Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 796

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Г.Онон,

Шүүгдэгч/хохирогч: О.А-, Б.Э-,

Шүүгдэгч: М.М-нар өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М-, Б.Э-, О.А-нарт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005019181237 дугаартай хэргийг 2020 оны 9 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.М-, 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ... төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, .... тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э-, 1991 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр .... төрсөн, 29 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ... тоот регистртэй,

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, , 1990 оны 10 дугаар сарын 26-ны .... төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, .... тоот регистртэй,

Шүүгдэгч М.М-нь 2020 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Платиниум караоке дотор найз охинтойгоо хардлаа гэж маргалдан Б.Э-г зодож эрүүл мэндэд нь зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн чихний ард хөхлөг орчим, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний гадна буланд зулгаралт, хүзүү, зүүн шуу, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Э- нь 2020 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Платиниум караоке дотор О.А-ын нүүрэн тус газарт нь цохиж түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.А- нь 2020 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Платиниум караоке дотор найз Г-ийн үсийг нь зулгаасан гэх шалтгаанаар Б.Э-тэй маргалдаж үсийг нь зулгааж түүний эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн чихэнд шарх, хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, баруун гарын дунд хуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам хуруу, нуруу, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.М-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Б.Э- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч О.А- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Э- шүүх хуралдаанд: “...Гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч О.А- шүүх хуралдаанд: “...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Э-мөрдөн байцаалтад өгсөн: “...Би найз залуу Б.Э-гийн хамт ...Платиниум караокед орж 700 граммын Эдэн нэртэй 1 шил архи авч хувааж уугаад дуулаад байж байхад цаг дууссан. Бид 2 гарах гээд байж байхад хажуу өрөөний залуу хаалга нээсэн чинь Б.Э- хаалган дээр очоод яагаад хаалга нээгээд байна гэсэн. Өрөөний үүдний коридорт байсан буйдан дээр цагаан фудволктай залуу сууж байснаа Б.Э-тэй муудалцсан. Тэгэхээр нь би уучлалт гуйгаад байж байхад хажуу өрөөнөөс саарал цамцтай залуу /М-/, шар үстэй эмэгтэй /А-/ нар гарч ирж байсан. Би Б.Э-г аваад өрөөндөө буцаж орсон. Өрөөндөө байж байхад саарал цамцтай залуу хаалгыг нь барьчихсан цаанаас нь нөгөө эмэгтэй нь энэ муу хэн юм бэ, наад хаалгаа тавь, би орно гээд байсан. Тэгэхээр нь Б.Э- би тооцоогоо хийгээд 00 орж байя гээд надаас түрүүлээд өрөөнөөс гарсан чинь нөгөө залуу нь өөдөөс нь барьцалдаж өрөөний үүдний хэсэгт байсан. Б.Э-гийн араас би гараад салгах гээд дундуур нь орсон чинь А- миний үснээс зулгаагаад татсан. Тэгэхээр нь би зөрүүлээд түүний үснээс зулгаасан. Тэр үед хажууд хар савхитай эмэгтэй ирчихсэн чи миний найзыг үсддэг хэн бэ гээд миний нуруун дээр цохисон. Тэнд байсан зөөгч нар биднийг салгасан. Салгаад босоод ирэхэд миний зүүн чихэнд байсан кольцо ээмэг алга болоод чих сэтэрсэн байсан. ...үсдэлцээд зууралдаж байхад миний ээмэг сэтрээд хүзүүнд байсан гинж, нүдний шил алга болсон байсан. ...Тэгээд бид нар текний хэсэг дээр очиход цагаан фудволктой залуутай барьцалдаад ахиад би салгах гэж оролдсон. Тэгэхэд бас А- намайг үсдээд байсан. ...А- миний үснээс 4-5 удаа зулгааж барьцалдаж зууралдсан. ...Ээмэг, гинж хоёрыг нэхэмжлэхгүй, нүдний шилээ 230.000 төгрөгөөр хийлгэсэн тул нэхэмжилнэ. ...Г-, А-, М-, Б.Э- бид нар хоорондоо уулзаад эмчилгээний зардал, хохирол мөнгөний талаар ярилцаад тохирчихсон. Б.Э- бид хоёрт учирсан гэмтлийн зардалд гарсан болон цаашид сорви арилгах зардлыг төлөхөөр болсон учраас одоо Б.Э- бид хоёрын зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17,124/,

Хохирогчоор Б.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би найз охины хамт Платиниум караокед байж байхад бид хоёрын сууж байсан өрөөний хаалгыг эмэгтэй, эрэгтэй хүмүүс удаа дараа онгойлгосон. Тэгэхээр нь би хаалган дээр очоод харахад саарал цамцтай, цагаан фудволктой 2 залуу коридорт байсан. Тэгэхээр нь яасан бэ гээд асуусан чинь өөдөөс чамд ямар хамаатай юм гээд саарал цамцтай залуу хэрэлдсэн. Тэгээд би хаалга хаасан чинь ахин дахин хаалга онгойлгоод байхаар нь Н-очоод уучлалт гуйсан. Тэгээд хаалга хаагаад өрөөндөө орсон. Караокены цаг дуусаад бид тооцоогоо хийх гээд Н-бид хоёр хамт тек дээр очсон, тэгсэн чинь цагаан фудволктой залуу, саарал цамцтай залуу нар тэнд байсан. Тэгээд ахиад надтай маргалдаад барьцалдаж аваад саарал цамцтай залуу миний нүүр орчим гараараа цохисон. Тэгээд ноцолдож зууралдаад заамдалцаад би газарт унасан. Би газар унаад боссоноо санахгүй байна. ...Би Н-хамт 1 шил Сөжү, 2 шил пиво уучихаад дараа нь караокед ирээд 1 шил архи захиалаад хувааж ууцгаасан. ...миний баруун нүдний зовхи хэсэг дээр шарх үүсч одоо сорвитой болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

Хохирогчоор О.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Г-, Э-, Ч-, М- нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Платиниум караокед үйлчлүүлж байхад караокений хажуугийн өрөөнд үйлчлүүлж байсан залуу эхнэрийн хамт байж байхад манай найз М- орж ирэхдээ андуурч тэдний хаалгыг татсанаас болж тухайн өрөөнд байсан согтуу залуу өрөөнөөсөө гарч ирж уурлаад Г-, М- нар руу дайраад байсан. Би өрөөг чинь андуурч хаалгыг чинь татсан байна, уучлаарай чи найз залуугаа аваад орчих би найзуудыгаа аваад оръё гэж хэлсэн чинь Н-над руу чи илүү дуугүй бай гээд дайрсан. Тэгсэн чинь М- өрөөндөө ор битгий хэрэлд гээд түлхээд оруулсан. Би өрөөндөө ганцаараа гар утсаа оролдоод байж байхад коридорт хүмүүс маргалдаад чимээ шуугиан болохоор нь би өрөөнөөс гарсан чинь Б.Э-, Г- нар заамдалцчихсан, Н-Г-ийн үснээс зулгаачихсан фудволкийг нь урчихсан М- салгах гээд зогсож байсан.  ...Тэгээд би текний урд тооцоо хийх зорилготой зогсож байсан чинь Б.Э- ирээд миний зүүн нүдний доод хэсэгт нэг удаа гараараа цохиж хөхрүүлж гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,

Гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө би Платиниум караоке дээр зохион байгуулагчаар ажиллаж байсан.  ...5, 6 дугаартай өрөөний үүд орчимд хар хувцастай залуу, цагаан фудволктай залуутай зууралдсан байдалтай мөн 5 дугаартай өрөөнд сууж байсан эмэгтэйтэй намхан палажтай байсан эмэгтэйтэй үсдэлцээд зууралдаад байсан. Бусад нь салгах гэж байгаа бололтой байсан. Тэр хүмүүс салахгүй байсан болохоор доод давхарт ажиллаж байгаад тарж байсан ажилчдаас дуудсан чинь орж ирээд салгалцсан....Текний тэнд очоод мөн хар хувцастай залуу, цагаан фудволктой залуутай зууралдаад унахдаа манай караокений гал тогооны хаалгаар дотогш унасан. Тэгээд би ажилчдын хамт орж салгалцаад хар хувцастай залуу газар хэвтэж байгаад босоод шууд текний урд байсан саарал цамцтай залуу болон цагаан фудволктай залуучуудтай зууралдаад текний урд талын шалан дээр уначихсан. Манай охидууд ухаан алдчихлаа гэж гэж байсан. Манай баарны ажилтан С- ус авчраад шавшиж тэр залууг сэргээж байсан. Тэгээд тэр залуу босож ирээд гайгүй болсон. ...Н-гэх эмэгтэйгийн зүүн талын чихнээс цус гарсан байсан. ...палажтай эмэгтэйтэй үсдэлцээд байсан гэхдээ хэн түүний чихийг сэтэлсэн талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-41-42/,

Гэрч Ц.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнө би Платиниум караокений доод давхарт байрлах бааранд зөөгчөөр ажиллаж байгаад бааранд хүнгүй байсан болохоор би караокед орсон. ...Хар хувцастай залууг бариад текний тийшээ гарч ирж байсан чинь өөдөөс цагаан фудволктой залуу дахиж жийгээд гал тогооны өрөөний хаалга онгойлгоод унасан. Дээрээс нь бас цохисон санагдаж байна. Тэгээд салгаж байж байсан чинь хар хувцастай залуу текний урд зогсож байсан саарал цамцтай залууг цохих гэж очоод өөрөө нүүр хэсэг дээрээ цохиулаад газар унаад ухаан алдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/,

Шинжээчийн 5402 тоот дүгнэлтэд: “О.А-ын биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, баруун өвдөг, зүүн далны цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 61-62/,

Шинжээчийн 5388 тоот дүгнэлтэд: “Б.Э-биед зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн чихэнд шарх, хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, баруун гарын дунд хуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам хуруу, нуруу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Дээрх зүүн чихэнд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хх-н 66-67/,

Шинжээчийн 5390 дугаартай дүгнэлтэд: “Б.Э-гийн биед зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн чихний ард хөхлөг орчим, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний гадна буланд зулгаралт, хүзүү, зүүн шуу, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 71-72/,

Шинжээч эмч Н.Энхцолмонгийн гэрчээр өгсөн: “...О.А-ын зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад учирсан гэмтлүүд дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 63/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 53-58/, шүүүгдэгч М.Мөнх-Эрдэний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 87, 93-96/, шүүгдэгч/хохирогч Б.Э-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 86, 107/, шүүгдэгч/хохирогч О.А-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 85, 98-101/, хохирогч нарын хүсэлт /хх-н 182-183/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч М.М-нь 2020 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Платиниум караоке дотор найз охинтойгоо хардлаа гэж маргалдан Б.Э-г зодож эрүүл мэндэд нь зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн чихний ард хөхлөг орчим, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний гадна буланд зулгаралт, хүзүү, зүүн шуу, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Э- нь 2020 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Платиниум караоке дотор О.А-ын нүүрэн тус газарт нь цохиж түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.А- нь 2020 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Платиниум караоке дотор найз Г-ийн үсийг нь зулгаасан гэх шалтгаанаар Б.Э-тэй маргалдаж үсийг нь зулгааж түүний эрүүл мэндэд нь биед зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн чихэнд шарх, хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, баруун гарын дунд хуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам хуруу, нуруу, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Номин-Эрдэнийн: “...Б.Э-гийн араас би гараад салгах гээд дундуур нь орсон чинь А- миний үснээс зулгаагаад татсан. Тэгэхээр нь би зөрүүлээд түүний үснээс зулгаасан. Тэр үед хажууд хар савхитай эмэгтэй ирчихсэн чи миний найзыг үсддэг хэн бэ гээд миний нуруун дээр цохьсон. Тэнд байсан зөөгч нар биднийг салгасан. Салгаад босоод ирэхэд миний зүүн чихэнд байсан кольцо ээмэг алга болоод чих сэтэрсэн байсан. ...үсдэлцээд зууралдаж байхад миний ээмэг сэтрээд хүзүүнд байсан гинж, нүдний шил алга болсон байсан. ...Тэгээд бид нар текний хэсэг дээр очиход цагаан фудволктой залуутай барьцалдаад ахиад би салгах гэж оролдсон. Тэгэхэд бас А- намайг үсдээд байсан. ...А- миний үснээс 4-5 удаа зулгааж барьцалдаж зууралдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17,124/, хохирогч Б.Э-гийн: “...саарал цамцтай залуу миний нүүр орчим гараараа цохисон. Тэгээд ноцолдож зууралдаад заамдалцаад би газарт унасан. Би газар унаад боссоноо санахгүй байна. ...миний баруун нүдний зовхи хэсэг дээр шарх үүсч одоо сорвитой болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/, хохирогч О.А-ын: “...би текний урд тооцоо хийх зорилготой зогсож байсан чинь Б.Э- ирээд миний зүүн нүдний доод хэсэгт нэг удаа гараараа цохиж хөхрүүлж гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/, гэрч Д.Б-гийн: “...5, 6 дугаартай өрөөний үүд орчимд хар хувцастай залуу, цагаан фудволктай залуутай зууралдсан байдалтай мөн 5 дугаартай өрөөнд сууж байсан эмэгтэйтэй намхан палажтай байсан эмэгтэйтэй үсдэлцээд зууралдаад байсан. Бусад нь салгах гэж байгаа бололтой байсан. Тэр хүмүүс салахгүй байсан болохоор доод давхарт ажиллаж байгаад тарж байсан ажилчдаас дуудсан чинь орж ирээд салгалцсан. ...Текний тэнд очоод мөн хар хувцастай залуу, цагаан фудволктой залуутай зууралдаад унахдаа манай караокений гал тогооны хаалгаар дотогш унасан. Тэгээд би ажилчдын хамт орж салгалцаад хар хувцастай залуу газар хэвтэж байгаад босоод шууд текний урд байсан саарал цамцтай залуу болон цагаан фудволктай залуучуудтай зууралдаад текний урд талын шалан дээр уначихсан. Манай охидууд ухаан алдчихлаа гэж гэж байсан. Манай баарны ажилтан С- ус авчраад шавшиж тэр залууг сэргээж байсан. Тэгээд тэр залуу босож ирээд гайгүй болсон. ...Н-гэх эмэгтэйгийн зүүн талын чихнээс цус гарсан байсан. ...палажтай эмэгтэйтэй үсдэлцээд байсан гэхдээ хэн түүний чихийг сэтэлсэн талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-41-42/, гэрч Ц.М-ийн: “...Хар хувцастай залууг бариад текний тийшээ гарч ирж байсан чинь өөдөөс цагаан фудволктой залуу дахиж жийгээд гал тогооны өрөөний хаалга онгойлгоод унасан. Дээрээс нь бас цохисон санагдаж байна. Тэгээд салгаж байж байсан чинь хар хувцастай залуу текний урд зогсож байсан саарал цамцтай залууг цохих гэж очоод өөрөө нүүр хэсэг дээрээ цохиулаад газар унаад ухаан алдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/, шинжээчийн 5402, 5388, 5390 тоот дүгнэлтүүд, шинжээч эмчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 53-58/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.М-, Б.Э-, О.А- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.М-, Б.Э-, О.А- нар согтуурсан үедээ хохирогч нартай маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул тус тус гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч .М-, Б.Э-, О.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” тус тус оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.М-, Б.Э-, О.А-нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-, О.А-, Б.Э- нарыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-, О.А-, Б.Э- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР