Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 777

 

 

 

 

 

 

 

   2020            8            28                                      2020/ШЦТ/777                              

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга С.Хонгорзул,  

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

хохирогч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М овогт Э-ийн Хд холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, __ дугаарын регистртэй, М овогт Э-ийн Х.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” шөнийн цэнгээний газарт хохирогч Н.Хтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Н.Хын нүүр лүү цохиж эрүүл мэндэд нь уруулын няцарсан шарх, хамрын нурууны цус хуралт, дээд эрүүний баруун хажуугийн 1, 2, 3-р шүднүүд хөндлөн хугарсан бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х мэдүүлэхдээ:

“...Тухайн үед ажилтай байхад хохирогч Х орж ирсэн. Тэр өдөр би ажил дээрээ оройтож ирсэн. Манай менежер зохион байгуулагч нар энэ залууг битгий оруул гэсэн. Шаардлагын дагуу оруулахгүй гэсэн. Гэтэл хохирогч Х манай зөөгчтэй муудалцаад маргалдаж байсан. Би текний хажууд байсан. Би тэд нарийг салгаад Хыг цааш нь түлхсэн. Би хохирогчийг цохиогүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ:

“...Тэр өдөр би 3 найзтайгаа уулзаад бааранд сууж байхад цагдаа нар шалгалт хийгээд явж байсан. Гадаа байж байгаад ороод ир гэсэн. Тэгээд буцаад орох гэсэн чинь намайг оруулахгүй гэсэн. Зөөгч миний цээж рүү түлхсэн. Тэгээд хар масктай ах намайг заамдаад Э.Х намайг цохисон. Би цагдаа дуудсан. Цагдаа нар ирэхэд миний цусыг бүгдийг нь арилгасан байсан. Намайг Х цохисон...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Хн өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 04-ний орой 22 цаг өнгөрч байхад ажил дээрээ буюу Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Файр шөнийн цэнгээний газарт ирсэн бөгөөд манай бааранд хамгаалагч Л М Э нартай хамт хамгаалагчаар ажиллаж байх үед шөнө 01 цагийн үед гаднаас гартаа цэвэр ус барьсан 20 орчим насны эрэгтэй орох гэхээр нь би оруулахгүй гэж хэлтэл нөгөө залуу надад чамаас бусад нь намайг оруулдаг юм чи намайг хэний хүүхэд гэдгийг мэдэхгүй байна уу гээд хэлэхээр нь би хэний хүүхэд гэдэг нь хамаагүй гээд хэлсэн. Энэ үед манай баарны зөөгч Ш гэх залуу Шагай ахаа наад хүнээ битгий оруулаарай гээд хэлсэн харин нөгөө залуу өөрийгөө 1996 оны хүн байна гээд байсан бөгөөд би оруулахгүй гэтэл нөгөө зөөгч хойд хувцасны өрөөнд ороод эргэж гарч ирсэн гэтэл зөөгч рүү хандаад чи муу одоо юу гээд байгаа юм гэтэл зөөгч Шинээ өөдөөс нь чи угаасаа насанд хүрээгүй биз дээ гээд хэлсэн гэтэл хохирогч болох залуу өөдөөс нь гартаа барьж байсан усаа цацсан юм гэтэл зөөгч Ш өөдөөс нь гараараа цохих гээд ухасхийсэн боловч оноогүй нөгөө залуутайгаа зууралдаад авсан ингээд энэ үед хамгаалагч Э бид хоёр очиж нөгөө хоёрыг салгасан бөгөөд Э нөгөө хүнээ энгэрээс нь зуураад авахаар нь би цааш нь ханаруулаад түлхэж салгасан энэ үед ахиад зуураад авахаар нь хажуугаар нь гараараа нэг удаа зууралдаж байгаа хоёр хүний дундуур цохисон гэтэл гар нүүр орчим нь цохисон энэ үед гар маань хуучин гэмтээд жаахан бугалсан байсан учир нөгөө гэмтсэн хэсэг хагараад цус гарсан болохоор ахиж ойртоогүй харин Э гэх хамгаалагч нөгөө залууг түлхээд гаргах үедээ зүүн гараараа нэг удаа тохойлдож байгаа харагдсан. Тэгээд эргүүлээд ард нь гараад хойноос нь боогоод гадаа гаргаж байсан. Тэгээд би дотор ороод ахиж гараагүй бөгөөд дараа нь цагдаа нар ирээд камер шүүгээд гарсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 87-90/,  

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Хын өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 04-нд 00 цаг өнгөрч байхад өөрийн гурван найз болох З, Балжкаа, Ц- нартай хамт хороололын эцэст байдаг Файр гэх шөнийн цэнгээний газарт орсон юм. Бид ороод тухайн бааранд ороод 3-н шил пиво манай найз нар аваад би өөрөө нэг савтай ус авч уусан бөгөөд бид ороод нилээд суусан бөгөөд 02 цагийн үед нөгөө бааранд цагдаа нар орж ирж шалгасан бөгөөд бид нарыг гарч байж байгаад ороод иp гэсэн юм. Тэгээд би найз Ц-той хамт гараад эргэж орох үедээ харихаар болоод хувцсаа авах гэтэл нөгөө баарны хамгаалагч нар зааланд нь оруулахгүй үүдний хэсэг буюу текний орчимоос цаашаа оруулахгүй байсан. Энэ үед зөөгч нь гээд дунд зэргийн нуруутай шар царайтай залуу байсан бөгөөд нөгөө залуу намайг цээж рүү түлхээд хажуугаар гараад цаашаа нэг өрөө рүү орсон. Энэ үед хамгаалагч гэх гадуураа үстэй хар хүрэн хүрэм өмссөн 21 орчим настай болов уу гэмээр хамгаалагч байсан бөгөөд тэр хүнд нь танай байгууллага үйлчилгээниий газар байж ингэж болохгүй биз дээ гээд хэлсэн. Гэтэл нөгөө зөөгч эргэж ирээд чи хэн бэ юу гээд бувтнаад байгаа юм гээд намайг мэдэх үү гээд намайг цохих гээд өөдөөс ухасхийгээд хүрээд ирсэн бөгөөд цохих гэх үед нь би оногдолгүй гаргаад өөдөөс нь зуураад авсан тэгсэн чинь намайг ороход хүмүүсийн бичиг баримт шалгаж байсан нэг махлаг өндөр шар царайтай хар маск зүүсэн 25 орчим насны эрэгтэй хамгаалагч гээд залуу намайг салгах үед амруу гараараа цохисон бөгөөд энэ үед миний аманд юм бужигнаад явчихаар нь алган дээрээ шүлсээ гаргаж харахад миний шүднүүд цустай хамт гараад ирсэн бөгөөд энэ үед намайг хамт байсан хамгаалагч нар нь цааш нь түлхээд аваад бүр гадаа гаргасан бөгөөд гадаа гараад намайг эргээд харахад анх намайг гомдол гаргаж хэлэхэд байсан хар хүрэн хүрэм өмссөн хамгаалагч залуу байсан бөгөөд би түүнд хандан намайг яаж байгаа юм бэ шүд уначихлаа гээд хэлсэн чинь найзуудаа аваад харь гээд надад хэлээд байсан энэ үед өөр нэг тэр хамгаалагч нарын найз болов уу гэмээр нэг намхан шар эрүүн доороо хууз сахалтай 24 орчим насны эрэгтэй надад чамайг цохихоор яах юм гээд миний хамар дээд хэсэгт цохисон бөгөөд энэ үед би хойшоо толгой жаахан эргэх гээд байхаар нь газар суусан бөгөөд энэ үед хамраас бас цус гараад эхэлсэн. Би тонгойгоод байж байхад нөгөө хамгаалагч ирээд намайг цааш нь дагуулж алхаад ахын дүү харь гээд байсан бөгөөд энэ үед надад чи найз нараа аваад чимээгүй харь гээд байсан. Тэгээд намайг гадаа сууж байхад манай найз нар ирээд тэгээд цагдаа дуудсан бөгөөд хэсэг байж байхад цагдаа нар ирээд намайг дагуулаад дотогшоо ороход үүдний хэсэгт цус гарсан байсан.

Би гэм буруутай хүнээ олж хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна. Надаас эмчилгээнд гарсан зардал мөнгөө гэм буруутай хүнээр гаргуулмаар байна. Намайг гадаа шүд хугараад гарч ирэхэд нэг хүн хамар орчим цохисон бөгөөд ямар нэг ноцтой гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 73-75/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Ц-ийн өгсөн:

“...Хангайг нүүрэндээ маск зүүсэн махлаг шар царайтай хамгаалагч заамдаад салгах гэж байх үедээ гараараа ам нүүр орчим нь ёвроод авсан энэ үед Хангай цаашаа ханараад хаалгаар гарсан би араас нь хаалгаар гараад манай найзыг яаж байгаа юм гээд хэлсэн ба энэ үед хүмүүс салсан. Харин Хангай шүд цохьчихлоо гээд амнаас нь цус гарсан байдалтай алган дээрээ надад харуулсан тэгээд надад ярзайгаад харуулахад үүдэн шүднээс нь лав хоёр унасан харагдаж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 41-42/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.О-ын өгсөн:

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө би өөрийн найз Баянаа Оогий нарын хамт хороололын эцэст байрлах Файр гэх бааранд 23 цаг өнгөрч байхад орсон бөгөөд ороод 3-н шил пиво аваад уугаад байж байсан бөгөөд манай гудамжинд байдаг З Ж гээд залуу яваа харагдсан юм. Тэгээд би гадаа тамхи татах гээд гарсан юм тэгээд намайг гадаа гарахад үүдэнд хүмүүс бужигнаад байгаа харагдсан бөгөөд намайг хоёр найзын хамт үүдээр гарах үед манай танил Хангай гээд дүү маань амнаас нь цус гарсан гарах үүдний орчим хүмүүстэй маргаан хийж байгаа харагдсан харин надтай үүдэнд ахаа хамгаалагч нар намайг зодчихлоо гээд шүд хугалчихлаа гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 43-45/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Эын өгсөн:

“...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл гэвэл хэрэг маргаан гардаг өдрийн маргааш нь манай хамгаалагч Х гар нь гэмтсэн баруун гар нь сарвуу хавиараа гэмтсэн байсан бөгөөд энэ талаар анзаараагүй хэрэг маргаан гарсны дараа би намайг буруутгаад байна гэж айгаад байсан болохоор энэ талаар санаж мэдүүлэг өгөөгүй байсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 54-56/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1219 тоот: 

  1. Н.Х-н биед уруулын няцарсан шарх, хамрын нурууны цус хуралт, дээд эрүүний баруун хажуугийн 1,2,3-р шүднүүд хөндлөн хугарсан гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох жумрын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 64-65/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 97/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 96/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 92/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” шөнийн цэнгээний газарт хохирогч Н.Хтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Н.Хын нүүр лүү цохиж эрүүл мэндэд нь уруулын няцарсан шарх, хамрын нурууны цус хуралт, дээд эрүүний баруун хажуугийн 1, 2, 3-р шүднүүд хөндлөн хугарсан бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Э.Хн “...Э бид хоёр очиж нөгөө хоёрыг салгасан бөгөөд Э нөгөө хүнээ энгэрээс нь зуураад авахаар нь би цааш нь ханаруулаад түлхэж салгасан энэ үед ахиад зуураад авахаар нь хажуугаар нь гараараа нэг удаа зууралдаж байгаа хоёр хүний дундуур цохисон гэтэл гар нүүр орчим нь цохисон...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Н.Хын “...намайг ороход хүмүүсийн бичиг баримт шалгаж байсан нэг махлаг өндөр шар царайтай хар маск зүүсэн 25 орчим насны эрэгтэй хамгаалагч гээд залуу намайг салгах үед амруу гараараа цохисон бөгөөд энэ үед миний аманд юм бужигнаад явчихаар нь алган дээрээ шүлсээ гаргаж харахад миний шүднүүд цустай хамт гараад ирсэн...” гэх мэдүүлэг,  

 

гэрч О.Ц-ийн “...Хангайг нүүрэндээ маск зүүсэн махлаг шар царайтай хамгаалагч заамдаад салгах гэж байх үедээ гараараа ам нүүр орчим нь ёвроод авсан энэ үед Хангай цаашаа ханараад хаалгаар гарсан би араас нь хаалгаар гараад манай найзыг яаж байгаа юм гээд хэлсэн ба энэ үед хүмүүс салсан. Харин Хангай шүд цохьчихлоо гээд амнаас нь цус гарсан байдалтай алган дээрээ надад харуулсан тэгээд надад ярзайгаад харуулахад үүдэн шүднээс нь лав хоёр унасан харагдаж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг,

 

гэрч Л.О-ын “...хүмүүс бужигнаад байгаа харагдсан бөгөөд намайг хоёр найзын хамт үүдээр гарах үед манай танил Хангай гээд дүү маань амнаас нь цус гарсан гарах үүдний орчим хүмүүстэй маргаан хийж байгаа харагдсан харин надтай үүдэнд ахаа хамгаалагч нар намайг зодчихлоо гээд шүд хугалчихлаа гээд байсан...” гэх мэдүүлэг, 

 

гэрч Э.Эын “...маргаан гарах өдөр маргаанаас хойш манай хамгаалагч Х гар нь гэмтсэн баруун гар нь сарвуу хавиараа гэмтсэн байсан..” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1219 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Н.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

 Хавтаст хэрэгт хохирогч Н.Хын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Н.Х нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хуульд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шүүгдэгч Э.Хг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч Э.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. 

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М овогт Э-ийн Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-г торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Н.Х нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.МӨНХ-ЭРДЭНЭ