Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1022

 

 

 

 

 

 

 

2020            09            18                                               2020/ШЦТ/1022

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Б,   

Улсын яллагч Г.Я,  

Хохирогч, шүүгдэгч Л.Б түүний өмгөөлөгч С.С, Б.Ч,

Хохирогч, шүүгдэгч Л.Д түүний

өмгөөлөгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :    

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Д, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :     

Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 12-ний өдөр Сэлэнгэ аймаг Орхон суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “О.Т” компанид түгээлтийн жолооч ажилд орсон, ам бүл -2 эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, арьс шир үйлдвэрийн 120-7-р гудамж 4 тоотод оршин суух, урьд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 896 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан. Артогоруутан овогт Лодойн Батзориг регистрийн дугаар ..................,   

Монгол Улсын иргэн, 1958 оны 10 дугаар сарын 30-ний өдөр Ховд аймаг Зэрэг суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл -1, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо зүүн баян уул 33 гудамж 9 тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Боржигон овогт Лувсаншаравын Довдонсүрэн регистрийн дугаар ЧГ58103076

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:  

 Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, арьс шир үн 120 айлын 7-р гудамж 04 тоотод Л.Дтэй архидан согтуурч улмаар маргалдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Л.Днь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо арьс шир үн 120 айлын 7-р гудамж 04 тоотод Л.Бтой архидан согтуурч улмаар маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

            Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох :   

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо арьс шир үн 120 айлын 7-р гудамж 04 тоотод Л.Дтэй архидан согтуурч улмаар маргалдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь, 

Шүүгдэгч Л.Днь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо арьс шир үн 120 айлын 7-р гудамж 04 тоотод Л.Бтой архидан согтуурч улмаар маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь : 

- хохирогч Л.Дгийн:”... 2020 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчим гэртээ унтаж байсан чинь Батзориг түүний эхнэр Нямаа хоёр ирээд ганц шил архи ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад архи байхгүй гэж хэлсэн чинь нэг шил архи авчих гээд надад 20,000 төгрөг өгсөн. Батзориг нэг тал архи байна гээд гаргаж тавиад тэр архийг Нямаа, Батзориг бид гурав өглөө 07 цаг хүртэл хувааж уусан. Хүнсний дэлгүүр онгойход Батзориг, Нямаа хоёртой би хамт гэрээс гарч дэлгүүр орж нэг шил 0,75 граммтай архи авч Батзоригийн гэрт орж Лхагвадорж, Нямаа, Батзориг бид дөрөв хувааж уусан. Би тэрнээс хойш юу ч санахгүй байна. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Би гэмтлийн эмнэлэгт 12 хоног гавал тархины тасагт хэвтэн эмчлэгдсэн. Батзориг миний толгой нүүр лүү цохисон санаж байна гэх мэдүүлэг/хх-13/,

- хохирогч Л.Бийн:...Би 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо АШҮ-н 120 айлын 7-4 тоотод Довдонсүрэн, Лхагвадорж нарын хамт 0,75 грамттай нэг шил архи 0.5 -раммтай нэг шил архи бид гурав хувааж уусан. Бүгдээрээ согтчихсон Довдонсүрэн ах манай гэрээс архи уучихаад түрүүлээд гараад явчихсан. Лхагвадорж бид хоёр үлдсэн. Манай эхнэр Нямотгон хоол хийгээд Лхагвадорж бид 2 газраар унтаад өгсөн. Орой 18 цагаас 19 цагийн орчим Довдонсүрэн ах буцаж манай гэрт орж ирээд надаас архи авч өг гэж нэхсэн. Тэгэхээр нь би мөнгө төгрөг байхгүй архи авч өгч чадахгүй гэсэн чинь Довдонсүрэн ах чи надаас хар ус харамлалаа гэж хэлээд миний зүүн хөмсөг рүү гараараа нэг удаа цохиж миний зүүн хөмсөгнөөс цус гарч задарсан. Довдонсүрэн бид хоёр хоорондоо зууралдаж зодолдсон. Дундуур нь Лхагвадорж эхнэр Ням-Отгон орж салгах гэтэл Лхагвадоржийн шанаа руу Довдонсүрэн нэг удаа цохисон. Тэгж байтал цагдаа нар гаднаас орж ирээд Довдонсүрэн бид хоёрыг 103-ийн эмч дуудаж үзүүлээд Довдонсүрэнг гэмтлийн эмнэлэг рүү 103 эмч аваад явчихсан гэх мэдүүлэг /хх-18/,

- гэрч О.Лхагвадоржийн:”...2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянхошууны эцэс дээр таксинд явдаг Довдонсүрэн Батзориг нарын хамт Батзоригийн гэрт 0,75 граммтай нэг шил архи 0,5 граммтай 2 шил архи хувааж уусан юм. Довдонсүрэн ах түрүүлээд Батзоригийн гэрээс гараад явсан…18 цаг өнгөрч байхад Довдонсүрэн ах буцаж орж ирээд Батзоригоос архи өг гээд нэхээд байсан. Батзориг мөнгө төгрөг байхгүй гэсэн чинь Довдонсүрэн ах Батзоригийг нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Батзоригийн хөмсөгнөөс цус гараад Батзориг чи намайг цохилоо гээд Довдонсүрэнгийн нүүр лүү 2 удаа цохисон, би тэр хоёрын дундуур нь ороод салгасан…2 цагдаа ирж, Довдонсүрэн ахыг 103 дуудаж түргэний эмчид үзүүлж гэмтлийн эмнэлэг рүү авч явсан гэх мэдүүлэг /хх-22/,   

- гэрч С.Ням-Отгоны:”... 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр би хамтран амьдрагч Батзоригийн хамт танил Довдонсүрэнгийн гэрт гар утсаа цэнэглэх санаатай 06 цагийн орчим очсон. Довдонсүрэн ах гэртээ ганцаараа байсан, тэдний гэрт Батзориг, Довдонсүрэн ах хоёр 0,5 граммтай тал шил архи хувааж уусан. Тэдний гэрээс гараад Лхагвадоржтой гудамжинд тааралдаж тэгээд Довдонсүрэн Батзориг, Лхагвадорж бид хэд манай гэр болох Сонгинохайрхан 10 дугаар хороо, 120-7-4 тоот хаяг дээр ирсэн, замдаа 0,75 грамттай нэг шил архи 0,5 граммтай нэг шил архи авсан...Довдонсүрэн ах гэр рүүгээ явлаа гэхээр нь би гэрээсээ гаргаж өгчихөөд хаалга цоожилсон. Тэр үед орой 18 цаг өнгөрч байсан. Би гэртээ оройн хоолоо хийж байтал хаалга цохихоор нь гэрийн хаалга онгойлгосон чинь Довдонсүрэн ах, ах нь явж чадахгүй байна, түр байж байгаад явья гэхээр нь би гэртээ буцаж оруулсан. Би үргэлжлүүлээд хоолоо хийж байтал Ловдонсүрэн ах Батзоригийг газраар хэвтэж байхад нь хувцаснаас угзарч татаад сэрээгээд босгочихсон. Батзоригоос Довдонсүрэн ах “ах нь нэг шил архи уумаар байна” гээд асуусан чинь Батзориг одоо болно, архи авах мөнгө байхгүй гэтэл Довдонсүрэн ах мөнгө байгааг ч мэдэж байна, хар ус харамлаад байгаа юм уу гэж хэлээд Довдонсүрэн ах Батзоригийн зүүн нүдний хөмсөг рүү бөгжтэй гараараа нэг удаа цохисон. Батзоригийн хөмсөгнөөс цус гараад уурлаад Довдонсүрэн ахын толгойны дух орчим руу гараараа нэг удаа цохисон. Тэр үед би Батзоригийг би салгаж Довдонсүрэн ахаас холдуулж, Лхагвадорж сэрээд Довдонсүрэн ахын хувцаснаас татаж салгасан чинь Лхагвадоржийг Довдонсүрэн ах шанаа руу нь гараараа нэг удаа цохисон. Би Батзоригийг дараад хэвтүүлчихсэн. Довдонсүрэн ах орон дээр хэвтээд өгсөн. Хэсэг хугацааны дараа бүгдээрээ унтаад өгсөн. Тэгж байтал гаднаас хоёр цагдаа орж ирээд Довдонсүрэн ах болон Батзоригийг 103 дуудаж эмчид нь үзүүлсэн чинь эмч нь Довдонсүрэнг авч явах шаардлагатай гээд аваад явчихсан гэх мэдүүлэг /хх-24/,    

- шинжээчийн дүгнэлт:...1. Л.Дгийн биед зүүн талын хоншоор ясны  урд хана, гадна хана хоёрлосон зөрөөтэй, суурь ясны их далавчийн хугарал, баруун  талын дух зулай чамархай хэсгийн хатуу хальсан доор цусан хураа, аалзан хальсан  доорх цус харвалт, зүүн нүдний эргэн тойрон, хацар шанаа, зүүн шилбэ гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шинэ гэмтлүүд байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2,3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна /хх-33-34/,  

- шинжээчийн дүгнэлт:...1. Л.Бийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-29-30/,

- шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /х-53-55/,   

- Л.Базоригийн гэрчээр өгсөн...Довдонсүрэн ах “чи надаас хар ус харамлалаа гэж” хэлээд миний хөмсөг рүү гараараа нэг удаа цохиж, язалсан болохоор уур хүрээд Довдонсүрэнг зодож цохисон, нүүр рүү нь гараар 2 удаа цохисон, дараа нь харахад түүний зүүн талын нүд хавдчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-20/,  

- Л.Дгийн гэрчээр өгсөн:...Би архи уугаад тасарчихсан нэг сэрэхэд эмнэлэгт хэвтчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-6-7/,  

- шүүгдэгч Л.Базориг, Л.Днарын холбогдох гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.   

Тодруулбал, хохирогч Л.Дгийн эрүүл мэндэд учирсан тухайн хүнд гэмтэл шүүгдэгч Л.Бийн гэм буруутай үйлдэлтэй, хохирогч Л.Бийн эрүүл мэндэд учирсан тухайн хөнгөн гэмтэл шүүгдэгч Л.Дгийн гэм  буруутай үйлдэлтэй тус тус шалтгаантай холбоотой болох нь тус тус тогтоогдсон байх бөгөөд тус хэрэгт нотолбол зохих бүхий л асуудлыг мөрдөх, байцаах болон нотолгооны бусад хэрэгслээр мөрдөн шалгаж, хянах ажиллагааг хуулийн дагуу зохих ёсоор хийж гүйцэтгэжээ.         

Иймд шүүгдэгч Л.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, шүүгдэгч Л.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримт тус хэрэгт цуглараагүй байх ба хохирогч Л.Дд нийт 958.000 төгрөг төлөгдсөн талаар шүүх хуралдаанд хохирогч Л.Д, шүүгдэгч Л.Б нар тус тус мэдүүлсэн, цаашид хохирогч Л.Дгэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Л.Боос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, харин шүүгдэгч Л.Бт цаашид хохирогч Л.Дд учирсан эрүүл мэндийн хүнд хохирлын улмаас эмчилгээ, шинжилгээ хийлгэх зэрэгт гарсан хохирлыг тухай бүрт барагдуулах буюу гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэгтэй болохыг тэмдэглэв.                          

Хохирогч Л.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй /хх-18/ тул шүүгдэгч Л.Дтөлөх төлбөргүй болно.      

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                     

Шүүгдэгч Л.Б урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссан баримтууд байх тул /х-99-108/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.     

Шүүгдэгч Л.Б нь Л.Дгийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, энэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд гэж үзэхэд хамаарах ба шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тус гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэж үзэх нотлох баримттай байх тул шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасан, шүүгдэгч  Л.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогджээ.   

Шүүгдэгч Л.Б нь ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, хувиараа такси үйлчилгээнд явдаг гэх /х-19, 24, 64, 120/, мөн “О.Т” ХХК-д 2020.08.15-ны өдрөөс түгээлтийн жолоочоор 600.000 төгрөгийн цалинтай ажилд орсон гэх тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажил байдлын тодорхойлолт, дансандаа 3.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй, эзэмшил нь бусдын нэр дээр боловч 0412 ... улсын дугаартай автомашины өмчлөгч, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэгт хамаарах нотлох баримтууд /хх-160-166, шүүх хуралдааны тэмдэглэл/, мөн шүүгдэгч Л.Б нь ам бүл 1, өндөр насны тэтгэвэрт, автомашины өмчлөгчөөр бүртгэгдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэгт хамаарах нотлох баримтууд /хх-81-83, шүүх хуралдааны тэмдэглэл/ тус тус тухайн эрүүгийн хавтаст хэрэгт цугларчээ.   

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгчийн хувийн байдал, хөдөлмөр эрхэлдэг, зохих хөрөнгө орлоготой болон талууд, хэргийн оролцогч нарын санал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, төлөх хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч Л.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, төлөх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоож тус тус шийдвэрлэв. 

Шүүгдэгч нарын холбогдсон тухайн гэмт хэрэг тус бүр нь ял шийтгэлийн хувьд сонгох санкцитай байтал тухайн этгээд бүрийн хөрөнгө, орлогод хамаарахад зарим нотлох баримт цуглуулах, шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байгааг анхааруулан тэмдэглэж, харин дээрх үндэслэлээр шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулаагүй болно.           

    

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.            

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :        

1. Шүүгдэгч Л.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай   учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд,  

Шүүгдэгч Л.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус  тус тооцсугай.          

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.Бийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 сая төгрөгөөр торгох ялаар,              

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.Дг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан 10.000.000 сая төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд, шүүгдэгч Л.Дд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.            

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.       

5. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Л.Дхохирогчид төлөх төлбөргүй, хохирогч Л.Дгэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгч Л.Боос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.            

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.       

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж   заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.        

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ :                            Г.Г