 дугаар зүйлийн 1 дэх заалтыг баримтлан Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.О Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай Ш/Б 01 тоот гэрээг 2009-03-20-ны өдөр гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Т.Оаас 70 200 төгрөг гаргуулан М ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1491 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/01499 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “24 дүгээр зүйлийн 2, 3, 27 дугаар зүйлийн 1 дэх заалтыг” гэснийг “32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: “...Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэл болох Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд М.А, В.Саранцэцэг нарын нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдуулан гаргасан хэрэг дээр хариуцагч болох “М” ХХК нь сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд тэрхүү сөрөг нэхэмжлэл нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан нэхэмжлэлтэй үндэслэл, агуулга нь яг ижил байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн байдлаар гомдол гаргасан. Тодруулбал, энэхүү хэрэг маргаан нь ИХШХШТХ-ийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй бөгөөд тухайн хүсэлтийг бичгээр өгсөн, мөн шүүх хуралдаанд хүртэл тайлбараа өгсөн байхад шүүхийн шийдвэр болон магадлалд ямар ч үг, үсэг ч байхгүй, тодорхой дүгнэлт өгсөнгүй. Тухайн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ИХШТХШТХ-н 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй буюу мөн хуулийн 65.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлтэй юм. Учир нь гэвэл ИХШТХШТХ-н  65.1.7 дахь хэсэгт заасан “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага, зүйл, үндэслэлийн талаар иргэний өөр хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа гэж ойлгож байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр М.А, Б.С нарын нэхэмжлэлтэй, “М” ХХК-д холбогдох хэрэг дээр хариуцагч болох “М” ХХК нь сөрөг нэхэмжлэл /хавтаст хэргийн 171-174-р тал/ гаргасан байдаг. Тэрхүү сөрөг нэхэмжлэлийн үндэслэх хэсэг болон агуулга нь энэхүү Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “М” ХХК-ийн нэхэмжлэл болгож гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэх хэсэг болон агуулгатай яг адилхан утга агуулга бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй хэрэгт Б.Оюунбаяр гэрчээр оролцож байгаа бөгөөд гэрчээр оролцуулах шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 168-169/ нь хэрэгт авагдсан байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Яг адилхан үндэслэл, агуулга бүхий нэхэмжлэлтэй хэрэг хоёр өөр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсаар байхад нэг шүүх шийдвэр гаргаж болохгүй бөгөөд тухайн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа хэрэг дээр сөрөг нэхэмжлэл дээр шүүх мөн л дүгнэлт өгөх юм. Хоёр шатны шүүх гуравдагч этгээд нарын тайлбар, түүний үндэслэл зэрэгт ямар нэгэн тайлбар өгөлгүй, хэрхэн дүгнэж үзээд шийдвэр гаргаад байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгээд байна. Яагаад ИХШТХТХ-н 117.1-р хэрэгсэхгүй болох ёсгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүй, ийм тодорхойгүй, ойлгомжгүй байдлыг гуравдагч этгээд нарт бий болгоод байгааг ойлгохгүй байна. Хэрэв үнэхээр 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байгаа юм бол анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий тайлбар хийхгүй шийдвэр, магадлалаа гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдал болон нотлох баримтууд хавтас хэрэгт байсаар байхад, гуравдагч этгээд нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шийдвэр болон магадлалын үндэслэх хэсэгт юу ч дурдалгүй үндэслэлгүй шийдвэр гаргалаа. Түүнчлэн, нэг анхаарч үзэх ёстой зүйл нь “М” ХХК-ийн хуулийн зөвлөх Д.Ганзориг болон Т.О нар нь сайн танилууд бөгөөд танилууд байж өөр нэхэмжлэгч хариуцагч болоод шүүх дээр яваад байгаа нь болохгүй, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд юм. Улсын Дээд шүүх үүнийг анхааралдаа авна уу. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         М ХХК 2018-02-02-ны өдөр нотариатч Т.От холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” тухай 2009-03-20-ны өдрийн Ш/Б 01 тоот гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн /хх 1-4, 29-30, 26/ байна.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасныг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулжээ.

        Гуравдагч этгээд хяналтын гомдолдоо “...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх М.А, Б.С нарын нэхэмжлэлтэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг нэхэмжлэлд “М” ХХК сөрөг нэхэмжлэл гаргасан... сөрөг нэхэмжлэл нь энэ хэргийн нэхэмжлэлтэй адилхан байхад шүүх дүгнэлт өгсөнгүй...” гэжээ. 

        Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        “М ХХК-с 564,355,350 төгрөг гаргуулах тухай” М.А, Б.С нарын нэхэмжлэл, “хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах 30,601,000 төгрөг гаргуулах тухай” М ХХК-н сөрөг нэхэмжлэлтэй хэрэгт Чингэлтэй дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй нь уг шүүхийн шүүгчийн 2017-11-20-ны өдрийн 182/ШЗ2017/10679 дугаар захирамжаар тогтоогджээ. 

        Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно.

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан М ХХК-ийн сөрөг нэхэмжлэл нь энэ хэргийн нэхэмжлэлээс агуулгын хувьд ялгаатай байгаагаас гадна зохигч талууд нь өөр байна.     

       “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” тухай 2009-03-20-ны өдрийн Ш/Б 01 тоот гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг М ХХК өөр шүүхэд гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул “...нэг нэхэмжлэлийг хоёр шүүх шийдвэрлэсэн...” гэх гомдол үндэслэлгүй юм.

         Давж заалдах шатны шүүх М ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.От холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1491 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан гуравдагч этгээд нарын төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЦАГААНЦООЖ

                            ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ