| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2020/0558/Э |
| Дугаар | 566 |
| Огноо | 2020-08-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 566
2020 09 02 2020/ШЦТ/566
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч П.Энхболд /томилолтоор/,
шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-холбогдох эрүүгийн 1910001960667 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ... төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ...
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.М- нь Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын виз гаргуулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Э-ээс:
-2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг,
-2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1.500.000 төгрөг,
-2018 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 800.000 төгрөг нийт 5.300.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байрны 28 тоотоос М.А-ийн ... дугаартай “Хаан” банкны дансаар дамжуулан шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М- мэдүүлэхдээ: “...Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хоёр: Эрүүгийн 1910001960667 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:
“....Би А-т 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 3.500.000 төгрөгийг түүний Хаан банкны ... тоот дансруу шилжүүлсэн. Тухайн үед А- БНСУ-ын виз гаргаж чадах хүн байна гэж хэлээд надаас 3.500.000 төгрөгийг авсан. Дараа нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр А- миний дугаар руу залгаж дүү Б-ийг явуулах асуудал бүтэж байна, бүх бичиг баримтыг бүрдүүлээд өгсөн. Одоо виз л гарах юм бол явах шатандаа орно гэж хэлсэн. Тэгэхээр одоо үлдэгдэл 1.500.000 төгрөгөө миний данс руу шилжүүлчих гэхээр нь итгээд түүний Хаан банкны ... тоот дансруу 1.500.000 төгрөгийг хүнээс зээлээр авч шилжүүлсэн. Үүнээс хойш 3 сарын хугацаа өнгөрч виз гараагүй байсан. 2018 оны 09 дүгээр сард А- дахин над руу залгаад виз гарсан гэнээ, онгоцны билет захиалах 800.000 төгрөгийг над руу шилжүүл гэсэн. Тэгэхээр нь би итгээд шууд А-ийн данс руу шилжүүлсэн. Ингээд гарахгүй байхаар нь А-тэй утсаар ярьсан чинь “уучлаарай виз гарах худлаа болж байх шиг байна. Учир нь гэвэл би таны мөнгийг М- гэх хүнд виз гаргадаг гэхээр нь өгсөн байсан юм. Та тэр хүнтэй яриарай” гэж хэлсэн.
Тэгээд би М-тэй утсаар ярихад надад хандаж би визийг харчлаа, гарсан байна, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр БНСУ-руу явах юм байна. Очоод Сөүлийн мэс заслын эмнэлгийн багаж тоног төхөөрөмж зөөдөг ажил хийх юм байна, мөн тэндээ байрлана гэж хэлсэн. ...Тэгсэн М- худал ярьсан, утсаа авахгүй алга болсон. ...” гэх мэдүүлэг /хх30-31 дүгээр хуудас/,
2.Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...М- нь Нарантуул зах руу Микро автобусаар хүн зөөдөг. Би Нарантуул зах дээр 2017 оноос хүний бараа зардаг ажил хийдэг байсан. Тэр хавийн хүмүүс М- нь БНСУ-ын виз гаргаж өгдөг гэж яриад байхаар нь 2018 оны 02 дугаар сард М-тэй уулзаад Солонгосын виз гаргуулъя гэж хэлэхэд М- надад асуудалгүй, найдвартай гаргаж өгнө, манай нэг эгч байгаа, надад эхний ээлжинд 2.500.000 төгрөг бэлнээр өгчих гэж хэлэхээр нь хорооллын “Начин заан” ломбарданд ээмэг бөгжөө тавиад 2.500.000 төгрөг бэлнээр тэр ломбардны гадаа өгсөн. Тэгээд өөрийн хүү Т.Н-ийн бичиг баримтыг бүрдүүлээд М-т өгсөн. Үүний дараа манай хүү Н-ийн багийн найз болох Б- Солонгосын виз гаргуулах гэсэн юм, намайг хэлээд өгөөч гэж гуйхаар нь би М-тэй утсаар яриад манай хүүгийн найз бас виз гаргуулъя гэж байна гэж хэлсэн чинь М- бичиг баримтыг нь 3.500.000 төгрөгтэй өгчих гэж надад хэлсэн. Б-д энэ талаар хэлэхэд Б-ий эгч Э- надтай утсаар холбогдоод Б-ийг Н-той хамт явуулчихмаар байна. Визийг нь хамт хөөцөлдөөд өгөөч гэхээр нь зөвшөөрөөд өөрийнхөө ... гээд Хаан банкны дансыг Э-т өгөөд тухайн үед миний данс руу Э-ээс 3.500.000 төгрөг орж ирэхээр нь уг мөнгийг М-т бэлнээр аваачиж өгсөн. Мөн Б- надад бичиг баримтаа авч ирж өгөхөөр нь М-т аваачиж өгсөн. Сарын дараа М- нь залгаад одоо виз гарах гээд бараг бэлэн болж байна. Б-, Н- хоёрынх гээд тус бүр 1.000.000 төгрөг өгөөрэй гэхээр нь би Э- рүү 1.000.000 төгрөг хий гэж байна гэж хэлсэн чинь 1.000.000 төгрөгийг над руу Э- шилжүүлээд, би 1.000.000 төгрөг болгож чадахгүй 800.000 төгрөгийг нийт 1.800.000 төгрөг цувуулан тухайн үед М-ийн өгсөн данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш удахгүй виз гарна гээд хойшлуулаад л яваад байсан бөгөөд Н-, Б- хоёрыг Солонгосын Ачон гэж эмнэлэгт ажиллуулахаар болсон гэх зэргээр хойшлуулаад л яваад байсан.
2019 оны 07 дугаар сарын 28-нд Солонгос явуулахаар боллоо онгоцны билетний мөнгө 1 хүний 1.300.000 төгрөг яаралтай шилжүүл гэхээр нь Э-т залгаж хэлээд 1.300.000 төгрөг шилжүүлж аваад түүнийг нь М- рүү шилжүүлсэн. Би тухайн үед мөнгө өгөөгүй. Гэтэл тэр асуудал нь худал болоод виз гаргаж өгнө гэсэн хүн нь Солонгост байгаа удахгүй гэсэн байдлаар худлаа яриад хойшлуулсаар байсан. 2019 оны намар Э- бид хоёр Нарантуул захын зүүн хаалган дээр очоод 6895 УНИ дугаартай микро автобустай явж байхаар нь очиж уулзсан. Тэр үед би М-т чи миний мөнгийг дараа нь бол, Э-ийн мөнгийг яаралтай өгөөдөх гэсэн чинь тэгье, удахгүй өгчихье. 10 хоногийн дараа үхэр оруулж ирж зарна тэгээд мөнгийг чинь өгчихнө гэж хэлээд салсан боловч одоо хүртэл мөнгийг нь өгөөгүй гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх33-34 дүгээр хуудас/,
3.Гэрч Ц.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2018 оны 03 дугаар сард БНСУ-руу гэрээгээ явахаар бүртгүүлэх гээд Баянгол дүүргийн 73-р сургуулийн дотуур байранд зогсож байтал найз болох Н- над руу утсаар яриад хаана байгаа юм гэхээр нь байгаа газраа хэлтэл над дээр ирсэн. Тэгээд юу хийж яваа юм гэхээр нь Солонгос Улс руу явахаар бүртгүүлэх гэж байна гэсэн чинь манай ээжид таньдаг хүн байгаа, мөнгө өгчихвөл визийг нь гаргаад өгчихдөг гэсэн. Би бас явах гээд материал, мөнгө хоёроо өгчихсөн байгаа, чи бас надтай хамт материалаа өгчих, мөнгө нь 5,0 сая төгрөг болдог. Эхний ээлжинд бичиг баримттайгаа 3.500.000 төгрөгийг нь өгчих, үлдсэн 1.500.000 төгрөгийг нь виз гарсны дараа өгчихдөг юм байна лээ гэхээр нь 2- 3 хоногийн дараа Н-ийн ээж болох А-тэй уулзахад манай хамаатны хүн Солонгос Улс руу виз гаргадаг юм. Чи эхний ээлжинд бичиг баримт 3.500.000 төгрөгтэй өгчих гэхээр нь эгч болох Э-тэй очиж уулзаад манай найз Н-ийн ээжид нь Солонгос Улс руу виз гаргадаг хүн байгаа гэнэ, 5.0 сая төгрөг болдог гэж байна. Манай найз бас материал, мөнгөө өгчихсөн байгаа гэж байна гэж хэлсэн. Манай эгч найдвартай юм бол тэг гээд эхний 3.500.000 төгрөгийг А- гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Үлдсэн мөнгө болох 1.500.000 төгрөгийг нь 2018 оны 08 дугаар сард байх, яг хэзээ шилжүүлсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Манай эгч Э- л А- гэх хүнтэй яриад байсан. Сүүлдээ виз гаргана гэдэг нь худлаа болж, бид нарыг залилсан болж таарсан. Н-ийг Солонгос Улс руу явахаар мөнгө өгч бичиг баримтаа өгсөн нь үнэн эсэхийг мэдэхгүй байна. Өөрт нь танай ээж чинь яачихав гэхээр нөгөө хүн нь виз гарна гэж хэлсэн гэсэн хүлээж бай гэж хэлсэн гэж надад хэлээд байгаа. Би бол А- гэдэг хүний цаана ямар хүн байгаа талаар мэдэхгүй байна. Манай эгч Э- тэтгэврийн зээл авч үлдсэн мөнгийг нь хүнээс зээлж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх37-38 дугаар хуудас/,
4.Гэрч Т.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Б- нь миний багын найз юм. 2018 оны 03 дугаар сард Б- рүү мэнд мэдэх санаатай залгатал БНСУ-руу гэрээгээр явахаар бүртгүүлэх гэж байна гээд төмөр замын 73-р сургуулийн дотуур байранд зогсож байна гэхээр нь бид 2 уулзалдсан. Тухайн үед би өөрөө бас Солонгос Улс руу явахаар бүртгүүлэхээр ээж болох А-ийн танил М- гэх хүнд материал 5.600.000 төгрөгийг өгсөн байсан. М- нь тухайн үед миний танил Солонгосын элчинд ажилладаг тэр хүнтэй уулзаад байх шаардлагагүй, надад материал, болон мөнгийг нь өгчих гэхээр нь манай ээж А- өгсөн юм байна лээ. Тэгээд би найдвартай юм байна гэж бодоод найз Б-д хандан манай ээжид таньдаг хүн байгаа гэж хэлсэн юм. Тэгсэн чинь Б-ий эгч нь манай ээжтэй ярьж байгаад мөнгө болон бичиг баримтыг шилжүүлсэн гэсэн. 03 дугаар сараас хойш виз чинь гарна, удахгүй маргааш гарчихна гэсээр одоог хүрч байна. Сүүлдээ Б- бид хоёр виз юмуу мөнгө өгөхгүй бол цагдаад өргөдөл өглөө гэхээр 1 дэх өдөр хүртэл хүлээчих гэж хэлдэг. Гэрт нь очихоор гэртээ огт байдаггүй юм байна лээ. Би өөрөө бол М- гэдэг хүнийг огт хараагүй, утсаар л ярьдаг. Түүнээс М- нь манай гэр бүлтэй ямар нэгэн хамаатан садангийн харилцаа байхгүй.” гэх мэдүүлэг /хх39-40 дүгээр хуудас/,
5. Иргэн Б.Э-ийн 5007098066 дугаартай хаан банкны дансны хуулга /хх84 дүгээр хуудас/
6.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхний лавлагаа /хх51 дүгээр хуудас/, урьд эрүүгийн хариуцлага хүлээ байсан эсэхийг шалгасан хуудас /хх88 дугаар хуудас/болон бусад баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.М-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.М- нь Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргуулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Э-ээс:
-2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг,
-2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1.500.000 төгрөг,
-2018 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 800.000 төгрөг нийт 5.300.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо 57 дугаар байрны 28 тоотоос М.А-ийн ... дугаартай “Хаан” банкны дансаар дамжуулан шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:
-Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А-т 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 3.500.000 төгрөгийг түүний Хаан банкны ... тоот дансруу шилжүүлсэн. ...одоо үлдэгдэл 1.500.000 төгрөгөө миний данс руу шилжүүлчих гэхээр нь ...түүний Хаан банкны ... тоот данс руу 1.500.000 төгрөгийг ...шилжүүлсэн. ...А- дахин залгаад виз гарсан гэнэ, онгоцны билет захиалах 800.000 төгрөгийг шилжүүл гэсэн. ...А-ийн данс руу шилжүүлсэн. ...А-тэй ...би таны мөнгийг М- гэх хүнд виз гаргадаг гэхээр нь өгсөн гэж хэлсэн. ...би М-тэй ярихад ...визийг харчлаа, гарсан байна, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр БНСУ-руу явах юм байна, Сөүлийн мэс заслын эмнэлгийн багаж тоног төхөөрөмж зөөдөг ажил хийх юм байна, мөн тэндээ байрлана гэж хэлсэн ч М- худал ярьсан, утсаа авахгүй алга болсон. ...” гэх мэдүүлэг /хх30-31 дүгээр хуудас/,
-Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүү Н-ийн багийн найз болох Б- Солонгосын виз гаргуулах гэсэн юм намайг хэлээд өгөөч гэж гуйхаар нь М-т утсаар хэлсэн чинь ...бичиг баримтыг нь 3.500.000 төгрөгтэй өгчих гэсэн. ...миний данс руу Э-ээс 3.500.000 төгрөг орж ирэхээр нь мөнгийг М-т бэлнээр аваачиж өгсөн. ...М- нь залгаад одоо виз гарах гээд бараг бэлэн болж байна, ...тус бүр 1.000.000 төгрөг өгөөрэй гэхээр нь би Э- рүү 1.000.000 төгрөг хий гэж байна гэхэд 1.000.000 төгрөгийг над руу Э- шилжүүлээд, би ...цувуулан тухайн үед М-ийн өгсөн данс руу шилжүүлсэн. ...гэтэл ...худлаа яриад хойшлуулсаар байсан. ...мөнгийг чинь өгчихнө гэж хэлээд салсан боловч одоо хүртэл мөнгийг нь өгөөгүй гэсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх33-34 дүгээр хуудас/,
-Гэрч Ц.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А-тэй уулзахад манай хамаатны хүн Солонгос Улс руу виз гаргадаг юм. ...бичиг баримт 3.500.000 төгрөгтэй өгчих гэхээр нь эгч болох Э-тэй очиж уулзсан. ...манай эгч ...3.500.000 төгрөгийг А- гэдэг хүний данс руу шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх37-38 дугаар хуудас/,
-Гэрч Т.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М- нь тухайн үед миний танил Солонгосын элчинд ажилладаг ...материал болон мөнгийг нь өгчих гэсэн. манай ээж А- өгсөн юм байна лээ. ...найз Б-д хандан манай ээжид таньдаг хүн байгаа гэж хэлсэн юм. ...Б-ий эгч нь манай ээжтэй ярьж байгаад мөнгө болон бичиг баримтыг шилжүүлсэн гэсэн. ... виз чинь гарна, удахгүй маргааш гарчихна гэсээр одоог хүрч байна....” гэх мэдүүлэг /хх39-40 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд “Залилах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг ба, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.М- нь БНСУ-ын элчин сайдын яаманд таньдаг эгч ажилладаг, асуудалгүй виз гаргаж өгнө гэж худал ярьж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрт байхгүй эрхийг бусдад амлан хохирогчийн хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн байна.
Нөгөө талаас “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой бөгөөд энэ хэргийн хувьд хохирогч нь тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллага нь материалыг бүрдүүлэх, визийг мэдүүлэх зэргийг мэдсээр байж хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх асуудлаа иргэн хүнд хандаж, иргэнээс хууль бус шаардлага тавьж, эд хөрөнгөө шилжүүлэн өгч хууль зөрчихөд хүргэсэн хохирогчийн зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан.
Шүүгдэгч Б.М- нь өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, мөн тус гэмт хэргийг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан шүүгдэгч Б.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд дээрх зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Тус гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.М- нь хохирогч Б.Э-ийг залилан 5.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон.
Шүүхээс шүүгдэгчийг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсаны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирол нөхөн төлөх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлага авах хүсэлт гаргаж, шүүх тэдний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан ба эрүүгийн хариуцлагыг үргэлжлүүлэхэд шүүгдэгч Б.М- нь хохирогчид хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй нөхцөл байдал үүссэн.
Иймд шүүгдэгч Б.М-ээс 5.300.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Э-т олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.М- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Учир нь шүүгдэгч нь хэд хэдэн удаагийн үйлдлээр өөр өөр цаг хугацаанд хохирогчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийг үйлдсэн, мөн залилах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүхээс шүүгдэгч Б.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, гэм хорыг арилгаагүй зэргийг харгалзан “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх дүгнэв.
Мөн шүүгдэгч Б.М-т оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Тус эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.М- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч . М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар . М-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Тус эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.М- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй , түүний холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ээс 5.300.000 /таван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-т олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН