Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 559

 

 

 

 

 

 

 

   2020         08         28                                       2020/ШЦТ/559

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

өсвөр насны шүүгдэгч Л.Б-, түүний хууль ёсны төлөөлөгч Г.О-, өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Л.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010009440575 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Л.Б-, Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ... төрсөн, 16 нас 5 сар 13 хоногтой, эрэгтэй,

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Өсвөр насны шүүгдэгч Л.Б- нь 2020 оны 04 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбогд хотхоны 404 дүгээр байрны 9 давхарт төмөр хоолойноос гинжээр бэхэлж орхисон байсан Т.Т-эзэмшлийн Кант загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 797.400 төгрөгийн хохирол учруулсан;

2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 20 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Туул ривер хотхоны 104 дүгээр байрны 7 давхарт шаттай холбож түгжсэн Д.Б-ын эзэмшлийн Трек загварын 29 инчийн цэнхэр өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 905.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүрэг 17 дугаар хороо Хан Хилсс 232 дугаар байрны гражаас П.А-ийн эзэмшлийн Трикс загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 486.400 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Өсвөр насны яллагдагч Л.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.  

            Хууль ёсны төлөөлөгч: “Хэлэх зүйлгүй гэв.”

Хоёр: Эрүүгийн 2010009440575 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сард Трек нэртэй брэндийн унадаг дугуй хямдрал зарласан байхад нь 1.320.000 төгрөгөөр худалдаж авсан. Нээх уналгүй гэрийнхээ тагтан дээрээ тавьж байгаад ойрд гадаа дулаахан болохоор 2 хоног гаргаж унасан. 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр унадаг дугуйтайгаа ажил руу явж ирээд амьдардаг байрныхаа 7 давхарт гэрийнхээ хажууд охиныхоо дугуйтай гинжилж тавьсан. Гэнэт дугуйгаа гарч хармаар санагдаад гарч хартал миний дугуй алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх18 дугаар хуудас/,

 

2. Хохирогч Т.Т- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 2020 оны 04 дүгээр Ханбогд хотхоны 404 дүгээр байран дээр ирсэн. Орцоороо ороод өөрийн амьдардаг 9 давхарт гараад гэртээ орох гээд алхаж байхад коридорт байдаг төмөр хойлооноос төмөр гинжээр бэхэлсэн байсан миний “Кант” гэх бичиглэлтэй хар ногоон өнгийн унадаг дугуй байхаар нь би гэртээ ороод амарсан. Тухайн өдрийн 19 цаг өнгөрч байхад салхилахаар гадагшаа гарахдаа унадаг дугуйгаа авах гэтэл алга болсон байсан. ...Би хулгайд алдсан “Кант” маркийн унадаг дугуйгаа 2019 оны 06 дугаар сард зарын дагуу үл таних хүнээс 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...” гэх мэдүүлэг /хх75-76 дугаар хуудас/,

 

3. Хохирогч П.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “...2020 оны 05 дугаар сарын 26-ны орой 19 цаг 20 минутын үед гражийн шатнаас цоожилсон байсан “Тринкс” маркын унадаг дугуй хулгайд алдагдсан байсан. ...камер шүүж үзэхэд 16-17 насны маск зүүсэн, саравчтай малгайтай царай нь сайн харагдахгүй эрэгтэй хүүхэд авч явсан байсан. ...Манай дугуй суудалгүй байсан. Гэтэл тэнд  байсан өөр нэг дугуйны суудлыг аваад явсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх111-112 дугаар хуудас/,

 

4. Өсвөр насны шүүгдэгч Л.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар:

 

2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дэмий тэнэж явж байгаад ....Вива сити хорооллын буудалд буусан. ...Туул гэсэн байр байсан байх. ...Нэг байр руу ороод 7 билүү 8 давхарын шатан дээрээс 2 ширхэг дугуй байсаны нэгийг нь сандлыг нь сугалаад тайлаад авсан. Би өөрөө дугуй унах дуртай болохоор дугуйны нэрийг сайн тогтоодог юм. ...Миний авч явсан дугуй цэнхэр өнгөтэй, Трек гэсэн бичигтэй байсан. Би тэндээс гараад монтел ороод нэг ахад үзүүлсэн. ...Хамгийн сүүлд нэг ах нь авъя гэж хэлээд надад 80.000 төгрөг өгсөн. ... ” гэх мэдүүлэг /хх53-54 дүгээр хуудас/,

2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр Яармагт “Ханбогд” хотхонд 404 дугаартай байрны 9 дүгээр давхараас “Кант" гэсэн бичигтэй унадаг дугуй авсан. Дугуйны цоожийг нь эвдлээд авсан. Тэгээд унаж гараад Нарантуул зах дээр зарсан. Би гэрээсээ хөөгдсөн болохоор дугуй хулгайлж аваад зарсан мөнгөөрөө амьдарч байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх90-91 дүгээр хуудас/,

 

2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ганцаараа 16 цагийн үед автобусанд суугаад “Тэнгэр плаз”-гийн автобусны буудал дээр буугаад “Хан Хилс” гэх хотхоны орцоор орсон. Лифтээр В1 давхарын граж руу буугаад хар өнгийн “Тринкс” гэсэн нэртэй унадаг дугуйг цоожийг нь эвдэлж аваад унаад явсан. Хархорин захын автобусны буудал дээр танихгүй хүнд 85.000 төгрөгөөр зарсан.” ...гэх мэдүүлэг /хх 127 дугаар хуудас/,

 

5. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст ирсэн дуудлагын лавлагаа /хх5, 97 дугаар хуудас/,

 

6. 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх6-11 дүгээр хуудас/,

7. 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Туул ривер” хотхоны хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх13-16 дугаар хуудас/,

 

8.2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороон “Хан Хиллс” хотхоны 532 дугаар гражны хяналтын камерт бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх104-108 дүгээр хуудас/,

 

9. 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өсвөр насны сэжигтэн Л.Б-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх79-81 дүгээр хуудас/,

 

10. “Trek” загварын дугуйг 905.000 төгрөгөөр үнийг тогтоосон “Дамно” ХХК-ны ХУ2-20-296 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан”/хх29-30 дугаар хуудас/,

 

11. “Kant” загварын дугуйг 797.400 төгрөгөөр үнийг тогтоосон “Дамно” ХХК-ны ХУ2-20-270 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 84-85 дугаар хуудас/,

 

12. “Trinks” загварын дугуйг 486.400 төгрөгөөр үнийг тогтоосон “Дамно” ХХК-ны ХУ1-20-283 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх117-118 дугаар хуудас/,

 

13.Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад:

Төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /хх131 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх134 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолууд /хх136-171 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ өсвөр насны шүүгдэгч Л.Б-ы үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба, өсвөр насны шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, мөн өсвөр насны шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, өсвөр насны шүүгдэгч Л.Б-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Өсвөр насны шүүгдэгч Л.Б- нь 2020 оны 04 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханбогд” хотхоны 404 дүгээр байрны 9 давхарт төмөр хоолойноос гинжээр бэхэлж орхисон байсан иргэн Т.Т-эзэмшлийн “Kant” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 797.400 төгрөгний хохирол учруулсан ,

-2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 20 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Туул ривер” хотхоны 104 дүгээр байрны 7 давхарт иргэн  Д.Б-ын эзэмшлийн шаттай холбож түгжсэн байсан “Trek” загварын цэнхэр өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 905.000 төгрөгийн хохирол учруулсан ,

-2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хан Хилс” хотхоны 232 дугаар байрны гражаас иргэн П.А-ийн эзэмшлийн Triks” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 486.400 төгрөгийн хохирол учруулсан, нийт 2.188.800 төгрөгийн учруулсан болох нь:

-Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр унадаг дугуйгаа ...амьдардаг байрныхаа 7 давхарт гэрийнхээ хажууд охиныхоо дугуйтай гинжилж тавьсан. ...гарч хартал миний дугай алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх18 дугаар хуудас/,

-Хохирогч Т.Т- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрийн амьдардаг 9 давхарт ...коридорт байдаг төмөр хойлооноос төмөр гинжээр бэхэлсэн ...хар ногоон өнгийн унадаг дугуй байхаар нь би гэртээ ороод амарсан. ...19 цаг өнгөрч байхад ...унадаг дугуйгаа авах гэтэл алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх75-76 дугаар хуудас/,

-Хохирогч П.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “...2020 оны 05 дугаар сарын 26-ны орой 19 цаг 20 минутын үед гражийн шатнаас цоожилсон байсан Тринкс маркын унадаг дугуй хулгайд алдагдсан байсан. ...камер шүүж үзэхэд 16-17 насны маск зүүсэн, саравчтай малгайтай царай нь сайн харагдахгүй эрэгтэй хүүхэд авч явсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх111-112 дугаар хуудас/,

Өсвөр насны шүүгдэгч Л.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Туул гэсэн байр байсан байх. ...Нэг байр руу ороод 7 билүү 8 давхарын шатан дээрээс 2 ширхэг дугуй байсаны нэгийг нь сандлыг нь сугалаад тайлаад авсан. ...Миний авч явсан дугуй цэнхэр өнгөтэй, Трек гэсэн бичигтэй байсан. ...нэг ах нь авъя гэж хэлээд надад 80.000 төгрөг өгсөн. ... ” гэх мэдүүлэг /хх53-54 дүгээр хуудас/,

“...“Ханбогд” хотхонд 404 дугаартай байрны 9 дүгээр давхараас “Кант" гэсэн бичигтэй унадаг дугуй авсан. Дугуйны цоожийг нь эвдлээд авсан. Тэгээд унаж гараад Нарантуул зах дээр зарсан. Би гэрээсээ хөөгдсөн болохоор дугуй хулгайлж аваад зарсан мөнгөөрөө амьдарч байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх90-91 дүгээр хуудас/,

-2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ганцаараа 16 цагийн үед ...“Хан Хилс” гэх хотхоны ...граж руу буугаад хар өнгийн “Тринкс” гэсэн нэртэй унадаг дугуйг цоожийг нь эвдэлж аваад унаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 127 дугаар хуудас/,

-Хан-Уул дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст ирсэн дуудлагын лавлагаа /хх5, 97 дугаар хуудас/, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх6-11 дүгээр хуудас/,хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх13-16, 104-108 дугаар хуудас/,

-Л.Б-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх79-81 дүгээр хуудас/, “Дамно” ХХК-ны “Хөрөнгийн үнэлгээний тайлангууд ”/хх29-30, 84-85, 117-18 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Өсвөр насны шүүгдэгч Л.Б- нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний буюу нийт  2.188.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Мөн өсвөр насны шүүгдэгч Л.Б- нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ орон сууцны гражид буюу автомашины зогсоол, эсхүл орон сууцны давхарт байрлуулсан унадаг дугуй хулгай хийсэн байх ба, тусгайлан хамгаалсан байр, агуулах саванд автомашины зогсоол, орон сууцны давхар хамаарахгүй юм.

Өсвөр насны шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлтэй байх ба өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт үргэлжилсэн хэд хэдэн удаагийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох нөхцөлийг хуульчилсан.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд дээрх зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.   

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

   Энэ гэмт хэргийн улмаас нийт 2.188.800 төгрөгийн хохирол учирсан байх ба, дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Л.Б-аас хохирогч Т.Тулгад 797.400 төгрөг, хохирогч Д.Б-д 905.000 төгрөг, хохирогч П.А-т 486.400 төгрөгийг тус тус гаргуулж олгох үндэслэлтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч өсвөр насны шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2  дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хүлээх насны хязгаарыг заасан ба уг зүйлийн 2 дахь хэсэгт “Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Өсвөр насны шүүгдэгч Л.Б- нь гэмт хэрэг үйлдсэн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 16 нас 2 сар 1 хоногтой байсан байх тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

Өсвөр насны шүүгдэгч Л.Б- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар хоёр удаа ял шийтгэгдсэн байх боловч түүнд нэмж нэгтгэх ялгүй  байна.

   Шүүх өсвөр насны шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал буюу урьд мөн л насанд хүрээгүй байхдаа хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч засарч хүмүүжээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, хор уршгийг арилгаагүй байдал, улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”гэж,

-8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана”,

2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг эдлүүлэх сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын нөхцөлийг хуулиар тогтооно.”гэж тус тус заасан байна.

Иймээс өсвөр насны шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Өсвөр насны шүүгдэгч Л.Б-ы  2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 91 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                        ТОГТООХ нь:

              1. Өсвөр насны шүүгдэгч Л.Б-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.Б-ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж түүний эдлэх ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.Б-д оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Л.Б-ы 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 91 (ерэн нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

              7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч Л.Б-ы холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

              8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.Б-аас 2.188.800 төгрөгийг гаргуулж:

-хохирогч Т.Тулгад 797.400 (долоон зуун ерэн долоон мянга дөрвөн зуу) төгрөг,

-хохирогч Д.Б-д 905.000 (есөн зуун таван мянга) төгрөг,

-хохирогч П.А-т 486.400 (дөрвөн зуун наян зургаан мянга дөрвөн зуу) төгрөгийг тус тус олгосугай.

 

  9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, өсвөр насны шүүгдэгч Л.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч Л.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ДОРЖСҮРЭН