Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 788

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

Хохирогчийн төлөөлөгч: Э.О-, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, Б.Очирдорж

Шинжээч: Ж.Бадамцэцэг,

Шүүгдэгч: С.О-, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт С.О-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805027830339  дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.О-, 1991 оны 3 дугаар сарын 28-ны өдөр .... төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч С.О- нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энх...” ХХК-ний “...” гэх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт зээлийн мэргэжилтнээр 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа хуурамчаар зээл гаргах, хуурамчаар хаалт хийх, сунгалт хийх зэрэг аргаар ажил хүлээлцэх үед бэлэн байсан кассын үлдэгдэл, зузаатгал нэртэй тус компаниас санхүүжүүлсэн санхүүжилтийн орлого, зээлийн үйлчилгээ үзүүлсэн үйл ажиллагааны орлого болох сунгалтын хүү, хаалтын хүү, иргэдийн барьцаалсан хөрөнгийг зарж борлуулсан орлого зэрэг тус компанийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж 135.257.850 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.О- шүүх хуралдаанд: “...Би 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн “Энх ...” ХХК-д ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш “Энх ...” ХХК-ийн дансаар биш  О-, Т- болон миний хувийн дансаар гүйлгээ хийгддэг байсан. Миний хувийн дансанд зөвхөн миний ажилласан өдрүүдэд 85.297.000 төгрөгийн орлого орсон байдаг. 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш эхний үлдэгдэл, эцсийн үлдэгдлээс тухайн өдрийн орлогын тайлан гардаг байсан. Тиймээс өмнөх өдөр нь ажилласан О-, А- нарын тооцоо надад хамаагүй гэж үзэж байна. Тайлан өдөр бүр гардаг байсан. Зөвхөн миний ажилласан өдрүүдийн сунгалтын хүү 30.202.782 төгрөг, нийт хаалтын хүүний орлого 15.969.740 төгрөг, зарсан барааны орлого нь 6.694.500 төгрөг, бусад орлого нь 709.500 төгрөг гарсан. Миний гаргасан үндсэн зээл нь 210.866.500 төгрөг, нэмж гарсан зээл нь 8.011.000 төгрөг, бусад зардлууд нь нэмэгдээд 10.036.000 төгрөг, үндсэн зээлээс хаагдсан зээл нь 199.354.500 төгрөг гарсан. Хохирлын тооцооны хувьд хүүний мөнгө нь нэмэгдэж гарсан болохоос тийм их хэмжээний хохирол учирсан гэж үзэхгүй байна. Зөвхөн миний дансаар орж ирсэн мөнгө нь О- 46.591.500 төгрөг, Т-ын данснаас 450.000 төгрөг, А-гаас 1.923.700 төгрөг, Болормаагаас 1.547.000 төгрөг, 5166275357 дугаарын данснаас 101.900 төгрөг нийт 52.614.100 төгрөг миний данс руу орж ирсэн. Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд Хатанболд прокурорт мэдүүлэг өгөхдөө учраа мэдэхгүй, мөрдөн байцаагчийн дарамт шахалтад мэдүүлэг өгсөн. Түүнээс хойш би мэдүүлэг өгөөгүй. Хохирогч талаас 2-3 удаа мэдүүлэг өгсөн. 2 удаагийн шинжээчийн дүгнэлтэд Мөнхтөр өмгөөлөгч бид хоёрын асуусан асуултад “хариулах боломжгүй” гэсэн хэрнээ хохирогч талаас асуусан асуултад аудит, шинжээчийн дүгнэлтэд хариулт өгсөн байсан. Тиймээс миний тооцоог харгалзаад хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд прокурорт буцааж өгнө үү, дахин аудитын дүгнэлт гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. Ломбард мөнгөний хүүнээс ашиг олдог тиймээс 130 гаран сая төгрөгийн хохирлын тооцоо ор үндэслэлгүй хий тооцоо. Учир нь хүүний мөнгө нэмэгдсээр байгаад их хэмжээний хохирол гарсан байна.  Би Жамъян өмгөөлөгчтэй 2020 оны 8 дугаар сард хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Жамъян өмгөөлөгч 7 хоногийн өмнөөс хэргийн материалтай танилцаж эхэлсэн. Тиймээс би надаас татгалзсан Мөнхтөр өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлттэй байна. Учир нь Мөнхтөр өмгөөлөгч хэргийг эхнээс нь өмгөөлсөн тул түүнтэй шүүх хуралдаанд орсон тохиолдолд надад ашигтай гэж бодож байна” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Э.О- шүүх хуралдаанд: “...Би 2016 оны 11 дүгээр сард “Энх ...” ХХК-ийг байгуулсан. 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс О-ийг дадлагажуулж ажилд авсан. Тухайн салбарыг О- 90 хувьтай бие даан ажиллуулж байсан. Би 14 хоногт нэг удаа тооллого хийдэг байсан. Ингэхдээ хүний лацадсан эд, барааг задлах эрхгүй учраас гадна талаас нь тооллого хийгээд явдаг байсан. Би О-ийг дүү шигээ боддог байсныг О- үгүйсгэхгүй байх. Би 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нөхрийн хамт гадаад руу явахаас өмнө О- барьцаагүй зээл олгосон байсан. Тэгээд би О- рүү “We” чатаар холбогдоод “чи барьцаагүй зээл олгосон хүмүүсийнхээ асуудлыг шийдвэрлээрэй” гэж хэлсэн. Түүнээс өмнө би О-т “битгий барьцаагүй зээл гарга, таньдаг хүн, хамаатандаа мөнгө зээлсэн тохиолдолд чамд хэцүү шүү. Тэр хүмүүс чинь мөнгөө өгөхгүй. Тэгээд би чамаас нэхнэ. Тиймээс битгий таньдаг хүмүүст зээл олгоорой” гэж хэлэхэд О- “ёстой тийм зүйл байхгүй” гэж хэлж байсан. О-ийн нэг найз нь нөүтбүүк тавьж зээл авсан гээд сунгаад байсан боловч дараа нь задлаад үзэхэд бичгийн цаас байсан. О-ээс бусад хүмүүс түүнийг амраах гэж тухайн салбарт хааяа ажиллаж бусад тохиолдолд О- ажилладаг байсан. Би 2020 оны 5 дугаар сарын 17-ноос 18-ны өдөр тооллого хийсэн. Тооллого хийхэд 45 сая төгрөгийн барьцаагүй эд зүйлс гарсан хэрнээ падаан нь байгаад байсан хэрнээ барьцаа нь байхгүй байсан. Тэгээд “46 сая төгрөг яасан бэ” гэхэд О- “би таньдаг хүндээ зээлүүлсэн” гэж хэлэхээр нь би түүнд “би чамд 3 хоногийн хугацаа өгье, чи 3 хоногийн дараа 46 сая төгрөгийг авчирч өгөөрэй” гэж хэлсэн. О- хэрэг гарах хүртэл утсаа таслаад, ажлаа таслаад алга болсон тул би түүний эцэг, эх рүү нь холбогдож О-ийг асуухаар “бөө, удган болохоор явж байна” гэж хэлж байсан. Би түүнд “чи юун бөө, удган бэ, чи хүний 46 сая төгрөгийн асуудал гаргачихаад энэ мөнгөө олж ир” гэж хэлсэн. Үүний дараа 3 хоног хүлээгээд ирээгүй тул би болсон асуудлын талаар нөхөртөө хэлсэн. 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 10 цагт ажил дээрээ очиход О- ирсэн байсан. Тэгээд манай нөхөр “бид 2 ингэж их  итгэж байхад” гэж хэлэхэд О- “миний таньдаг хүмүүс зээл авсан. Би мөнгийг хүүтэй нь олж төлнө” гэж хэлээд явсан байдаг. Тухайн үед нөхөр бид 2 нөхрийн ах, эгч нараас их хэмжээний мөнгө зээлсэн байсан тул ах, эгч хоёрыгоо дуудсан. Манай ах, эгч 2 мөн ломбард ажиллуулдаг бөгөөд тэдний ажилд иймэрхүү асуудал гарч байсан талаар бидэнд хэлж хамгийн их сунгалттай 2 барааг бичлэг хийж задалж үзтэл нэгнээс нь бичгийн цаас, нөгөө бараанаас нь чулуу гарсан тул бэр эгч Алтанчимэг цагдаа дуудсан. Тухайн үед О-ийг би мөнгө олж ир гээд явуулсан байсан учраас “юу болж байна, эгчтэйгээ ирж ярилц” гээд О-ийг ажил дээрээ дуудаж ирүүлсний дараа цагдаа ирээд О-ийг баривчилсан байдаг. Миний зүгээс манай байгууллагад 46 сая төгрөгийн хохирол учруулсан байна гэж бодож байсан боловч цагдаагийн байгууллагын ажилчид бүх барааг задалж үзэхэд дотроос нь чулуу, бичгийн цаас, хоосон усны шил зэрэг гарч ирсэн. Би “Энх ...” ХХК-ийн хууль ёсны эзэмшигч учраас тухайн компанийг хуурамч байдлаар үүсгэн байгуулж, хуурамч зээл гаргах захиалгыг О-т өгөхгүй. Би тухайн компанийг ашиг орлого олох зорилгоор үүсгэн байгуулсан. О- яагаад намайг “О- намайг хуурамч падаан үйлдэж, хуурамч зээл гарга гэсэн” гэж хэлж байгааг нь би ойлгохгүй байна. “Энх ...” ХХК-ийн “...-1” салбарт нийт 101.440.000 төгрөгийн санхүүгийн зузаатгал хийснээс О- 88.490.000 төгрөгийн зузаатгал, бусад ажилчид 12.950.000 төгрөгийн зузаатгал хийсэн. Сунгалтын хүү, хаалтын хүү, зарсан барааны орлого нийт 58.644.260 төгрөг гарсан. Энэ нь манай компаний ашиг юм. Үүнээс О-ийг ажилласан үед 47.952.740 төгрөгийн ашиг орсон. Нийт кассын эхний үлдэгдэл, кассын бараа хүлээж авсан мөнгө нийт 195.427.600 төгрөг байна. Үүнээс 3 хүний данснаас О- над руу мөнгө шилжүүлсэн гэдэг 41.494.850 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 30 гаран сая төгрөг нь О-ийн данс руу бусад харилцагчдаас хаалтаар оруулсан мөнгө нь зөрүүлээд шилжүүлсэн мөнгө нь дансны хуулгаар тогтоогдсон. 9.810.000 төгрөг нь “Ариг” банкнаас зээл авсан мөнгө нь миний данс руу орсон мэтээр гарсан. Т-д 250.000 төгрөг, А-д 2.245.600 төгрөг нийт 43.990.450 төгрөгийг бид хоёрын дансны хуулгаар батлагдана. Би бэлнээр О-тэй тооцоо хийсэн тохиолдол байхгүй. Бүх баримтууд дансны хуулгаар батлагдана. Би 135.257.850 төгрөгт нэмж өмгөөлөгчийн хөлс, сүүлд гаргасан аудитын үнэлгээний дүн нийт 12.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Э.О-гэрчээр мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 7 хоногийн өмнө ломбардандаа тооллого хийсэн. Ингээд тооллогын явцад 46.000.000 төгрөг гарсан байсныг мэдсэн. Ингээд ажилтан болох С.О-ийг дуудахад С.О- нь таньдаг хүмүүстэй зээлсэн байгаа бүгд найдвартай хүмүүс байгаа юм. 7 хоногийн дараа бүх мөнгөө хүүтэй нь аваад ирнэ гэж хэлсэн. Ингээд би 7 хоног хүлээгээд ирэхгүй нөхөр Т-, нөхрийн эгч Х.Алтантуяа, ах Баярхүү нарт хэлсэн. Ингээд манай нөхөр С.О-ийг мөнгөө олоод ир гэж явуулсан. Явсаны дараагаар эгч Алтантуяа ажил дээр ирээд барьцаанд байгаа хамгийн их сунгалттай нэг аппарат, нэг нөүтбүүкний барьцааны эд зүйлс байгаа гэх савыг задлахад аппаратын савнаас чулуу, нөүтбүүкний савнаас дөрвөлжин цаас гарч ирсэн. ...О-ийг ирэхээр нь асуухад гэрт байгаа гэж хэлсэн боловч цагдаа ирсэний дараа гэрт байхгүй гэж хэлсэн. Ингээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 78-86/,

Хохирогчийн төлөөлөгч Э.О-мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны эхээр нөхөр маань MGL дизайн компаниас гарсан тул удирдлага солигдож С.О- нь ажилгүй болсон хэмээн над руу байнга холбогдож ажилд оруулж өгөхийг гуйх болсон. Ингээд 2017 оны 02 дугаар сарын сүүлээр дадлагажигчаар ... ломбардандаа авч сургаад 2017 оны 3 дугаар сараас эхлэн бие даан ажиллах чадвартай болсон гэж үзсэн тул 2017 оны 4 дүгээр сараас эхлэн ...-1 ломбардын салбарыг хариуцуулан ажиллуулахаар болсон. С.О- нь ажиллаж байх хугацаандаа өдөр тутмын кассын гүйлгээг явуулж тухайн өдөр гаргасан зээл, зээлийн хаалт, зээлийн хүүний дэлгэрэнгүй мэдээлэл мөн бэлэн мөнгөний эцсийн үлдэгдлийг мэдээлдэг байсан. Миний хувьд 14 хоногт 1-2 удаа биечлэн очиж ажилтай нь танилцаж эргэлтийн хөрөнгө шаардлагатай тохиолдолд дансаар болон бэлнээр зузаатгал хийдэг байсан. Сар бүрийн тооллогоор зээлийн барьцааны боолт, лацтай эд барааг баримттай нь тулгаж үзэж байсан хэдий ч барьцаанд тавьсан эд зүйлсийн лацыг хөндөх задлах боломжгүй тул цүнх болон хайрцаг баглааны гадна талаас тоолж лацыг шалгаж байсан. Гэтэл манай ломбардны зузаатгал санхүүжилт доголдох болсон тул эргэн төлөлтүүд удааширч эхэлсэн байдаг. 2018 оны 5 дугаар сараас С.О- нь ажлаа таслах зэргээр зөрчил гаргах болсон тул ... 1 ломбардны үйл ажиллагаа барьцааны эд зүйлсийг шалгаж үзтэл барцаа хөрөнгө болох лац, боолттой эд зүйлсээс чулуу гэх мэт зүйлс гарч ирсэн тул тэр дарай цагдаагийн байгууллагад мэдэгдэж гомдол гаргаж бүх баримт бичиг тооцоог битүүмжлүүлж шалгуулсан болно. Мөн цагдаагаас С.О-ийн гэрт нэгжлэг хийж 344 ширхэг 186.410.000 төгрөгийн зээлийн гэрээг хурааж авсан. ...С.О- нь 2017 оны 7 дугаар сараас эхлэн 2017 оны 12 дугаар сард илт мөнгөжүү болж, тухайн үедээ хамгийн үнэтэй гар утас болох iphone 7 plus шинэ утастай болж, Айфель мак бүүк эйер /Apple macbook air/ зөөврийн компьютер барих болсон ба Орос руу аялах зэргээр гадаад, дотоодод зугаалах болсон. Энэ үед би О-ээс хаанаас ямар мөнгөөр энэ үнэтэй зүйлүүдийг авах болсныг тодруулж байсан ба тэрээр Шведэд амьдардаг найз залуугаас бэлгэнд ирсэн гэж тайлбарлаж байсан” ...Хөдөлмөрийн гэрээ яагаад байгуулаагүй вэ гэхээр С.О- нь өмнө ажиллаж байсан “MGL Дизайн” ХХК-иас гэнэт халагдсаны тэтгэмж, Нийгмийн даатгалаас авдаг байсан учир өөрийнх нь хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Учир нь тухайн хөдөлмөрийн гэрээг байгуулах юм бол О-ийн Нийгмийн даатгалаас гэнэт халагдсаны тэтгэмж авч чадахаа болчихоно гэж гуйгаад байхаар нь зөвшөөрөөд мөнгөө авч дуусах хүртэл нь хөдөлмөрийн гэрээ хийхээ хойшлуулсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 87-100/,

Гэрч Г.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нагац дүү Э.О- хөдөө яваад нэг удаа миний утас руу залгаад Эх нялхасын барьцаалан зээлдүүлэх газрын салбар дээр зузаатгалын мөнгөгүй болчихлоо та С.О- рүү мөнгө шилжүүлээд өгөөч очиж байгаад өгье гэж хэлэхээр нь тухайн 2 гүйлгээг хийсэн. Зарим үед Э.О- зузаатгалын мөнгө гэж шилжүүлэн аваад буцаагаад өгдөг байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 118-119/,

Гэрч Э.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Энх... ХХК-ний “...” барьцаалан зээлдүүлэх газрын “Саппоро” салбарт 2017 оны 7 дугаар сараас эхлэн нөхөр Э.Т-ын хамт ажиллаж байгаа. С.О- нь манай компаний барьцаалан зээлдүүлэх газрын “Эх нялхас” салбар дээр ажилладаг болохоор зарим тохиолдолд амарсан үед нь тухайн газарт нөхөж ажилладаг болохоор тэр үеэс таньдаг болсон. ...Би 7 дугаар сард “Энх...” ХХК-ний захирал Э.О- хөдөө явчихсан байсан болохоор нөгөө салбар маань мөнгөгүй болчихоод кассын зузаатгал гэж мөнгө шилжүүлсэн. Кассын дэвтэр дээр бичээд, дансаар шилжүүлсэн хуулгаа баримт болгон авч үлддэг. 3 удаагийн гүйлгээгээр зузаатгалын мөнгө шилжүүлэн өгч байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 121-122/,

Гэрч Э.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би “...” барьцаалан зээлдүүлэх газрын “Саппоро” салбарт 2017 оны 11 дүгээр сараас эхлэн ажиллаж байгаа. Тухайн үед ...захирал Э.О- гадагшаа явчихсан байсан болохоор нөгөө салбарт зузаатгал гэж С.О-ийн данс руу 450.000 төгрөг шилжүүлж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 116-117/

Шинжээчийн 8615 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 52 ширхэг ууттай 114 ширхэг шаргал өнгийн металл эдлэлүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 114 ширхэг шаргал өнгийн металл эдлэлүүдэд Монгол Улсын сорьцийн баталгааны тэмдэг тавигдаагүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 114 ширхэг шаргал өнгийн металл эдлэлүүд нь алт болон монетон металлаар хийгдээгүй, шинжилгээнд ирүүлсэн 114 ширхэг шаргал өнгийн металл эдлэлүүд нь хуурамч эдлэл байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 164-184/,

Шинжээчийн 180 дугаартай дүгнэлтэд: “...С.О- нь ... ломбардад ажиллаж байх хугацаандаа барьцаагүй олгосон гэх зээл 45.265.000 төгрөг, үнэт эдлэлийн барьцааны оронд төмөр металл орлуулан барьцаалсан гэх зээл 15.750.000 төгрөг, гар утас барьцааны оронд эвдэрхий муу утас барьцаалсан гэх зээл 3.320.000 төгрөг, хуурамчаар барьцаа хөрөнгийн оронд тоосго, чулуу, бичгийн цаас оруулан барьцаалсан гэх зээл 95.870.000 төгрөгийн, кассын тайланд зарлага гарсан боловч зээлийн гэрээ барьцаа байхгүй зээл 8.520.000 төгрөгийн нийт 168.725.000 төгрөгийн дутагдал тооцоологдож байна” гэсэн дүгнэлт /хх 2-н 56-124/,

Шинжээчийн 090 дугаартай дүгнэлтэд: “...С.О- нь барьцааны эд зүйл, зээлийн гэрээгүйгээр ашиглагдах боломжгүй үнэ цэнэгүй төмөр, металл зэргийг алт, үнэт эдлэлийн барьцаа болгож ашиглах, хямд эвдэрхий утас бүхий зүйлсийг барьцаалах, барьцаа хөрөнгийг чулуу, бичгийн цаас зэргээр орлуулан ашиглаж, зальт үйлдэл гарган хувьдаа хуурамч зээлийн баримт бүрдүүлэн 167.365.000 төгрөгийн хохирол учруулсан”. ...С.О- нь ажиллаж байх хугацаандаа “Энх-...” ХХК-ний ... 1 ломбард нь 472.525.800 төгрөгийн олж, 445.107.400 төгрөгийн зарлага гаргаж, 27.417.400 төгрөгийн ашиг олсон гэж бүртгэлээр харагдаж байгаа боловч энэ нь бодит ашиг биш болно. С.О- өөрөө нийт 378.720.000 төгрөгийн зээл олгосноос 167.365.000 төгрөгийн хуурамч зээл гаргасан хэмжээгээр ломбард нь алдагдалтай ажилласан байна” гэсэн мэдүүлэг /хх 3-н 138-250, 4-н 1-20/,

Аудитын 01/38 тоот дүгнэлтэд: “...Хариуцагч С.О-ийн хаан банкны 8020766190 тоот дансанд 2017 оны 3 дугаар сарын 25-наас 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн тайлант хугацаанд нэхэмжлэгч талын доорх данснаас нийт 89.059.500 төгрөг шилжүүлсэн. ...5020766190 тоот данснаас 2017 оны 3 дугаар сарын 25-наас 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн тайлант хугацаанд нэхэмжлэгч талын доорх данс руу нийт 43.990.500 төгрөг шилжүүлсэн. ...С.О-ийн “Энх ...” ХХК-ний “...” ломбарданд учруулсан нийт хохирлын хэмжээг 179.248.300 төгрөг гэж тогтоолоо” гэсэн дүгнэлт /хх 2-н 134-250, 3-н 1-130/,

Аудитын Ж/18/02 тоот дүгнэлтэд: “...С.О- нь ... ломбарданд ажиллах хугацаандаа барьцаагүй олгосон гэх зээл 45.265.000 төгрөгийн, үнэт алт эдлэлийн барьцааны оронд төмөр металл барьцаалсан гэх зээл 15.750.000 төгрөгийн, гар утас барьцааны оронд эвдэрхий муу утас барьцаалсан гэх зээл 3.320.000 төгрөгийн хуурамчаар барьцаа хөрөнгийн оронд тоосго, чулуу, бичгийн цаас орлуулсан барьцаалсан гэх зээл 95.870.000 төгрөгийн, кассын тайланд зарлага гарсан боловч зээлийн гэрээ барьцаа байхгүй зээл 8.520.000 төгрөгийн нийт 168.725.000 төгрөгийн зээл гаргасан нь зээлийн гэрээ үйлдэж барьцаагүй, барьцааг хуурамчаар хийсэн, зээлийн гэрээ болон барьцаагүйгээр кассын тайлангаар мөнгөн зарлага бичиж хохироосон байх магадлалтай байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 207, 2-н 46/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 1-н 29/, хохирогчийн өргөдөл /хх 1-н 30-32/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл 8 гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 36-43/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 1-н 51-57/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 65-66/, С.О-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-н 130-152/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 4-н 74-118/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.О- нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энх...” ХХК-ний “...” гэх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт зээлийн мэргэжилтнээр 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа хуурамчаар зээл гаргах, хуурамчаар хаалт хийх, сунгалт хийх зэрэг аргаар ажил хүлээлцэх үед бэлэн байсан кассын үлдэгдэл, зузаатгал нэртэй тус компаниас санхүүжүүлсэн санхүүжилтийн орлого, зээлийн үйлчилгээ үзүүлсэн үйл ажиллагааны орлого болох сунгалтын хүү, хаалтын хүү, иргэдийн барьцаалсан хөрөнгийг зарж борлуулсан орлого зэрэг тус компанийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж 135.257.850 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 Хохирогчийн төлөөлөгч Э.О-: “...манай ломбардны зузаатгал санхүүжилт доголдох болсон тул эргэн төлөлтүүд удааширч эхэлсэн байдаг. 2018 оны 5 дугаар сараас С.О- нь ажлаа таслах зэргээр зөрчил гаргах болсон тул ... 1 ломбардны үйл ажиллагаа барьцааны эд зүйлсийг шалгаж үзтэл барцаа хөрөнгө болох лац, боолттой эд зүйлсээ чулуу гэх мэт зүйлс гарч ирсэн тул тэр дарай цагдаагийн байгууллагад мэдэгдэж гомдол гаргаж бүх баримт бичиг тооцоог битүүмжлүүлж шалгуулсан болно мөн цагдаагаас С.О-ийн гэрт нэгжлэг хийж 344 ширхэг 186.410.000 төгрөгийн зээлийн гэрээг хурааж авсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 87-100/, гэрч Г.Б-гийн: “...Манай нагац дүү Э.О- хөдөө яваад нэг удаа миний утас руу залгаад Эх нялхасын барьцаалан зээлдүүлэх газрын салбар дээр зузаатгалын мөнгөгүй болчихлоо та С.О- рүү мөнгө шилжүүлээд өгөөч очиж байгаад өгье гэж хэлэхээр нь тухайн 2 гүйлгээг хийсэн. Зарим үед Э.О- зузаатгалын мөнгө гэж шилжүүлэн аваад буцаагаад өгдөг байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 118-119/, гэрч Э.А-гийн: “...Би Энх... ХХК-ний “...” барьцаалан зээлдүүлэх газрын “Саппоро” салбарт 2017 оны 7 дугаар сараас эхлэн нөхөр Э.Т-ын хамт ажиллаж байгаа. С.О- нь манай компаний барьцаалан зээлдүүлэх газрын “Эх нялхас” салбар дээр ажилладаг болохоор зарим тохиолдолд амарсан үед нь тухайн газарт нөхөж ажилладаг болохоор тэр үеэс таньдаг болсон. ...Би 7 дугаар сард “Энх...” ХХК-ний захирал Э.О- хөдөө явчихсан байсан болохоор нөгөө салбар маань мөнгөгүй болчихоод кассын зузаатгал гэж мөнгө шилжүүлсэн. Кассын дэвтэр дээр бичээд, дансаар шилжүүлсэн хуулгаа баримт болгон авч үлддэг. 3 удаагийн гүйлгээгээр зузаатгалын мөнгө шилжүүлэн өгч байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 121-122/, гэрч Э.Т-ын: “...Би “...” барьцаалан зээлдүүлэх газрын “Саппоро” салбарт 2017 оны 11 дүгээр сараас эхлэн ажиллаж байгаа. Тухайн үед ...захирал Э.О- гадагшаа явчихсан байсан болохоор нөгөө салбарт зузаатгал гэж С.О-ийн данс руу 450.000 төгрөг шилжүүлж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 116-117/, шинжээчийн 8615, 180, 090 дугаартай дүгнэлтүүд, Аудитын 01/38, Ж/18/02 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.О-т холбогдох хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзсэн тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч С.О-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.О- нь “Энх...” ХХК-ний “...” ломбарданд ажиллаж байхдаа хуурамчаар зээл гаргаж, хаалт хийх, барьцаанд тавьсан эд зүйлсийн оронд бусад эд зүйлийг хийж өөрийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 135.257.850 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” гэж заасан байх тул шүүгдэгч С.О-ийг их хэмжээний хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт авагдсан хохирлын тооцоо болон хохирогчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн 135.257.850 төгрөг, аудитын дүгнэлт гаргуулсан 4.000.000 төгрөг нийт 139.257.850 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн төлөөлөгч Э.О-д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараахь зардлаас бүрдэнэ”, 1.1 дэх заалтад “...шинжээч ...төлөх зардал”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж тус тус хуульчилжээ.

Иймд аудитын дүгнэлт гаргуулсан 4.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 8.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

Хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршигт өмгөөлөгчийн хөлсийг тооцох боломжгүй гэж үзсэн.

Мөн шинжээчийн дүгнэлт, аудитын дүгнэлтээр хохирлын хэмжээ өөр өөр байх бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, хохирогчийн төлөөлөгчийн зөвшөөрсөн дүн буюу яллах дүгнэлтэд дурьдсан хохирлын хэмжээгээр хохирлыг тооцсон болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч С.О-ийг гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 3 жил 02 сар хорих ял оногдуулж, нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч С.О-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлөөгүй, хохирогч гомдолтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-т шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон 11 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн “хуурамч гэх төмөр металл, “алт, монет” гэх 52 ширхэг эд зүйл болон гадна талдаа “нөүтбүүк болон фото аппарат, утас” гэсэн бичиглэл бүхий цүнхнүүд зэргийг шүүгдэгч С.О-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч нь эдгээр зүйлсийг авахгүй гэсэн ба дээрх эд зүйлс нь гүйлгээнд хориглосон эд зүйл биш байх тул шүүгдэгчид олгох нь зүйтэй.

Гар утасны хоосон хайрцаг, чулуу, тоосго, цаас зэрэг нийт 139 ширхэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн iphione 7 маркийн гар утас 1 ширхэг, 16 хавтас санхүүгийн баримтаас 1-11, 16 дугаар хавтасыг хохирогчийн төлөөлөгч Э.О-д тус тус буцаан олгож, 12-15 дугаар хавтсыг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Учир нь Iphone 7 загварын гар утсыг ломбарданд барьцаалсан байсныг хохирогч өөрөө төлбөрийг нь төлж авсан болох нь тогтоогдсон.

Түүнчлэн, эд мөрийн баримтаар хураагдан шинжээчийн дүгнэлт гаргуулахад ашигласан “Энх...” ХХК-ний санхүүгийн анхан шатны эх баримтуудыг хохирогч байгууллагад буцаан олгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Харин хуурамчаар үйлдсэн баримтуудыг хэрэгт хавсаргах үлдээх нь зүйтэй байна.

Хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.ОО-ийг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч С.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-т оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч С.О-ийн урьд цагдан хоригдсон 11 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Энэ хэрэгт битүүмжилсэн “хуурамч гэх төмөр металл, “алт, монет” гэх 52 ширхэг эд зүйл болон гадна талдаа “нөүтбүүк болон фото аппарат, утас” гэсэн бичиглэл бүхий цүнхнүүд зэргийг шүүгдэгч С.О-т олгож, гар утасны хоосон хайрцаг, чулуу, тоосго, цаас зэрэг нийт 139 ширхэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн iphone 7 маркийн гар утас 1 ширхэг, 16 хавтас санхүүгийн баримтаас 1-11, 16 дугаар хавтасыг хохирогчийн төлөөлөгч Э.О-д тус тус буцаан олгож, 12-15 дугаар хавтасыг хэрэгт хавсаргасугай.
  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ээс 139.257.850 төгрөг гаргуулж “Энх...” ХХК-нд /хохирогчийн төлөөлөгч Э.О-/-д олгосугай.
  9. Шүүгдэгч С.О-т урьд шүүгчийн захирамжаар авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР