Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 1701

 

 

 

 

 

 

 

 

 

    2020        09         23                                   2020/ШЦТ/1701

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Э.Ариунболд,

Шүүгдэгч Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Б  холбогдох эрүүгийн 2006 00000 1999 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

         Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

         Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

         Ховд аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялаар,

         Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид хорих ялаар,

         Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид хорих ялаар,

         Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид хорих ялаар,

         Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Г.Б .

           

         Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Г.Б  нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрны хажууд байх “ЧКА” гэх зочид буудлын орчимд такси дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Цэрэнхандыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй.” гэв.

 

        Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Цэрэнхандын өгсөн мэдүүлэг /хх-30-31/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаартай дүгнэлт /хх-35/, аюулын зэргийн үнэлгээ хийсэн дүгнэлт /хх-8-9/,  Г.Б ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-92-94/, шүүгдэгч Г.Б ы урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-27/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Г.Б  нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрны хажууд байх “ЧКА” гэх зочид буудлын орчимд такси дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Цэрэнхандыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Цэрэнхандын өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 00 цагийн орчимд манай нөхөртэй өмнө нь хамт амьдардаг байсан эмэгтэй залгаад “нөхөр чинь гудамжинд хэвтэж байна, ирж аваач ээ” гээд ярихаар нь би Багшийн дээдийн буудал дээрээс нөхөр Г.Б  дээр очиход нэлээн согтуу байхаар нь цугтаа такси бариад 1000 оюутны байрны ойролцоо явж байхад Г.Б  миний нүүрэн тус газар 2-3 удаа цохиод миний зүүн талын хөмсгийг задалсан. Би гомдолтой байна.” /хх-30-31/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Цэрэнхандын биед тархины доргилт, зүүн хөмсөгний оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шуу, хэвлийн урд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-21/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б ы яллагдагчаар өгсөн: “...Эхнэр намайг дагуулаад авч явж байхад би эхнэртэйгээ маргалдаж байгаад эхнэр такси бариад 1000 оюутны байр руу явсан. Тэгээд таксинд явж байтал эхнэр надтай өмнө амьдардаг байсан хүүхэн яриад байсан. Би “өнгөрсөн юман дээр олон юм яриад орхичхож болдоггүй юм уу” гээд уур хөдлөөд Г.Цэрэнхандын нүүр рүү баруун гараараа цохиод авсан чинь орилоод хөмсөгнөөс нь цус гараад эхэлсэн. Шинжээчийн дүгнэлт дээрх гэмтлийг учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” /хх-92-94/ гэх мэдүүлэг,

 

Шуурхайн удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-5/,

          Аюулын зэргийн үнэлгээ /хх-8-9/,

          Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-22/,          

Шүүгдэгч Г.Б ы урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-27/ зэрэг болно.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий хохирогчийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Б ы 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрны хажууд байх “ЧКА” гэх зочид буудлын орчимд такси дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Цэрэнхандыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Г.Цэрэнханд гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл

нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Б ы эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Б  нь 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн 14 цагдан хоригдсон ба үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т тус тус зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүнд оногдуулах торгох ялаас хасаж тооцохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.Б ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Г.Баярсайхынг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Г.Б ы цагдан хоригдсон 14 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй хэмжээний төгрөгөөр тооцож 112 цагийг хасаж нийт 608 цагаар тогтоосугай.  

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Г.Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Б  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.    

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

      7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС