Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 563

 

 

 

 

 

 

 

   2020         08           31                                       2020/ШЦТ/563

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

Улсын яллагч Б.Гүнсэл,

Шүүгдэгч М.М-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2010011690705 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ..... төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ...., хувиараа хөдөлмөр эрхэлдэг, .... тоот регистртэй, М.М-.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч М.М-нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1007 дугаар байрны 02 тоотод иргэн Н.Г-ын нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь “...баруун ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М-аас“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж гаргах мэдүүлэг тайлбар байхгүй байна...” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2010011690705 дугаартай хэргээс талуудын судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:  

 

1. Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх6-7 дугаар хуудас/

 

2. Хохирогч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэднийд ороход намын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж буй 5-6 хүмүүс архи уугаад сууж байсан. Би сандал дээр суугаад, тэд нартай юм яриад архинаас нь уугаад сууж байхад М.М- гэгч нь шууд миний нүүр рүү гараараа 1 удаа цохихоор нь би хойшоогоо саваад газар унасан. Би “яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэхэд тэнд байсан эмэгтэй хүмүүс М.М-ыг хориод байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх13-14 дугаар хуудас/,

 

3. Гэрч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г- нь ганцаараа согтуу орж ирсэн. Тэгээд М.М-ын хажууд сандал дээр суусан. Г- нь М.М-ын хүзүүн дээр байн байн цохиод, базаад байсан. М.М- түүнийг зүгээр бай гэхэд Г- доошоо хараад суугаад байсан, нэг харахад Г-ын хамарнаас цус гарч байсан. Тэгэхээр нь би түүний цусыг арчихад “зүгээр бай, намайг цохичихлоо” гээд байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх18 дугаар хуудас/,

 

4. Гэрч П.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Г- гэрт ороод ирсэн, би түүнийг суу гэхэд үүдний сандал дээр суусан. Ингээд сууж байхад манай эхнэр О- нь Г-ын хамарнаас цус гарчихлаа гээд түүний хамрыг арчаад зогсож байхаар нь би очсон. Тэгэхэд Г- намайг танай найзууд зодчихлоо гээд байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх20 дугаар хуудас/,

 

5. Гэрч А.Е-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Хаалгаа онгойлгоход манай нөхөр байсан, тэрээр согтуу, түүний нүүр нь нил цус болчихсон, мөн хувцас нь цус болчихсон байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх24 дүгээр хуудас/,

 

6. Гэрч П.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"...Г- дээшээ толгойгоо өндийлгөсөн. Түүний хамарнаас цус гарсан байдалтай байсан. О- салфеткагаар цусыг нь арчих гэхэд тэрээр О-ийг түлхээд “намайг М.М- цохичихлоо” гэж хэлээд, өөрөө цусаа арчиж хувцсандаа наагаад М.М- руу дайраад хашгираад, түүнийг цохих гээд байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх25 дугаар хуудас/,

 

7. Гэрч Ц.С-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэр залуу сандал дээр суугаад байсан. М.М-ыг дуулсаны дараа “соёлын тэргүүн өгчихмөөр гар уу, үгүй юу” гээд шилэн хүзүү рүү нь алгадсан. Тэгээд тэр согтуу өндөр залуугийн хамарнаас нь цус гарсан байсан. О- “чиний хамарнаас цус гараад байна” гээд арчих үед нь л би мэдсэн. Тэр залуу “намайг М.М- цохичихлоо, та нар яагаад ингэж байгаа юм бэ” гээд орилоод байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх27 дугаар хуудас/,

 

8. Гэрч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...тэр согтуу залуу Нямдоржид үг хаяад байгаа бололтой, шилэн хүзүү рүү нь гараараа нэг удаа алгадсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө согтуу залуугийн хамарнаас нь цус гарчихсан, М.М- руу дайраад байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх28 дугаар хуудас/,

 

9. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн  2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 7059 дугаартай дүгнэлтэд:

“...Н.Г-ын биед баруун ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. /шинжээч эмч Т.Номинцэцэг/ ...” гэсэн дүгнэлт /хх30-31 дүгээр хуудас/,

 

10. Шүүгдэгч М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх42 дугаар хуудас/

 

11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхний лавлагаа /хх50 дугаар хуудас/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх54 дүгээр хуудас/, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх51 дүгээр хуудас/,  дээд боловсролын дипломын хуулбар /хх52-53 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч М.М-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч М.М-нь 2020 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Буянт-Ухаа 2” хорооллын 1007 дугаар байрны 02 тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Н.Г-ын нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “...баруун ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М.М- гэгч нь шууд миний нүүр рүү гараараа 1 удаа цохихоор нь би хойшоогоо саваад газар унасан. ...би “яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэхэд тэнд байсан эмэгтэй хүмүүс М.М-ыг хориод байсан...” гэсэн мэдүүлэг /хх13-14 дугаар хуудас/,

-Гэрч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г- нь М.М-ын хүзүүн дээр байн байн цохиод, базаад байсан. М.М- түүнийг зүгээр бай гэсэн. ...нэг харахад Г-ын хамарнаас цус гарсан. ...би түүний цусыг арчихад “зүгээр бай, намайг цохичихлоо” гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх18 дугаар хуудас/,

-Гэрч П.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...манай эхнэр О- нь Г-ын хамарнаас цус гарчихлаа гээд түүний хамрыг арчаад зогсож байсан. ...Г- намайг танай найзууд зодчихлоо гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх20 дугаар хуудас/,

-Гэрч А.Е-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...хаалга онгойлгоход манай нөхөр ...согтуу, түүний нүүр нь нил цус болчихсон, мөн хувцас нь цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх24 дүгээр хуудас/,

-Гэрч П.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Г-ын ...хамарнаас цус гарсан байдалтай, ...“намайг М.М- цохичихлоо” гэж хэлээд, өөрөө цусаа арчиж хувцсандаа наагаад М.М- руу дайраад хашгираад, түүнийг цохих гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх25 дугаар хуудас/,

-Гэрч Ц.С-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... М.М-ыг дуулсны дараа “соёлын тэргүүн өгчихмөөр гар уу, үгүй юу” гээд шилэн хүзүү рүү нь алгадсан. ...тэр согтуу өндөр залуугийн хамарнаас нь цус гарсан байсан,  О- “чиний хамарнаас цус гараад байна” гээд арчих үед нь л би мэдсэн. Тэр залуу “намайг М.М- цохичихлоо ...гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх27 дугаар хуудас/,

-Гэрч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...нөгөө согтуу залуугийн хамарнаас нь цус гарчихсан, М.М- руу дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх28 дугаар хуудас/,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн  2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 7059 дугаартай дүгнэлт  /хх30-31 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч М.М-ын хохирогч Н.Г-ын биед халдсан үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл юм.

 

Мөн шүүгдэгч М.М-нь хохирогч Н.Г-тай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас маргалдан хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч М.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролын тухай:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасан.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Н.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт тооцон хэрэгт СТ оношилгоо хийлгэсэн 140.000 төгрөгийн, чих, хамар, хоолойн үзлэгийн 35.000 төгрөгийн, нийт 175.000 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт ирүүлснийг шүүгдэгч төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч М.М-аас 175.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Г-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч М.М-нь урьд эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч М.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч М.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.

Мөн шүүгдэгч М.М-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.М-нь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.М-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч М.М-нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.М-аас 175.000 (нэг зуун далан таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.Г-д олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН