Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1014

 

 

 

 

 

 

 

 

 

2020           09             16                                     2020/ШЦТ/1014

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гдаргалж,

           нарийн бичгийн дарга Т.Б,  

           улсын яллагч Б.А,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ш ,  

            хохирогч Б.О , Ө.Н , Б.Н,  

            шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч М.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Хт холбогдох эрүүгийн 1910014580691 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 5 дугаар гудамжны 99 тоотод оршин суух иргэний үнэмлэхний хаягтай, одоо Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 67 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 2004 оны 09 дүгээр сарын 24- ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 216.1, 148 дугаар зүйлийн 148.2, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгэгдэж, 2 жил 6 сар тэнссэн, Боржигон овогт Н.Х /РД:...................../,     

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :   

Шүүгдэгч Н.Х нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Витафит милк ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа харилцагч иргэн, аж ахуй нэгжээс бараа борлуулсны орлого болох 31.912.998 төгрөгийг хувьдаа завшсан,  

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэн Б.О гийн эзэмшлийн Субару Порестер маркийн 77-25 .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авна, машиныг барьцаанд тавиад мөнгийг нь өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их монгол хорооллын Сайн ломбарданд 11.500.000 төгрөгний барьцаанд тавьж залилсан,

2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ө.Н ыг жолоочийн ажилд оруулж өгнө гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн түүний өмчлөлийн 89-93 .... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг миний нэр дээр шилжүүлэх шаардлагатай Витафит милк ХХК-аас итгэмжлэл хэрэгтэй гээд байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн өөрийн нэр дээр шилжүүлэн авч 8.500.000 төгрөгний хохирол учруулсан,   

2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ө.Н ын эзэмшлийн 89-93 .... улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлийнх гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б.Нд 6.800.000 төгрөгөөр худалдахаар тохирч худалдах, худалдан авах гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны гадна 2.500.000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:  

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :   

Шүүгдэгч Н.Х нь :   

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Витафит импекс” буюу тус оноосон нэр солигдсоноор “Витафит милк” компанид худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд харилцагч иргэн, аж ахуй нэгжээс бараа борлуулсны орлого болох 31.912.998 төгрөгийг хувьдаа завшсан болох нь :                 

- хохирогч байгууллагын төлөөлөгч Л.Энхжаргалын :…“Би 2014 оны 03 дугаар сарын 10-наас эхлэн Витафит компанид хуулийн зөвлөхөөр ажиллаж байна. Н.Х 2016-2018 оны 1 сард хүртэл түгээлтийн албанд жолооч, борлуулагчаар, 2018 оны 1 сараас худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн...Яг мөнгө завшсан цаг хугацаа нь худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ буюу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хамаардаг. Энэ хугацаанд нийтдээ 63 дэлгүүрийн борлуулалтын орлого болох 31,912,998 төгрөгийг хувьдаа завшсан...Хэрэг үйлдсэн арга хэлбэрийн хувьд харилцагчаас борлуулалтын мөнгийг бэлнээр буюу хувийн дансаар шилжүүлэн аваад хувьдаа завшаад, компаний дансанд хийдэггүй. Санхүү борлуулалтын албанаас тушаа гэх шаардлагыг тавихад хүлээж авдаггүй зайлсхийдэг...Манай компанийн санхүүгийн анхан шатны баримтыг шалгасны үндсэн дээр гаргасан “Грант тронтон аудит” ХХК-ний дүгнэлтээр Н.Х 31.912.998 төгрөгийг завшсан, буцааж төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдүүлэг /1х, х-12-13, 132/,        

- гэрч Д.Роломсүрэнгийн:...Н.Х нь Витафит милк ХХК-нд 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр түгээлтийн жолоочоор ажилд орж, улмаар борлуулагчийн ажилд шилжин томилогдож байсан…Х нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 63 харилцагчийн борлуулалтын орлого болох 31.912.998 төгрөгийг бэлнээр буюу өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч хувьдаа завшсан. Уг асуудлын талаар өөрөөс нь асуухаар мөнгө авч хувьдаа зарцуулсан, зээл, түрээсийн байрны мөнгө, гэр бүлийн хэрэгцээнд зарцуулснаа хүлээн зөвшөөрсөн, төлөхгүй өдийг хүрсэн...Би 2018.10-сард ажилд ороод Хүрэлбаатартай харилцан тооцоо нийлээд явж байсан. Намайг ажил авахад 20 гаруй сая төгрөгний өртэй байсан ба тэрнээс хойш өр төлбөрөө барагдуул гэж хэлэхэд удахгүй өгнө тооцоо нийлсэн актаа өгнө  гэж явсаар энэ хэмжээний өр дутагдал гарсан” гэх мэдүүлэг /1х, х-14/,   

- “Грант тронтон аудит” ХХК-ийн аудитын тайлан: “Витафит милк ХХК-ийн худалдааны төлөөлөгч Н.Х нь ажил албан тушаалын тодорхойлолтонд заасан чиг үүргийн дагуу ажиллаагүйгээс зээлийн гэрээгүй харилцагчдад зээл олгосон, бараа борлуулалтын орлогыг цаг хугацаанд нь компанийн данс болон бэлэн мөнгөний кассанд тооцоо хийгээгүй, харилцагч иргэн аж ахуйн нэгжид түгээсэн бараа борлуулалтын орлогоос нийт 31.912.998 төгрөгийг хувьдаа ашиглаж, компанийг хохироосон нь нотлох баримтуудтай байна /1х, х-20-25/,        

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн: “1. Грант тронтон аудит ХХК-ний 2019 оны 05 дугаар 31-ний өдрийн аудитын дүгнэлт нь үндэслэлтэй байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтын хүрээнд “Витафит милк" ХХК-нд худалдааны төлөөлөгч Н.Х нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд харилцагч иргэн, аж ахуй нэгжид бараа түгээлт, борлуулалтын орлогоос нийт 31.912.998 төгрөгийн зөрчил дутагдал гаргасан байна. Үүнээс 'Витафит милк' ХХК- ний 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 19/268 тоот тодорхойлолт болон санхүүгийн баримтаар залруулсан 269,250 төгрөг...хасч тооцно…гэх дүгнэлт /1-р хх-ийн 30-31/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 216 дугаартай нэмэлт дүгнэлт /2-р хх-ийн 15-18/,  

- “Витафит импекс буюу Витафит милк” ХХК, Н.Х нарын хооронд хийгдсэн хөдөлмөрийн гэрээ /1х-ийн 98-124, 138 /,   

- “Витафит импекс” оноосон нэр “Витафит милк” болж өөрчлөгдсөнийг улсын бүртгэлд 2018.12.31-нд бүртгэсэн тухай тэмдэглэл / 1х, х-125/,    

- шүүгдэгч Н.Хын :...Би Витафит компанид 2016 онд жолоочоор, тэгээд борлуулагч, худалдааны төлөөлөгчөөр дэвшин ажиллаж байсан...2018 оны 1 сараас зарим дэлгүүрээс бэлнээр болон дансаар авсан барааны мөнгийг хувьдаа зарцуулсан...бага багаар явсаар байгаад энэ өр үүссэн...Би 31.912.998 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн…Санхүүгийн баримтаар залруулсан 269.250 төгрөг, цалингаас хасуулсан 403.795 төгрөг нийт 673.045 төгрөгийг хасуулж нийт өр төлбөр 31.239.953 төгрөг байна...гэх мэдүүлэг /1х, х-18-19/…2018 оны 05 сард тус худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа төлөвлөгөөгөө биелүүлэх гээд орон нутаг руу бараа их хэмжээгээр ачуулдаг байсан. Тухайн аж ахуйн нэгжүүдээс зээлээр өгсөн бараагаа худалдааны төлөөлөгч холбогдож төлбөрөө нэхэмжилж авдаг байсан. Зээлээр өгсөн бараануудын мөнгийг өөрийн дансаар болон бэлнээр бага багаар авсаар байгаад 31.912.998 төгрөгийг хувьдаа авч ашигласан. Тэгээд менежер болон нягтлан нар чиний хариуцсан аж ахуй нэгжүүдийн зээлээр авсан бараануудын дүн өндөр байна гэж хэлж байсан...Миний хариуцаж байсан аж ахуй нэгж болохоор би өөрөө хариуцлага хүлээсэн...Би хувьдаа зарим аж ахуй нэгжүүдээс зээлэээр өгсөн барааны төлбөрөө авч ашигласан байгаа...тухай /2х, х-227/ мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, мөн    

2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.О гийн эзэмшлийн Субару Порестер маркийн 77-25 .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авна, машиныг барьцаанд тавьж зөрүү мөнгийг өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их монгол хорооллын Сайн ломбард”-д барьцаанд тавьж, 11.500.000 төгрөгийг залилсан болох нь :             

- хохирогч Б.О гийн: “2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр машин зарна гэсэн зарын дагуу Н.Х гэх хүн миний фэйсбүүк хаягийн чатаар харилцаж байгаад машин үзэхээр болоод 77-25 .... улсын дугаартай Субару автомашиныг 30 сая төгрөгөөр авахаар болсон. Н.Х надад 20 сая төгрөг байна, үлдсэн 10 сая төгрөгийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол хорооллын “Сайн ломбард”-д барьцаанд авто машиныг тавьж 10 сая төгрөгөө гаргаж өгөхөөр болсон. Тэгээд миний машиныг Сайн ломбарданд 11.500.000 төгрөгөнд тавиад манай ахыг машин дотор байж байгаарай гээд ирэлгүй алга болсон. Би Н.Хын 1 сар гаран хайгаад олоогүй учраас Н.Х миний машиныг барьцаанд тавьж авсан 11.500.000 төгрөг дээр хүүнд нь 304.356 төгрөг нийт 11.804.356 төгрөгийг төлж өөрийнхөө машиныг авсан боловч одоо болтол машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадаагүй байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 122-126/,

- Б.О гийн эзэмшлийн Субару Порестер маркийн 77-25 .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Сайн ломбардад барьцаад тавьсан зээлийн тооцооны хуудас, зээлийн гэрээ /2х, х-166, 171-178/,

- шүүгдэгчийн...Би “Субару порестер” маркийн 77-25 .... улсын дугаартай автомашиныг О гэх хуучин танилаасаа 29.000.000 төгрөгөөр худалдаж авъя, 19.000.000 төгрөгийг бэлэн өгөөд үлдсэн 10.000.000 төгрөгийг нь автомашиныг чинь автомашин ломбарданд барьцаанд тавьж зээлж аваад өгье гэж хэлээд Баянзүрх дүүргийн Их монгол хороололын сайн ломбарданд явдагаар барьцаанд тавьж 11.500.000 төгрөгийн зээл бэлнээр авсан...Тэгээд би үлдэгдэл 19.000.000 төгрөгөө банкнаас аваад ирье гээд цаашаа тэр чигээрээ явсан. Би хохирлоос ямар нэгэн мөнгө төлөөгүй...гэх мэдүүлэг /2х, х-227/ зэрэг нотлох баримтуудаар, мөн  

-2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ө.Н ыг жолоочийн ажилд оруулж өгнө гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний өмчлөлийн 89-93..... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн, 8.500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилсан, мөн         

- 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ө.Н ын эзэмшлийн 89-93 .....улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлийнх гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б.Нд 6.800.000 төгрөгөөр худалдахаар тохирч худалдах, худалдан авах гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны гадна 2.500.000 төгрөгийг бэлнээр авч залилсан болох нь :    

- хохирогч Ө.Н ын:…“2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр надтай хамт хуучин ажиллаж байсан Н.Х гэх залуу фэйсбүүкээр надтай холбогдоод Витафит компанид түгээлтийн жолоочоор ажилд орох уу, найз нь уг компанид борлуулалтын менежерээр ажилладаг, асуудалгүй гэж хэлсэн. 2020 оны 05 дугаар сарын 11-ний өглөө уулзая гэж хэлээд тухайн өдрөө уулзаж Витафит милк ХХК-ийн хүний нөөцтэй би ярьсан байгаа, чи ороод уулз гэхээр нь би орж уулзаад анкет бөглөөд бүрдүүлэх материалаа тухайн өдөртөө Н.Хтай хамт бүрдүүлсэн. 2020 оны 05 дугаар сарын 12-ны өглөө эрүүл мэндийн шинжилгээ өгөх ёстой гээд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн зогсоол дээр ирээд машинаа унтраагаад түлхүүрээ аваад гарах гэтэл Н.Х “би машинд чинь хөгжим сонсоод байж байя гээд машины түлхүүр аваад үлдсэн. Эмнэлэг орчоод гараад ирэхэд миний 89-93 .... улсын дугаартай тоёота приус 20 маркийн машиныг Н.Х аваад явсан байсан...2020.05.11-ний өдөр уулзахдаа Хүрэлбаатар нь хүний нөөц наад хүнээ батлан даах итгэмжлэх хийлгэ гэж над руу ярьсан, миний нэр дээр итгэмжлэл хийлгэхэд асуудалгүй гэхлээр нь итгээд 89-93 .... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслээ Хүрэлбаатарын нэр дээр итгэмжлэл хийлгэсэн тухай  мэдүүлэг /2х, х-64-68/,        

- 89-93 .... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл 8.500.000 төгрөгийн үнэлгээтэй тухай “Дамно” компанийн тайлан /2х, х-89/,  

- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2х, х-56-57/,  

- хохирогчийн төлөөлөгч Х.Ш ийн:...Ө.Н  гэх хүн манай Витафит милк ХХК-д жолооч ажилд авна гэсэн зарын дагуу ирж анкет бөглөж ажлын ярилцлаганд орсон ба удаагүй ах нь танайд ажилладаг Н.Х гэх залууд автомашинаа залилуулсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /2х, х-33/,   

- хохирогч Б.Нгийн:...“Н.Х манай нөхөртэй Витафит ХХК-д хамт ажиллаж байсан. Тэгээд манай нөхөр бид хоёр фэйсбүүк дээр автомашин авна гэсэн зар тавьсан байсан…Манай нөхөр рүү Н.Х холбогдож өөрийнхөө Тоёота приус 20 маркийн машиныг 7 сая төгрөгнөөс яриад 6.800.000 төгрөгөөр зарна гэж ярьсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр зөвшөөрөөд тэр ярьсан өдрийнх нь маргааш буюу 2020 оны 05 дугаар сарын 12-ны өглөө эрт Н.Хтай нотариат дээр очиж Тоёота приус 20 маркийн автомашиныг өөрийнхөө нэр дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг автомашины гэрчилгээ нь Ням-Осороос Н.Хт итгэмжлэв гэсэн байсан. Нотариатаас гараад Цамбагаравын Голомт банкнаас 2.500.000 төгрөг бэлнээр авч Н.Хт банкны гадаа машин дотор бор өнгийн дугтуйнд хийж өгсөн, үлдсэн мөнгийг уг автомашиныг барьцаанд тавьж өгөхөөр тохироод Н.Хыг Говь сауны тэнд буулгаад ажил руугаа явсан...Гэтэл маргааш нь цагдаагийн хүмүүс уг автомашины эзэн Ням-Осортой хамт ирж автомашиныг хурааж авсан...Нөхөр бид хоёр Н.Хт 2.500.000 төгрөг бэлнээр өгөөд, уг 89-93 .... автомашинд 600.000 орчим мянган төгрөгний зарлага гаргасан гэх мэдүүлэг /2х, х-79/,     

-гэрч Б.Пунсанцовогийн:...“Витафит” компанид хамт ажиллаж байсан Н.Х ах над руу машин авах гэж байгаа юм уу гэж ярьсан…Тэгээд нотариатаас гарч ирээд машин авах урьдчилгаа 2.500.000 төгрөгийг Цамбын Голомт банкнаас манай эхнэр авч өгсөн" гэх мэдүүлэг /2х, х-82-83/,  

- таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2х, х-92-96/,

- шүүгдэгч Н.Хын:....2020.05-11-ний өдөр Ням-Осорийг жолоочийн ажилд оруулж өгье, би хулдалдааны төлөөлөгчөөр ажилдаг хүний нөөцтэй нь холбогдоод хэлсэн байгаа гэж хуурч мэхлэн 2020 оны 05 сарын 11-ний өдөр уулзаад би “чамайг ажил төрөлд оруулж байгаа мөнгө төгрөгний асуудалд их гардаг учраас автомашиныг барьцаанд авдаг, миний нэр дээр итгэмжлэх хийгээд өгчих,  компанидаа цааш дамжуулаад өгчинө” гэж хэлээд Сонгинохайрхан дүүрэг Хархорингийн замын хойно байдаг нотариатчийн газарт Ням-Осороос 89-93 .... улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашиныг өөрийн нэр дээр итгэмжлэх хийлгэж авсан. Тэгээд 2020 оны 05 зарын 12-нд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгийн гадаа хамт очоод Ням-осорыг ажилд орох эмчийн үзлэгт орохоор явахад нь би машин дотор байж байя гээд автомашиныг аваад явсан...Мөн би өөрийн танил Нд Тоёота приус 20 маркийн автомашин 7.000.000 төгрөгөөр зарна гэж хэлж байсан…2020 оны 05 сарын 12-ны өдөр Ням-осорын автомашиныг авч яваад Нгийн ажил дээр очиж автомашин үзүүлсэн тэгээд хамт явж Сонгинохайрхан дүүргийн цамбагаравын автобусны буудлын хойно байдаг Голомт банкин дээр ирж ярьж байгаад 6.800.000 төгрөгөөр зарахаар болж Н 2.5000.000 төгрөг бэлнээр авсан. Надад Н-О хийж өгсөн итгэмжлэх машин дотор байсан учраас Н худалдах, худалдан авах гэрээ байгуулан үлдэгдэл мөнгийг Н нь банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээл аваад өгье гэж байсан. Тэрнээс хойш үлдэгдэл мөнгөө авах гэж Н рүү залгахад ирээд бэлнээр авчих би хөдөө явж байна гэхээр нь цагдаагийн байгууллага мэдсэн байж магадгүй гээд уулзаагүй тухай мэдүүлэг /2х, х-227-228/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүгдэгч тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.    

Шүүгдэгч Н.Хын үйлдсэн хэд хэдэн удаагийн залилах гэмт үйлдлүүд нь “залилах” гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний 50.000.000 төгрөг хүртэлх хохирлын шинжийг хангасан, харин залилах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар тухайн хэдэн хэдэн удаагийн залилах гэмт үйлдлүүдийг  “үргэлжилсэн нэг гэмт хэрэг” үйлдсэнд тооцох үндэслэлтэй.          

Иймд шүүгдэгч Н.Хыг хөрөнгө завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.     

Тус гэм хэргийн улмаас шүүгдэгч Н.Х нь  хохирогч “Витафит милк” ХХК-д санхүүгийн баримтаар залруулсан 269,250 төгрөгийг хасч тооцсоноор 31.643.748 төгрөгийн хохирол учруулсан, үүнээс шүүгчдэгчийн цалин 403.795 төгрөгийг суутган хассан байх тул 31.239.953 төгрөгийн хохирол, хохирогч Б.О д 11.804.356 төгрөгийн, хохирогч Б.Нд 2.500.000 төгрөгийн хохирол тус тус хариуцан төлөх үүрэгтэй болно.      

Харин холбогдох нотлох баримтууд байхгүй байх тул хохирогч “Витафит милк” компани нь аудитын тайлан, шинжээчийн дүгнэлт гаргуулахад зарцуулсан гэх 1.818.181 төгрөгийн, хохирогч Б.Н гэмт хэргийн улмаас учирсан гэх 550,000 төгрөгийн, хохирогч Б.О д зээл чөлөөлөхөд хүнээс авсан зээлийн “хүү”-нд тус тус хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.    

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримт, хохирогч нарын мэдүүлгээс үзэхэд  хохирогч Ө.Н , Б.О  нарын эзэмшлийн автомашин тус тус шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас “Н-А” компани, “ТБ автофинанс“ компанийн “сайн” ломбардын эзэмшилд түр шилжсэн, хохирогч Ө.Н  ба “Н-А” компани, Б.О  ба “ТБ автофинанс“ компанийн сайн ломбардын хооронд үүргийн харилцаа үүссэн гэх үндэслэлгүй байх тул “Н-А” компаний  эзэмшилд буй 89-93 .... улсын дугаартай “приус” маркийн автомашиныг /2х, х-107/ хохирогч Ө.Н ын эзэмшилд, “ТБ автофинанс“ компанийн “сайн” барьцаалан зээлдүүлэх газрын буюу Ц.Намжилмаагийн эзэмшилд буй 77-25 .... улсын дугаартай, “субару порестер” маркийн автомашиныг /2х, х-166, 184/ хохирогч Б.О гийн эзэмшилд тус тус шилжүүлэх үндэслэлтэй байна.     

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

Шүүгдэгч урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдэж байсан, улмаар хорих ялыг  тэнсэж, хянан харгалзсан хугацаанд /1х, х-54, 57-64/ гэмт хэрэгт дахин холбогджээ.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2-с дээш удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна.   

Шүүгдэгч нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, тээврийн хэрэгсэлээс өөр хөрөнгө орлогогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг түүний хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж /1х, х-36, 41, шүүх хуралдааны тэмдэглэл/ хэрэгт авагджээ.      

Шүүгдэгч Н.Хын эзэмшлийн 12-49 ..... улсын дугаартай, Toёото марк 2 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг прокурорын 2019.08.05-ны өдрийн 185 дугаар зөвшөөрлөөр хязгаарласан /1х, х-90, 97/ байна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, тус хорих ялуудыг нэмж нэгтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.    

Шүүгдэгч Н.Х өмнө нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгэгдэж, тус ялыг тэнсэж, 2 жил 6 сар хянан харгалзсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.   

2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 3, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар “тэнссэн хугацаа”-нд гэмт хэрэг үйлдсэн л бол ямар нэг ял оногдуулсан эсэхээс үл хамааран өмнө болон сүүлд үйлдсэн гэмт хэргийн ялуудыг нэмж нэгтгэх зохицуулалт хууль ёсны зарчмын хувьд утга агуулгын зөрүүгүй хуульчлагдсан байх тул шүүгдэгч Н.Хыг “тэнссэн хугацаа”-нд гэмт хэрэг үйлдээгүй гэх буюу тухайн тэнссэн хугацааг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.          

Харин шүүгдэгч Н.Хын гэм буруутайд тооцогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан буюу  бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийн шинжийг 2015 оны Эрүүгийн хуулиар “танхайрах гэмт хэргийг бүлэглэж буюу субьект 2 этгээд байхаар, мөн танхайрах гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нийлмэл гэмт хэрэгт тооцох”-оор өөрчлөн хуульчилсан буюу хүний эрүүл мэндэд учирсан хохирол Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 05 сарын 13-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийг тус тус баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсгийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлтэй дүйцүүлэх боломжгүй, харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, тухайн шилжүүлсэн зүйл ангид  хорих ял оногдуулахаар заагаагүй байх тул шүүгдэгч Н.Хыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас чөлөөлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.        

Шүүгдэгч Н.Х шүүхээс ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд, түүнчлэн хэд хэдэн гэмт хэрэг санаатай үйлдсэн байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлгүй.           

Шүүгдэгч нь 2020.07.02-ны өдөр баривчлагдан, түүнээс хойш тасалдалгүй цагдан хоригдсон /2х, х-37-38, 41-43, 216-217, 219/ байх ба 2020.09.16-ны өдрийн байдлаар цагдан хоригдсон нийт 76 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.          

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дахь хэсгийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийг тус тус баримтлан шүүгдэгч Н.Хт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Н.Хыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.             

            2. Шүүгдэгч Н.Хыг хөрөнгө завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд,         

залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.            

3. Шүүгдэгч Н.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.         

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  2 жил 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Н.Хын биечлэн эдлэх ялыг нийт 4 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.      

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчийн эдлэх 4 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.         

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 76 хоногийг эдлэх хорих ялд оруулан тооцсугай.        

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хаас нийт 45.544.309 төгрөг гаргуулж, хохирогч “Витафит милк” компани (төлөөлөгч Х.Ш )-д 31.239.953 төгрөг, хохирогч Б.О д 11.804.356 төгрөг, хохирогч Б.Нд 2.500.000 төгрөг тус тус олгосугай.       

8. “Н-А” компаний  эзэмшилд буй 89-93 .... улсын дугаартай “приус” маркийн автомашиныг хохирогч Ө.Н ын эзэмшилд, “ТБ автофинанс“ компанийн “сайн” барьцаалан зээлдүүлэх газрын буюу иргэн Ц.Намжилмаагийн эзэмшилд буй 77-25 .... улсын дугаартай, “Субару порестер”  маркийн автомашиныг хохирогч Б.О гийн эзэмшилд тус тус шилжүүлсүгэй.    

9. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгч Н.Хаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.        

10. Шүүгдэгч Н.Хын эзэмшлийн 1249 ..... улсын дугаартай, Toёото 2 маркийн  тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг прокурорын 2019.08.05-ны өдрийн 185 дугаар зөвшөөрлөөр хязгаарласан байгаа болохыг дурдсугай.        

11. Шүүгдэгч Н.Хыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

12. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

13. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ГАНБААТАР